Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 55

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

улсын яллагч Б.Энэрэл,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Уртнасан,

шүүгдэгч Э.Амартүвшин,

шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн /шүүхэд төлөөлөх эрхийн дугаар 0846/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар: 

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч Урианхай гомбо овгийн Эрдэнэцогтын Амартүвшинд холбогдох эрүүгийн 2016 2601 1208 дугаартай, 1 хавтас хэргийг 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, энэ өдөр тус шүүхийн “А-1” танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Урианхай гомбо овгийн Эрдэнэцогтын Амартүвшин Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, “Их хөдөлгөөн” авто сургуулийн нийтийн байранд түр оршин сууж байсан, Өвөрхангай аймгийн Нарийн тээл сумын 2 дугаар багт байнга оршин суудаг, одоо Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 4-141 тоотод У.Ганболдынд түр оршин сууж байгаа гэх, ЙЙ89101916 дугаарын регистртэй, урьд ял шийтгэлгүй.

 

             Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтээр/:

   Шүүгдэгч Э.Амартүвшин нь 2016 оны 04 дүгээр сарын 21-ний орой 19 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их хөдөлгөөн” авто сургуулийн нийтийн байрны 05 тоотод байх түрээслэн амьдарч байсан өрөөндөө 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн хүү 3 сартай А.Түвшинбаярыг өвөр дээрээ тэвэрч орон дээр сууж байхад тогоонд хийж байсан хоол нь буцалж асгарахад тагыг нь авахаар цочин босохдоо А.Түвшинбаярыг толгойгоор нь шалан дээр унагасанаас гавал тархины битүү гэмтэл учруулан болгоомжгүй алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Амартүвшин мэдүүлэхдээ: “...Миний бие эхнэр Б.Уртнасантай 2010 онд танилцаж, түүнээс хойш хамт амьдрах болсон. Б.Уртнасан оюутан болж бид 2 жилийн хугацаатайгаар “Их хөдөлгөөн” авто сургуулийн нийтийн байрны 05 тоотыг түрээслэн амьдрах болсон. Энэ үедээ би “Хаан хүнс” ХХК-д бэлтгэгчээр ажилд орж ажиллаж байгаад 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүү А.Түвшинбаяр төрж, хүүгээ асарч харах шалтгаанаар ажлаасаа гарсан. Эхнэр Б.Уртнасан оюутан болохоор 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн хүү А.Түвшинбаярыгаа асарч, хардаг байсан. Ингээд 2016 оны 4 дүгээр сарын 21-ний орой 19 цагийн үед хүү А.Түвшинбаярыг эрхлүүлээд өвөр дээрээ аваад орон дээр сууж байсан. Манай эхнэр Б.Уртнасан гоймонтой шөл хийж байгаад бие засахаар түр гадагшаа гарсан. Энэ үед нь халуун тогоонд хоол буцалж дэвэрч, асгарах үед би тогооны тагийг авах гэж орон дээрээсээ босох үедээ хоёр гар дээрээ тэвэрсэн байсан хүүгээ санамсар болгоомжгүйгээр ар дагзаар нь шалан дээр унагасан. Тухайн үед хүүгээ өөр рүүгээ харуулаад хоёр гар дээрээ тэвэрсэн байж байгаад босох үедээ тогоонд хүрэлгүй наана нь алдаж унагасан. Тэгээд хүү уйлаад, орон дээрээ авч суусан. Тэр үед манай эхнэр Б.Уртнасан гаднаас орж ирэхээр нь тогооны таг авах гэж байгаад хүүгээ газар унагачихлаа гэж хэлсэн. Б.Уртнасан хүүгээ авч хөхүүлэхэд, хүү жаахан тайвшираад унтсан. Тэгээд эхнэр бид хоёр хоолоо идээд байж байхад хүү сэрж дахин уйлаад байхаар нь би өрөөн дотроо авч явахад 22 цагийн үед манай хүүхэд таталт өгч эхэлсэн. Тэгээд түргэний эмч дуудахад 30 минутын дараа ирж үзсэн. Эмч үзээд яаралтай гэмтлийн эмнэлэг авч явах шаардлагатай гэсэн. Гэмтлийн эмнэлэгт очиход  тархины зураг авахуул гэхээр нь авахуулсан чинь гавлын яс нь цууралттай, цус хуралттай байна гээд яаралтай тасагт хэвтүүлсэн. Маргааш нь 11-12 цагийн үед эмч нар хүүд эхоны үзлэг хийлгэхээр ярьж байхад хүү таталт өгч сэхээн амьдруулах тасаг руу шилжсэн. Сэхээнд ороод үдээс хойш нь амьсгалуулах аппаратад ороод, 2 хоногийн дараа нас барсан. Тэр өдөр би архи уугаагүй, эрүүл байсан. Санамсар болгоомжгүйгээс болж хүүгээ унагасан. Хүүгийн оршуулгын зардал 1,500,000 орчим төгрөг болсоныг би болон ах дүү нарын хамтаар гаргаж зарцуулсан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч  Б.Уртнасан мэдүүлэхдээ: “...2016 оны 4 дүгээр сарын 21-ний орой 19 цагийн үед шөлтэй хоол хийж байгаад би  бие засах гээд гарах үед шөл буцлаагүй байсан. Харин манай нөхөр хүүгээ аваад орон дээр сууж байсан. Намайг бие засах газар орчихоод ирсэн чинь хүүхэд жаахан уйлаад байж байсан. Тэгээд яасан гэж Э.Амартүвшинээс асуухад “хоол буцалж шөл нь дэврээд тогооны таг авах гэж байгаад хүүгээ газар унагаагаад алдчихлаа” гэж хэлсэн. Тэгээд 22 цагийн үед  хүүд таталт өгч эхэлсэн. Нөхөр бид хоёр түргэн дуудаж гэмтлийн эмнэлэгт очоод хүүдээ эмчилгээ хийлгэж байгаад, 3 хоногийн дараа хүү нас барсан. Надад гомдол санал байхгүй, Хүү минь энэ хорвоог орхиж явсан. Одоо нөхрөө шоронд явуулмааргүй байна. Нэхэмжлэх зүйл байхгүй гэв. 

