Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/265

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анударь, улсын яллагч Х.Нарангуа, шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108 01774 0085 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Х овгийн Б.Б, *** оны ** дүгээр сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “***” ХХК-д жолооч ажилтай, ам бүл найм, эцэг, дүү нарын хамт Төв аймгийн Борнуур сум, Нарт баг, *** оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд:

- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан.

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1152 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр такси үйлчилгээнд явж байхдаа, хохирогч У.М-ын таксинд орхиж буусан гээгдэл эд хөрөнгө болох Самсунг А51 загварын гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж 813,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.         

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, Х овгийн Б.Б нь 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр такси үйлчилгээнд явж байхдаа, хохирогч У.М-ын Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, Зээлийн ** тоот гэртээ хүргүүлээд буухдаа мартаж орхисон “Samsung A51” загварын гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад 813,000.0 төгрөгийн хохирол учруулсан” хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

    1. Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Тухайлбал, хохирогч У.М-ын “...2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 16 цаг 38 минутын орчимд 21 дүгээр хороололд дээр явж байхад аав У над руу залгаад давхар дэлгүүрийн буудал дээр байна гэхээр нь би хүлээж бай цуг явъя гэж ярьсан. Би давхар дэлгүүрийн буудал дээр очоод аав У-тай уулзаад такси барьж гэр рүүгээ харихаар гар өргөөд зогсож байхад Соната 6 маркийн саарал өнгийн машин зогссон. Аав бид хоёр тэр машины хойд талын суудал дээр суугаад Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо Зээлийн ** тоотод гэртээ хүргүүлсэн. Тухайн үед машинаас буугаад гэртээ ортол миний гар утас байхгүй байхаар нь утас руугаа залгаж үзтэл авахаар нь “би утсаа машинд чинь үлдээсэн байна” гэж хэлэхэд тэр хүн “харин утсаа үлдээчихсэн байна, сая сонслоо, би хол явчихсан байна буцаагаад аваачаад өгье” гэж хэлсэн. 2 минутын дараа дахин залгахад утас маань холбогдохгүй болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал), гэрч Т.У-ын “...Охин бид хоёр такси барья гээд гар өргөөд байж байхад саарал өнгийн Соната 6 маркийн машинтай хүн ирээд таксинд явна гэхээр нь бид хоёр Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, Зээлийн ** дугаар гудамж ** тоотод байх гэртээ хүргүүлсэн. Гэртээ ороод байж байхад охин утас байхгүй байна гээд залгахад утсаа аваагүй. Дахиад залгахад таксины жолооч утсыг нь аваад “хол явж байна буцаагаад аваад очъё” гэж хэлээд ирээгүй...” гэсэн мэдүүлэг мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дахь тал), Мастер үнэлгээ ХХК-ий “...Самсунг фирмийн А51 загварын гар утсыг 800,000 төгрөг, гар утасны гэрийг 8,000 төгрөгөөр, виза карт 5,000 төгрөгөөр нийт 813,000 төгрөг…” гэсэн тодорхойлолт (хавтаст хэргийн 38-39 дэх тал), Юнител” ХХК-ий 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 05-01/6816 дугаартай “...*** имей кодтой утсанд *** дугаарыг 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс хойш хийж ашигласан байна. *** дугаарын эзэмшигч нь Б овогтой Б, *** байна...” гэсэн албан бичиг (хавтаст хэргийн 83 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч Б.Б нь мөрдөн байцаалтад яллагдагчаар “...Би *** улсын дугаартай “Соната 6” маркийн мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгсэлтэй. 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хувиараа таксинд явж байгаад 21 дүгээр хороолол өнгөрөөд Баянхошууны зам өгсөж байхад эрэгтэй, эмэгтэй 2 хүн таксинд суусан. Тухайн хүмүүс Баруун салаанаас арай наана хүргүүлсэн. Хүмүүсийг булгаад Баянхошууны тойрог орчимд явж байхад машин дотор утас дуугараад байхаар нь үзтэл машины арын суудал дээр Самсунг А51 маркийн гар утас байсан. Уг утсыг авч ярихад “утсаа машинд чинь үлдээчихсэн байна, буцаагаад аваад ир” гээд дээрэнгүй өнгөөр ярихаар нь утсаа салгаад уг утсанд өөрийн ***, *** дугаартай сим картыг хийж ашиглаж байсан. 2021 оны 12 дугаар сарын 08-ны өөр над руу цагдаагаас яриад уг утсыг цагдаад хураалгасан. Гар утастай хамт байсан кейс, виза картыг хаячихсан. Гар утасны эзэнд учирсан хохирлыг бүрэн барагдуулна...” гэж  (хавтаст хэргийн 47 дахь тал) мэдүүлсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж, харамсаж байгаа бөгөөд гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан...” гэснийг дурдах нь зүйтэй.

            Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Б нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.

    1. Эрх зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлд заасан “алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэдэгт төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг олж авсан этгээд өөрийнх нь биш гэдгийг мэдсээр байж өөрийн өмчийн адил захиран зарцуулсан санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Б-ийн үйлдэл нь уг гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас гээгдэл эд зүйл болох “Samsung” фирмийн “А51” загварын гар утсыг 800,000.0 төгрөгөөр, мөн гар утасны гэрийг 8,000.0 төгрөгөөр, VISA картыг 5,000.0 төгрөгөөр тус тус үндэслэл бүхий үнэлсэн байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ нь 813,000.0 төгрөг буюу Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь заалтад заасан бага хэмжээнээс дээш байгаа нь “алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргийн материаллаг шинжийг хангажээ.

Шүүгдэгч Б.Б-ийн үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Б-ийг алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэргийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Хохирогч У.М нь “өөрийн гар утсаа бүрэн бүтэн хүлээн авсан тул цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн байх шүүгдэгч Б.Б-ийг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

    1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй. Шүүгдэгчид авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэвээр үргэлжлүүлэх саналтай байна...” гэв.

Шүүгдэгч: “...ялын талаар хэлэх саналгүй...” гэв.

    1. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 53 дахь тал), эд хөрөнгөгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 54 дэх тал), Хаан банкны депозит дансны хуулга (хавтаст хэргийн 59-75 дахь тал), оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 55 дахь тал), шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох талаар тодорхойлолт (хавтаст хэргийн 56 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 57 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 58 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 50 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 87-109 дэх тал), эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон талаарх 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 10-2/87 дугаартай албан бичиг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

 Иймд улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгыг хангана гэж үзэв.

Шүүгдэгч Б.Б-д оногдуулсан зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан 90 хоног буюу 3 сарын үндсэн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоолоо.

    1. Бусад асуудлын талаар

           Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Х овгийн Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснааралдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Б-д зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Б-д сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Б.БАТАА