| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2017/00473/И |
| Дугаар | 102/ШШ2017/00553 |
| Огноо | 2017-02-15 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 102/ШШ2017/00553
с
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн наран 18 дугаар гудамж, 71 тоотод оршин суух, Зурхайч овогт Сандуйгийн Оюунчимэг /РД:чи64031868/-ийн
иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Смарт рийл эстэйтс” ХХК-ийг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Төрийг төлөөлж Баянгол дүүргийн прокурор Б.Мэндсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Оюунчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн С.Оюунчимэг би 2014 оны 5 дугаар сарын 17-ны өдөр “Смарт рийл эстэйтс” ХХК-тай хуулийн дагуу гэрээ хийж Маргад хотхоны Д блокт 11 давхарын 1104 тоот 49.04 м.кв талбайтай 2 өрөө байрыг м.кв-1,800,000 төгрөгөөр барих гэрээ байгуулж графикийн дагуу бүх төлбөрийг 100 хувь төлсөн ба захиалсан барилгыг гэрээнд заасны дагуу хугацаандаа дуусгалгүй 2 жил хүлээлгэж маш чирэгдэл хүндрэл учруулж байсан. 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Тоонот констракшн ХХК-иар тус 2 өрөө байранд хэмжилт хийлгэхэд 46.25 м.кв болохыг тогтоосон. Тус хэмжилтийн дүгнэлтийг хариуцагч талд танилцуулж м.кв-ын зөрүү илүү төлсөн 2.79 м.кв үнэ болох 5,022,000 төгрөгөө буцааж өгөхийг удаа дараа шаардаж өргөдөл өгсөн боловч хариу өгөөгүй. 2016 оны 01 дүгээр сарын 06-нд шүүхэд нэхэмжлэл гаргахад “Смарт рийл эстэйтс” ХХК нь хаягандаа байхгүй байгаа тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзав гэсэн хариу дүүргийн шүүхээс ирсэн. Иймд хариуцагч этгээд буюу тус компанийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч С.Оюунчимэг шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: С.Оюунчимэг миний бие “Смарт рийл эстэйтс” ХХК-ийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргасан. Уг хэргийг 2017 оны 02 дугаар сарын 17-ны 13 цаг 30 минутад хэлэлцэх тов гарсан. Уг шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй тул хуульд заасны дагуу миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Төрийг төлөөлж Баянгол дүүргийн прокурор Б.Мэндсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчаар оролцвол зохих хуулийн этгээд “Смарт рийл эстэйтс” ХХК-ийг эрэн сурвалжлах нь зүйтэй байна гэжээ.
Нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Оюунчимэг нь “Смарт рийл эстэйтс” ХХК-д холбогдуулан 5,112,000 төгрөг гаргуулахаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч “хариуцагчийн оршин суугаа хаяг тодорхойгүй” гэсэн үндэслэлээр тус шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШЗ2017/01035 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч С.Оюунчимэгт иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Смарт рийл эстэйтс” ХХК /итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд/-ийг эрэн сурвалжлуулах шаардлага бий болсон гэж үзэх үндэслэл дээрх шүүгчийн захирамжаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна.
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Смарт рийл эстэйтс” ХХК /итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд/-ийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хаягийн талаарх баримтыг хүсэлт гаргагч С.Оюунчимэгт мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгав.
“Смарт рийл эстэйтс” ХХК нь Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж, Амины орон сууц-12 тоотод оршин байсан болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Смарт рийл эстэйтс” ХХК /итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд/-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан “Смарт рийл эстэйтс” ХХК /итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд/-ийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагч С.Оюунчимэгт мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
Хүсэлт гаргагч Зурхайч овогт Сандуйгийн Оюунчимэг Утас: 9909-5084 Хаяг: Баянгол дүүрэг, 22 хороо, Зүүн наран 18-71 тоот
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд: “Смарт рийл эстэйтс” ХХК /итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд/ Оршин байсан хаяг: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж, Амины орон сууц-12 тоот Утас: 8911-1281, 8908-8880, 8911-1283, 8908-8004
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ
| ||||
| |