 

Мөн 2016 2601 0782 дугаартай эрүүгийн хэргээс хохирогч, гэрч нарын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

Мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Уртнасангийн 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр мэдүүлсэн ”... Би нөхөр Амартүвшинтэй 2010 онд танилцаж, дотно харилцаатай болсон. 2014 оны 09 дүгээр сараас Сонгинохайрхан дүүргийн 14 хорооны нутаг дэвсгэрт байрлах Их хөдөлгөөн авто сургуулийн нийтийн байранд өрөө хөлслөн хамтран амьдарч эхэлсэн. 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр жирэмсэн болж 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр би хүү Түвшинбаярыг төрүүлсэн. 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр би 14 цагт хичээлээ тараад гэртээ ирсэн. Намайг гэрт ирэхэд манай нөхөр хүүгээ хараад байж байсан. Ингээд орой болтол хичээлээ хийж хүүхдээ харж асарсан. Орой 19 цагийн үед би хоол хийгээд манай нөхөр хүүгээ өвөр дээрээ аваад орон дээр сууж байсан. Би бие засах гээд өрөөнөөсөө гараад өөдөөс харсан нойл руу орж бие засчихаад, 3-4 минутын дараа амьдарч байсан өрөөндөө орж ирэхэд Амартүвшин хүүгээ өвөр дээрээ аваад орон дээр сууж байсан. Манай хүү уйлагнаж байсан. Нөхөр маань хэлэхдээ “хүүхдээ унагаачихлаа” гэхээр нь би хүүхдээ нөхрөөсөө аваад хөхүүлэхэд хүү маань зүгээр байх шиг байсан. Хөхүүлж байхдаа буцалж байсан халуун тогоотой шөл рүү харахад шөл дэврээд шалаар нэг асгарсан байсан. Ингээд хоолоо болгож идчихээд байж байхад манай хүү уйлагнах гээд байхаар нь би орон дээрээс аваад тэврээд өрөөн дотуураа хэсэг алхахад хүү маань уйлагнахаа больсон. Манай нөхөр ч гэсэн тэврээд өрөөн дотуур алхсан. 21 цаг өнгөрч байхад манай хүү таталт өгөхөөр нь манай нөхөр гар утсаараа түргэн тусламж дуудаад ойролцоогоор 20-30 минутын дараа түргэний эмч ирж манай хүүг үзчихээд “хүнд байна авч явах шаардлагатай” гээд гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Гэмтлийн эмнэлгийн эмч үзээд “хүнд байна” гээд гавал тархины зураг авхуулахад “гавал яс нь цуурсан, цус хурсан” гээд хүү бид хоёрыг тасагт хэвтүүлж эмчилгээ хийлгэж байгаад 2016 оны 04 дүгээр сарын 26-ны
өдөр 00 цагийн үед нас барсан. Талийгаач ямар нэгэн өвчин байхгүй. Эрүүл саруул төрж бойжиж байсан. Манай нөхөр анхнаасаа хүүхдээ халамжилж хайрлаж ирсэн. Ямар нэгэн муухай зан ааш хүүхдэд гаргадаггүй. Надад халамжтай их найрсаг харилцдаг. Бид хоёр хааяа нэг хэрүүл маргаан хийх үе гардаг. Хүүхдээ гарсанаас хойш нэг ч удаа маргалдаж хэрэлдсэн асуудал байхгүй. Намайг огт цохиж зоддоггүй. Манай нөхөр архи согтууруулах ундааг баяр ёслолын үеэр бага зэрэг хэрэглэдэг. Намайг төрснөөс хойш ерөөсөө архи согтууруулах ундаа хэрэглээгүй. Тамхи татдаг. Хүүхэд уйлагнаж байхаар нь би нөхрөөсөө яачихваа гэхэд “би хоол дэврээд тагыг нь авах гэж байгаад хүүхдээ унагачихлаа” гэж хэлсэн. Өөр ямар нэгэн юм хэлээгүй. ...Хэрэг болох үед нөхөр хүүхэд бид гурав байсан. Өөр хүн байгаагүй. Миний хүү эрүү үүсгэлээ гээд босоод ирэх биш. Надад хэргийн талаар бодоод байхад их хэцүү байна. Манай нөхөр хүүдээ их хайртай ямар нэгэн цохиж зодох хараах асуудал огт гарч байгаагүй. Би нөхрийгөө хүүгээ цохисон гэж бодохгүй байна...” гэх мэдүүлэг [1],

