| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 182/2017/01531/и |
| Дугаар | 1466 |
| Огноо | 2017-07-03 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 1466
| 2017 оны 07 сарын 03 өдөр | Дугаар 182/ШШ2017/01466 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Батширээт сумын 4 дүгээр багт оршин суух, Авзай овогт Цэндийн Дэлгэрмаа /РД:СБ61110700/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн үндэстний гудамж 5/2, Засгийн газрын 2 дугаар байранд байрлах, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох,
Ажилгүй байсан хугацааны цалин 4,343,823 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтайван, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Огторгуй нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтайван шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц.Дэлгэрмаа нь Монгол улсын Байгаль, орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/57 дугаар тушаалаар “Онон голын сав газрын захиргаа”-ны даргын албан тушаалаас үндэслэлгүйгээр халагдсан бөгөөд Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 432 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 442 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 332 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн.
Шүүхийн шийдвэрүүд хүчин төгөлдөр болсон боловч хариуцагч нь хууль зөрчсөөр Ц.Дэлгэрмааг 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ажилд нь томилсон байдаг. Тухайн үед Ц.Дэлгэрмаа нь Онон голын сав газрын захиргааны даргын албан тушаалд өдрийн 43,877 төгрөгийн цалинтай ажиллаж байсан учраас анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс ажилд томилогдсон өдрийг хүртэл буюу 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл нийт ажилгүй байсан 99 хоногийн цалин 4,343,823 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.
Гэвч цалингаа бодохдоо буруу тооцоолсон учраас нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 3,702,020 төгрөгийг нэхэмжилж байгааг улсын тэмдэгтийн хураамжийн хамт хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхзаяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Ц.Дэлгэрмаа нь ажилд эгүүлэн томилуулах талаар тухайн үеийн сайд Н.Батцэрэгтэй уулзахдаа 6 сарын тэтгэмжээ авъя дахин мөнгө нэхэмжлэхгүй гэж амаар харилцан тохиролцож, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/144 тоот тушаалаар Онон голын сав газрын даргын албан тушаалд 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс ажиллахаар томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3,729,524 төгрөгийн олговор олгохоор шийдвэрлэсэн бөгөөд мөн 6 сарын тэтгэмжийг нь ч бас олгосон байдаг.
Харин 2015 оны 9 дүгээр сарын 06-наас 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацааны нэг сарын цалин нь олгогдоогүй байдаг боловч нэхэмжлэгч Ц.Дэлгэрмаа нь тухайн үед энэ асуудлаар шүүхэд хандаагүй.
...Ц.Дэлгэрмаа нь 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ажлаас чөлөөлөгдөж, өндөр насныхаа тэтгэвэрт тогтоолгохоор өргөдлөө гаргасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/33 дугаар тушаалаар өөрийнх нь хүсэлтийн дагуу ажлаас нь чөлөөлж, 25 сарын тэтгэмж болох 19,117,400 төгрөгийг олгосон учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Дэлгэрмаа нь хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 4,343,823 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 3,702,020 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Нэхэмжлэгч Ц.Дэлгэрмаа нь хариуцагч (хуучнаар) Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/53 тоот тушаалаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны харьяа Онон голын сав газрын сав газрын захиргааны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн байна.
Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 432 дугаар шийдвэрээр Ц.Дэлгэрмааг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны харьяа Онон голын сав газрын сав газрын захиргааны даргын ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4,095,584 төгрөгийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас гаргуулж, түүнд олгохоор шийдвэрлэжээ.
Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 432 дугаар шийдвэрт хариуцагч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж журмаар гомдол гаргасан ба Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүх 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хянан хэлэлцэж 442 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад Ц.Дэлгэрмаад цалин, хөлстэй тэнцэх олговорт 3,729,524 төгрөгийг гэж өөрчилсөн байх ба Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 332 дугаар тогтоолоор дээрх магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд нь Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 432 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 442 дугаар магадлалыг үндэслэн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/114 тоот тушаалаар Ц.Дэлгэрмааг 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны харьяа Онон голын сав газрын сав газрын захиргааны даргын ажил албан тушаалд томилсон байна.
Нэхэмжлэгч Ц.Дэлгэрмаа нь хариуцагчийн буруутай ажиллагаанаас болж 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс ажилд томилсон 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд цалин хөлсгүй байж хохирсон гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан бол хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хуульд заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргаж, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлал гарсны дараа шүүхийн шийдвэрийг биелүүлж Онон голын сав газрын захиргааны даргын ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны нэмэгдэл болон цалинг нь олгосон учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Хариуцагч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд нь нэхэмжлэгч Ц.Дэлгэрмааг ажлаас үндэслэлгүй халсан болох нь хэрэгт авагдсан Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 432 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 442 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 332 дугаар тогтоол зэргээр тогтоогдож байх тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж, түүнийг дахин ажилд томилох хүртэлх хугацаанд Ц.Дэлгэрмааг цалин хөлсгүй байсан явдалд шүүх хариуцагчийг буруутгах үндэслэлтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, ... олгоно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь хуулийн дээрх үндэслэлээр 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс ажилд томилсон 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл 94 хоногийн ажилгүй байсан хугацааны олговорт 3,702,020 төгрөгийг нэхэмжилж байгааг буруутгах боломжгүй юм.
Ц.Дэлгэрмаа нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны харьяа Онон голын сав газрын сав газрын захиргааны даргын албан тушаалд өдрийн 37,020 төгрөгийн цалинтай ажиллаж байсан болох Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 432 дугаар шийдвэрээр тогтоогдсон тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасан үндэслэлээр дахин нотлох шаардлагагүй болно.
Гэвч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх байгууллагад гомдол гаргах эрхтэй” гэж заасан.
Гэтэл нэхэмжлэгч Ц.Дэлгэрмаа нь Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 332 дугаар тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан олговрыг нэхэмжилж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар 3 сарын дотор буюу 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн дотор шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах байтал 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр гаргасан нь хуульд заасан уг хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна.
Иймд нэхэмжлэгч Ц.Дэлгэрмаагийн 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс ажилд томилсон 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх 94 хоногийн турш ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3,702,020 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан 3 сарын хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар “Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 3,702,020 төгрөг гаргуулахыг хүссэн Ц.Дэлгэрмаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Дэлгэрмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84,461 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ДАШДЭЧМАА