Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 0002

 

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 26 өдөр      Дугаар 128/ШШ2020/0002                Улаанбаатар хот

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны тавдугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Ө.Б,

Хариуцагч: НЭМГ

Нэхэмжлэлийн шаардлага: “НЭМГын даргын  2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн ******* тоот тушаалыг хүчингүй болгож, Ө.Быг урьд эрхэлж байсан БДЭМТД-ыналбан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-ийг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ө.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Ө.Б нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ө.Б миний бие 2013 оны 3 дугаар сард БДЭМТД-ын албан тушаалд томилогдсон бөгөөд үүнээс хойш дээрх тушаал гарах хүртэл хугацаанд ажил үүргээ хэвийн гүйцэтгэж ирсэн. Гэтэл НЭМГын дарга Л.Т нь 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр ******* тоот тушаал гаргаж намайг үүрэг ажлаас чөлөөлсөн. Ийнхүү чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан үндэслэлийг дурьдсан байх бөгөөд миний зүгээс хөдөлмөрийн гэрээнд заасан ажлаас шууд халагдах ноцтой зөрчил огт гаргаагүйг энд дурьдах нь зүйтэй. Тухайн үед би энэхүү шийдвэрийг эсэргүүцэж байсан боловч энэ бол төрийн үйл ажиллагаа, тэр тусмаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нэг ч минут даргаас болж зогсох ёсгүй. Тухайн тушаалын дагуу тухайн өдөрт нь ажлаа өгч байсан. Ажлаа өгөхдөө би энэ тушаалтаа санал нийлэхгүй бөгөөд энэ асуудлаар шүүхэд хандана гэдгээ хэлсэн. 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд хандсан. Иймд НЭМГын даргын 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн ******* тоот тушаалыг хүчингүй болгож, БДЭМТД-ыналбан тушаалд эгүүлэн тогтоож, 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ажилгүй байсан үеийн цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт холбогдох бичилт хийлгүүлж өгнө үү....”, ...эхийн гурван эндэгдлийг надтай хамааруулсан. БДЭМТ нь 6 тасаг нэгжтэй. Хүүхдийн эмнэлэг, ахмадын эмнэлэг, поликлинек, захиргаа аж ахуй, нийгмийн эрүүл мэнд гэсэн 6 тасаг дээр бол эх нас барсан тохиолдол байхгүй. Бид хяналтаа хийж байсан. Бидний үндсэн баримталдаг зарчим нь Эрүүл мэндийн сайдын 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А207 тоот тушаалыг баримталдаг. Энэ бол эх барих эмэгтэйчүүдийн үндсэн баримт бичиг. Эхийн эндэгдлийг 40 хоногийн дотор лабораторийн шинжилгээний хүрээнд хийгээд НЭМГын дарга Л.Т эх хүүхдийн эндэгдлийг  шийдэх хурлаар энэ асуудлыг хэлэлцэх тушаалтай. 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр аливаа нэгэн асуудал дээр БДЭМТ тэр тусмаа надтай холбоотойгоор энэ хурал дээр нэг ч удаа дуудагдаж очиж байгаагүй. Аль нэгэн шийдвэрийг надад хамааруулж хэлж байгаагүй. Тусламж үйлчилгээ хариуцаж байгаагийн хувьд байнга анхаарч болж байгаа бүх конференция дээр мэргэжлийн эмч нараа явуулж байсан. Эрүүл мэндийн яамны эх хүүхдийн эндэгдлийн комисс гэж байдаг. Үүн дээр тэр комиссын шийдвэрээр энэ гурван эндэгдлийн аль нэг нь буруутай гэж тогтоогдсон шийдвэр нь надад ирээгүй. Тухайн үед НЭМГаас ч гэсэн эх хүүхдийн эндэгдэл нь таны үйл ажиллагаатай холбоотой гэсэн сахилгын арга хэмжээний сануулах арга хэмжээ авагдаж байгаагүй. 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр НЭМГын дарга Л.Т*******тай уулзаж, “ийм ийм асуудал байна. Үүн дээр анхаарч ажиллаарай” гэж сануулж байна гэж ойлгосон. Ингээд 7 дугаар сарын 10-ны өдөр тушаал гарсан. Үүн дээр санал нэг биш байна. Эхийн эндэгдэл бол маш эмзэг асуудал. Одоо ч гэсэн бид энэ асуудал дээр харамсаж байна. Хоёр иргэн нь БД-ийн иргэн. Нэг иргэн нь БД-ийн түр оршин суугч байсан. Бид Эрүүл мэндийн сайдын тушаалыг барихаас гадна энэ гурван эхийн эндэгдэлтэй холбоотойгоор ар гэрийнхнээс нь аль нэг хэлбэрээр гомдол бол орж ирж байгаагүй. Манай эмч нарын үйл ажиллагаатай холбоотой нэг ч гомдол орж ирээгүй. Харин эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар тусламжийн хүрээнд эхийн эндэгдэл болгоныг авч хэлэлцдэг хүрээнд зарим эмч нарт дотоод журам, хөдөлмөрийн гэрээний дагуу хариуцлага тооцож ажиллаж байсан...”  гэв.

