Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/62

 

 

 

 

 

 

 

2022.03.22                                           2022/ШЦТ/62

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2022/0074

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Улсын яллагч                                                Ж.Батбаатар

Шүүгдэгчийн өмгөөлөгч                          Г.Баярсайхан

Шүүгдэгч                                           З.Э нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Урантуяагаар  хөтлүүлж,

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр  ирүүлсэн З.Э-д холбогдох 2239000000086 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 17-ны  өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч З.Э нь 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 23 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Өлзийтийн 4-4 тоот хашаан дотор П.Б-г И.Мөнхболортой маргалдсанаас үүдэн цээж хэсэгт өшиглөж П.Б-гийн эрүүл мэндэд цээжний зүүн талын 6, 7, 8 дугаар хавирга яснуудын далд хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий  хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч П.Б-гийн өгсөн:..Тухайн өдөр би хөдөө явж ирээд гэртээ унтаж байхад манай найз Мөнхболор 21 цагийн орчимд утсаар яриад такси бариад ирээч гэж хэлсэн. Би такси бариад Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Зол жигүүр дэлгүүрийн гадаа ирчихлээ гэж хэлэхэд таксигаа явуулчихаад Ренчиндоржийн гэрт ороод ир бууз гарч байна гэж хэлсэн. Би таксины жолоочийн гар утасны дугаарыг авч явуулаад Ренчиндоржийн гэрт ороход айлын эзэд бас Мөнхболор эхнэрийн хамт, Дагва ах эхнэрийн хамт бас нэг танихгүй залуу байсан. Би орж бууз идээд жижиг хундагаар хийж өгсөн архинаас 3 уусан. Түүний дараа Мөнхболорын гэрт очихоор болоод би такси дуудаад бүгдээрээ чихэж суун Хэрлэн сумын 2 дугаар баг Өлзийтийн 4-04 тоот хашаанд очоод орж байхад Мөнхболор харанхуйд хаалга мөргөөд намайг мөргүүлчихлээ гэж над руу уурласан. Тэгээд бид 2 маргалдаад хашаанд ороход Мөнхболор намайг тэвэрч аваад харанхуйд хөл алдаад газарт унасан. Тэр үед бидэнтэй хамт явж байсан залуу миний зүүн талын хавирга хэсэгт 2 удаа өшиглөсөн. Тэгээд би Ариунтуяад цагдаа дууд гэж хэлэхэд нөгөө залуу гараад зугатаагаад явчихсан...Э  гэх залуу миний эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн ор хоногийн 250.000 төгрөгийг төлсөн. Би хувиасаа нийт 250.000 төгрөгийн эм тариа авч хэрэглэсэн. Энэ мөнгийг нэхэмжилнэ. Өөр надад гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 05 хуу/

 

Гэрч Д.Ариунтуяагийн өгсөн: ... манай нөхрийн найз П.Б мөн Дулмаагийнд шинэлэхээр ирсэн юм. Тэнд 2-3 цаг болоод эргээд гэртээ 23 цагийн орчимд ирэхэд Б  бидэнтэй хамт манай гэрт цуг очсон юм. Гадаа харанхуйд би хашааныхаа хаалгыг нээж байх үед манай нөхөр Мөнхболор найз Б-тэй гадаа маргалдаад үлдсэн. Э  00-д бие засаад бас үлдсэн. Би эгч Ариунчимэг, хүргэн ах Дагвадорж нарыг дагуулаад гэртээ ороод эргээд гараад ирэхэд манай нөхөр Б  нар хашаан дотор газар уначихсан дээр доороо ороод зууралдаад Б  манай нөхрийн дээр нь гарах үед Э  гэх хүү 00-оос гарч ирээд Б г өшиглөж байгаа харагдсан. Тэгэхээр нь би яаж байгаа хүүхэд вэ гэж хэлээд салгасан. Түүний дараа Б  ёо ёо  хавирга хугарчих шиг боллоо нужигнаад байна гэж хэлэхийг сонсоод би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...гэх мэдүүлэг/ хх-ийн 7 хуу/

                 

Гэрч И.Мөнхболорын өгсөн:.. Орой 23 цаг хүртэл сууж байгаад бид гарч зам дээрээс такси бариад манай гэр рүү явсан. Намайг Ренчиндоржийн гэрээс гарахад Б  биднийг дагаж манайд шинэлэхээр хамт явсан. Таксинд явж байхдаа би Б-тэй хэрэлдээд маргалдаад яваад байсан. Бид хоёулаа согтсон байсан болохоор ялихгүй зүйлээс л болж маргалдсан байх, юунаас болж маргасныг санахгүй байна. Тэгээд бид машинаас бууж хашаанд ороод барьцалдаж авсан. Би Б г тэврээд газарт унасан юм. Тэгээд би нэг дээр нь гараад нэг доор нь ороод газар хөрвөөсөн. Бид огт гар зөрүүлж зодолдоогүй. Б г миний дээр гарах үед Э  00-оос гараад ирж байгаа харагдсан. Б  гэнэт ёолоод босоход Э  хажууд ирчихсэн зогсож байсан. Тэгээд бид босоод гэрт орсон. Б  гэрт орж суугаад хавирга хугарчих шиг боллоо нужигнаад байна гэж хэлж байсан...Э  намайг өмөөрөөд Б г өшиглөсөн байж болох юм. Учир нь Э  Б г танихгүй тэгээд бид 2 зодолдож байна гэж бодоод  намайг өмөөрсөн байж болох талтай. Би өөрөө согтуу байсан болохоор зарим зүйлсийг бүдэг бадаг санаад байгаа юм аа...гэх мэдүүлэг/ хх-ийн 09 хуу/

