Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 54

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

улсын яллагч А.Ганзориг,

хохирогч Х.Лхагвадорж,

шүүгдэгч Д.Чинзориг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин /шүүхэд төлөөлөх эрхийн дугаар 0938 / нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар: 

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч Хайтан овгийн Доржийн Чинзоригт холбогдох эрүүгийн 2016 2601 0782 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр тус шүүхийн “А-1” танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Хайтан овгийн Доржийн Чинзориг Монгол Улсын иргэн, 1987 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа ажил эрхэлдэг гэх, ам бүл 3, эцэг, эхийн хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 1 дүгээр баг, Баянхайрханы 8-р гудамж 36 тоотод оршин суух бүртгэлтэй, Улаанбаатар хотод Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Орбитын 127 дугаар гудамжны 73 А тоотод хамтран амьдрагч Ж.Жавзанпагмынд түр оршин суудаг гэх, ял шийтгэл:

-2007 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн 2 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, “Өршөөл үзүүлэх тухай” 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Өршөөл үзүүлэх комиссын 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 1421 дугаартай тогтоолоор 2 жил 2 хоногийн хорих ялыг өршөөн хасч, суллагдсан,  ДГ87042118 дугаарын регистртэй.

 

             Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтээр/:

   Шүүгдэгч Д.Чинзориг нь 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчны 2 дугаар гудамжны 40 тоотод оршин суух иргэн Х.Лхагвадоржийн монгол гэрийн цоожны түлхүүрийг хатавчнаас авч, улмаар бусдын орон байранд нэвтэрч, “Дэлл” маркийн зөөврийн компьютерийг хулгайлж, бусдад 1,100,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Чинзориг мэдүүлэхдээ: Хохирогч Х.Лхагвадорж бид багийн найзууд бөгөөд Улаанбаатар хотод хамтарч ажил хийдэг байсан. Би урьд нь Х.Лхагвадоржийн гэрт нь 3-4 сар орчим амьдарч байсан болохоор гэрийнхээ түлхүүрийг хатавчиндаа хийгээд явдаг гэдгийг мэддэг байсан. Х.Лхагвадорж надад ажлын хөлс гээд 300,000-400,000 төгрөг өгөх ёстой байсан боловч уг мөнгийг өгөлгүй удсан. Би мөнгөө нэхэхээр удахгүй өгнө гэдэг боловч өгөөгүй. Надад мөнгөний хэрэгцээ шаардлага гараад байсан. Тэгээд 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Зүүн салааны 1 дүгээр буудлын Малчны 2-40 тоот дахь Х.Лхагвадоржийн гэрт очсон. Очиход гэр нь эзгүй байсан тул хатавчнаас нь түлхүүрийг нь авч гэрийн хаалгыг нь онгойлгосон. Гэрт нь ороод нөөтбүүкийг нь авч гараад, ломбарданд 200,000 төгрөгөөр тавьсан. Хийсэн хэрэгтээ харамсаж байна. Найзаасаа уучлал гуйж байна. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч  Х.Лхагвадорж мэдүүлэхдээ: Д.Чинзориг бид бага наснаасаа найзалсан найзууд юм. Би цахилгаан, дохиолол, холбоо гэх зэрэг ажил авч, хүмүүсээр хийлгэдэг. Д.Чинзориг Улаанбаатар хотод ирээд ажилгүй байсан болохоор түүнийг өөрийн энэ ажилдаа авч, цахилгааны ажил хийлгэдэг байсан. Д.Чинзориг Улаанбаатар хотод ирээд хэдэн сар манай гэрт амьдарч байсан.

2016 оны 03 дугаар сарын 10-ны орой гэртээ ирсэн чинь гэрээс “Дэлл” маркийн нөөтбүүк алга болсон байхаар нь хэн авсаныг мэдэхгүй байсан учир цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Д.Чинзориг тухайн үед манай гэрт амьдраагүй байсан. Манай эд хөрөнгийг захиран зарцуулах эрх Д.Чинзоригт байхгүй. Д.Чинзориг хүүхдийн сүүний мөнгө хэрэгтэй байна гээд надаас ажлын хөлсөө нэхдэг байсан. Би өгч чадаагүй байсан асуудал бол байсан. Зурагт алга болсоны маргааш нь Д.Чинзоригийн ах Чинчулуун нөөтбүүкийг надад авчирч хүлээлгэж өгсөн учир одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэв.