Хоёр. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийслэлийн засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг буюу НЭМГын дарга  нь 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр ******* тоот тушаал гаргасан. Уг тушаалаар БДЭМ 7 дугаар төвийн дарга Ө.Быг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тушаалын үндэслэх хэсэг дээр 3  эрх зүйн үндэслэлийг заасан.

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэг, Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь заалтыг тус тус үндэслэсэн. Уг захиргааны эрх зүйн актыг алдаатай эрх зүйн акт гэж үзэж байна. Захиргааны байгууллагаас гаргаж байгаа аливаа нэгэн акт нь илрэн гарахдаа, хүчин төгөлдөр болохдоо хуульд заасан тусгайлсан процедур шаардлагыг хангаж илрэн гарч, хүчин төгөлдөр болдог. Үүнийг эрх зүйн хэм хэмжээнд тусган зохицуулсан байдаг. Энэ утгаараа Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь заалт дээр Нийслэлийн Эрүүл мэндийн төвийн дарга нь тухайн шатны засаг даргатай зөвшилцөж байж нэгдсэн эмнэлгээс бусад эрүүл мэндийн байгууллагын газрын даргыг томилж, чөлөөлнө гэж заасан. Яг энэ заалтыг уг тушаалдаа үндэслэл болгохдоо НЭМГ нь тухайн шатны засаг даргатай зөвшилцөөгүй байна. Зөвшилцсөн гэх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Нэгдсэн эмнэлгээс бусад эрүүл мэндийн байгууллагын дарга гэж байна. Ө.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон ажлаас халсан уг тушаал дээр дандаа Эрүүл мэндийн төвийн дарга гэдгийг харж болно. Нэгдсэн эмнэлгийн даргийг л зөвшилцөхгүйгээр халж чөлөөлөх эрхтэй. Бусад этгээдийн оролцоог хангах гэсэн нөхцөл байдал алдагдсан байна гэж үзэж байна. Маргаан бүхий захиргааны актыг шалгаж үзээд материаллаг эрх зүйн хүрээнд авч үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан эрх зүйн үндэслэл заагдсан байна. Материаллаг эрх зүйн шаардлагын хүрээнд тухайн актыг гаргахдаа эрх зүйн зөв үндэслэлийг хэрэглэж, тухайн нөхцөл байдалд тохирсон эрх зүйн үндэслэлийг хэрэглэх ёстой. Хэрэглэхдээ тодорхой хоёр утга агуулгагүйгээр уншихад ойлгомжтой байх ёстой.  Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4  дэх хэсэгт тусгахдаа сахилгын зөрчлийг  давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээг тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан байна гэж үзэж байна. Хариуцагч талаас шүүхэд гаргасан тайлбартаа БДЭМТийг анх Прокурорын газрын дүгнэлтээр 6 дугаар сарын 27-ны өдрийн Б32 тоот тушаалаар анх түдгэлзүүлж байсан. Өнөөдрийн өгсөн нотлох баримтаар энэ нь өмнө нь сахилгын зөрчил авагдаж байгаагүй, прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болсон гэдэг нь харагдаж байгаа юм. Эхийн эндэгдлийн асуудлыг хууль эрх зүйн хүрээнд авч үзвэл энэ 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Эрүүл мэндийн сайдын А/207 тоот тушаал байна. Энэ тушаалын нэгдүгээр хавсралтаар эхийн эндэгдлийг тооцох хэлэлцэх журмыг нь баталсан. Уг хэлэлцэх журмаар хариуцагч талаас ярьж байгаа эхийн эндэгдлийн асуудал нь эхийн эндэгдлийн шууд болон шууд бус нөхцөл байдал эсэхийг ангилах ёстой. 24 цагийн дотор дээд шатны эрх бүхий байгууллагад мэдэгдсэн байх мөн 40 цагийн дотор холбогдох бүх дүгнэлтийг гаргасан байх ёстой. Гэтэл хариуцагч талаас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан эрх дотор өөрийн гаргасан тайлбараа өөрөө нотлох бүрэн эрх, үүрэгтэй тайлбарласан. Хариуцагч талаас гаргасан тайлбараа нотлох баримт, хавтаст хэрэгт авагдаагүй байна гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд захиргааны актын шинж чанарыг авч үзсэн. Тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт заасан зарчим алдагдсан байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар бичгээр гаргах захиргааны актад тавигдах шаардлага буюу 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт тухайн захиргааны акт гаргах бодит нөхцөл байдлыг заавал тодорхой заасан байна. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан байгаа маргаан бүхий захиргааны актыг харахад уг зарчим алдагдсан, мөн хэдэн сарын хэдний өдрийн хөдөлмөрийн гэрээг цуцлаад байгаа нь тодорхойгүй, Ө.Б нь ямар хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан зөрчил нь хэддүгээр заалтыг зөрчсөн гэдгийг тусгаагүй ийм нөхцөл байдалтай байгаа учир хууль бус захиргааны акт гэж үзэж байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж, уг маргаан бүхий шийдвэрийг хүчингүй болгуулж нэхэмжлэгчийг үүрэгт ажилд нь эргүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, холбогдох бичилтийг хийлгүүлж өгнө үү...” гэв.

