Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/837

 

 

 

 

 

 

 

 

 2021          12           14                                        837

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюун даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч: Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Эрдэнэчимэг,

шүүгдэгч: О.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Шатар овогт Одгэрэлийн Нд холбогдох эрүүгийн 2103000000361 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1993 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, малын их эмч мэргэжилтэй, \Н.

 

Шүүгдэгч О.Н нь 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 23 цаг 32 минутын үед Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Төмөр замын удирдах газрын хойд замд “Volkswagen Passat” загварын, 69-75 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д заасан “...согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”,

12.3-т заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Н.Бг мөргөсний улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Н мэдүүлэхдээ

Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед унаж явсан автомашин маань манай найз залуугийн машин байсан. Би эзэмшдэг боловч нэрээ шилжүүлээгүй байсан юм. Одоо хохирогчийн биеийн байдал сайн байгаа. Түүнтэй утсаар ярьсан юм. Хохиролд 8 сая төгрөг төлсөн. Уг мөнгийг би банкнаас зээл авч төлсөн. Хохирогч цаашид эмчилгээ хийлгэвэл гарсан зардлыг төлнө. Улсын яллагчтай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаанд тэнсэх эрүүгийн хариуцлагын саналыг тохиролцож, сайн дураад хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв. 

 

Мөрдөн байцаалтад хохирогч- Н.Б мэдүүлэхдээ:

Би 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 21 цаг өнгөрч байхад Баруун 4 замын урд байрлах “Рокмон” төвд ажлын хамтрагч нартайгаа уулзаж, архи ууж байгаад шөнө 23 цаг өнгөрч байхад гараад, гэртээ харихаар Төмөр замын удирдах газрын урд зогсоолд машин руугаа очиход жолооч замын хойд талд зогсож байхаар нь зам хөндлөн ертөнцийн зүгээр урдаас хойш гарах үед зүүн талаас машин ирээд намайг мөргөсөн. Нэг мэдэхэд зам дээр доошоо харсан байдалтай хэвтэж байсан ба босох гэхэд толгойны урд дух, хамар, амнаас цус гарсан байсан. Тэр үед манай жолооч ирчихсэн байхаар нь босож, машиндаа орж суугаад байж байхад замын цагдаа ирээд араас нь түргэн ирж намайг үзчихээд Гэмтлийн эмнэлэг рүү яаралтай яв гэхээр нь машинаараа Гэмтлийн эмнэлэгт хүргүүлж, ил шархнуудыг боолгож, зүүн өвдөгтөө оёдол тавиулаад нарийн шинжилгээ өгөхөд хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гээд Гэмтлийн эмнэлгийн Тархины тасагт 6 хоног хэвтэн эмчлүүлээд гарсан. Одоо гэрээр эмчилгээ хийлгэж байгаа. Явган хүний гарц харагдаагүй болохоор ойртон ирж буй тээврийн хэрэгслийг өнгөрүүлээд зам хөндлөн гарсан юмаа. Би осол гаргасан машиныг ирж байгааг хараагүй. Гэнэт л гарч ирээд мөргөсөн. Би эмчилгээнд одоогийн байдлаар 2 сая гаруй төгрөг зарцуулаад байна. Цаашид эм тарианы зардал нэмэгдэж гарна гэсэн.

О.Н нь миний эмчилгээтэй холбоотой нэхэмжилсэн 7 916 124 төгрөгийг төлж барагдуулсан, биеийн байдал сайжирсантай холбоотойгоор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Цаашид гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэжээ. (хэргийн 25, 96 дугаар хуудас)

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч- Б.Ба мэдүүлэхдээ:

“Volkswagen Passat” загварын, 69-75 УНҮ улсын дугаартай авто машиныг 2018 онд худалдаж аваад өөрийн нэр дээр тээврийн хэрэгслийн гэрчилгээг гаргуулсан. Тэгээд 2020 оноос эхэлж манай найз хүүхэн О.Н унаж хэрэглэдэг болсон. 2020 оны сүүлээр бид хоёр салж тус тусдаа амьдрах болоод би уг авто машиныг О.Нд өгсөн ч нэр дээр нь шилжүүлж чадаагүй явсаар өдийг хүрсэн юм. Миний хувьд уг авто машины эвдрэлийн үнэлгээг хийлгэх шаардлагагүй. Нэр шилжүүлээгүй болохоос О.Нийн авто машин юмаа. Миний зүгээс нэхэмжпэх зүйл санал хүсэлт байхгүй гэжээ. (хэргийн 30 дугаар хуудас)

Мөрдөн байцаалтад гэрч- Г.Би мэдүүлэхдээ:

Би 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 20 цагийн үед ажлаа тараад найз нартайгаа уулзаад, ажлаараа ороод гарах үед ажлын газрын Нтэй тааралдаад хамт Циркийн тэнд “Их монгол” ресторанд ажлынхаа хүмүүстэй уулзаж, тэндээ хоол идэж, дундаа нэг шил 0.75 граммын архи авч хувааж уугаад, шөнө 23 цаг өнгөрч байхад гэртээ харихаар гарч, Н машинаа барьж би жолоочийн хажууд талын урд суудалд суугаад явж байхад гэнэт осол болсон байсан. Би тухайн үед нэлээн согтуу байсан болохоор юунаас болж осол гарсан, хаагуур яаж явсныг мэдэхгүй байна. Миний биед ил харагдах гэмтэл гэвэл баруун чихний арын үзүүр хэсэг бага зэрэг хөхөрсөн. Хүзүү хөдлөхгүй хөндүүрлээд байсан болохоор гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлж, нарийн шинжилгээ өгөхөд хугарал гэмтэл байхгүй гэсэн. Одоо миний биеийн байдал хэвийн болсон тул Нээс нэхэмжлэх зүйл санал гомдол байхгүй гэжээ. (хэргийн 37 дугаар хуудас)

2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд:

Зам тээврийн осол хэрэг үйлдэгдсэн гэх газар нь Баянгол дүргийн 4 дүгээр хороо, Төмөр замын удирдах газрын ертөнцийн зүгээр хойд замд цайвар цэнхэр өнгийн “Volkswagen Passat” загварын, 69-75 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын урд талын боржур мөргөж, хашлага давж, ертөнцийн зүгээр зүүн хойноос баруун урагшаа харж зогссон, гэрэлтүүлгийн шон болон ургаа мод мөргөсөн байлаа. Тээврийн хэрэгслийн жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг драгер багажаар шалгахад 0.54 хувийн согтуурсан нь тогтоогдов гэжээ. (хэргийн 7-8 дугаар хуудас)

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 10200 тоот дүгнэлтэд:

1. Н.Бгийн биед гавлын духны зүүн урд хэсгээс гадна, дотор ялтас дайран зүүн нүдний ухархайн дээд хана хүрсэн шугаман хугарал, зүүн өвдөг, дээд уруулд шарх, 2 нүдний дээд, доод зовхи, дух, хамар, зүүн хацар, чамархай, доод эрүү, баруун шуу, сарвуу, зүүн өвдөг, шилбэнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна.

5. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэжээ. (хэргийн 55 дугаар хуудас)

 

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 300 дугаартай магадалгаанд:

1. “Volkswagen Passat” загварын, 69-75 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч О.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.

12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Н.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д заасан “явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах хайс, хашлагагүй хэсгээр ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц, хөндлөн гарна” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэл болон бусад нөхцөл байдлаас болсон гэж үзэх үндэслэлгүй байна гэжээ. (хэргийн 69 дүгээр хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

О.Н нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 83 дугаар хуудас)

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

Шүүгдэгч О.Н нь 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 23 цаг 32 минутын үед Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Төмөр замын удирдах газрын хойд замд “Volkswagen Passat” загварын, 69-75 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д заасан “...согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”,

12.3-т заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас хохирогч Н.Бг мөргөж, гавлын духны зүүн урд хэсгээс гадна, дотор ялтас дайран зүүн нүдний ухархайн дээд хана хүрсэн шугаман хугарал, зүүн өвдөг, дээд уруулд шарх, 2 нүдний дээд, доод зовхи, дух, хамар, зүүн хацар, чамархай, доод эрүү, баруун шуу, сарвуу, зүүн өвдөг, шилбэнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Н.Б, гэрч Г.Би, иргэний нэхэмжлэгч Б.Ба нарын мэдүүлэг, 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 27ы өдрийн 10200 тоот дүгнэлт, Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 300 дугаар магадалгаа, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зураг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

Тээврийн прокурорын газраас О.Нд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн тул шүүгдэгчийг согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Хохирогч Н.Б нь өөрт учирсан хүндэвтэр гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой 8 000 000 төгрөгийг О.Нээс хүлээн авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүгдэгч О.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч О.Нийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр, 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэх эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрч байна.

 

Шүүх шүүгдэгч О.Нд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэсэн тул Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар О.Нийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолж, 796605 дугаартай В ангиллын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоолын хувийн хамт Шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгав.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан си ди бичлэг 1 ширхгийг хэрэгт хавсарган хадгалж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Нийг согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч О.Нийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр, 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар О.Н нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж,

согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугуй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар О.Н нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах,

үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч О.Нд оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар О.Нийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 6 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолж, 796605 дугаартай В ангиллын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоолын хувийн хамт Шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

7. Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой цаашид гарсан эмчилгээний зардлыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгч О.Нээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Н цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан си ди бичлэг 1 ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалсугай. 

10. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.Нд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.ОЮУН