Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2014/0263

 

    “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны

 

даргалагчаар шүүгч Э.Зоригтбаатар, бүрэлдэхүүнд шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Ц.Цогт /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэйгээр нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д, өмгөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Э нарыг оролцуулан хийж, Захиргааны анхан шатын 20 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 140 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор “С" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.        

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн “С" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагадаа: “Газар эзэмшүүлэх эрхийг шилжүүлж аваад 2 жил болоогүй байхад газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн Нийслэлийн Засаг даргын илт хууль бус захиргааны актын улмаас “С” ХХК-ийн эрх хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдөж байх тул Нийслэлийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/775 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү? гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/775 дугаар захирамж нь хуулийн үндэслэлтэй тус “С” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “Б” сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан тайлбартаа: Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 3/10 дугаар тогтоолын 3.5-д заасны дагуу газар эзэмших эрхийг хүчингүй болгож, манай оршин суугчдын эрх ашгийг хамгаалж өгнө үү” гэжээ.

Анхан шатны шүүх шийдвэртээ: Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/775 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгосугай” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Э давж заалдах гомдолдоо: I                   “Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 140 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Нийслэлийн Засаг дарга 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/775 дугаар захирамжаар Нийслэлийн засаг дарга “С” ХХК-нд эзэмшил газрын хэмжээг нэмэгдүүлэн олгохдоо барилга, эрүүл ахуйн норм стандартыг зөрчин газар эзэмшүүлсэн, “С” ХХК нь газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй байхад нь газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг удаа дараа сунгаж, шилжүүлсэн гэсэн үндэслэлээр Нийслэлийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 730 дугаар захирамжийн “С” ХХК-нд холбогдох заалтыг хүчингүй болгон шийдвэрлэсэн.

1. Маргаан бүхий актын "барилга, эрүүл ахуйн норм стандартыг зөрчин нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн" гэх үндэслэлийн тухай: “С” ХХК нь тухайн байршилд иргэн У.Б-с 1000 м2 газрыг НЗД-ын 2010 оны 417 дугаар захирамжаар 2005 онд Улаанбаатар хотын ерөнхий архитекторын баталсан барилгын зургийн дагуу 12 давхар үйлчилгээтэй орон сууцын барилга барихаар шилжүүлэн авч, 2011 оны 730 дугаар захирамжаар газрын хэмжээг нэмэгдүүлэн , 1500 м2 болгож эзэмших болсон.

Нийслэлийн Засаг дарга газрын хэмжээг 2011 оны 730 дугаар захирамжаар нэмэгдүүлэхдээ цэвэр усны болон дулааны шугам сүлжээний хамгаалалтын бүсэд нэхэмжлэгчид газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т "Хот, тосгон, бусад суурины нутаг дэвсгэрт газар эзэмшүүлэх, ашиглуулахад дэд бүтцийн хангамж, хөгжлийн чиглэл, ариун цэвэр, эрүүл ахуй, экологи, галын аюулгүй байдлын шаардлага, газар зохион байгуулалт, хот байгуулалтын төлөвлөгөөг үндэслэнэ" гэж заасныг зөрчсөн байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгчид шугам сүлжээний хамгаалалтын бүсэд газар эзэмшүүлсэн нь "нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл биш" гэж дүгнэснээрээ Нийслэлийн Засаг даргад хуулиар олгогдсон газрын тухай хууль тогтоомжийг зөрчсөн шийдвэрийг өөрөө буюу дээд шатны засаг дарга хүчингүй болгох эрхийг үгүйсгэсэн байна. Мөн тухайн газарт баригдахаар төлөвлөсөн 12 давхар үйлчилгээтэй орон сууцны барилга нь Засгийн газрын 2010 оны 418 дугаар тогтоолоор баталсан "Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт" /БНбД 31-01-10/-т заасан барилга хоорондын зай хэмжээний нормативыг зөрчсөн болохыг эрх бүхий байгууллага болох Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас тогтоосон боловч анхан шатны шүүх шийдвэртээ Газрыг орон сууцны барилга барих зориулалтаар эзэмшиж байгаа боловч барилга одоогоор баригдаагүй байгаа", "барилга, эрүүл ахуйн норм дүрэм зөрчсөн талаар эрх бүхий байгууллагын дүгнэлт, шийдвэр гараагүй" гэж дүгнэсэн нь ойлгомжгүй. Шүүх хуралдаан дээр шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг уншиж танилцуулахдаа шийдвэрийн үндэслэлийг "баригдаагүй барилга дээр барилгын норм дүрмийн талаар ярих нь үндэслэлгүй байна" гэж танилцуулсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд байгаа.

Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2-т заасан барилга, хот байгуулалтын үндсэн шаардлага, нормд нийцүүлэн шийдвэрлэх, эдгээрийг зөрчин газар эзэмшүүлэхийг хориглох заалтууд нь зөвхөн баригдсан барилгын тухайд төдийгүй барилга барих зориулалтаар газар эзэмшүүлэхдээ барилгын норм дүрмийг зөрчихийг хориглож байгаа бөгөөд анхан шатны шүүх хуулийн дээрх заалтуудыг хэрэглэлгүйгээр шийдвэр гаргасан болно.

2. Маргаан бүхий актын Газрыг зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй байхад газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх, хугацаа сунгах шийдвэрийг удаа дараа гаргасан" гэх үндэслэлийн тухай:

Маргаж буй байршилд Нийслэлийн Засаг дарга анх иргэн У.Б-д 1998 оны Б/246 дугаар захирамжаар 800 м2 газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлж, 2002 оны 405 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж, 2005 оны 348 дугаар захирамжаар хэмжээ, зориулалтыг өөрчлөн 1000 м2 газрыг үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар эзэмшүүлж уг газарт барих 12 давхар үйлчилгээтэй орон сууцны барилгын зургийг ерөнхий архитектор 2005 онд баталсан бөгөөд улмаар нийслэлийн Засаг даргын 2010 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 417 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг “С” ХХК-нд шилжүүлж, 2011 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 730 дугаар захирамжаар газрыг хууль бусаар нэмэгдүүлэн 1500 м2 газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.

Уг газарт анх газар эзэмших эрх үүссэнээс хойш өнөөдрийг хүртэл барилга баригдаагүй 10 гаруй жил болсон бөгөөд энэ хугацаанд нийслэлийн Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгасан, шилжүүлсэн шийдвэрийг удаа дараа гаргаж байсан бөгөөд эдгээр шийдвэрүүд нь газрын тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэж хамгийн сүүлд гарсан шийдвэр буюу 2011 оны 730 дугаар захирамжийн “С” ХХК-нд холбогдох заалтыг хариуцагч Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хүчингүй болгон шийдвэрлэсэн болно.

Харин нэхэмжлэгч энэ үндэслэлийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасантай хольж андууран нэхэмжлэлийн нэг үндэслэл болгож тайлбарласан ба шүүх үүнийг нэхэмжлэгчийн тайлбарласнаар хүлээн авч "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн тайлбар үндэслэлгүй байна" гэж үндэслэлгүй дүгнэлт гарган хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Нийслэлийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/775 дугаар захирамжийн үндэслэл нь хуульд нийцсэн болох нь нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 140 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх нэхэмжлэгч хариуцагч нарын маргаж буй зарим үндэслэлийг тогтооход шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй байх тул дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

Нийслэлийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 21-ний өдийн 417 дугаар шийдвэрээр У.Б-н эзэмшлийн 1,000 м.кв газрыг “С" ХХК-д шилжүүлсэн байна. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 07 -ны өдрийн 730 дугаар захирамжаар газрын хэмжээг 1,500 м.кв болгон нэмэгдүүлсэн байна.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/775 дугаар захирамж (маргаан бүхий акт)-аар дээрх 730 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцож шийдвэрлэснийгээ дараах үндэслэлээр гаргасан хэмээн маргасан байна. Үүнд: барилга, эрүүл ахуйн норм, стандартыг зөрчиж газар эзэмшүүлсэн, зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй байхад газар эзэмших эрхийн гэрчилгээг удаа дараа сунгаж, шилжүүлж илт хууль бус захиргааны акт гаргасан. Үүнээс шүүх 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлийн талаар дүгнэлт хийж болохуйц нотлох баримт цуглуулсан байх боловч барилга, эрүүл ахуйн норм, стандарт зөрчигдөж шугам сүлжээтэй давхацсан гэх асуудлаар хангалттай баримт цуглуулаагүй байна.

Захиргааны хэргийн шүүх иргэн, хуулийн этгээдийн нэхэмжлэлийг үндэслэн захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянаж, улмаар хүчингүй болгох тохиолдолд (1 дүгээрт) тухайн захиргааны акт хуульд нийцээгүй байх, (2 дугаарт) уг актын үйлчлэлийн улмаас нэхэмжлэгчийн “хууль ёсны эрх” зөрчигдсөн байх энэ хоёр нөхцөл хамт хангагдсан үед маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн хууль ёсны эрхийг сэргээх ёстой. Ингэхийн тулд нэхэмжлэгчийн зөрчигдсөн хэмээн маргаж буй “эрх” өөрөө хууль журмын дагуу үүссэн эсэхэд зайлшгүй дүгнэлт өгөх шаардлагатай.