Гурав. Хариуцагч НЭМГын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн НЭМГын дарга ******* тоот тушаал нь хүчин төгөлдөр болно. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь хэсгийг баримталсан. Энэ бол НЭМГын даргын тушаал гаргах эрхийг тодруулж байгаа заалт. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэг бол хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл заалтыг дурдсан заалт. Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.12 дахь хэсэг бол НЭМГын дарга харьяа эрүүл мэндийн байгууллагынхаа даргыг томилж, чөлөөлөх эрхийг заасан заалт. НЭМГын даргын харьяа БДЭМТД Ө.Б нь хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан тул 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гэдэг нь тухайн хөдөлмөрийн гэрээний 9.1.4 дэх хэсэгт заасан ажил олгогчийн өгсөн үүрэг даалгавар, эсхүл энэхүү гэрээгээр хүлээсэн үүргийн аль нэг заалтыг 2 ба түүнээс дээш удаа эсхүл энэхүү гэрээнд заасан үүргийг 2 ба түүнээс дээш удаа биелүүлээгүй, хангалтгүй биелүүлсэн тохиолдолд гэрээг цуцалж, хөдөлмөрийн харилцааг зогсооно гэсэн заалт байна. Мөн Хөдөлмөрийн гэрээний 3.4.24 дэх заалт удирдаж буй байгууллагын ажилтнуудад хууль, дүрэм журам, стандарт, хэм хэмжээ, тушаал шийдвэрийг мөрдүүлж ажиллуулах гэсэн заалтыг зөрчсөн. 2019 он нь НЭМГаас эх хүүхдийн тусламж үйлчилгээг дэмжих жил болгон зарласан. Энэхүү жилийн хүрээнд НЭМГын шуурхай хурлууд дээр удаа дараа үүрэг, даалгавар өгөгдсөн. Эх хүүхдийг дэмжих жилийн хүрээнд эх, үрийн эндэгдлийг бууруулах чиглэлээр мөн онцгой төлөвлөгөөг гаргаж дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга нарт тусгайлсан үүрэг даалгавар өгсөн. Энэхүү үүрэг даалгавар нь хангалтгүй биелэгдсэн гэж үзсэн Мөн 2019 оны 6 дугаар сарын байдлаар Нийслэлийн хэмжээнд 2047 эх амаржсан. Үүнд эхийн эндэгдэл БД-ийн хэмжээнд 3 эхийн эндэгдэл гарсан нь тухайлан өгөгдсөн үүрэг даалгавруудыг хангалтгүй биелэгдсэн байна гэж үзэх үндэслэл болсон. Ажлаас чөлөөлөх үндэслэл болсон. Энэхүү заалтыг гэрээний 9.1.4 дэх заалтаар зохицуулсан. Өгөгдсөн үүрэг даалгаврыг удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Тийм учраас НЭМГын даргын 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн ******* тоот тушаал нь хуульд нийцэж байна гэж үзэж байна. Эхийн эндэгдлийн хурлууд бол эцэслэгдээгүй байна. БДЭМТтэй хамааралгүй гэсэн шийдвэр бол гараагүй. 