 

Мөн 2016 2601 0782 дугаартай эрүүгийн хэргээс хохирогч, гэрч нарын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Х.Лхагвадоржийн 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр мэдүүлсэн ”... Би 2016 оны 03 дугаар сарын 10-ны өглөө гэрийн хаалгаа цоожлоод түлхүүрээ гэрийнхээ бүсэнд хавчуулаад ажилдаа явсан. Би ажлаа тараад 23 цагийн үед гэртээ ирэхэд манай дүү Лхагважав ирчихсэн байсан. Манай дүү Лхагважав надад “та зөөврийн компьютерээ авч явсан юм уу” гэж асуусан. Би гэртээ ороод хайгаад үзсэн чинь зөөврийн компьютерээ олоогүй. Би хойд талын айлаасаа “өнөөдөр манай гэрт хүн ирсэн үү, манай гэрээс зөөврийн компьютер алга болсон байна” гэж асуусан чинь танай гэрт хүн ирсэнийг анзаараагүй гэж хэлсэн. Би гэрээс зөөврийн компьютер алдагдсан байсан болохоор шууд цагдаагийн байгууллагад гэрт хулгайч орж эд зүйл алдагдсан байна гэж дуудлага өгсөн. Манай гэрээс 1 ширхэг хар өнгийн, дэлл маркийн зөөврийн компьютер алдагдсан. ...Зөөврийн компьютерыг Говь-Алтай аймгаас ээж Цэцэгмаа 1,100,000 төгрөгөөр 2015 онд худалдаж авч өгсөн. ...зөөврийн компьютерээ 1,100,000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг[1],

-2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр мэдүүлсэн: “...Чинзориг миний гэрт орж эд зүйл эзэмших ямар ч эрх байхгүй. Чинзориг над руу залгасан, гэхдээ би утсаар ерөөсөө яриагүй, мессэж ч бичсэн зүйл байхгүй. Би Чинзоригийг ерөөсөө гэрт очоод байж байгаарай гэж хэлээгүй байхад манай гэрт орж хулгай хийж эд зүйл авсан байсан. Би зөөврийн компьютерээ Чинзоригийн ах Чинчулуунаас олж авсан. Чинчулуун ах өөрөө барьцаалан зээлдүүлэх газраас 200,000 төгрөгөөр буцааж авч өгсөн гэж хэлсэн. Би зөөврийн компьютерээ бүрэн бүтэн буцааж авсан. ...” гэх мэдүүлэг [2],

 

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Энхцогийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2016 оны 03 дугаар 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр зүүн салаанд өөрийн эзэмшилийн 49-82 УНМ улсын дугаартай “Венгро вид” маркын цагаан өнгийн тээврийн хэрэгсэлийг угаалгах гээд явж байсан чинь зүүн салааны нэгдүгээр автобусны буудлын тэр Чинзориг гэх залуу ганцаараа зогсоод гараа өргөсөн. Чинзориг гартаа саарал өнгийн тортой хавтгай зүйл барьсан байдалтай байсан. Чинзориг миний тээврийн хэрэгсэлд суух үед нөгөө тортой зүйлийг нь харахад зөөврийн компьютер байсан. Чинзориг гэх залуу надад хэлэхдээ “Ах би нэг хүнд өртэй юмаа, надад 600,000 төгрөгийн хэрэг гараад байна зөөврийн компьютерээ барьцаанд тавих гэсэн юмаа” гээд байсан. Тэгэхээр нь би “наад зөөврийн компьютер чинь ямар учиртай юм бэ?” гэсэн чинь Чинзориг “Энэ зөөврийн компьютер манай оюутан дүүгийнх байгаа юмаа би хамт байдаг юм гэж хэлсэн. Би Чинзоригт хандаж “Чи өөрийнхөө зөөврийн компьютерийг хаана барьцаанд тавих гэж байгаа юм бэ” гэж хэлтэл Чинзориг “Би зуун айл орж зөөврийн компьютерээ барьцаанд тавих гэсэн юмаа, би урьд өмнө нь барьцаанд эд зүйлээ тавьдаг байсан юм” гээд байсан. Чинзориг хэлэхдээ “Надад бичиг баримт байхгүй байна, та бичиг баримтаараа тавьчих гээд байсан”. Тэгэхээр нь би “Зөөврийн компьютер чинь чинийх мөн биз дээ хулгайн эд зүйл биш биз” гэж хэлсэн чинь “Энэ манай дүүгийн зөөврийн компьютер байгаа юм” гэхээр нь би охиныхоо ажиллуулдаг “Хийморь” нэртэй барьцаалан зээлдүүлэх газар очоод Чинзоригийн авч явсан зөөврийн компьютерийг барьцаанд тавьсан. Зүүн салаанаас 5 дугаар сургууль хүртэл 12 км гарсан байсан. Би Чинзоригтой “Хийморь” нэртэй барьцаалан зээлдүүлэх газар руу хамт орсон. Барьцаалан зээлдүүлэх газар ороод өөрийнхөө бичиг баримтаар 200,000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Тэр өдөр “Хийморь” нэртэй барьцаалан зээлдүүлэх газар манай охин Мянганцэцэг ажлаагүй гэртээ амарч байсан юм. Би Чинзориг гэх хүнд 200,000 төгрөгийг нь өгөөд өөрийнхөө таксины мөнгө болох 12 км-ийн 10,000 төгрөгийг авч, салаад гэртээ харих гээд явсан.