Мөрдөн байцаалтад гэрч Н.Элбэгзаяагийн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр мэдүүлсэн “...Би 1997 оноос хойш Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо “Хоне” өрхийн эрүүл мэндийн төвд өрхийн эмчээр ажиллаж байгаа юм. 2015 оны 09 дүгээр сард Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо “Их хөдөлгөөн” нийтийн байрны 5 тоотод түр оршин суугч Бямбадорж овогтой Уртнасан нөхөр Амартүвшингийн хамтаар ирж жирэмсний хяналтанд орсон юм. Ингээд эрүүл хянагдаж явж байгаад 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 3,300 гр жинтэй хүү хэвийн төрөлтөөр төрүүлсэн. Төрөхөөс гарсанаас хойш графикийн дагуу хүүхдийг үзэж байсан, хүүхэд хэвийн бойжилттой байсан. Надад 1, 2 сартай байхдаа эрүүл хяналтанд үзүүлж жигнүүлэхэд өсөлт бойжилт хэвийн явагдаж байсан. 2 сартай байхдаа хамрагдах ёстой товлолын вакциндаа хамрагдсан. 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хамрагдах товлолын вакцинд ирээгүй тул аав Амартүвшинтэй утсаар холбогдоход “хүүхэд маань гэмтээд нас барсан” гэж хэлсэн. Надад өөр мэдэх зүйл байхгүй. Ямар нэгэн төрөлхийн архаг хууч өвчин байгаагүй. Би 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр вакцинд орох гэж ирэхэд нь үзлэг хийхэд жин нь хэвийн өсөлж бойжилт хэвийн эрүүл саруул өсөж торниж байсан. Эцэг эх нь хүүхэддээ халамжтай байсан. Эх нь оюутан байсан болохоор Амартүвшин хүүхдээ харж байсан. Надад үзүүлэхдээ нөхөр нь хардаг гэж байсан...” гэх мэдүүлэг [2],

Мөрдөн байцаалтад гэрч Б.Цэндсүрэнгийн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр мэдүүлсэн “...Уртнасан нь миний төрсөн охин байгаа юм. Харин Амартүвшин нь манай хүргэн байгаа юм. 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр намайг Нарийнтээл суманд хөдөө гэртээ байж байхад манай охин Уртнасан “хүү Түвшинбаярыгаа татаад бие нь муудаад байна” гэж хэлсэн.  Тэгэхээр нь түргэн дууд гэж хэлээд утсаа салгасан. Манайх утасны сүлжээ муутай байдаг болохоор, дахин ярьж чадаагүй. Гэтэл маргааш өглөө нь манай охины нөхөр Амартүвшин утсаар яриад хүү Түвшинбаярыгаа гэмтлийн эмнэлэгт хэвтсэн гэсэн. Би тэгэхээр нь “яасан юм гэсэн чинь, Түвшинбаярыг аав Амартүвшин нь гэртээ тэвэрч байгаад тогооны таг авах гэж байгаад унагачихсан” гэж байсан. Тэр үед нь манай охин бие засах гээд гэрээсээ түр гарсан байсан юм шиг байна лээ. Тэгээд хоол буцлангуут тогооны таг авах гэж байгаад хүүхдээ унагасан гэж ярьсан, өөр юм яриагүй. Тэгээд сүүлд бие нь муудаад байна гэхээр нь бид нар очсон. Тэгээд бид нарыг хотод очиход манай ач хүү Түвшинбаяр ухаангүй бие нь их муу байсан. Тэгээд бараг ухаан орохгүй байсаар байгаад нас барсан. Манай ач хүү Түвшинбаярын биед ил харагдах гэмтэл байгаагүй. Тэвэрч байгаад унагаачихсан гэсэн. Тэгээд гэмтэл аваад нас барсан байх, яг яасан талаар мэдэхгүй. Манай охин, хүргэн хоёр хоорондоо харьцаа сайтай, хэрүүл хийдэггүй, сайхан харьцдаг байсан, ямар нэгэн маргаан байхгүй. Тухайн үед болон урд нь хэрүүл маргаан хийж байсан зүйл огт байхгүй. Э.Амартүвшин манай хүргэн болоод 5, 6 жил болчихсон. Зан ааш хувираагүй, сайхан ааш зантай хүн, ямар нэгэн муу зуршил байхгүй, эхнэр хүүхддээ ч элдэв зан гаргадаггүй, архи, дарс хэрэглэдэггүй, хүнтэй маргаад байдаггүй, яриа хөөрөөтэй хүн байгаа юм...” гэх мэдүүлэг[3],

