| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2022/0406/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/428 |
| Огноо | 2022-03-22 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | А.Ариунаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 2022/ШЦТ/428
2022 03 22 2022/ШЦТ/428
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва,
Улсын яллагч А.Ариунаа,
Шүүгдэгч Э.А, түүний өмгөөлөгч нар н.Болормаа, Х.Даваахүү нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Э.А-д холбогдох 2203 00038 0087 дугаартай хэргийг шүүх 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Баянхонгор аймгийн Заг суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эх, ах, эгч, дүүгийн хамт Баянхонгор аймгийн Заг сумын 3 дугаар баг, Чандмань-Овоод оршин суух бүртгэлтэй, одоо Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 00 дугаар байрны 00 тоотод түр оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар хх000000, Ө овогтой Э-н А.
/Холбогдсон хэргийн талаар/
Шүүгдэгч Э.А нь 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 15 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, “Дарь-Эх” худалдааны төвийн зүүн замд “Sinotruck” маркийн 97-49 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч Б.Э-ыг мөргөж, хүний амь нас хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.А-: “…Өмнөх шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэргээс 102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас /хх-25/, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-12/, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-13-16/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-211/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сайнжаргалын өгсөн мэдүүлэг /хх-40/, гэрч Д.Батбаярын өгсөн мэдүүлэг /хх-71/, гэрч Т.Нямхүүгийн өгсөн мэдүүлэг /хх-77/, гэрч Г.Чинтулгын өгсөн мэдүүлэг /хх-93/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /хх-108-111/, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ү.Оюун-Эрдэнийн гаргасан 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 113 дугаартай мөрдөгчийн магадлагаа /хх-193/, “Sinotruck” маркийн 97-49 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа /хх-206/, иргэний хариуцагч Б.Батбаатарын өгсөн мэдүүлэг /хх-68/, иргэний хариуцагч Ц.Баттулгын өгсөн мэдүүлэг /хх-64/, хохирлын баримт /хх-42-61/, Э.Ариунтулгын жолоодох эрхийн лавлагаа /хх-100/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-26/, иргэний мэдээлэл /хх-78/, Г.Чинтулгын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-98/, Э.Ариунтулгын гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-103, 223/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 469 дугаартай дүгнэлт /хх-129-130/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сайнжаргалын гаргасан хүсэлт /хх-215, 229/, шүүгдэгч Э.Ариунтулгын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-203/, шинээр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт 1 хуудас, Э.Ариунтулгын хувийн байдлыг тухай баримтууд болох Монголын Залуучуудын холбооны “Хөдөлмөрийн алдар” тэмдгийн хуулбар, хурлын тэмдэглэл 3 хуудас, “Тулгахан билэг” ХХК-ийн захирлын тушаал 1 хуудас нийт 5 хуудас баримт зэргийг шинжлэн судлав.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хэргийн үйл баримтын талаар:
Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Э.А нь 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 15 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, “Дарь-Эх” худалдааны төвийн зүүн замд “Sinotruck” маркийн 97-49 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч Б.Э-ыг мөргөж, хүний амь нас хохироосон гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сайнжаргалын өгсөн: “...Би Б.Э-ын төрсөн дүүгийн хүүхэд бөгөөд манай гэр бүлийнхэн хоорондоо ярилцаад намайг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоолгох хүсэлт гаргасан...Талийгаач 1966 онд төрсөн бөгөөд 8 дугаар анги төгсөөд цэрэгт яваад нүдээ сохлуулаад халагдаж ирээд группт орж байсан. Нас барах хүртлээ группийн мөнгө авдаг байсан... Гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-40/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Батбаярын өгсөн: “...”Дарь-Эх” зах руу эргэх гээд ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй явж байтал миний урд талд хүмүүс орилдоод би урагшаагаа зам руу хартал “Хово” маркийн машины ард талд зорчих хэсэг дээр хүн газар уначихсан байдалтай харагдахаар нь би сигнал дараад анхааруулах гэтэл 2 дахь “Хово” тэр чигтээ дээгүүр нь гараад явчихсан. Тэгээд би машинаа зогсоогоод зорчих хэсэг рүү гүйгээд очтол шаргал өнгөтэй “Приус” маркийн машины зүүн урд талд нь хэвтэж байсан...Талийгаачийг “Хово” маркийн машин дээгүүр нь гарахыг харсан араас нь явж байсан жижиг тэргүүд тээврийн хэрэгслүүд дайраагүй...” гэх мэдүүлэг /хх-71/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Нямхүүгийн өгсөн: “...Тэгээд би автобусны буудал дээр түрүүлж очоод зогсож байтал “Дарь-Эх”-ийн захын наймаачингууд гарч ирсэн орилоод байхаар нь би зам дээр яваад очтол манай нөхөр Б.Э замын голд газар уначихсан байхаар нь би “яасан бэ” гээд уйлаад яваад очтол манай нөхөр Б.Э толгойгоо өндийлгөж нэг хараад тэгээд хэвтээд өгсөн..." гэх мэдүүлэг /хх-77/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Чинтулгын өгсөн: “...”Дарь-Эх”-ийн замаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй 2 ширхэг “Хово” маркийн машины араас явж байгаад “Дарь-Эх” захын хажуугаар өнгөртөл зорчих хэсэг дээр миний урд талд хүн хэвтэж байсан. Тэгээд би тухайн хүнийг хараад тоормос гишгээд үрүүлээ баруун тийш нь дарсан... Тэгээд тухайн хүнийг хартал миний машины зүүн урд дугуйны урд талд тухайн хүний хөлийн гултын түрий нь дугуйнд хүрчихсэн байж байсан...” гэх мэдүүлэг /хх-93/,