2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр миний гар утас руу “Би чиний нэрээр зөөврийн компьютер барьцаанд тавьсан хүний ах нь байгаа юм, би зөөврийн компьютерийг нь буцааж авах гэсэн юм гэж хэлсэн”. Тэгэхээр нь би “5 сургуулийн хажууд уулзаад авъя” гэж хэлээд гар утсаа салгасан. Би “Хийморь” нэртэй барьцаалан зээлдүүлэх газар очоод Чинзоригийн ах гэх залуутай хамт ломбарданд ороод буцаагаад Чинзоригийн ах гэх хүнд зөөврийн компьютерийг нь авч өгсөн. Тэр хүнтэй хамт Чинзориг гэх залуу цуг явж байсан. Би хулгайн эд зүйл гэдгийг нь мэдээгүй, мэдсэн бол өөрийнхөө бичиг баримтаар ломбарданд тавихгүй байсан. Би Чинзориг гэх эрэгтэйг танихгүй урьд өмнө нь харж ч байгаагүй. Хийморь нэртэй ломбардны ажилтан эмэгтэй надаас ямар учиртай эд зүйл вэ, хулгайн эд зүйл биш биз дээ гэж асуусан.  Тэгэхээр нь би манай дүүгийн зөөврийн компьютер байгаа юм гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг [3],

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Мөнхцэцэгийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр мэдүүлсэн “...Манай “Хийморь” ХХК-ний барьцаалан зээлдүүлэх газар ажилладаг Мянганцэцэгийн аав гэх хүн орж ирээд хар өнгийн “Делл” маркийн зөөврийн компьютерийг барьцаанд тавих гэж орж ирсэн. Би Мянганцэцэгийн аав Энхцогийн барьж явсан хар өнгийн зөөврийн компьютерийг авахгүй гэсэн чинь “Би танайд ажилладаг Мянганцэцэгийн аав нь байна” гээд байсан. Тэгэхээр нь би ямар учиртай эд зүйл юм бэ гэж асуусан чинь манай найзын хүүхдийнх нь зөөврийн компьютер байгаа юм гэж надад хэлсэн. Би Мянганцэцэгийн аав Энхцогийн барьж явсан “делл” маркын зөөврийн компьютерийг 200,000 төгрөгөөр авна гэсэн чинь “болно болно, барьцаанд тавьчихъя” гэж хэлсэн. Би Мянганцэцэгийн аав Энхцогийн иргэний үнэмлэхээр бүртгэн авч бэлэнээр 200,000 төгрөгийг өгч “делл” маркын хар өнгийн зөөврийн компьютерийг барьцаалж авсан. Би Мянганцэцэгийн аав Энхцогийг гараад явсаны дараа охин болох Мянганцэцэгийн гар утас руу залгаад “Танай аав чинь манай ломбарданд ирээд нэг зөөврийн компьютер тавиад явлаа” гэж хэлсэн чинь Мянганцэцэг "Тиймээ манай аавын найзынх нь зөөврийн компьютер байгаа юм” гэж хэлсэн. Тэгээд маргааш нь хулгайн эд зүйл гэдгийг нь мэдсэн. Би хулгайн эд зүйл гэдгийг нь мэдээгүй байсан. Манай барьцаалан ззэлдүүлэх газар иргэний үнэмлэхтэй хүнд үйлчилдэг. Эд зүйлийн талаар нь сайтар асууж тодруулдаг, мөн ямар нэгэн бичиг баримттай эд зүйлийг авдаг...” гэх мэдүүлэг[4],

-2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр мэдүүлсэн: “...Тухайн үед Энхцог хамт явж байсан залуутайгаа анх удаа уулзаж байгаа хүн шиг харилцаад байсан. 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Энхцог, хоёр эрэгтэй хүнтэй хамт ирээд урьд өдөр нь барьцаанд 200,000 төгрөгөөр барьцаанд тавьсан зөөврийн компьютерээ буцаагаад мөнгийг нь төлөөд аваад явсан. Би тухайн үед хулгайн эд зүйл гэдгийг нь мэдээгүй. Надад нэхэмжпэх зүйл байхгүй барьцаанд делл маркын зөөврийн компьютер барьцаанд тавьсан гэх хүмүүс буцаагаад мөнгийг нь төлөөд зөөврийн компьютерээ аваад явсан болохоор надад гомдол санал нэхэмжлэх зүйл алга байна. ...” гэх мэдүүлэг[5],