Мөрдөн байцаалтад гэрч Т.Батсувдын 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр мэдүүлсэн: “...Амартүвшин нь миний төрсөн дүү, Уртнасан манай бэр байгаа юм. 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр намайг Нарийнтээл сумын Баянтээгийн уурхай дээр явж байхад манай дүү Амартүвшин утсаар яриад хүү Түвшинбаярыгаа бие нь муудлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь яасан юм бэ, гэж асуусан чинь өөдөөс “эхнэр Уртнасанг бие засах гээд гарсан хойгуур гэртээ хүүхдээ тэвэрч байсан чинь тогоотой хоол нь дэврэхээр нь тагийг нь авах гэж байгаад хүүхдээ шалан дээр алдчихсан” гэсэн. Тэгээд сэхээнд орчихлоо, бие нь их муу байна гэсэн. Тэгэхээр нь сайн тэвэрч байхгүй яасан юм гэсэн чинь, хоол буцлаад байхаар нь тагийг нь авах гэж байгаад алдчихсан гэсэн, өөр юм яриагүй. Тэгээд маргааш нь би хот руу явсан. Хотод очиход манай дүүгийн хүүхэд Түвшинбаяр ухаангүй бие нь их муу гэмтлийн эмнэлэгт байсан. Тэгээд ухаан орохгүй байсаар байгаад нас барсан. Намайг харахад бол ил харагдах шарх сорив байгаагүй, бие нь хавантай байсан, эмч нар биеийн байдлын талаар надад хэлээгүй. Манай бэр, дүү хоёр хоорондоо маргалдаж байгаагүй, харьцаа сайтай байдаг, хол болохоор сайн мэдэхгүй байна. Хэрүүл маргаан хийж байсан талаар хараагүй, сонсоогүй, ямар нэгэн маргаан хийж байгаагүй. Манай дүү жаахан хөнгөн талдаа хүн байгаа юм. Архи дарс огт хэрэглэдэггүй, хүнтэй маргаад хэрэг зөрчил гаргаад байгаагүй, гайгүй сайхан ааштай, гэр орон, эхнэр хүүхддээ сайхан ааштай байдаг, хэрүүл хийж байгаагүй, ямар нэгэн муу зуршил байхгүй...” гэх мэдүүлэг[4],

Мөрдөн байцаалтад гэрч Б.Отгонбаатарын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2013 оны 10 дугаар сараас Сонгинохайрхан дүүрэг 14 хорооны нутаг дэвсгэрт байрлах Их хөдөлгөөн авто сургуулийн нийтийн байрны 11 тоотод эхнэр хүүхдүүдийн хамт амьдарч байгаа. 2015 онд  манай нийтийн байрны 5 тоотыг Амартүвшин эхнэр Уртнасангийн хамт хөлслөн амьдрах болсон. Тухайн үед Уртнасан жирэмсэн байсан, цагаан сарын өмнөхөн хүүхэдтэй болсон. Хааяа Амартүвшинтэй тааралдахад хүүхдээ салхинд  гаргаж байна гэдэг. Би хэдэн сарын хэдний өдөр байсныг санахгүй байна, орой ажлаа тараад гэртээ ирэхэд манай эхнэр надад 6 тоотын залуу хүүхдээ унагаачихсан гэнэ, эмнэлэг явчихсан гэж хэлсэн. Энэ явдлаас нилээн хэд хоногийн дараа манай байрныхан хүүхэд нь нас барсан гэнэ гэж хэлсэн. Уртнасан Амартүвшин хоёр  хоорондоо ямар нэгэн хэрүүл маргаан хийж байгаагүй. Амартүвшин архи согтууруулах ундаа хэрэглэсэн байхыг нь би харж байгаагүй. Хүүхдээ болон эхнэрээ загнах, зодох асуудал огт гаргаж байгаагүй. Үр хүүхэд, ханьдаа халамжтай юм шиг санагдсан...” гэх мэдүүлэг [5],

