| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2016/06865/И |
| Дугаар | 102/ШШ2017/00554 |
| Огноо | 2017-02-17 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 102/ШШ2017/00554
| 17 оны 02 сарын 17 өдөр | Дугаар 102/ШШ2017/00554 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, тээвэрчдийн гудамж, Г/64 байранд оршин байх, “Квадрат берг” ХХК /РД:5290783/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 4 дүгээр цахилгаан станцын зүүн талд, өөрийн байранд оршин байх, “Оюуны холбоо” ХХК /РД:2574802/-д холбогдох,
2 давхар обьектыг албадан буулгуулж, газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангарав, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Мандах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Анхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Квадратберг” ХХК нь 2011 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 0231906 тоот аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээгээр Баянгол дүүргийн 20 хороонд үйлдвэрлэлийн зориулалтаар 4591 м2 газрыг 5 жилийн хугацаатай эзэмшиж байна. “Оюуны холбоо” ХХК нь газар эзэмших эрхийн гэрчилгээгүй атлаа манай компанийн эзэмшил газарт Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасныг зөрчиж дур мэдэн 2 давхар обьект барин манай компанийн газар эзэмших эрхэнд халдаж тавьж буй шаардлагыг биелүүлэхгүй өнөөдрийг хүрлээ. Энэхүү тавьж буй шаардлагатай хамааралтайгаар Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Өмчийн харилцааны газар дээрх байдлыг мэдэж ойлгож байгаа боловч арга хэмжээ авахгүй байгаа, хариуцагчаас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2013 онд нэхэмжлэл гаргаж энэхүү захиргааны хэрэг 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Улсын дээд шүүхийн 168 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэний дагуу нэхэмжлэгчээс шүүхэд хандаж байгаа болно. Хариуцагчийн хууль бусаар барьсан 2 давхар обьектыг албадан буулгах талаар Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хандсан боловч 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны албанаас хариу өгсөн учраас нэхэмжлэгч тал зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандаж байна. Иймд манай компаний эзэмшил газар дээр “Оюуны холбоо” ХХК-ийн зүгээс 2 давхар үл хөдлөх хөрөнгө хууль бусаар барьсан гэж үзэж байгаа тул дээрх обьектыг албадан буулгаж, газар чөлөөлүүлэх тухай шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангарав, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Мандах нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд газар эзэмших эрхтэй холбоотой маргааныг Захиргааны хэргийн шат шатны шүүхүүд хуульд заасан үндэслэл журмын дагуу эцэслэн шийдвэрлэсэн. 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхээс 168 тоот тогтоол гарч маргааныг эцэслэн шийдвэрлэсэн. Анх “Оюуны холбоо” ХХК-иас Захиргааны хэргийн тусгай шүүхэд хандаад “Квадрат берг” ХХК-д олгосон Нийслэлийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахаар хандаж, “энэ манай газар” гэж маргасан боловч энэ нь амжилтанд хүрээгүй. Газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-д хүчин төгөлдөр газрын гэрчилгээгүй этгээд газар эзэмшихийг хориглохоор заасан. Хариуцагч тухайн 2 давхар үл хөдлөх хөрөнгийг барих явцад эрхийн гэрчилгээг эрх бүхий байгууллагаас аваагүй. Газрын тухай хуулийн 35.1.4-д газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан эрх бүхий этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэхээр заасан. Хариуцагч тал шинээр газар эзэмшиж аваагүй мөн аливаа бусад этгээдээс газар эзэмших эрхийг хуульд зааснаар шилжүүлж аваагүй болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3-д заасан үндэслэлээр тодорхойлогдож байна. Хууль ёсны эзэмшигч гэж Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Квадрат берг” ХХК-д газар эзэмших эрх олгогдсон. Газар эзэмших эрх хүчин төгөлдөр байна. Өөрийнхөө хууль ёсны эзэмшлийн газрын эрхээ, бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд хангаж шийдвэрлэж өгнө үү.