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Чинчулууны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр мэдүүлсэн “...Чинзориг бол миний төрсөн дүү байгаа юм. ...2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр манай дүү Чинзориг над руу гар утсаараа утасдаад “Би найзынхаа эд зүйлийг хулгайлчих шиг боллоо” гэж хэлэхээр нь шууд Чинзоригийн байгаа газар очоод эд зүйл барьцаалсан гэх газарт очиж “делл” маркын зөөврийн компютерийг буцааж аваад Лхагвадорж дээр очиж “делл” маркын зөөврийн компьютерийг нь буцааж өгсөн. Тэгсэн Лхагвадорж аль хэдийнээ цагдаагийн байгууллагад эд зүйлээ хулгайд алдсан гээд дуудлага өгсөн байсан. Би 200,000 төгрөгийг цалингаасаа аваад барьцаалан зээлдүүлэх газрын төлбөрийг өгсөн. “Хийморь” гэсэн нэртэй барьцаалан зээлдүүлэх газар байсан. Тэр “делл” маркын зөөврийн компьютерийг барьцаанд өөрийнхөө бичиг баримтаар барьцаалсан хүн хулгайн эд зүйл гэдгийг ерөөсөө мэдээгүй байсан. Тэр бичиг баримтаараа зөөврийн компьютерийг барьцаанд тавьсан эрэгтэйг урьд өмнө нь харж байгаагүй анх удаа л харсан тэрнээс танихгүй. Хийморь нэртэй барьцаалан зээлдүүлэх газрын хохирлыг барагдуулсан. Мөн Лхагвадоржид “делл” маркын зөөврийн компьютерийг бүрэн бүтэн өөрийн биеэр хүлээгээд өгсөн...” гэх мэдүүлэг[6],

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.Мянганцэцэгийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ний өдөр мэдүүлсэн “...2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр ...гэртээ унтаж байсан чинь аав Энхцог миний 88443818 гар утас руу 5-6 удаа залгасан байсан. Тэгэхлээр нь би аав Энхцог руу залгасан чинь “Аав нь танай Хийморь нэртэй барьцаалан зээлдүүлэх газар зөөврийн компьютер барьцаанд тавьчихлаа гэсэн”. Тэгэхлээр нь би гар утасаа салгаад “Хийморь” нэртэй барьцаалан зээлдүүлэх газрын менежер Мөнхцэцэгийн гар утас руу  залгаад “Манай аав ломбарданд ямар зөөврийн компьютер тавьсан юм бэ? гэж хэлсэн чинь Мөнхцэцэг “Танай аав чинь нэг зөөврийн компьютерийг 200,000 төгрөгөөр барьцаанд тавьсан” гэж надад хэлсэн. Би аав Энхцогоос гэртээ ирэхэд нь асуусан чинь аав “намайг таксинд явж байсан чинь нэг залуу гараа өргөөд суусан юм, тэгсэн чинь нэг зөөврийн компьютер гартаа барьчихаад, ах би бичиг баримтаа гэртээ орхисон байна, дүүд нь  мөнгөний хэрэг гараад явж байна, энэ миний дүүгийн зөөврийн компьютер байгаа юмаа" гэж хэлэхээр нь өөрийнхөө бичиг баримтаар барьцаанд тавьсан юм гэж надад хэлсэн. Манай аав Энхцог хулгайн эд зүйл байсаныг нь мэдээгүй гэж надад хэлсэн. ... Мөнхцэцэг надаас ямар учиртай эд зүйл юм бэ гэж асуусан, тэгэхлээр нь би Манай аав Энхцогийг гуйгаад барьцаанд тавьсан юм байна лээ, бичиг баримтгүй хүн гэсэн гэж хэлсэн. Надаас асуухад нь аавыг таньдаг хүнтэйгээ очсон юм байх гэж бодоод аавын таньдаг хүн байгаа юмаа гээд хэлсэн. Тэрнээс мэдсэн бол би тэгэж аавын таньдаг хүн гэж хэлэхгүй байсан. Тэр делл маркын хар өнгийн зөөврийн компьютерийг манай аав Энхцогийн бичиг баримтаар барьцаанд тавьсан хүн, ахтайгаа хамт ирээд зөөврийн компьютерийг 200,000 төгрөг төлж буцаагаад аваад явсан. ...”Хийморь” нэртэй барьцаалан зээлдүүлэх газар одоо ямар нэгэн хохирол учирсан зүйл огт байхгүй...” гэх мэдүүлэг [7],