Мөрдөн байцаалтад гэрч Б.Уянгын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр мэдүүлсэн: “...Би 2013 оны 06 дугаар сараас 2016 оны 05 дугаар сарын сүүл хүртэл Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их хөдөлгөөн” авто сургуулийн нийтийн байрны 7 тоот өрөөг хөлслөн амьдрах болсон юм. Би сүүлийн нэг жилийн хугацаанд оршин суугчдаа хариуцаж төлбөр тооцоо болон бусад асуудлыг хариуцдаг байсан. 2014 оны 09 дүгээр сард манай нийтийн байрны 5 тоот өрөөг Амартүвшин, эхнэр Уртнасангийн хамтаар түрээслэн амьдрах болсон. 2016 оны 01 дүгээр сарын сүүлээр Уртнасан Амартүвшин хоёр хүүхэдтэй болсон. 2016 оны 04 дүгээр сарын сүүлээр санагдаж байна нилээн орой намайг гэртээ байхад хаалга тогшихоор нь онгойлгоход Амартүвшин сандарсан байдалтай “би хүүхдээ алдаад унагаачихсан чинь таталт өгөөд байна. Түргэн ирчихлээ та манай гэр лүү анзаарч байгаарай” гэж хэлээд явсан. Би цонхоор харахад түргэний машин ирчихсэн Амартүвшин, Уртнасан хоёр хүүхдээ аваад машинд сууж байсан. Эхний хоёр хоног ямар нэгэн хүн байгаагүй. Гурав дах
хоногоос хамаатан садан нь ирэхээр нь би асуухад эмнэлэгт хэвтчихсэн гайгүй байх гэж хэлж байсан. Хэд хоногийн дараа байрны оршин суугчид бүгд Амартүвшин, Уртнасан хоёрын хүүхэд эмнэлэгт нас барсан гэдгийг мэдсэн. Ажил явдал болж нутаг руугаа яваад буцаж ирээд байрнаас гарцгаасан. Ямар нэгэн хэрүүл маргаан зодоон цохион болоогүй. Уртнасан Амартүвшин хоёр өмнө нь хэрүүл маргаан зодоон цохион хийж байгаагүй. Хоёр жилийн хугацаанд хоорондоо муудалцаж хэрэлдэж зодолдож байгааг нь хараагүй. Уртнасан хичээлдээ явчихдаг. Энэ хойгуур нь Амартүвшин хүүхдээ хардаг. Амартүвшингийн хувьд эхнэрээ цохиж зодоод байдаггүй. Амартүвшинг архи согтууруулах ундаа хэрэглэсэн байхыг нь нэг ч удаа хараагүй. Миний бодлоор их дотно нэг нэгэндээ халамжтай түвшин тайван гэр бүл шиг харагддаг. Хүүхдийн уйлах чимээ сонсоогүй. Би хэд хоногийн дараа Амартүвшингөөс юу болсоныг асуухад “эхнэр бие засах гээд гараад явсан хойгуур хоол буцлаад би сандрахдаа тэвэрч байсан хүүхдээ санамсаргүйгээр унагаачихлаа” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг[6],

Мөрдөн байцаалтад гэрч Ж.Түмэн-Өлзийгийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2013 оноос ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний мэдээгүйжүүлэлтийн тасагт ажиллаж байгаа юм. 2016 оны 04 дүгээр сарын 22-нд манай тасагт талийгаач Амартүвшин овогтой Түвшинбаяр ирсэн. Талийгаач шилэн хүзүү гэдийж татна, уйлагнана, зовиур ихтэй байдалтай байсан. Баруун дагз, зүүн чамархайн яс зөрүүтэй, хагаралттай, тархины зөөлөн бүрхүүлд их хэмжээний цус хуралттай байсан. Шаардлагатай эмийн эмчилгээ хийж, хүүхдийн амьсгал зогсоход аппаратанд /амьсгалын/ авч аппаратаар амьсгалуулж эмийн эмчилгээ хийж байсан боловч 4 хоногийн дараа тархины хүнд гэмтлийн улмаас зүрх нь зогсож нас барсан. Талийгаачийн аав, ээжтэй уулзахад аав нь тэвэрч байгаад унагаачихсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг[7],

Мөрдөн байцаалтад Э.Амартүвшингийн 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр сэжигтнээр мэдүүлсэн “...2014 оны 09 дүгээр сард манай эхнэр Улаанбаатар хотод суралцахаар болоод Өвөрхангай аймгаас Улаанбаатар хотод шилжин ирж Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо “Их хөдөлгөөн” авто сургуулийн нийтийн байрны 5 тоотод нэг өрөөг хөлслөн амьдрах болсон. 2015 оны 05 дугаар сард манай эхнэр жирэмсэн болж 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр миний анхны хүү Түвшинбаяр Эх нялхаст эрүүл саруул мэндэлсэн. 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл эрүүл саруул бойжиж байсан. 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 14 цагт манай эхнэр хичээлээ тарж ирээд хичээлээ хийж байгаад орой 19 цаг хүргэсэн. Эхнэр маань хоол хийгээд би хүүгээ орон дээр харж байсан. Би хүүгээ өвөр дээрээ аваад тэврээд байж байтал манай эхнэр нойл орохоор гарсан. Энэ үед халуун тогоотой шөл дэврээд хальж асгахаар нь сандраад хоолны таг авахаар ухасхийхэд хүү маань толгойны ар дагз хэсгээрээ шалан дээр унасан. Ингээд би хүүгээ газраас хурдан авахад хүү маань уйлагнасан. Төд удалгүй эхнэр гаднаас орж ирээд надаас юу болсоныг асуухад толгой хэсгээр нь газар унагаачихлаа гэж хэлсэн. Ингээд эхнэр маань надаас хүүг аваад хөхүүлэхэд хүү маань жоохон тайвшраад эхнэр бид хоёр хэсэг өрөөн дотор тэвэрч алхахад хүү маань унтаад өгсөн. 21-22 цагийн үед хүү маань сэрээд таталт өгөхөөр нь би утсаар түргэн тусламж дуудсан. Түргэн ойролцоогоор 20 минутын дотор ирсэн. Тэр хооронд хүү маань бага багаар таталт өгөөд уйлаад байсан. Түргэний эмч үзээд хүүг маань “бие нь хүнд байна, авч явах шаардлагатай байна” гээд шууд гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Гэмтлийн эмнэлгийн эмч үзээд шууд тархины зураг авхуулаад тархиндаа цууралттай цус хуралттай хавантай байна яаралтай хэвт гээд тасагт хэвтүүлсэн. Ингээд тэр шөнөдөө эмчилгээ хийгээд тасагт хоносон. Маргааш өглөө нь ЭХО-нд харуулах үед таталт өгөөд шууд сэхээн амьдруулах тасагт шилжүүлсэн. Ингээд эмчилгээ хийсэн боловч үр дүн гаралгүй 2016 оны 04 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө хүү маань таалал төгссөн. Сар бүр өрхийн эмнэлгийн эмчид үзүүлж хяналтанд нь байдаг байсан. Талийгаачийн биед учирсан дээрх гэмтлүүдийг би өрөөнийхөө орон дээр тэвэрч байгаад хоол дэврэхээр нь сандрахдаа босоод талийгаачийг унагаачихсан юм. Уг үйлдлээс болж дээрх гэмтлүүд учирсан гэж бодож байна. Би цохиж зодоогүй. Би архи согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан. Би архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй. Хааяа баяр ёслолын үеээр тохируулан бага зэрэг хэрэглэдэг. Надад эхнэр хүүхэддээ хэрүүл маргаан хийж цохиж зодох ямар нэгэн шалтгаан байхгүй. Талийгаач хүү эхнэр бид гурав байсан. Өөр хүн манайд байгаагүй...” гэх мэдүүлэг[8],

