Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/65

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж

Нарийн бичгийн дарга Ч.Алтанзул

Улсын яллагч Б.*******

Шүүгдэгч Ж.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.*******т холбогдох 2223000000059 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.         

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин  мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн  хамт амьдардаг, Завхан аймгийн сумын баг ******* тоотод оршин суух хаягтай, Урьд Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай  овогт *******ы ******* /РД:*******/

Шүүгдэгч Ж.******* нь 2022 оны 02 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Завхан аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт иргэн С.*******той маргалдан зодолдож улмаар түүний нүүрэн тус газар цохиж, автеркаар /халив/ нуруун тус газар нь хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт хамаарч байна. 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

Хохирогч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:     

Шүүгдэгч   овогт *******ы ******* нь 2022 оны 02 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Завхан аймгийн сумын багийн нутагт байх өөрийн гэртээ иргэн С.*******той маргалдан зодолдож улмаар түүний нүүрэн тус газар цохиж, автеркаар /халив/ нуруун тус газар нь хатгасан  хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

Биедээ гэмтэл авсан байсан, уг гэмтлийг шүүгдэгч Ж.******* халиваар хатгаж учруулсан гэж хэлсэн  талаар мэдүүлсэн хохирогч С.*******ийн ”... 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр гэртээ байж байгаад “айл цай уу” гэхээр нь эхнэртэйгээ айлд очоод цай уучхаад жаахан согтчихоод гарч ирснээ санаж байна. Тэгээд тэрнээс хойш ямар үйл явдал болсныг юу ч санахгүй байна. Маргааш өглөө нь босоод ирсэн чинь зүүн мөр хөндүүр болчихсон өвдөөд байхаар нь эхнэрээр үзүүлсэн чинь “мөр чинь хутгалуулчихсан юм шиг гүн шархтай байна” гэж хэлсэн. Тэгээд хэсгийн төлөөлөгч манайд ирээд бид хоёр эмнэлэг орж шархаа цэвэрлүүлж боолгуулсан. ... Маргааш өглөө нь *******тэй эрүүл болоод уулзсан чинь “чи манайд орж ирээд агсам согтуу тавиад намайг боогоод байхаар чинь би мөр рүү чинь аптеркаар шаачихсан шүү” гэж надад хэлсэн...” гэсэн мэдүүлгээр, / 12-15 дахь  тал/

Ж.*******ийн гэрт ороход Ж.*******, С.******* нар зодолдож С.******* биедээ гэмтэл авсан байсан талаар мэдүүлсэн гэрч Х.ийн “... 2022 оны 02 сарын 11-ний шөнө ... ******* гэртээ оролгүй гэрийнхээ үүднээс *******ийнх рүү яваад өгөхөөр нь би гэртээ орж жаахан сууж байгаад *******гийн араас *******ийнд орсон чинь ******* ******* хоёр хоорондоо зодолдоод *******ийн эхнэр нөхрөө *******оос салгаад авч байсан. ... Тэгээд бид нар манайд орж ирээд би *******ийг одоо унт гээд хувцсыг нь тайлсан зүүн талын далан дээрээ хутгалуулчихсан юм шиг шархтай дээл хувцас нь цус болчихсон байсан. ... Ямар ч байсан намайг ороход ******* газар уначихсан ******* толгой хэсэг рүү нь хоёр, гурван удаа өшиглөөд авсан. Тэгээд *******ийн эхнэр бид хоёр тэр хоёрыг салгасан...” гэсэн мэдүүлгээр, /18-19 дэх  тал/

мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн Ж.*******ийн “...2022 оны 02 дугаар сарын 11-нээс 12-нийг шилжих шөнө ... С.******* ганцаараа ... орж ирсэн. Би тухайн үед гэрийн баруун талын орон дээр унтаж байхад хөнжил байн байн хуу татаад “ална шүү” гээд согтуурхаад байхаар нь түүнийг түлхэж унагаагаад хувцсаа өмсөж байхад зуухны хойд талд байсан савтай чацаргана над руу аваад шидэхээр нь түүнтэй барьцалдаж авсан. Тэгээд хэсэг бие биенийхээ дээр доор ороод ноцолдож байхад манай хүүхдүүд “аавыг аллаа” гээд орилоод байхаар нь түүний гарыг нь тавиулаад ширээн дээр байсан хар өнгийн иштэй аптеркийг аваад түүний дал руу нь нэг удаа мөн нүд рүү нь нэг удаа гараараа цохисон...”   / 34-37 дэх тал/ гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Ж.*******, С.*******ийг нүүрэн тус газар нь цохиж, автеркаар /халив/ нуруун тус газар нь хатгасан үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 000000118 дугаартай “...1.Иргэн С.*******ийн биед гэмтэл учирсан байна. 2.Иргэн С.*******ийн биед: Далны дээр шарх, баруун нүдэнд цус хуралт гэмтэл учирсан байна. 3.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйл болон иртэй ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүснэ. 4.Тухайн гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5.Иргэн С.*******ийн биед: Далны шарх, баруун нүдэнд цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр нотлогдсон байна. /24-26 дахь тал/

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Шүүгдэгч нь хохирогчийн нүүрэн тус газар цохих, нуруунд нь халив / автерка/-аар хатгахад түүний биед гэмтэл учирч хүн эрүүл мэндээрээ хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой. Ийнхүү ухамсарлаж байгаа аюулаа хүсч хийсэн үйлдлээрээ шууд бий болгож, уг хор уршигт зориуд хүргэсэн байна. Иймд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 2.3 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан  байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Шүүгдэгч Ж.******* хохирогч С.*******ийг цохисон, халиваар хатгасан үйлдэл болон хохирогчийн биед учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.

Шүүгдэгч Ж.******* нь хохирогчийг цохисон үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ.

Шүүгдэгч Ж.******* нь хохирогч С.*******ийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж түүнийг шууд санаатай цохисон үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсч зориуд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна.

Иймд Ж.*******ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй болох нь хохирогч С.*******ийн ”... гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн хүсэлтээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ж.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. 

Шүүгдэгч Ж.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй учир түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.        

Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон ял нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна.            

Түүнчлэн Эрүүгийн хуулийн  5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын  зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд буюу 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял  оногдуулж  шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.8,  36.8 дугаар зүйлийн  4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт *******ы *******ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.******* нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй 15000 /арван таван мянга/ тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.

5. Ж.*******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 28 см урттай хар өнгийн иштэй халивыг / автерка/ устгасугай.

7. Шүүгдэгч  нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