 

Мөрдөн байцаалтад Д.Чинзоригийн 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр сэжигтнээр мэдүүлсэн “...2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр ...12 цагийн орчимд найз Лхагвадоржтой уулзах гэж ажлаасаа тараад том оврын автобусанд суугаад найз Лхагвадоржийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 09 дүгээр хороо малчны 02-40 тоотод байрлах гэрт нь очсон. Намайг Лхагвадоржийн гэрт очиход Лхагвадоржийн гэр цоожтой байхаар нь хатавчнаас гэрийн түлхүүрийг нь аваад цоожийг нь онгойлгоод гэрт орсон. Гэрт нь ороод компьютерийн тавиур дээр байсан хар өнгийн “делл” маркын зөөврийн компьютерийг аваад гэрээс нь гарсан. Би Лхагвадоржийн гэрээс гарахдаа гэрийн хаалгыг нь буцаагаад цоожлоод түлхүүрийг нь хатавчинд хийсэн. Би Лхагвадоржийн хашаанаас гараад зүүн салааны нэгдүгээр автобусны буудлын засмал зам дээр гарч ирээд цагаан өнгийн нэрийг нь мэдэхгүй суудлын 49-82 гэсэн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суугаад хулгайлсан зөөврийн компьютерээ барьцаалан зээлдүүлэх газар барьцаанд тавих гээд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар сургуулийн хажууд байрлах “Хийморь” нэртэй барьцаалан зээлдүүлэх газар очсон. Би таксинд суугаад явж байхдаа жолоочид "Би өөрийнхөө дүүгийн зөөврийн компьютерийг аваад явж байна, би бичиг баримтаа гэртээ орхисон байна, та бичиг баримтаараа ломбарданд миний зөөврийн компьютерийг барьцаанд тавиад өгөөч” гэж гуйсаар байгаад жолоочийн охин нь ажилладаг гэх “Хийморь” нэртэй барьцаалан зээлдүүлэх газар очсон. Таксины жолооч бид хоёр зөөврийн компьютерийг аваад “Хийморь” нэртэй барьцаалан зээлдүүлэх газар хамт орсон. Таксины жолооч ахын бичиг баримтыг ашиглаад барьцаалан зээлдүүлэх газар ороод 200,000 төгрөгөөр хулгайн эд зүйлээ барьцаанд тавьсан. Би таксины жолоочоос 200,000 төгрөгөө аваад салаад явсан. ...Над руу Лхагвадорж гар утсаар залгаад миний зөөврийн компьютерийг чи авсан уу гэхээр нь би аваагүй гэж хэлээд гар утсаа салгасан. Би хулгай хийчихлээ гэж бодоод ахыгаа дуудаад болсон явдлын талаар ярьсан чинь ах минь миний хулгайн эд зүйл барьцаанд тавьсан ломбарднаас 200,000 төгрөгөөр хулгайн эд зүйлийг аваад Лхагвадоржид буцаагаад өгсөн. Надад мөнгө хэрэгтэй болсон болохоор хулгайн гэмт хэрэг үйлдэх болсон юм. ...таксины жолооч Энхцог гэх хүнийг танихгүй, тэр өдөр л такси барьж байгаад нэг удаа харсан өөрөөр бол танихгүй. ...” гэх мэдүүлэг[8],

 

Мөрдөн байцаалтад Д.Чинзоригийн 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн “...Хохирогч Лхагвадорж нь миний найз байгаа юм. Би 2014-2015 оны хооронд Лхагвадоржийн гэрт хамт амьдардаг байсан. 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр би ...Лхагвадорж руу ярих гэсэн чинь утасаа авахгүй байсан. Би ажлаа тараад 13 цагийн үед Лхагвадоржийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо малчны 2-40 тоотод очсон. Би Лхагвадоржийн гэрийн түлхүүрийг монгол гэрийн хатавчнаас нь аваад хаалгыг нь онгойлгосон. Би Лхагвадоржийн гэрт ороод зурагт үзэж байж байгаад гэрийн зүүн талд компьютерийн тавиур дээр байсан зөөврийн компьютерийг аваад гэрээс гарсан. Гэрээс нь гарахдаа гэрийн хаалыг түлхүүрээр нь цоожлоод буцаад түлхүүрийг нь хавтавчинд хийсэн. ...мөнгөний хэрэг гараад Лхагвадоржийн гэрт ороод зөөврийн компьютерийг нь хулгайлсан юм. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. ...Би Лхагвадоржийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 09 дүгээр хороо малчны 02-40 тоотод орж эд зүйл эзэмших эрх байхгүй. Би зүгээр гэрт нь түр ганц жил амьдарч байсан, тэрнээс би эд зүйлийг нь эзэмших ямар ч эрх байхгүй...” гэх мэдүүлэг[9]