- яллагдагчаар 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр мэдүүлсэн: “...Би ямар хэрэгт яллагдагчаар татагдаж байгаагаа ойлгож байна. Яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцан ойлголоо. Яллагдагчийн эрх үүрэгтэй уншиж танилцлаа. Асууж тодруулах зүйл байхгүй. Монгол улсын Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-т зааснаар ял сонсгож, яллагдагчаар татаж байгааг ойлгож байна. Би Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Би 1989 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд иргэн Эрдэнэцогтын дөрөв дэх хүү болон мэндэлсэн. Бага балчир насаа эцэг эхийн гар дээр өсөж бойжин 1998 онд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын ерөнхий боловсролын сургуульд элсэн орж 2007 онд 9 дүгээр ангиа төгсөж Бүрэн дунд боловсрол эзэмшсэн. 2008-2009 онд Өмнөговь аймгийн 0131 дүгээр ангид цэргийн алба хааж халагдаж ирээд хувиараа хөдөлмөр эрхлэх болсон. Одоо ямар нэгэн эрхэлсэн ажилгүй байгаа. Би өмнө нь сэжигтнээр байцаалт өгөхдөө бүх зүйлээ үнэн зөвөөр ярьсан. Надад нэмж ярих зүйл байхгүй. Би хийсэн санамсар болгоомжгүй үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг[9],

-яллагдагчаар 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлсэн: “...Эхнэр бид хоёр хоорондоо хэрэлдэж маргалдаж зодоон цохион хийж байгаагүй. Миний санамсар болгоомжгүй байдлаас болж талийгаач дагз хэсгээр газар унаж гэмтэл авч нас барсан. Би яг зүүн баруун талыг нь хараагүй толгойн ар дагз хэсгээр газар унасан. Би хүүхдээ тэврээд орон дээр сууж байхад хоол дэврэхэд нь би сандрахдаа шууд босоод талийгаачийг толгой хэсгээр нь газар унагаачихсан юм. Би хүүхдээ загнаж зодож янз бүрийн байдал үзүүлээгүй...” [10] гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 799 дугаартай актын:

“...1. А.Түвшинбаярын биед зүүн чамархай, дагз ясны шугаман хугаралтай, тархины 2 тал бөмбөлгийн зулай, дагзны хэсгийн орой, суурь хэсгийг хамарсан зөөлөн бүрхүүл доорх тархмал цус харвалт, тархины хатуу бүрхүүл доорх цусан хураа, хуйханд цус хуралт бүхий гэмтэл учирчээ.

2. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Талийгаачид үхэлд нөлөөлөхөөр архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

4.Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ.

5.Талийгаачийн өвчний түүхэнд цус нь О/I/ бүлгийн харъяалалтай байна. /Шинжээч эмч М.Золжаргал...” гэсэн дүгнэлт[11],

Мөрдөн байцаалтад шинжээч М.Золжаргалын 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн мэдүүлсэн: “...Талийгаачийн биед үүссэн гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зүүн чамархай дагз ясны шугаман хугарал нь уг хэсгээр хүч үйчлэгдэж үүссэн гэмтэл юм. Цохиж зодох болон толгой хэсгээр газар унах аль, алинд нь үүсэх боломжтой. Яг цохиж зодсоноос уу, унасан уу гэдгийг нарийвчлан тогтоох боломжгүй. Гавал тархины битүү гэмтлүүд нь амьсгал, зүрх судасны төвийг дарангуйлж амьсгал зүрх дутагдалд орж нас барсан байна. Хүүхдээ бариад босох үйлдэл хийхэд хүүхэд арагшаа савж газар унах үед дээрх гэмтлүүд үүсэх боломжтой...” [12] гэх мэдүүлэг,

-2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зураг, бүдүүвч зураг[13],

-Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зураг[14],

-Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар[15],

-Б.Уртнасангийн жирэмсний хяналтын дэвтрийн хуулбар[16],

-А.Түвшинбаярын өвчний түүхийн хуулбар[17],

-Шүүгдэгч Э.Амартүвшингийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас[18] болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзлээ.

