Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 2018/ДШМ/74

 

 

 

 

 

 

 

 

М.М-т холбогдох эрүүгийн

                                                     хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Энхмаа, ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Д.Нэргүй,

            Нарийн бичгийн дарга Г.Шаравдорж нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаагийн даргалж шийдвэрлэсэн, 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч М.М-т холбогдох 1734004110255 дугаартай 1 хавтас 132 бүхий эрүүгийн хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай прокурорын дүгнэлтийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1996 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Төв аймгийн Борнуур суманд төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, охины хамт Төв аймгийн ... тоотод оршин суух хаягтай, урьд нь ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, М.М /РД:Н...9/,

 

М.М нь 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 09 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр багийн нутагт оршин суух иргэн Б.Сарантуяагаас хүү Батхүүг нь ахлагчийн 3 сарын курст сургаад, Онцгой байдлын газарт оруулах ажил бэлэн байна гэж хуурч 3 удаагийн үйлдлээр Хаан банкны 5736119094 тоот дансаар сургалтын төлбөр, хувцасны мөнгө нийт 1 сая төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.М-г бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,   торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

 

Прокурор Т.Нансалмаа нь  шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай дүгнэлтдээ:  

“A."Яллагдагч М.М нь өөрийгөө Онцгой байдлын Ерөнхий газарт
хүний нөөц, сургалт хариуцсан менежер ажил хийдэг тул танай дүүг Онцгой
байдлын Ерөнхий газарт гал сөнөөгч, аврагчийн ажилд оруулж өгнө гэж зохиомол
байдлыг зориудаар бий болгож Сонгинохайрхан дүүргийн 17-р хорооны нутаг
дэвсгэрт иргэн Д.Нямгэрэлээс 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны
09 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд 10 удаагийн үйлдлээр бэлнээр 4.015.000
төгрөг, Aser маркийн нөтбүүк зэргийг шилжүүлэн авч залилсан,

Б. 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Оюунчимэгээс Хууль сахиулахын их сургуулийн Онцгой байдлын сургуульд хүүхдэд оруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож 1.042.000 төгрөгийг бэлнээр авч залилсан,

B.2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 27-р хорооны нутаг дэвсгэр Дарь эхийн Шинэ буудал гэх газар "Хууль сахиулахын их сургуульд хүүхдүүд оруулж өгнө" гэж хуурч Ховд аймгийн Жаргалант сумын иргэн Б.Орломоос 2.540.000 төгрөг, иргэн Д.Уранчимэгээс 2.195.000 төгрөг, иргэн О.Батбаяраас 3.235.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилсан,

Г. 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт иргэн М.Тэгшбаяраас хүү Х.Золзаяаг нь Онцгой байдлын газарт ажилд оруулж өгнө гэж хуурч 1.310.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

Д. 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт Хөвсгөл аймгийн иргэн М.Мөнхтуултай утсаар холбогдож сургалтанд хамруулж Онцгой байдлын газарт ажилд оруулж өгнө гэж хуурч 600.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

             Е. 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн иргэн Б.Дуламсүрэнтэй утсаар холбогдож сургалтанд хамруулж Онцгой байдлын газарт ажилд оруулж өгнө гэж хуурч Сонгинохайрхан дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд 1.410.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан" гэх хэрэгт тус дүүргийн прокурорын газраас 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 511 дугаартай яллах дүгнэлт үйлдэн хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Гэтэл Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс /урьдчилсан хэлэлцүүлгээр/ хэргийг 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 1313 дугаартай захирамжаар

1. Яллагдагч М.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг төрлийн гэмт хэргийг хэд хэдэн удаа үйлдсэн гэх нөхцөл байдал байгаа үед прокурорын байгууллага Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "...нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно" гэж заасны дагуу түүнд холбогдох хэргүүдийг нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлтээр шүүхэд шилжүүлээгүйн улмаас түүнд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулсан тохиолдолд тэдгээрийг нэгтгэх боломжгүй байна.