Энэ хэргийн хувьд нэхэмжлэгч “С” ХХК -д 1,500 м.кв газар эзэмших эрх хууль ёсны дагуу үүссэн эсэхийг шалгах нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах эсэхэд болон хариуцагчийн тайлбарт дүгнэлт өгөхөд чухал шаардлагатай байна.

Хариуцагчийн хариу тайлбар болон давж заалдах гомдлын нэг үндэслэл болсон “С” ХХК -д “газрын хэмжээг нэмэгдүүлсэн шийдвэр нь хуулиар тогтоосон журам зөрчсөн, мөн уг газар нь цэвэр, бохир ус, дулааны шугамын хамгаалалтын бүстэй давхацсан" тухай асуудлаар хэрэгт авагдсан баримтуудаар эцэслэн дүгнэлт хийх боломжгүй байна.

Тухайлбал, тухайн орчинд нэхэмжлэгчид нэмж шинээр 500 м.кв газарт барилга барих зориулалтаар газар эзэмшүүлэхээр хотын тухайн жилийн (2011 оны) төлөвлөгөөнд тусгагдсан эсэх, энэ газар нь цэвэр, бохир ус, дулааны шугамын хамгаалалтын бүстэй давхацсан эсэх талаар шаардлагатай бол шинжээч томилж дүгнэлт гаргуулах замаар “цэвэр усны болон дулааны шугам сүлжээний хамгаалалтын бүстэй давхацсан эсэх” тухай талуудын зөрүүтэй тайлбар, маргааныг таслан шийдвэрлэх хэрэгтэй байна.

Хэдийгээр хариуцагч “Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын үйлдсэн зураг” гэсэн баримтаар нэхэмжлэгчид олгогдсон газар цэвэр усны болон дулааны шугам сүлжээний хамгаалалтын бүстэй давхацсан нь нотлогдож байгаа гэх боловч уг баримтыг хариуцагч Нийслэлийн Засаг даргын харьяа агентлаг үйлдсэн байгаа нь хөндлөнгийн, хөдөлбөргүй баримт гэж үзэх боломжгүй, нөгөө талаар хэрэв давхцал байгаа бол энэ нь анх иргэн У.Б-аас  шилжүүлэн авсан 1000 м.кв газартай эсхүл шинээр нэмж олгогдсон 1500 (+500) м.кв алинтай давхцаж буй нь тодорхойгүй байна.

Анхан шатны шүүх энэ асуудлаар “шугам сүлжээний хамгаалалтын зурваст газар олгосон гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл биш" гэсэн дүгнэлт хийхдээ хариуцагчийн үндэслэл болгож буй Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-ийн “эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/- ээрээ газрын тухай хууль тогтоомж ... зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө ... уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгоно" гэсэн зохицуулалтыг энэ тохиолдолд ямар үндэслэлээр хүлээж авахгүй байгаа талаараа дүгнэлт хийгээгүй.

Түүнчлэн шүүх хариуцагчийн маргаж буй бас нэгэн үндэслэл болох “газар нэмэгдүүлэн олгосон шийдвэр” нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4 -д заасан журамтай нийцсэн эсэх талаар дүгнэлт өгөлгүйгээр "талбайн хэмжээг нэмэгдүүлэх хүсэлт гаргасныг ... газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4 -д заасан бүрэн эрхийнхээ дагуу шийдвэрлэсэн" гэж үндэслэлгүй дүгнэлт хийжээ. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий захиргааны актыг гаргахаас нэг жилийн өмнө хариуцагч Нийслэлийн Засаг дарга нэхэмжлэгчийн газрын хэмжээг нэмэгдүүлэхдээ Газрын тухай хуулийн 21, 31, 33 дугаар зүйлүүдийн зохицуулалтад хэрхэн нийцүүлсэн талаар баримтгүй байхад шүүх дээрх дүгнэлтийг хийсэн байна.

Дээрх нөхцөл байдлаас шалтгаалан анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ" гэсэн нотлох баримт цуглуулах үүргээ хангалттай биелүүлээгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 140 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН

 

ШҮҮГЧ                                                                  Э.ЗОРИГТБААТАР

                                                                              Б.ТУНГАЛАГСАЙХАН

                                                                              Ц.ЦОГТ