 

Дээрх нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлаад дүгнэвэл:

Шүүгдэгч Э.Амартүвшин нь 2016 оны 04 дүгээр сарын 21-ний орой 19 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их хөдөлгөөн” авто сургуулийн нийтийн байрны 05 тоотод байх түрээслэн амьдарч байсан өрөөндөө 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, 3 сартай хүү А.Түвшинбаярыг өвөр дээрээ тэвэрч орон дээр сууж байхдаа тогоонд хийж байсан хоол нь буцалж асгарахад тагыг нь авахаар цочин босохдоо хүү А.Түвшинбаярыг толгойгоор нь шалан дээр унагасанаас гавал тархины битүү гэмтэл учруулан болгоомжгүй алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Уртнасангийн 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр мэдүүлсэн ”...Орой 19 цагийн үед би хоол хийгээд манай нөхөр хүүгээ өвөр дээрээ аваад орон дээр сууж байсан. Би бие засах гээд өрөөнөөсөө гарсан, 3-4 минутын дараа амьдарч байсан өрөөндөө орж ирэхэд Амартүвшин хүүгээ өвөр дээрээ аваад орон дээр сууж байсан, хүү уйлагнаж байсан. Нөхөр маань хэлэхдээ “хүүхдээ унагаачихлаа” гэсэн. ...21 цаг өнгөрч байхад манай хүү таталт өгөхөөр нь ...түргэн тусламж дуудаад ойролцоогоор 20-30 минутын дараа түргэний эмч ирсэн. Манай хүүг үзчихээд “хүнд байна авч явах шаардлагатай байна” гээд гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Гэмтлийн эмнэлгийн эмч үзээд “хүнд байна” гээд гавал тархины зураг авхуулахад “гавал яс нь цуурсан цус хурсан” гээд хүү бид хоёрыг тасагт хэвтүүлж эмчилгээ хийлгэж байгаад 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 00 цагийн үед нас барсан...” гэсэн мэдүүлэг [19],

-гэрч Б.Цэндсүрэнгийн мөрдөн байцаалтад 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр мэдүүлсэн “...2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ...охин Уртнасан хүү Түвшинбаярыгаа татаад бие нь муудаад байна гэж хэлсэн.  ...яасан юм гэсэн чинь, Түвшинбаярыг аав Амартүвшин нь гэртээ тэвэрч байгаад тогооны таг авах гэж байгаад унагачихсан гэж байсан. Тэр үед нь манай охин бие засах гээд гэрээсээ түр гарсан байсан юм шиг байна лээ. Тэгээд хоол буцлангуут тогооны таг авах гэж байгаад хүүхдээ унагасан гэж ярьсан ...” гэх мэдүүлэг[20],

-гэрч Т.Батсувдын мөрдөн байцаалтад 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр мэдүүлсэн: “...2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр ...Амартүвшин утсаар яриад хүү Түвшинбаярыгаа бие нь муудлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь яасан юм бэ, гэж асуусан чинь “эхнэр Уртнасанг бие засах гээд гарсан хойгуур гэртээ хүүхдээ тэвэрч байсан чинь тогоотой хоол нь дэврэхээр нь тагийг нь авах гэж байгаад хүүхдээ шалан дээр алдчихсан гэсэн. ...” гэх мэдүүлэг[21],

-гэрч Б.Отгонбаатарын мөрдөн байцаалтад 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлсэн: “...Би хэдэн сарын хэдний өдөр байсныг санахгүй байна, орой ажлаа тараад гэртээ ирэхэд манай эхнэр надад 6 тоотын залуу хүүхдээ унагаачихсан гэнэ, эмнэлэг явчихсан гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг[22],

-гэрч Б.Уянгын мөрдөн байцаалтад 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр мэдүүлсэн: “...2016 оны 04 дүгээр сарын сүүлээр санагдаж байна нилээн орой намайг гэртээ байхад хаалга тогшихоор нь онгойлгоход Амартүвшин сандарсан байдалтай “би хүүхдээ алдаад унагаачихсан чинь таталт өгөөд байна. Түргэн ирчихлээ та манай гэр рүү анзаарч байгаарай” гэж хэлээд явсан. ...” гэх мэдүүлэг[23],

-гэрч Ж.Түмэн-Өлзийгийн мөрдөн байцаалтад 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр мэдүүлсэн: “...2016 оны 04 дүгээр сарын 22-нд манай тасагт талийгаач Амартүвшин овогтой Түвшинбаяр ирсэн. Талийгаач шилэн хүзүү гэдийж татна, уйлагнана, зовиур ихтэй байдалтай байсан. Баруун дагз, зүүн чамархайн яс зөрүүтэй, хагаралттай, тархины зөөлөн бүрхүүлд их хэмжээний цус хуралттай байсан. ...эмчилгээ хийж байсан боловч 4 хоногийн дараа тархины хүнд гэмтлийн улмаас зүрх нь зогсож нас барсан. Талийгаачийн аав, ээжтэй уулзахад аав нь тэвэрч байгаад унагаачихсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг[24],