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр ямар мэдээлэл дээр үндэслэж энэхүү шийдвэр гарсан бэ гэхээр Нийслэлд 5 эх эндсэний 3 тохиолдол нь Баянгол дүүрэг дээр гарсан. Эх хүүхдийг дэмжих жилийн хүрээнд энэ бол нийцэхгүй байна. Өгөгдсөн үүрэг даалгаврын хүрээнд биелэгдэхгүй байна гэсэн үндэслэлээр 2019 оны 7 дугаар сарын 34-ний өдрийн ******* тоот тушаал гарсан. НЭМГын даргын шуурхай хурлууд 14 хоног тутамд болдог. Энэ хурлууд дээр өгөгдсөн үүрэг даалгаврууд нотлох баримтаар өгсөн. Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн чиглэлээр ямар ажлууд хийгдэх вэ гэдэг үүрэг даалгаврыг харьяа байгууллагын удирдлагуудад өгөгдсөн. 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр сонсох ажиллагаа хийгдсэн. Сонсох ажиллагаатай холбоотойгоор нэхэмжлэгч талаас ямар нэгэн няцаалт байхгүй байна гэж ойлгож байна. 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр БДЭМТД Ө.Бтай уулзаж, нөхцөл байдлыг танилцуулж, хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон талаар мэдэгдсэн. Энэ мэдэгдлийг хавтаст хэрэгт өгсөн байгаа учир нэмэлт тайлбар хэрэггүй байх. 3 эхийн эндэгдэлтэй холбоотойгоор эцсийн үндсэн хурлын шийдвэр гараагүй. 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн шийдвэр нь эхийн эндэгдлийн хурлын шийдвэртэй хамааралгүйгээр тухайн үеийн нөхцөл байдал болон өгөгдсөн үүрэг даалгавартай холбоотой...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “НЭМГын даргын  2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн ******* тоот тушаалыг хүчингүй болгож, Ө.Быг урьд эрхэлж байсан БДЭМТД-ыналбан тушаалд эгүүлэн томилуулах” гэж тодорхойлж байгаад “ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлжээ.

Шүүх болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар  хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, нэхэмжлэлийн шаардлагыг дараахь байдлаар дүгнэж, шийдвэрлэв.