Нэхэмжлэгч өнөөдөр хууль ёсоор өөрийнхөө эзэмшлийн газрыг бодитоор эзэмшиж чадахгүй байгаа тул шүүхэд хандсан. Газрын тухай маргааныг тусгай шүүхээр шийдвэрлэгдээд, шүүх маргаан бүхий газар нь манай хууль ёсны эзэмшлийнх байна гээд шийдвэрээ гаргачихсан. Дулааны 4 дүгээр цахилгаан станцын газар эзэмшиж байх үед хариуцагч тал барилга барьсан нь одоо энэ маргаанд хамааралгүй, манайх бусдын хууль бус эзэмшлээс өөрийн газраа чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй. Хариуцагч тал төрийн өмчийн газар дээр, манай эзэмшлийн биш газар дээр барилгаа баригдсан гэж үзвэл түүнийгээ нотлох ёстой. Нэгэнт эрх бүхий байгууллагаас олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, түүндээ үйл ажиллагаа явуулж, үл хөдлөх хөрөнгө барих энэ эрхээ хэрэгжүүлээгүйгээс газар эзэмшигч уг газраа эзэмшиж чадахгүй байгаа үр дагаврыг арилгуулахыг шаардаад байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага хангагдах бүрэн боломжтой гэжээ.
Хариуцагч “Оюуны холбоо” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гансүх шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч 2011 оны Нийслэлийн Засаг даргаас олгосон гэрчилгээгээр газар эзэмших эрхтэй. Манай эзэмшлийн газар дээр зөвшөөрөлгүй барилга барьсан байна. Иймд газрыг чөлөөлж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж ойлгож байна. Манай “Оюуны холбоо” ХХК нь уг барилгыг 2009 онд барьж ашиглалтад оруулсан. Тэр үед “Квадрат берг” ХХК гэж байгаагүй, үүсгэн байгуулагдаагүй байсан. Энэ нь “Квадрат берг” ХХК-ийн аж ахуйн нэгжийн гэрчилгээгээр нотлогдоно. Уг газар нь тухайн үед төрийн өмчийн газар байсан бөгөөд 4 дүгээр цахилгаан станц ТӨХК газрыг эзэмшиж байсан. Манай компани 4 дүгээр цахилгаан станц ТӨХК-ийн буюу хууль ёсны эзэмшигчийн зөвшөөрлөөр уг үл хөдлөх хөрөнгийг барьсан. Барилга 2008 оноос 2009 онд баригдсан, бид 2 давхар барилга болон газрын шударга эзэмшигч юм. “Оюуны холбоо” ХХК 1999 онд байгуулагдсан. Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийслэлийн улсын бүртгэлийн алба нэхэмжлэгчид газрыг олгохдоо хариуцлагагүй хандсан асуудлаас болж эзэнгүй хөрөнгийг тэнд үйл ажиллагаа явуулж байгаа олон аж ахуйн нэгжүүд байхад бусдын эрх ашгийг зөрчиж ганцхан “Квадрат берг” ХХК-д олгосноор маргаан үүссэн. Захиргааны хэргийн гурван шатны шүүхийн шийдвэрт газар эзэмшигч нь “Квадрат берг” ХХК гэж тогтоосон боловч тухайн үед “Квадрат берг” ХХК-ийн эзэмшлийн газар дээр баригдаагүй. Хэрэв “Квадрат берг” ХХК нь 2004 онд газар эзэмших гэрчилгээ авчихсан, манайх уг газар дээр зөвшөөрөлгүй барилга барьсан бол магадгүй барилгыг буулгуулахаар шаардах эрхтэй байж болно. Эднийх газар авах эрхтэй бөгөөд газрыг авахдаа “Оюуны холбоо” ХХК-ийн эзэмшлийн газрыг үлдээгээд бусад хэсгийг авсан бол маргаан үүсэхгүй. Гэтэл нэхэмжлэгч газрыг бүгдийг нь авах гээд байна. Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний хувийн өмчийг хүчээр устгах гэж байна. Бид газрын хууль ёсны эзэмшигч болохоор удаа дараа холбогдох хүмүүст нь хандсан боловч шийдэж өгөөгүй байж байгаад энэ асуудал гарч байна. Нэхэмжлэгчид газрыг олгохдоо кадастрын зураг дээр манай обьектийг оруулахгүйгээр хасч, “Квадрат берг” ХХК-д уг газрыг олгосон нь маргааны эх үүсвэр болсон. “Квадрат берг” ХХК газар дээр эдний эзэмших эрх үүссэнээс хойш манайх барилга бариагүй. Бид энэ асуудлаар Авлигатай тэмцэх газарт хандсан. Авлигатай тэмцэх газраас хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол гарсан боловч 4 дүгээр цахилгаан станцын дарга, газрын кадастрын албаны байцаагч, албан тушаалтнууд үүргээ биелүүлээгүй нь хууль зөрчсөн нь тогтоогдож байна. Гэхдээ эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэгт цугларсан баримтаар дараах нөхцөл байдал тогтоогдож байна.
