Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/15

 

 

 

 

 

 

  2021         12         24                                    2022/ШЦТ/15

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа,                                   

улсын яллагч Д.Даваадорж,

шүүгдэгч О.Д- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ... овогт О.Д-д холбогдох эрүүгийн 2109014551621 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн ... тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сүхбаатар дүүргийн ... тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ... / ... овогт О.Д- нь:

 

- 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 23 цагийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн ... тоотод байрлах н.Баярсайханы эзэмшлийн нийтийн байрыг түрээслэн амьдардаг хүмүүстэй маргалдах явцдаа хохирогч Б.Б-ийг өөрийг нь дандаа архи уудаг, нөхрөө дээрэлхэж агсам тавьдаг гэж хэллээ гэж түүнтэй маргалдаж, улмаар харилцан зодолдож түүний эрүүл мэндэд дух хоёр нүдний дээд, доод зовхи, хацрын дээд хэсэг, хамарт цус хуралт, хоёр нүдний алимны салстад цус харвалт, духны гол зүүн дээд хэсэгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх 2 /

 

Хохирогч Б.Б- мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...  2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн орой гэртээ байж байхад О.Д- тог тасдлаа гээд орилоод Баярсайхан эгчтэй хэрэлдээд байхаар нь би боль гэж хэлэхэд тэрээр надтай муудалцаж хэрүүл хийгээд намайг үсдэж унагааж дээрээс дэвссэн. Тэр үед Баярсайхан эгч тэднийхийг нийтийн байрнаасаа хөөсөн юм шиг байна лээ. Учир нь тэднийх байнга хүн дагуулж ирээд архи дарс уугаад байдаг. Одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. / хавтаст хэргийн 33 дахь тал /

 

Гэрч С.Тулгаа мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Би эхнэр Хулангийн хамт тухайн өдөр баз Одбаярын түрээслэн амьдарч байгаа гэрт очсон. Тэндээ хоол унд хийж идээд бид 4 нэг том пиво уухаар задалж байхад гаднаас байрны эзэн “Архи дарс уулаа. Зайлцгаа” гэх мэт үг хэлсэн. Энэ үед бид юм хэлээгүй дуугүй байхад тэрээр гараад явсан. Гэтэл дахиж орж ирээд хэрүүл хийгээд гарч явахдаа гэрэл унтраасан. Хулан, О.Д- хоёр тогоо асаах гээд гарсан. Гадаа гэнэт эрэгтэй хүн орилоод байхаар нь би Одбаярын хамт гарахад эхнэр Хулан, О.Д- нар өөр хүмүүстэй маргалдаад байж байсан. Хажуу талаас Эрдэнэбат гэх эрэгтэй миний нүүр рүү нэг удаа цохихоор нь би хариу нэг удаа цохьсон. Тэр үед эхнэр салгах гэхэд эхнэрийн гэдэс рүү Эрдэнэбат өшиглөхөөр нь зууралдаад харилцсан цохилцож байхад О.Д-, Б.Б- гэх эмэгтэйтэй зууралдаад газарт унаад өнхөрч харагдсан гэжээ. / хавтаст хэргийн 35 дахь тал /

 

Гэрч О.Хулан мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Миний гэдэс рүү өшиглөдөг эрэгтэйгийн эхнэртэй манай эгч О.Д- муудалцаад үсдэлцээд дээр доороо орж өнхөрөөд байсан гэжээ. / хавтаст хэргийн 38 дахь тал /

 

Гэрч С.Одбаяр мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Б.Б- манай эхнэрт хандаж “Чи дандаа архи ууж нөхрийгөө дээрэлхэж, агсам тавьдаг биз дээ” гэхэд юу яриад байгаа юм гээд түүнтэй маргалдсан. ... Эрдэнэбат Хулангийн гэдэс рүү өшиглөсний улмаас Тулгатай зодолдож байхад нь би дундуур нь орж салгасан. Тэр үед Б.Б-тэй манай эхнэр О.Д- үсдэлцээд зууралдаж байсан гэжээ. / хавтаст хэргийн 44-45 дахь тал /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10175 дугаартай дүгнэлтэд:

1. Б.Б-ийн биед дух, хоёр нүдний дээд, доод зовхи, хацрын дээд хэсэг, хамарт цус хуралт, хоёр нүдний алимны салстад цус харвалт, духны гол зүүн дээд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.

5. Гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэжээ. / хавтаст хэргийн 47-78 дахь тал /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 10992 дугаартай дүгнэлтэд:

1. О.Д-гийн биед хоёр гарын сарвуунд нөсөө бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх нөсөө нь цаг хугацааны хувьд хэдийд үүссэн болохыг тогтоох боломжгүй хуучин гэмтэл байна. Мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэжээ. / хавтаст хэргийн 54-55 дахь тал /

 

Хохирогч Б.Б-ээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт / хавтаст хэргийн 73 дахь тал /

 

Шүүгдэгч О.Д- мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Би байрны эгчтэй гэрэл асаах талаар маргалдаж байхад Б.Б- дундуур орж ирээд хэрэлдэж эхэлсэн. Тэр намайг үсдэхээр нь би адилхан үсдээд нүүр рүү нь гараараа 2-3 удаа цохьсон. Үсдэлцэх явцдаа маажилцсан гэжээ. / хавтаст хэргийн 7-8 дахь тал /

 

Шүүгдэгч О.Д-гөөс 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / хавтаст хэргийн 7-8 дахь тал /

 

Шүүгдэгч урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хавтаст хэргийн 63 дахь тал / зэрэг болно.

 

Шүүгдэгч О.Д- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүгдэгч О.Д- нь 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 23 цагийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн ... тоот н.Баярсайханы эзэмшлийн нийтийн байрыг түрээслэн амьдардаг хүмүүстэй маргалдах явцдаа хохирогч Б.Б-ийг өөрийг нь “Дандаа архи уудаг, нөхрөө дээрэлхэж агсам тавьдаг гэж хэллээ” гэж түүнтэй маргалдаж, улмаар харилцан зодолдож, түүний эрүүл мэндэд биед дух, хоёр нүдний дээд, доод зовхи, хацрын дээд хэсэг, хамарт цус хуралт, хоёр нүдний алимны салстад цус харвалт, духны гол зүүн дээд хэсэгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:    ...   Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх 2 /,   ...  О.Д- тог тасдлаа гээд орилоод Баярсайхан эгчтэй хэрэлдээд байхаар нь би боль гэж хэлэхэд тэрээр надтай муудалцаж хэрүүл хийгээд намайг үсдэж унагааж дээрээс дэвссэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Б.Б-ийн мэдүүлэг / хавтаст хэргийн 33 дахь тал /,    ... Би тэр эрэгтэйгээ зууралдаад харилцсан цохилцож байхад О.Д-, Б.Б- гэх эмэгтэйтэй зууралдаад газарт унасан өнхөрч харагдсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч С.Тулгаагийн мэдүүлэг / хавтаст хэргийн 35 дахь тал /,    ...  Миний гэдэс рүү өшиглөдөг эрэгтэйн эхнэртэй манай эгч О.Д- муудалцаад үсдэлцээд дээр доороо орж өнхөрөөд байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч О.Хулангийн мэдүүлэг / хавтаст хэргийн 38 дахь тал /,    ... Б.Б- манай эхнэртэй “Чи дандаа архи ууж нөхрийгөө дээрэлхэж, агсам тавьдаг биз дээ” гээд маргалдсан. ... Б.Б-тэй манай эхнэр О.Д- үсдэлцээд зууралдаж байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч С.Одбаярын мэдүүлэг / хавтаст хэргийн 44-45 дахь тал /,       ...  Б.Б-ийн биед дух, хоёр нүдний дээд, доод зовхи, хацрын дээд хэсэг, хамарт цус хуралт, хоёр нүдний алимны салстад цус харвалт, духны гол зүүн дээд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдсон нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10175 дугаартай дүгнэлт / хавтаст хэргийн 47-78 дахь тал /,      ...  О.Д-гийн биед хоёр гарын сарвуунд нөсөө бүхий гэмтэл тогтоогдсон нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 10992 дугаартай дүгнэлт / хавтаст хэргийн 54-55 дахь тал /,       ...  Б.Б- намайг үсдэхээр нь би адилхан үсдээд нүүр рүү нь гараараа 2-3 удаа цохьсон. Үсдэлцэх явцдаа маажилцсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч О.Д-гийн мэдүүлэг / хавтаст хэргийн 7-8 дахь тал / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч О.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч О.Д- нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, ажил хөдөлмөр эрхэлдэг, хувийн байдал зэргийг харгалзан прокурорын санал болгосон 450 нэгж буюу 450.000 / дөрвөн зуун тавь / төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч Б.Б- нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй / хх 63 / гэсэн тул О.Д-г төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдаж шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч О.Д-г өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ... овгт О.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч О.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 / дөрвөн зуун тавь / нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

           

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, О.Д- нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар О.Д- нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож,  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. О.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч  О.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ОЮУНЧИМЭГ