Анх НЭМГын даргын 2013 оны тушаалаар Ө.Быг БДЭМТД-ын албан тушаалд томилжээ.

Дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-д заасан төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарч байгаа боловч тэрээр хариуцагчтай “Үр дүнгийн гэрээ” байгуулан ажилладаг, төрийн үйлчилгээний байгууллагын удирдах  албан тушаалтан буюу төсвийн шууд захирагч болохын хувьд “төрийн захиргааны” чиг үүргийг гүйцэтгэдэг тул хөдөлмөрийн харилцаа нь / төрийн албанд авах, ажиллах, албанаас чөлөөлөх, халах/ нийтийн эрх зүйн хүрээнд үүсжээ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч төрийн үйлчилгээний албан тушаалтан  боловч бодит байдал дээр төрийн албаны сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилогдон үр дүнгийн гэрээ байгуулан ажилладаг “удирдах” албан тушаалтнуудын эрх зүйн байдлыг Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасанчлан Хөдөлмөрийн тухай хуулиар шууд тодорхойлох боломжгүй юм.

НЭМГын даргын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн “Ө.Быг албан тушаалаас чөлөөлөх тухай” ******* дүгээр тушаалаар нэхэмжлэгчийг БДЭМТД-ынүүрэгт ажлаас чөлөөлжээ.

 Нэхэмжлэгчээс “...ажлаас шууд халагдах ноцтой зөрчил гаргаагүй ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан...” гэж, хариуцагчаас “...2019 оныг Эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг дэмжих жил болгон зарлаж харьяа эрүүл мэндийн байгууллагуудад эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах хүрээнд тодорхой үүрэг чиглэл өгч, сахилга хариуцлагыг чангатгах   үүрэг чиглэл өгсөн,...ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн  гэрээний 9 дүгээр зүйлд заасан цуцлах үндэслэл бүрдсэн,  ноцтой зөрчил гаргасан...” гэж маргажээ.

НЭМГын дарга нь төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлөх, халах, сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг илүү нарийвчлан зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг баримтлалгүйгээр дан ганц Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг баримталсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх, 4.2.5 дахь заалтад заасан захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчим, шаардлагыг хангаагүй.

Мөн хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл БДЭМТ нь НЭМГын даргын харьяа эрүүл мэндийн байгууллагын дарга нарын үр дүнгийн болон түншлэлийн гэрээний гүйцэтгэлийн нэгдсэн дүнгээр 2017 онд “87.7 буюу сайн” 2018 онд “ буюу 94.4 маш сайн” гэж,  үйл ажиллагааны гүйцэтгэлийн үнэлгээний нэгдсэн дүнгээр 2017 онд “сайн”, 2018 онд “86.3 буюу сайн” үнэлгээ авч байсан болох нь НЭМГын даргын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/24, А/25, 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/24, А/25 дугаар тушаалууд болон тэдгээрийн хавсралтаар нотлогдож байна.

Түүнчлэн хариуцагчаас Ө.Быг “...НЭМГаас 2019 оныг “Эх хүүхдийн тусламж үйлчилгээг дэмжих жил болгон зарлаж, харьяа эрүүл мэндийн байгууллагуудад эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах хүрээнд тодорхой үүрэг чиглэл өгсөн...2019 оны эхний 6 сарын байдлаар Баянгол төвийн Эрүүл мэндийн төвийн хяналтад байсан гурван эх эндсэн энэ нь дүүргийн эрүүл мэндийн төвийн жирэмсний хяналтын чанар муу байсантай шууд холбоотой...удирдаж буй байгууллагын ажилтнууд хууль дүрэм, журам, стандарт, хэм хэмжээ, тушаал шийдвэрийг мөрдөж ажиллуулах заалтыг удаа дараа зөрчсөн гэж буруутгаж байна.

