Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 1954

 

Б.Н-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,   

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/01368 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Н-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “М” ХХК-д холбогдох

4 954 441 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Н нь 2011 оны 7 дугаар сарын 10-ны өдөр "М" ХХК-тай харилцан тохирч орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо "Дархан цогцолбор" хороололд 119/А байрны 130 тоот 2 өрөө, 36 м.кв талбайтай орон сууцыг тухайн үеийн ханшаар 1 м.кв-ийг 1 055 555 төгрөгөөр тооцож нийт 38 000 000 төгрөг төлсөн. Гэтэл "М" ХХК-ийн ашиглалтанд оруулсан 105 тоот орон сууцны метр квадратыг тусгай зөвшөөрөл бүхий "Зууны гүүр" ХХК-иар хэмжилт хийлгүүлэхэд захиалагч талд шилжүүлсэн талбай 31.42 м.кв буюу 4.58 м.кв дутуу нь тогтоогдсон. Гэрээний дагуу 1 м.кв-ийн үнэ 1 055 555 төгрөг бөгөөд гэрээнд заасан хэмжээнээс дутуу 4.58 м.кв-ийн үнэ 4 834 441 төгрөг болж байгаа бөгөөд мөн орон сууцны хэмжилт хийлгэхэд төлсөн 120 000 төгрөг нийт 4 954 441 төгрөг юм. Захиалагч гэрээнд заасан үүргээ хугацаанд нь бүрэн биелүүлж төлбөрөө төлсөн боловч гүйцэтгэгч тал гэрээний 2.1, 4.1.3, 4.1.6-д заасан 36 м.кв талбай бүхий орон сууцыг захиалагч талд хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Иймд хариуцагч тал зохих ёсоор үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол 4 954 441 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг гэрээг захиалан бариулах гэрээ гэж нэрлэсэн хэдий ч Иргэний хуулийн 245, 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасны дагуу "Худалдах, худалдан авах гэрээ"-ний шинжийг агуулсан тул орон сууц захиалан бариулах биш худалдах, худалдан авах гэрээ гэж үзэж байна. Тухайн үед үл хөдлөх хөрөнгийн 2 хувийн төлбөрөөс болж нийт төлбөрийг хийсэн худалдах, худалдан авах гэрээ гэж үзэж байна. Гэрээний ард 38 000 000 төгрөгийн төлбөрийг 100 хувь бэлнээр төлсөн баримт байгаа. Мөнгө тушаасан банкны баримтад худалдах, худалдан авах гэрээг нотолж "байрны төлбөр" гэж тушаасан. Метр квадратын үнэ тогтоох боломжтой байрыг нөгөө талдаа үнэ тохирч өгсөн. Нөгөө тал төлбөрийг 100 хувь төлж худалдаж авсан. Гэрээнд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарах хугацааг тусгаж өгсөн. Орон сууцны худалдах, худалдан авах гэрээний эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхдаа хүлээн авсан бол Иргэний хуулийн 257 дугаар зүйлийн 257.1 дэх хэсэгт зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан гэдгийг үндэслэсэн. Гэрээний 6.3-т заасан талбайн хэмжээг тэнхлэгээр тооцохыг захиалагч мэдэж байсан. Тухайн үед байрны метр квадратыг хэмжих буюу хэмжүүлж авах, бүрэн боломжтой байсан. Доголдол гэж үзвэл мэдэх боломжтой доголдол байна. Орон сууцны хувьд хэлбэлзэх хэмжээнд зөв гарсан. Гэрээний 6.3-т заасныг худалдан авагч мэдэх боломжтой байсан учир шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэж байна. Худалдах, худалдан авах гэрээний дагуу ашиглалтанд оруулах хугацаагаа тохироод 100 хувь төлбөр төлсөн. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч "М" ХХК-иас 4 954 441 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Н-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Б.Н-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110 000 төгрөгөөс илүү төлсөн 15 779 төгрөгийг улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн татварын хэлстийн 2611192214 тоот данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгч Б.Н-д олгож, хариуцагч "М" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 94 221 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Нарантуяад олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Б.Н нь давхар, өрөөний тоо, талбайн хэмжээ, загварыг тогтоосон бол ажил гүйцэтгэх гэрээ болно. Харин бий болсон 2 өрөө орон сууцыг "М" ХХК-иас Б.Н-д санал болгоход, тэрээр хүлээн зөвшөөрч, м.кв-аар бус харин багцын үнийг төлсөн тул энэ нь худалдах-худалдан авах гэрээ юм. Б.Н талбайн хэмжээг гэрээний 6.З-т заасны дагуу ханын тэнхлэгээс буюу ханын голоос хэмжсэн, хэрэв ханын дотор талаас стандартад заасны дагуу хэмжилт хийвэл зөрүү гарна гэдгийг мэдэж байсан тул Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.4 дэх хэсэгт заасны дагуу шаардлага гаргах эрхгүй. Мөн тэрээр орон сууцаа хүлээж авах үедээ талбайн хэмжээний талаар мэдэх боломжтой байхад хүлээн авсан тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-т зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан байна. Иймд гэрээний харилцааг буруу тодорхойлж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан орон сууцны талбайн зөрүү 4 834 441 төгрөг, хэмжилт хийлгэхэд төлсөн 120 000 төгрөг нийт 4 954 441 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Талуудын хооронд 2011 оны 7 дугаар сарын 10-ны өдөр “Орон сууц захиалан бариулах гэрээ” байгуулагдаж, хариуцагч “М” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 29 хороо, Дархан цогцолбор хороолол, 119А дугаар байрны 130 тоот 2 өрөө, 36 м.кв талбай бүхий орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь гэрээний дагуу 38 000 000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Маргаан бүхий орон сууц нь нэхэмжлэгчийн өмчлөлд байгаагүй учраас талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй тул хариуцагчийн тайлбар, давж заалдах гомдол үндэслэлтэй.

Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдах үед барилга баригдсан, 2012 оны 3 дугаар сарын 31-ний өдөрт багтаан захиалагч талд хүлээлгэн өгөхөөр хугацааг тогтоосон, 2012 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Улсын комисс актаар барилгыг ашиглалтанд оруулж, 2013 оны 8-9 дүгээр сард нэхэмжлэгч орон сууцыг хүлээн авсан үйл баримт тогтоогдсон.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “Нэхэмжлэгч 2013 оны 8-9 дүгээр сард орон сууцыг хүлээн авсан” гэх тайлбар гаргасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар талуудын тайлбар нотлох баримтаар хамаарах тул нэхэмжлэгчийг 2013 оны 8-9 дүгээр сард орон сууцыг хүлээн авсан гэж үзнэ.

Иймд эд хөрөнгийн доголдлын талаар мэдэх боломжтой байсан хугацааг Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт заасан 6 сарын гэж тодорхойлон гомдлын шаардлага гаргах хугацаагаар тооцоход 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр дуусч байх тул эд хөрөнгийн доголдлын талаар мэдэх боломжтой доголдлын талаар захиалагч тал 6 сарын хугацаанд гомдлын шаардлага гаргаагүй байна.

Нэхэмжлэгчийг доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн талаар гомдлын шаардлага гаргаагүй гэх үндэслэлээр доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэх тул Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т заасан үндэслэл шаардах эрхгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Түүнчлэн доголдлын улмаас учирсан хохирол 120 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгоно.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/01368 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч “М” ХХК-иас орон сууцны талбайн зөрүү 4 834 441 төгрөг, хэмжилт хийлгэхэд төлсөн 120 000 төгрөг нийт 4 954 441 төгрөг гаргуулах тухай Б.Н-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “М” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 221 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

          

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Э.ЗОЛЗАЯА

                                            ШҮҮГЧИД                                        Ч.ЦЭНД

                                                                                                     Д.БАЙГАЛМАА