-2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 00 цаг 10 минутаас 00 цаг 35 минутын  хооронд  хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл[10], бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд, схем зураг [11],

-Эд зүйлийн үнэлгээ[12],

-Шүүгдэгч Д.Чинзоригийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас[13],

-Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар[14],

-Өршөөл үзүүлэх комиссын 2009 оны 07 дугаар сарын 22-ны дөрийн 1421 дугаартай тогтоол[15], суллагдсан хүмүүст олгогдсон тухай тодорхойлолт[16] болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзлээ.

 

Дээрх нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлаад дүгнэвэл:

Шүүгдэгч Д.Чинзориг нь 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт,  Малчны 2 дугаар гудамжны 40 тоотод оршин суух иргэн Х.Лхагвадоржийн монгол гэрийн цоожны түлхүүрийг хатавчнаас нь авч, улмаар бусдын орон байранд нэвтэрч, “Дэлл” маркийн зөөврийн компьютерийг хулгайлж, бусдад 1,100,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Мөрдөн байцаалтад хохирогч Х.Лхагвадоржийн мэдүүлсэн ”... Би 2016 оны 03 дугаар сарын 10-ны ...23 цагийн үед гэртээ ирэхэд манай дүү Лхагважав ...“та зөөврийн компьютерээ авч явсан юм уу” гэж асуусан. Би гэртээ ороод хайгаад үзсэн чинь зөөврийн компьютерээ олоогүй. ...Би гэрээс зөөврийн компьютер алдагдсан байсан болохоор цагдаагийн байгууллагад ...дуудлага өгсөн. Манай гэрээс 1 ширхэг хар өнгийн, дэлл маркийн зөөврийн компьютер алдагдсан. ...” гэх мэдүүлэг[17], мөн түүний шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг,

-гэрч Ц.Энхцогийн мөрдөн байцаалтад 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2016 оны 03 дугаар 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр зүүн салаанд өөрийн эзэмшилийн 49-82 УНМ улсын дугаартай “Венгро вид” маркын цагаан өнгийн тээврийн хэрэгсэлтэй явж байхад ... тэр Чинзориг гэх залуу ганцаараа зогсоод гараа өргөсөн. Чинзориг гартаа саарал өнгийн тортой хавтгай зүйл барьсан байдалтай байсан. Чинзориг миний тээврийн хэрэгсэлд суух үед нөгөө тортой зүйлийг нь харахад зөөврийн компьютер байсан. Чинзориг гэх залуу надад хэлэхдээ ...зөөврийн компьютерээ барьцаанд тавих гэсэн юм” гээд байсан. ...“Надад бичиг баримт байхгүй байна, та бичиг баримтаараа тавьчих гээд байсан. ...Би Чинзоригтой “Хийморь” нэртэй барьцаалан зээлдүүлэх газар руу хамт орсон. Барьцаалан зээлдүүлэх газар ороод өөрийнхөө бичиг баримтаар 200,000 төгрөгөөр барьцаанд тавьсан....” гэх мэдүүлэг[18],

-гэрч Д.Мөнхцэцэгийн мөрдөн байцаалтад 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр мэдүүлсэн “...Манай Хийморь ХХК-ны барьцаалан зээлдүүлэх газар ажилладаг Мянганцэцэгийн аав гэх хүн орж ирээд хар өнгийн “Делл” маркийн зөөврийн компьютерийг барьцаанд тавих гэж орж ирсэн. ...Би Мянганцэцэгийн аав Энхцогийн барьж явсан “делл“ маркын зөөврийн компьютерийг 200,000 төгрөгөөр авна гэсэн чинь “барьцаанд тавьчихъя” гэж хэлсэн. Мянганцэцэгийн аав Энхцогийн иргэний үнэмлэхээр бүртгэн авч бэлнээр 200,000 төгрөгийг өгч “делл” маркын хар өнгийн зөөврийн компьютерийг барьцаалж авсан. ...маргааш нь хулгайн эд зүйл гэдгийг нь мэдсэн. ...” гэх мэдүүлэг[19],