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний хариуцагч Б.Батбаатарын өгсөн: “... “Хово” маркийн 94-79 УБӨ дугаарын ачааны автомашин нь 2021 оны 10 дугаар сард худалдахаар иргэн Ц.Баттулгатай тохиролцож урьдчилгаа болгож 30.000.000 төгрөг аваад 2022 оны 06 дугаар сарын дотор 70.000.000 төгрөг авахаар тохиролцон хоорондын гэрээ хийж нотариатаар батлуулж авсан юм. Энэ автомашиныг би зарсан болохоор тэр хүмүүс нь хариуцна...” гэх мэдүүлэг /хх-68/,
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний хариуцагч Ц.Баттулгын өгсөн: “...Осол гарах үед хамт байгаагүй бөгөөд осол гарсаны дараа утсаар надад Э.А хэлсэн учир осол гарсаныг мэдсэн...Энэ автомашин нь миний эзэмшлийн автомашин юм. Энэ автомашиныг Э.А гээд залуу авсан цагаас нь хойш хариуцан унаж ажилд явж байгаа...” гэх мэдүүлэг /хх-64/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн гаргасан 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 234 дугаартай дүгнэлт “
1. Талийгаачид хоёр талын олон хавирганы шууд бус хугарал, баруун уушигны дээд дэлбэнгийн урагдал, өвчүүний шууд хугарал, зүүн уушигны ар гадаргуугын гялтан хальс доорх цус хуралт, дотор эрхтний доргилт, голч, ходоод элэгний холбоосын цус хуралт, зүүн олон уулзахын хугарал, бүсэлхийн 1,2-р нугалмын ар ба хажуугийн сэртэнгийн хугарал, зүүн шууны урагдсан шарх, духны баруун хэсэг, баруун зовхины гадна булан, нурууны баруун талын зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэл буюу босоо байрлалд мөргөгдөх доргих, дарах, үрэгдэх, татагдах үйлдлээр үүснэ.
3. Цээжний гэмтэл нь үхэлд хүргэх гэмтэл байна.
4. Шинжилгээгээр үхэлд хүргэх өвчин үгүй байна.
5. Талийгаач нь хоёр талын олон хавирганы хугарал, баруун уушигны дээд дэлбэнгийн урагдалын улмаас нас баржээ.
6. Цус нь 1 дүгээр бүлэг байна.
7. Нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ...” гэх дүгнэлт /хх-108-111/,
Биологийн лабораторид шинжилгээ хийлгэх илгээх бичиг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-114-116/,
| - |
2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-12/,
2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-13-16/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-18-24/,
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-26/,
Хохирогч Б.Э-ын нас барсаны гэрчилгээний хуулбар /хх-31/,
Хохирлын баримт /хх-42-61/,
“Sinotruck” маркийн 97-49 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа /хх-206 /
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч. цагдаагийн хошууч Ү.Оюун-Эрдэнийн гаргасан 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 113 дугаартай Мөрдөгчийн магадлагаа /хх-193/
шүүгдэгч Э.Ариунтулгын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-203/ зэргээр тогтоогдсон болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч “Шүүгдэгч Э.А нь 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 15 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, “Дарь-Эх” худалдааны төвийн зүүн замд “Sinotruck” маркийн 97-49 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч Б.Э-ыг /эрэгтэй, 55 настай/ мөргөж, хүний амь нас хохироосон болох гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна гэж үзэв.
Эрх зүйн дүгнэлт
Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Э.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч Э.Ариунтулгын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 15 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, “Дарь-Эх” худалдааны төвийн зүүн замд “Sinotruck” маркийн 97-49 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч Б.Э-ыг /эрэгтэй, 55 настай/ мөргөж, хүний амь нас хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй юм. Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг нийгмийн аюулын шинж, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг. Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон гэж Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсоныг ойлгоно.
Шүүгдэгч Э.А нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 12.600.000 төгрөгийг нөхөн төлсөн байна.
Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан байдлаар шүүгдэгч Э.Ариунтулгын гэм буруутай үйлдэл нь хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчимыг удирдлага болголоо.
Энэ хэрэгт тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг баримтаар нөхөн төлсөн, хохирогчийн буруутай үйлдэл байсан зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Шүүхээс шүүгдэгч Э.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгчид Эрүүгийн хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгчид дүйцүүлэн оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэх ажиллагааг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хуульд зааснаар хариуцах ёстой.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хавсаргах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн жолооны үнэмлэх шүүхэд хавсаргаж ирээгүй болохыг тэмдэглэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө овогтой Э-н А-ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Э.А-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Э.А-д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хэлбэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “өөрийн оршин суух газраас явахыг хориглох, ... эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг” буюу Нийслэлийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, тухайн оршин суух газраа өөрчлөх, мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг хүлээлгэхээр тогтоож, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар Э.А-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалсугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Э.А нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Э.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Э.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, Э.ЧИНГИС
ШҮҮГЧ