Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/282

 

 

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин, улсын яллагч Х.Нарангуа, шүүгдэгч Д.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00248 0244 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овгийн Д.С, *** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “***” ХХК-нд мужаан ажилтай, ам бүл дөрөв, эхнэр, хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хорооллын 214 байрны 216 тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд:

-2006 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн сум дундын шүүхийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2,703,000 төгрөгийн ялаар шийтгүүлсэн.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Д.С нь 2021 оны 12 дугаар сарын 22-ны шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хорооллын гадна иргэн Б.О-ын эзэмшлийн *** улсын дугаартай “Nissan cube” маркийн тээврийн хэрэгслийн арын хаалганы шилийг хагалж, багажийн хаалга, арын кирлог өмдний тэлээгээр цохиж, хууль бусаар гэмтээж 700,150 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан   гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, Б овгийн Д.С нь 2021 оны 12 дугаар сарын 22-ны шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хорооллын гадна хохирогч Б.О-ын эзэмшлийн *** улсын дугаартай “Nissan cube” маркийн тээврийн хэрэгслийн баруун хойд хаалганы жижиг, том 2 шилийг хагалж, тээшний хаалга, баруун хойд баганыг өмдний тэлээгээр цохиж гэмтээн 700,150.0 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

    1. Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Тухайлбал, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 03 дахь тал), “...иргэн Г.Төгөлдөрөөс 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 03 цаг 15 минутад ирүүлсэн “...Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хорооллын 116 дугаар байрны гадна *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн цонхыг хагалсан байна...” гэсэн гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дахь тал), тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “...*** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь тус хэлтсийн хашаанд ертөнцийн зүгээр зүүн зүг рүү харуулж зогсоосон байх ба баруун хойд хаалганы шил 2 газар хагарсан. Баруун хаалганы дээд ирмэг хүрээнд хонхойж будаг халцарсан, арын багажийн хаалганы баруун дээд гол хэсэгт хонхойж будаг халцарсан байх ба эвдэрч гэмтсэн хагарсан шилийг гэрэл зургаар бэхжүүлэв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 19-20 дахь тал), хохирогч Б.О-ын “...*** улсын дугаартай тээврийн хэрэгслийг би 2019 онд зээлээр худалдан авч байсан. Миний машин одоо “***” Банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байгаа. 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр манай ах Г.Т надаас миний машиныг гуйгаад аваад явсан. Өглөө нь ажилдаа явах гээд машинаа асаасан чинь миний машины жолоочийн арын хаалганы цонх нь хагарсан, хойд багажийн хаалга хонхойж будаг нь халцарсан, хойд хаалганы кирло хэсэгт хонхойж будаг нь халцарсан байсан. Ахаас асуусан чинь нэг согтуу нөхөр тэлээгээрээ ийм болгосон, би цагдаад өгсөн байгаа гэж хэлсэн..." гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дахь тал), гэрч Г.Т-ийн “...2021 оны 12 дугаар сарын 22-ны шөнө 01 цагийн үед ажлаа тараад гэр рүүгээ төрсөн дүү О-ын ***улсын дугаартай машинаар явж байгаад замд архи уусан нэг эрэгтэй хүн гараа өргөж байхаар нь бензиний мөнгө гэж бодоод тэр хүнийг авсан. Тэр хүн Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хороолол оръё гэсэн. Тэгээд 11 дүгээр байрны гадаа очоод машинаас буугаад “манай эхнэр рүү залгаад таксины мөнгө аваад гараад ир гэж хэл” гэхээр нь би өөрийн *** дугаараас *** дугаар руу залгахад холбогдох боломжгүй байсан. Тэр залуу надаас гар утсаа нэхээд байсан. Тэгэхээр нь би танай гэр үү ороод мөнгөө авчихъя гэсэн чинь “чамд мөнгө өгөхгүй, чи миний гар утсыг авсан биз дээ” гэхээр нь би “би аваагүй” гэсэн. Тэгтэл “цагдаа дуудъя” гэхээр нь “тэг тэг” гэж хэлээд арын байр руу алхаж байсан чинь араас зулгаагаад хоолой боохоор нь би эргэж хараад түлхэж унагаад нэг удаа өшиглөсөн. Тэгтэл тэр залуу тэлээгээ тайлаад нуруу руу 2 удаа ороолгохоор нь би зугтаад машиндаа суусан чинь араас ирээд машины арын багаж хэсэг рүү 1 удаа, жолооч талын арын цонх болон цонхны дээд талд тус тус цохисон. Дүү О-ын машины арын багаж хэсэгт 3-4 хуруу орчим хонхойж будаг нь халцарсан. Жолооч талын арын кирлоны дээд талд хонхойж будаг нь халцарсан, жолоочийн арын хаалганы 2 ширхэг цонх хагарсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал), Мастер үнэлгээ ХХК-ий хохирлын үнэлгээний “...баруун хойд хаалганы том, жижиг шил 400,000 төгрөг, багажийн хаалга засварлах 41,400 төгрөг, баруун хойд багана засварлах 73,200 төгрөг, эд анги солих зардал 30,000, багажийн хаалга, багана будах зардал 118,950 төгрөг, будаг, туслах материалын үнэ 36,600 төгрөг, шууд бус зардал 185,550 төгрөг, нийт 700,150 төгрөг” гэсэн авто машин техникийн эвдрэл, хохирлын тайлан (хавтаст хэргийн 16-17 дахь тал) зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч Д.С нь яллагдагчаар “...2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ажлаа тараад ажлын газрын дүү Б-ийн гэрт очиж 1 шил 0.75 литрийн Чингис архи, 2.5 литрийн пиво хувааж уугаад би нэлээн согтоод такси бариад гэр рүүгээ явсан. Нэг мэдсэн чинь гэрийнхээ гадаа таксины жолоочтой маргалдчихсан зогсож байсан. Болсон асуудлыг тодорхой сайн санахгүй байна. Үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй, би хохирлыг бүрэн барагдуулна. Би тухайн үед тэлээтэй явж байсан өглөө босоод ирсэн тэлээ байхгүй байсан. Хаана хаяснаа мэдэхгүй байна. Би тухайн машиныг үзэхэд миний тэлээний ором гарч хонхойсон байсан...” гэж (хавтаст хэргийн 28 дахь тал) мэдүүлсэн нь хохирогчийн мэдүүлэг, авто машины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтээр батлагдаж байх тул түүний хэргээ хүлээсэн мэдүүлгийг яллах талын нотлох баримтаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох үндэслэлтэй.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