БДЭМТД-ын НЭМГын даргатай байгуулсан  Хөдөлмөрийн  гэрээний 9 дүгээр зүйлд гэрээг цуцлах үндэслэлийг заасан байх ба 9.1.4-д “ажил олгогчийн өгсөн үүрэг даалгавар эсвэл энэхүү гэрээгээр хүлээсэн үүргийн аль нэг заалтыг 2 ба түүнээс дээш заалтыг биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсэн” бол гэрээг цуцалж, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор заасан байна.

Хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж зааснаар нэхэмжлэгчийг “хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил  гаргасан”  гэж тодорхойлжээ.

Дээрх хуулийн заалтаар талууд ямар зөрчлийг “ноцтой” гэж тооцох тухай хөдөлмөрийн гэрээнд тухайлан тохиролцсон, уг зөрчлийг ажилтан гаргасан бол ажил олгогч өөрийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах боломжтой байна.

Тэгвэл хариуцагч нэхэмжлэгчийг “хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой” зөрчил гаргасан гэж буруутгасан үндэслэлээ “... 2019 оныг эх хүүхдийн тусламж үйлчилгээг дэмжих жил болгон зарлаж, эрүүл мэндийн байгууллагуудад эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах тодорхой үүрэг чиглэл өгч байхад Баянгол дүүрэгт гурван эхийн эндэгдэл гаргасан...” гэж тайлбарлаж байгаа болно.

Эрүүл мэндийн сайдын 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн “журам батлах тухай” А/207 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар “Эхийн эндэгдлийг тооцох, бүртгэх, хэлэлцэх” журмыг баталж, энэхүү журмыг мөрдөж ажиллахыг төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын захирал, дарга, эрхлэгч нарт үүрэг болгосон байна.

Дээрх журмын 3.1-д “эх эндсэн тохиолдол бүрт тухайн эмнэлгийн байгууллага нь аймаг, нийслэлийн  Эрүүл мэндийн газар,  нэгдсэн эмнэлгийн захиргаанд  24 цагийн дотор мэдэгдэж, тухайн газар дээр  нь  холбогдох эмч нарыг байлцуулан  эмгэг судлалын шинжилгээ хийнэ”, 3.2-д “ эмгэг судлаач эмч ...шинжилгээний дүгнэлтийг 21 хоногийн дотор гаргаж, холбогдох эрүүл мэндийн байгууллагад хүргүүлнэ”, 3.7-д “аймаг, НЭМГ...40 хоногийн дотор эхийн эндэгдлийг хэлэлцэх зөвлөлийн хурлын шийдвэрийг...мэргэжлийн салбар зөвлөлд хүргүүлнэ” гэж, Эхийг эндэгдлийг хэлэлцэх  зөвлөлийн даргаар НЭМГын дарга байхаар журамласан байна.

Энэхүү сайдын тушаалыг үндэслэн НЭМГын  даргын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/62 дугаар тушаалаар “нийслэлийн эхийн эндэгдлийг хэлэлцэх зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг баталжээ. Энэ журмаас үзвэл эхийн эндэгдлийг хэлэлцэх зөвлөл нь хуралдаж дүгнэлт гаргахаар байна.

 Тэгвэл хариуцагч 2019 онд эндсэн гурван эхийн талаар өнөөдрийг хүртэл “..дүгнэлт гараагүй...” гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа болно.

 Нэхэмжлэгчээс  эндсэн гурван эхийн талаар “... манай эрүүл мэндийн төвийн хяналтад байсан нь үнэн гэхдээ эхний эх 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр  Өргөө амаржих газарт, хоёр дахь эх 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвд нас барсан, гурав дахь эх 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 3 дугаар эмнэлэгт нас барсан. Манай эмнэлэгт нас барсан тохиолдол байхгүй, энэ талаар  эхийн эндэгдлийн комиссын дүгнэлт гараагүй” гэж тайлбарлаж байгаа бөгөөд хариуцагчаас маргахгүй байгаа болно.