Нийслэлийн Засаг даргын 2011 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 582 дугаар захирамжаар “Квадрат берг” ХХК-д үйлдвэрийн зориулалтаар 4591 м2 газрыг шилжүүлэн эзэмшүүлж, 2011 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 0231906 дугаартай аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ /хх 6-10 хуудас/.
Дээрх “Квадрат берг” ХХК-ийн эзэмшлийн газарт “Оюуны холбоо” ХХК-ийн барьсан 2 давхар обьект оршин байдаг болох нь зохигчийн тайлбар болон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 168 дугаар тогтоолоор нотлогдож байна /хх 13-22 хуудас/.
Нэхэмжлэгч “Квадрат берг” ХХК нь хариуцагч “Оюуны холбоо” ХХК-д холбогдуулж өөрийн эзэмшлийн газарт зөвшөөрөлгүй баригдсан 2 давхар обьектыг албадан буулгуулж, эзэмшлийн газраа чөлөөлүүлэхээр шүүхэд хандсан. Нэхэмжлэгч тал уг шаардлагын үндэслэлээ “...хариуцагч нь манай эзэмшлийн газар дээр эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй, дураараа барилга барьж бидний газар эзэмших эрхийг зөрчиж байгаа тул уг обьектийг албадан буулгуулж, газраа чөлөөлүүлэх хүсэлтэй” гэж тайлбарлаж байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ “...бид нэхэмжлэгч компанийг үүсгэн байгуулагдахаас өмнө зохих этгээдийн зөвшөөрлийн үндсэн дээр барилгыг барьж үйл ажиллагаагаа явуулж байгаа шударга эзэмшигч тул газрыг чөлөөлөх боломжгүй” гэжээ.
Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэж үзэх бөгөөд газрыг хууль ёсоор эзэмших журам, үндэслэл нь Газрын тухай хуулийн 27-34 дүгээр зүйлд зохицуулагдсан байна.
Тодруулбал, хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмших эрхгүйг, мөн газрыг Газрын тухай хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэхийг Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4 дэх хэсгүүдэд хуульчилжээ.
Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүйг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан ба “Дулааны IV цахилгаан станц” ХК-ийн эзэмшлийн газраас 4591 м2 газрыг “Квадрат берг” ХХК-ийн эзэмшилд шилжүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2011 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 582 дугаар захирамж хууль зөрчөөгүй талаар хийсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна /хх 13-22 хуудас/.
Газрын тухай хуульд зааснаар хариуцагчид маргаж буй уг газрыг эзэмшүүлэхээр эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй, улмаар гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдоогүй, хууль ёсоор эзэмшээгүй байгаа үйл баримт нэгэнт тогтоогдсон. Өөрөөр хэлбэл бодит байдал дээр эд юмсыг мэдэлдээ байлгаж буй эсэх нь бус харин эд юмсыг яаж олж авсан нь хууль ёсны эзэмшигч мөн эсэхийг тодорхойлоно.
Нэхэмжлэгч “Квадрат берг” ХХК нь Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, нэгж талбарын 168023/0120 дугаар бүхий 4591 м.кв талбай бүхий газрын эзэмшигч болох нь аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 0231906 тоот гэрчилгээгээр тогтоогдсон, уг газар дээр хариуцагч компанийн 2 давхар обьект эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй баригдсан байгаа нөхцөл байдлаас үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагчийн хууль бус эзэмшлээс газраа чөлөөлүүлэхээр Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.4 дэх хэсгүүдэд зааснаар шаардах эрхтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Дээр дурдсан үндэслэлээр “Квадрат берг” ХХК-ийн өөрийн эзэмшлийн газарт зөвшөөрөлгүй баригдсан “Оюуны холбоо” ХХК-ийн 2 давхар обьектыг албадан буулгуулж, газраа чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Квадрат берг” ХХК-ийн эзэмшлийн, нэгж талбарын 168023/0120 дугаартай, үйлдвэрлэлийн зориулалттай 4591 м2 газар дээрх “Оюуны холбоо” ХХК-ийн 2 давхар обьектийг албадан буулгаж, газрыг чөлөөлсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Квадрат берг” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 162,750 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч “Оюуны холбоо” ХХК-иас 70,200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