1.3.     Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.С нь бага боловсролтой боловч монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 85 дугаартай тогтоолоор хангаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлсэн нь оролцогчийн эрхийг зөрчөөгүй байна.

1.4.     Эрх зүйн дүгнэлт

Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөлтэй байгууллагаас хохирогч Б.О-ын тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл, гэмтлийг засварлах, солих зардлыг нийт 700,150 төгрөгөөр үндэслэл бүхий үнэлсэн бөгөөд шүүх уг хөрөнгийн үнэлгээний тайланг нотлох баримтаар тооцсон тул энэ гэмт хэргийн улмаас 700,150.0 төгрөгийн буюу хууль зүйн хувьд бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэж үзэв.

Шүүгдэгч Д.С-ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Б.О-ын тээврийн хэрэгслийг хууль бусаар гэмтээж хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Д.С-ийг эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.5.      Хохирол, хор уршиг

Хохирогч Б.О нь “хохирлоо авсан, гомдол саналгүй” гэж мэдүүлсэн байх тул  шүүгдэгч Д.С-ийг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

            2.1.     Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Д.С нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Д.С-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 35 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 36 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 37 дахь тал),  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 38 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбар (шинээр гаргаж өгсөн), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 32 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 33 дахь тал), эд хөрөнгийн лавлагаа (хавтаст хэргийн 34 дэх тал), Хаан банкны депозит дансны хуулга (хавтаст хэргийн 42-48 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.

2.2.     Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.С нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Б овгийн Д.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч Д.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-т оногдуулсан зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.С-т сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.С нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.С-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Б.БАТАА