Зүй нь хариуцагч нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байгаа бол эхлээд холбогдох журмын дагуу комиссын дүгнэлт гаргаж, ноцтой зөрчлийг тогтоож байж маргаан бүхий актыг гаргахаар байжээ.

Өөрөөр хэлбэл эхийн эндэгдлийн асуудалд БДЭМТД-ынбуруутай үйл ажиллагаа байгаа эсэхийг шалган, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан эсэхийг тогтоож байж ажлаас чөлөөлөх эсэхийг шийдвэрлэх байжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д “хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийн буруутгах үндэслэл болохгүй” гэж заасан, шүүхээс хариуцагч талаас холбогдох нотлох баримтуудыг шаардсан боловч гаргаж өгөөгүй тул байгууллага дээр нь очиж шаардаж, бичиг баримтын үзлэгээр хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг  гаргаж авсан болно.

Нөгөөтэйгүүр Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-д “.Аймаг, НЭМГын дарга нь тухайн шатны Засаг даргатай зөвшилцөж, харьяа нэгдсэн эмнэлгээс бусад эрүүл мэндийн байгууллагын даргыг хууль тогтоомжид заасны дагуу томилж, чөлөөлнө” гэж заажээ.

Дээрх  “зөвшилцөх” гэдгийг хууль тогтоомжид өөрөөр тодорхойлоогүй бол албан тушаалтан тодорхой бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хууль бүрэн эрхэд хамаарах асуудлаар өөрийн гаргаж буй шийдвэр авах гэж буй арга хэмжээнийхээ талаар хуульд заасан байгууллага, албан тушаалтантай бичгээр санал солилцохыг ойлгох бөгөөд НЭМГын дарга нэхэмжлэгчийг ажлаас халахдаа хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.

Харин нэхэмжлэгчээс “... хуульд заасан сонсгох ажиллагаа хийгээгүй...” гэж хариуцагчийг буруутгасан тайлбарыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь хавтаст хэрэгт авагдсан сонсох ажиллагаа хийсэн тэмдэглэлээр нэхэмжлэгчийн тайлбар няцаагдаж байна.

Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.2-т “захиргааны албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон төрийн алба хаасан хугацааны, цолны, зэрэг дэвийн, докторын зэргийн нэмэгдэл, нэмэгдэл хөлснөөс бүрдэнэ”, 57.12-т “Төрийн захиргааны албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид Хөдөлмөрийн тухай хуульд заасан нэмэгдэл хөлс олгоно.”, 41 дүгээр зүйлийн 41.3-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна.”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж тус тус заасны дагуу хариуцагчаас ирүүлсэн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгчийг тухайн албан тушаалыг эрхэлж байхдаа сарын үндсэн цалин 901,079 төгрөг, тогтмол нэмэгдэл 180,215 төгрөг, нийт нэг сарын цалин 1,081,294 төгрөгийн цалин авч байсныг тодорхойлсон тул ажилгүй байсан хугацаа буюу 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан өнөөдрийг хүртэл таван сар, арван зургаа хоног тооцон ажлын 22 өдөрт хуваан нэг өдрийн цалин 49,149 төгрөг, нийт 6,192,774 /үүнээс эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг суутгана/ төгрөгийг нөхөн гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иймд нэхэмжлэгч Ө.Бын НЭМГын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчийн 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн ******* дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг БДЭМТийн  даргын  албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж  үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4. 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон   ТОГТООХ нь:

          1. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,  НЭМГын даргын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн ******* дүгээр тушаалыг хүчингүй болгож, Ө.Быг урьд эрхэлж байсан БДЭМТД-ын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

  2. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, 57 дугаар зүйлийн 57.2.2, 57.12, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ө.Бын ажилгүй байсан хугацааны үндсэн цалин, нэмэгдэлтэй тэнцэх хэмжээний 6,192,774 төгрөгийн нөхөн олговрыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

            3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                 ШҮҮГЧ                             Д.ЧАНЦАЛНЯМ