... яллагдагч М.М-т холбогдох "залилах" гэмт хэргийн бүх үйлдпийг нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлтээр шүүхэд ирүүлэх нь зүйтэй гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Иймд М.М-н гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэж, прокурорт буцаалгахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу прокурорын дүгнэлт бичив.” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Нэргүй гаргасан тайлбартаа:Шүүгдэгч 8 удаагийн үйлдэлтэй ба 2 үйлдэл нь ял ноогдуулсан. Тиймээс 8 удаагийн үйлдэл буюу гэмт хэргийг нэгтгэн шалгах үндэслэлтэй. Өмнө шийтгүүлсэн Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 27 дугаар  тогтоолоор шийтгүүлсэн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа тасарч байгаа. Прокурорын дүгнэлтийг дэмжиж оролцож байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    М.М  нь 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 09 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр багийн нутагт оршин суух иргэн Б.Сарантуяагаас хүү Батхүүг нь ахлагчийн 3 сарын курст сургаад, Онцгой байдлын газарт оруулах ажил бэлэн байна гэж хуурч 3 удаагийн үйлдлээр Хаан банкны 5736119094 тоот дансаар сургалтын төлбөр, хувцасны мөнгө гэж нийт 1 сая төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдэж Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн байна.        

 

 Гэтэл М.М нь өөрийгөө Онцгой байдлын Ерөнхий газарт
хүний нөөц, сургалт хариуцсан менежер ажил хийдэг тул танай дүүг Онцгой
байдлын Ерөнхий газарт гал сөнөөгч, аврагчийн ажилд оруулж өгнө гэж зохиомол
байдлыг зориудаар бий болгож иргэн Д.Нямгэрэлээс 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс2017оны09 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд 10 удаагийн үйлдлээр бэлэн 4.015.000 төгрөг, Aser маркийн нөтбүүк зэргийг шилжүүлэн авч залилсан,

- 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр иргэн Т.Оюунчимэгээс Хууль сахиулахын их сургуулийн Онцгой байдлын сургуульд хүүхдэд оруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож 1.042.000 төгрөгийг бэлнээр авч залилсан,

- 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн хооронд иргэн Б.Орломоос 2.540.000 төгрөг, иргэн Д.Уранчимэгээс 2.195.000 төгрөг, иргэн О.Батбаяраас 3.235.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилсан,

- 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд иргэн М.Тэгшбаяраас хүү Х.Золзаяаг нь Онцгой байдлын газарт ажилд оруулж өгнө гэж хуурч 1.310.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

- 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр иргэн М.Мөнхтуултай утсаар холбогдож сургалтанд хамруулж Онцгой байдлын газарт ажилд оруулж өгнө гэж хуурч 600.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

            - 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр иргэн Б.Дуламсүрэнтэй утсаар холбогдож сургалтанд хамруулж Онцгой байдлын газарт ажилд оруулж өгнө гэж хуурч 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд 1.410.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт шалгагдаж байгаа болох нь эрүүгийн 1708028090010  дугаар хавтаст хэргээр нотлогдож байна.

Эдгээр үйлдлүүдийг Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоол гарах үед мэдэгдээгүй, шүүхээс мэдэх боломжгүй байжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно” гэж заасны дагуу нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлт үйлдээгүйгээс түүнд хоёр шийтгэх тогтоолоор ял оногдуулсан тохиолдолд тэдгээрийг нь нэгтгэх боломжгүй байна.

 

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг заасан боловч энэ зүйлийн 1 дэх хэсэгт уг ажиллагааг “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж хуульчилсан байх ба харин тогтоол гарахын өмнө үйлдсэн гэмт хэрэг нь тогтоол гарсны дараа илэрсэн тохиолдолд хэрхэх асуудлыг дээрх зүйл, хэсэгт зохицуулаагүй байна.

 

Иймд шүүхээр өмнө нь ял шийтгүүлсэн хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх эсэхээс үл хамааран тухайн этгээдийн холбогдсон хэргүүдийг бүхэлд нь нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд  шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, гэм буруугийн болон ялын асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  М.М-т холбогдох  1708028090010  дугаар эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан“...шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн...” нь тогтоогдвол шинээр илэрсэн нөхцөл гэж үзэх тул прокурор Т.Нансалмаагийн бичсэн 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 06 дугаар дүгнэлтийг хүлээн авч, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгуулахаар прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.М-т  холбогдох 1734004110255 дугаартай эрүүгийн хэргийг Төв аймгийн Прокурорын газарт буцаасугай.

2. Давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн М.М-т холбогдох 1708028090010 дугаартай эрүүгийн хэргийг Сонгинохайрхан  дүүргийн Прокурорын газарт буцаан хүргүүлсүгэй.

      3. Энэхүү магадлалын хувийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу прокурор, оролцогчдод тус тус хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Эрдэнэчимэгт даалгасугай.

 

4. Хэргийг прокурорт очих хүртэл М.М-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

           

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

          ШҮҮГЧИД                                                          Т.ЭНХМАА

 

                                                                                     Г.БОЛОРМАА