-гэрч Д.Чинчулууны мөрдөн байцаалтад 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр мэдүүлсэн “...2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр манай дүү Чинзориг над руу гар утсаараа утасдаад “Би найзынхаа эд зүйлийг хулгайлчих шиг боллоо” гэж хэлэхээр нь шууд Чинзоригийн байгаа газар очоод эд зүйл барьцаалсан гэх газарт очиж делл маркын зөөврийн компютерийг буцааж аваад Лхагвадорж дээр очиж делл маркын зөөврийн компьютерийг нь буцааж өгсөн. Тэгсэн Лхагвадорж аль хэдийнээ цагдаагийн байгууллагад эд зүйлээ хулгайд алдсан гээд дуудлага өгсөн байсан. ...” гэх мэдүүлэг[20],

-гэрч Э.Мянганцэцэгийн мөрдөн байцаалтад 2016 оны 04 дүгээр сарын 08-ний өдөр мэдүүлсэн “...2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр ...аав Энхцог руу залгасан чинь “Аав нь танай “Хийморь” нэртэй барьцаалан зээлдүүлэх газар зөөврийн компьютер барьцаанд тавьчихлаа гэсэн”. Би аав Энхцогоос гэртээ ирэхэд нь асуусан чинь аав “намайг таксинд явж байсан чинь нэг залуу гараа өргөөд суусан юм, тэгсэн чинь нэг зөөврийн компьютер гартаа барьчихаад, би бичиг баримтаа гэртээ орхисон байна, дүүд нь мөнгөний хэрэг гараад явж байна, энэ миний дүүгийн зөөврийн компьютер байгаа юм" гэж хэлэхээр нь өөрийнхөө бичиг баримтаар барьцаанд тавьсан юм гэж надад хэлсэн. Манай аав Энхцог хулгайн эд зүйл байсныг нь мэдээгүй гэж надад хэлсэн. ...” гэх мэдүүлэг[21],

-Шүүгдэгч Д.Чинзоригийн 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр сэжигтнээр мэдүүлсэн мэдүүлэг[22], ... 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн “...2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр би ...13 цагийн үед Лхагвадоржийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо малчны 2-40 тоотод очсон. Би Лхагвадоржийн гэрийн түлхүүрийг монгол гэрийн хатавчнаас нь аваад хаалгыг нь онгойлгосон. ...гэрт ороод ...гэрийн зүүн талд компьютерийн тавиур дээр байсан зөөврийн компьютерийг аваад гэрээс гарсан. ...нэрийг нь мэдэхгүй барьцаалдан зээлдүүлэх газар таксины жолоочийг оруулаад 200,000 төгрөгөөр барьцаанд тавьсан. ...Би Лхагвадоржийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 09 дүгээр хороо малчны 02-40 тоотод орж эд зүйл эзэмших эрх байхгүй. ...” гэх мэдүүлэг[23], хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл[24], бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд, схем зураг [25], эд зүйлийн үнэлгээ[26] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Орон байр гэдэгт “хүн байнга буюу түр амьдрахад зориулагдсан орон сууц, байшин, гэр зэргийг ойлгоно. Харин орон байранд нэвтрэх гэдгийг сэм орох, нуугдах зэрэг аргаар нэвтэрч орохыг ойлгох ба шүүгдэгч Д.Чинзориг нь хохирогч Х.Лхагвадоржийн гэрийг эзгүй байх үед нь түлхүүрээр нь онгойлгон сэм орж, зөөврийн компьютерийг нь хулгайлан авсан байна. Мөн хохирогч нь мөрдөн байцаалтад “Д.Чинзориг манай эд хөрөнгийг эзэмших эрхгүй, тэр өдөр Д.Чинзоригийг гэртээ очоод байж бай гэж хэлээгүй” гэж, шүүгдэгч Д.Чинзориг нь “Х.Лхагвадорж бид найзууд, би тэдний гэрт өмнө нь амьдарч байсан, эд хөрөнгийг нь эзэмших, зарцуулах эрхгүй” гэж тус тус мэдүүлсэн байх ба эдгээр нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч Д.Чинзориг нь шунахайн сэдэлтээр бусдын орон байранд нэвтэрч, эд хөрөнгийг нь хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн байна.

