Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2017/00587

 

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2017/00587

Улаанбаатар хот

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал би Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд Ар  3А байр, 3 тоотод оршин байх, “Болор Маргад” ХХК РД:2269317/-д холбогдох нийгмийн даатгалын өр төлбөрт 19,210,443 төгрөг гаргуулахыг хүссэн Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй хэргийг хүлээн авч хянаад

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Болор маргад” ХХК нь Монгол улсын нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1.1, 1.4 дүгээр зүйлүүдэд тус тус заагдсан үүргээ биелүүлээгүйгээс 2016 оны 12 дугаар сарын шимтгэл төлөлтийн тайлангаар 12,806,963 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байгаа нь тэнд ажиллаж байгаа 13 даатгуулагчийн нийгмийн баталгааг алдагдуулж тэдэнд нийгмийн даатгалын үйлчилгээ үзүүлэх боломжгүй болгож байна. Тус компанийн удирдлага холбогдох албан тушаалтнуудад өр авлагыг барагдуулах талаар удаа дараа сануулж шаардсан харилцах дансны зарлагын гүйлгээг түр зогсоох мэдэгдлийг холбогдох банкуудад хүргүүлэхээс гадна шимтгэлийн өрийг төлж барагдуулах талаар ажил олгогчийн удирдлагуудтай биечлэн уулзаж, шимтгэлийн өрийг төлж барагдуулах тухай  ажил олгогчоос ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, хугацаатай гэрээ байгуулан харилцан ойлголцол, итгэлцлийн журмаар ажилласан боловч хэлсэн, тохиролцсон үр дүндээ хүрэлгүй шимтгэлийн өр авлагын хэмжээ өсч, барагдуулахад хүндрэлтэй байдалд орлоо. Иймд Монгол улсын нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-ийн 2-т заасан заалтын дагуу Болор маргад ХХК нь дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл 12,806,963 төгрөг хугацаа хэтрүүлсэнд ноогдуулсан 6,403,481 төгрөг, бүгд 19,210,443 төгрөгийг “Болор маргад” ХХК-ийн хөрөнгөөс гаргуулж Төрийн банкин дахь тус хэлтсийн 105100004490 тоот дансанд шилжүүлж шимтгэлийн өрийг барагдуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ууган-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй хариуцагч “Болор маргад” ХХК нь нийгмийн даатгалын шимтгэлийн 12,806,962 төгрөгийн өрийг төлж барагдуулсан, 6,403,481 төгрөгийн алдангиас чөлөөлөгдөж байгаа тул хавтаст хэргийг хааж өгнө үү гэжээ.

                                                                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэс нь “Болор маргад” ХХК-д холбогдуулж нийгмийн даатгалын өр төлбөрт 19,210,443 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Болор маргад” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын хэлтсээс ирүүлсэн албан бичгээр тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн учир Баянгол дүүргийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй, “Болор маргад” ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч “Болор маргад” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагчаас 109,930 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

                                       ШҮҮГЧ                                         Н.ХАНГАЛ