 

 

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар  сарын 17-ны  өдрийн 158 дугаартай дүгнэлт:

  1. П.Б-гийн биед цээжний зүүн талын VI, VII, VIII-р хавирга яснуудын далд хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар  эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн  хүндэвтэр  зэрэгт хамаарна гэх дүгнэлт  /хх-ий 22-23 хуу/

           

З.Э ийн яллагдагчаар өгсөн:... Цагаан сар өнгөрөөд удаагүй байсан болохоор саахалт айлд мал малладаг ах болох Мөнхболорын гэрт очиж золгохоор Хэрлэн сумын 2 дугаар баг Өлзийтийн 4-04 тоотод өдөр 16-17 цагийн орчимд очсон. Тэр үед Мөнхболор ах гэртээ 4-5 танихгүй хүмүүстэй архи уугаад сууцгааж байсан. Намайг ороход цай хийж өгөөд түүний дараа архи хундагалаж өгөхөд нь би уусан юм. Тэгээд байж байгаад нар жаргах үед 18 цаг өнгөрч байсан байх Мөнхболор ахын гэрт ирсэн хүмүүс гэртээ оруулахаар болж Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн сууринд байх гэр рүү нь бүгдээрээ явсан. Биднийг очсоны дараа удаагүй байхад Мөнхболор ахын найз гэх ах ирсэн. Тэр ахыг Б  гэдэг хүн байсан айлын хүн 0.75 граммын савлагаатай Ерөөл нэртэй архи гаргаж бүгдээрээ хувааж уусан. Тэр айлаас орой 23 цагийн орчимд гарч зам дээрээс такси бариад Мөнхболорын гэр рүү явсан. Замдаа такси дотор Мөнхболор ах найз найзтайгаа хэрэлдээд явсан. Тэгээд Мөнхболор ахын гэрийн гадаа очоод намайг бие засч байхад Б  гэх ах Мөнхболор ахтай тэврэлдээд газар унасан байхаар нь би тэр хоёрыг зодолдож байна гэж бодоод Мөнхболор ахын найзын цээж хэсэг рүү нь 2 удаа өшиглөсөн...Би Мөнхболор ахыг зодоод дийлдэж байна гэж бодоод Мөнхболор ахыг өмөөрөөд найзыг нь өшиглөсөн...гэх мэдүүлэг/ хх-ийн 32-33 хуу/ 

З.Э ийн иргэний үнэмлэхийн лавлагаа   /хх-ийн 38 хуу/

З.Э нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 хуу/

Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 79-80 хуу/

 Д.Соёл-Эрдэний гаргасан “З.Э нь 300.000 төгрөгийн цалинтай туслах малчнаар ажилладаг тухай” нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт /хх-ийн 84 хуу/

Хохирогч П.Б-гийн гаргасан “З.Э нь уучлалт гуйж эвлэрсэн, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” тухай нотариатаар батлуулсан тодорхойлолт  /хх-ийн 86 хуу/

Яллагдагч З.Э ийн гаргасан “хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай” хүсэлт /хх-ийн 87 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч З.Э д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч З.Э нь 2022 оны 02 дугаар сарын 07-ны шөнийн 23 цагийн орчимд согтуурсан үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Өлзийтийн 4-4 тоот хашаан дотор хохирогч П.Б нь И.Мөнхболортой маргалдан ноцолдон газар унасан байхад нь П.Б-гийн цээжинд 2 удаа өшиглөж, зүүн талын 6, 7, 8 дугаар хавирга яснуудын далд хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

  1. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч З.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч П.Б-гийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гэрч И.Мөнхболор, Д.Ариунтуяа нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа  шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч З.Э ийн үйлдлийн улмаас хохирогч П.Б-гийн эрүүл мэндэд учирсан зүүн талын 6, 7, 8 дугаар хавирга яснуудын далд хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарах талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд З.Э ийн үйлдлийг хүний  эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай  учруулах гэмт  хэргийн шинжтэй байна гэж үзлээ.  

 

 Иймд шүүгдэгч З.Э ийг хүний  эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай  учруулсан буюу Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан  гэмт хэрэг  үйлдсэн  гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

  1. Эрүүгийн хариуцлагын талаар

 

Аймгийн Прокурорын газраас З.Э ийн  үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байна.     

Яллагдагч З.Э нь  хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу /хх-ийн 87 хуу/ прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол /хх-ийн 88 хуу/ гарган яллагдагчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг  яллагдагчид танилцуулсныг яллагдагч З.Эхүлээн зөвшөөрч /хх-ийн  93 хуу/  гарын үсэг зуржээ. 

Иймд шүүгдэгч З.Э д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй болохыг дурдаж, учруулсан хохирлоо төлсөн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээгэх үндэслэлтэй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч З.Э д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, орлого олох боломжийг нь харгалзан 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр  шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй болохыг дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч З.Э-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр  хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг  үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч З.Э ийг 1000 /нэг мянга/  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч З.Э нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5  /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч З.Э нь  шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч З.Э нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Э д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Э.ОДХҮҮ