Шүүгдэгч Д.Чинзориг нь бага бус хэмжээний эд хөрөнгө хулгайлсан нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн буюу Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байх ба харин орон байранд нэвтэрч үйлдсэн нь гэмт хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх нөхцөл болсон буюу Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         

Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Чинзоригт холбогдох хэргийн зүйлчлэл зөв байх ба түүнийг бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг нь хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Д.Чинзориг нь хохирогч Х.Лхагвадоржийн гэрээс зөөврийн компьютерийг хулгайлан авч, тухайн үед такси үйлчилгээнд явж байсан иргэн Ц.Энхцогийн хамтаар “Хийморь” ломбардад түүний бичиг баримтаар 200,000 төгрөгийн барьцаанд тавьсан нөхцөл байдал хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон боловч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгт Ц.Энхцог оролцсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Ц.Энхцог нь Д.Чинзоригийг бусдын эд хөрөнгийг хулгайлсан болохыг мэдээгүй талаар гэрч нараас мэдүүлсэн байгаа болохыг тэмдэглэх нь зүйтэй гэж үзэв. 

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын  талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч өөрийн алдсан зөөврийн компьютерийг нэхэмжилсэн, эд зүйлийн үнэлгээ тогтоох комиссоос зөөврийн компьютерийг 1,100,000 төгрөгөөр тогтоосон байна.

Харин шүүгдэгч Д.Чинзоригийн төрсөн ах Д.Чинчулуунаас “Хийморь” барьцаалдан зээлдүүлэх газраас хохирогчийн “Дэлл” маркийн зөөврийн компьютерийг авч, хохирогчид хүлээлгэн өгсөн болох нь мөрдөн байцаалтад хохирогч, гэрч, сэжигтэн, яллагдагч нарын өгсөн мэдүүлгээр тогтоогдсон байх тул шүүгдэгч Д.Чинзориг нь хохирогч Х.Лхагвадоржид  төлөх төлбөргүй байна гэж үзэв.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгч Д.Чинзориг нь 2007 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн 2 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, уг тогтоолын дагуу биечлэн 2 жил 6 сар 18 хоногийн хорих ялыг эдэлж, 5 сар 20 хоногийн шагналын хоног авч, “Өршөөл үзүүлэх тухай” 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Өршөөл үзүүлэх комиссын 2009 оны 07 дугаар сарын 22-ний өдрийн 1421 дугаартай тогтоолоор түүний эдлээгүй үлдсэн 2 жил 2 хоногийн хорих ялыг өршөөн хасч, тус өдрөөс суллагдсан болох нь шийтгэх тогтоолын хуулбар, Өршөөл үзүүлэх комиссын тогтоол, суллагдсан тухай тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас зэргээр  тогтоогджээ.

          Шүүгдэгч Д.Чинзориг нь 2007 онд хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4-т “хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш найман жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүй болно” гэж заасан бөгөөд түүний ялтай байдал 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс хойш 8 жилийн хугацаанд тоологдохоор байна.

            Харин Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан, 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д “Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг...” хэрэгсэхгүй болгоно” гэж,

            -10 дугаар зүйлийн 10.10 дахь хэсэгт “...энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамааруулна...” гэж тус тус заасан. Иймд шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар шүүгдэгч Д.Чинзоригийн ялтай байдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Чинзоригийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Чинзоригт ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 294, 297, 298, 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

 


[1] Хавтаст хэргийн 13-14 дүгээр тал.

[2] Хавтаст хэргийн 15 дугаар тал.

[3] Хавтаст хэргийн 16-17 дугаар тал.

[4] Хавтаст хэргийн 18 дугаар тал.

[5] Хавтаст хэргийн 19-20 дугаар тал.

[6] Хавтаст хэргийн 23 дугаар тал.

[7] Хавтаст хэргийн 24 дүгээр тал.

[8] Хавтаст хэргийн 41-42 дугаар тал.

[9] Хавтаст хэргийн 41-42 дугаар тал.

[10] Хавтаст хэргийн 5-6 дугаар тал.

[11] Хавтаст хэргийн 8-9 дүгээр тал.

[12] Хавтаст хэргийн 54 дүгээр тал.

[13] Хавтаст хэргийн 46 дугаар тал.

[14] Хавтаст хэргийн 62-63 дугаар тал.

[15] Хавтаст хэргийн 65 дугаар тал.

[16] Хавтаст хэргийн 66 дугаар тал.

[17] Хавтаст хэргийн 13-14 дүгээр тал.

[18] Хавтаст хэргийн 16-17 дугаар тал.

[19] Хавтаст хэргийн 18 дугаар тал.

[20] Хавтаст хэргийн 23 дугаар тал.

[21] Хавтаст хэргийн 24 дүгээр тал.

[22] Хавтаст хэргийн 41-42 дугаар тал.

[23] Хавтаст хэргийн 41-42 дугаар тал.

[24] Хавтаст хэргийн 5-6 дугаар тал.

[25] Хавтаст хэргийн 8-9 дүгээр тал.

[26] Хавтаст хэргийн 54 дүгээр тал.