-шүүгдэгч Э.Амартүвшингийн 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр сэжигтнээр мэдүүлсэн “...2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Эхнэр маань хоол хийгээд би хүүгээ орон дээр харж байсан. Би хүүгээ өвөр дээрээ аваад тэврээд байж байтал манай эхнэр нойл орохоор гарсан. Энэ үед халуун тогоотой шөл дэврээд хальж асгахаар нь сандраад хоолны таг авахаар ухасхийхэд хүү маань толгойны ар дагз хэсгээрээ шалан дээр унасан. ...удалгүй эхнэр гаднаас орж ирээд надаас юу болсоныг асуухад толгой хэсгээр нь газар унагаачихлаа гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг[25],

-яллагдагчаар 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлсэн: “...Миний санамсар болгоомжгүй байдлаас болж талийгаач дагз хэсгээр газар унаж гэмтэл авч нас барсан. Би яг зүүн баруун талыг нь хараагүй толгойн ар дагз хэсгээр газар унасан. Би хүүхдээ тэврээд орон дээр сууж байхад хоол дэврэхэд нь би сандрахдаа шууд босоод талийгаачийг толгой хэсгээр нь газар унагаачихсан юм....” [26] гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 799 дугаартай акт, дүгнэлт[27], шинжээч М.Золжаргалын 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн мэдүүлсэн мэдүүлэг, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл  зураг[28], хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар[29], А.Түвшинбаярын өвчний түүхийн хуулбар[30] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Энэхүү гэмт хэрэг нь шүүгдэгч Э.Амартүвшингийн хайхрамжгүй үйлдлийн улмаас болсон байх бөгөөд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгджээ.

Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Амартүвшинд холбогдох хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч Э.Амартүвшиныг бусдыг болгоомжгүй алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Тус гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон байх ба хэрэгт оршуулгын зардал, гэм хорын хохирол нэхэмжилсэн талаарх баримт ирүүлээгүй байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Амартүвшин нь талийгаач хүүгийн оршуулгын зардалд 1,500,000 төгрөгийг би болон ах дүү нарын хамтаар хамтарч гаргасан гэж мэдүүлсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Уртнасангаас “нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар[31] шүүгдэгч Э.Амартүвшин нь Цагдаагийн Ерөнхий Газрын МСТТ-ийн лавлагааны санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байна. 

Иймд шүүгдэгч Э.Амартүвшинд ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан амь хохирогчийн оршуулгын зардлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг хөнгөрүүлөх нөхцөлд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Түүнчлэн шүүгдэгч Э.Амартүвшингийн хувийн байдал, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол болох оршуулгын зардлыг нөхөн төлсөн гэж үзэж, эдгээр байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийг хэрэглэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 294, 297, 298, 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

 


[1] Хавтаст хэргийн 15 дугаар тал.

[2] Хавтаст хэргийн 16 дугаар тал.

[3] Хавтаст хэргийн 17-18 дугаар тал.

[4] Хавтаст хэргийн 19-20 дугаар тал.

[5] Хавтаст хэргийн 22-23 дугаар тал.

[6] Хавтаст хэргийн 24-25 дугаар тал.

[7] Хавтаст хэргийн 26 дугаар тал.

[8] Хавтаст хэргийн 37 дугаар тал.

[9] Хавтаст хэргийн 39 дүгээр тал.

[10] Хавтаст хэргийн 40 дүгээр тал.

[11] Хавтаст хэргийн 29-32 дугаар тал.

[12] Хавтаст хэргийн 33-34 дүгээр тал.

[13] Хавтаст хэргийн 4-7 дугаар тал.

[14] Хавтаст хэргийн 8-9 дүгээр тал.

[15] Хавтаст хэргийн 45 дугаар тал.

[16] Хавтаст хэргийн 46-54 дүгээр тал.

[17] Хавтаст хэргийн 55-70 дугаар тал.

[18] Хавтаст хэргийн 42 дугаар тал.

[19] Хавтаст хэргийн 15 дугаар тал.

[20] Хавтаст хэргийн 17-18 дугаар тал.

[21] Хавтаст хэргийн 19-20 дугаар тал.

[22] Хавтаст хэргийн 22-23 дугаар тал.

[23] Хавтаст хэргийн 24-25 дугаар тал.

[24] Хавтаст хэргийн 26 дугаар тал.

[25] Хавтаст хэргийн 37 дугаар тал.

[26] Хавтаст хэргийн 40 дүгээр тал.

[27] Хавтаст хэргийн 29-32 дугаар тал.

[28] Хавтаст хэргийн 8-9 дүгээр тал.

[29] Хавтаст хэргийн 45 дугаар тал.

[30] Хавтаст хэргийн 55-70 дугаар тал.

[31] Хавтаст хэргийн 42 дугаар тал.