| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
| Хэргийн индекс | 148/2018/00558/И |
| Дугаар | 001/ХТ2020/00047 |
| Огноо | 2020-01-30 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2020 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 001/ХТ2020/00047
Б.Э-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 147/ШШ2019/00056 дугаар шийдвэр,
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 122/М/2019/0004 дүгээр магадлалтай,
Нэхэмжлэгч: Б.Э-
Хариуцагч: Д.Н-д холбогдох
Үндсэн нэхэмжлэл: хохирол 4,608,000 төгрөг гаргуулах
Сөрөг нэхэмжлэл: хохирол 3,985,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг үндэслэн
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: Миний бие 2018-10-05-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1-р баг, Эрдэнэмандал хийдийн баруун урд талын 4 замын гол замаар, зүүн талаас баруун чиглэлд өөрийн Toyota Prius-20 маркийн машинтай явж байсан. Гэтэл баруун гар тал буюу туслах замаас хар өнгийн Honda insight маркийн ..-71 УНЯ улсын дугаартай машин хурдтай орж ирж, мөргөлдсөн. Холбогдох хууль хяналтын байгууллагууд шалгаад Д.Н-г буруутай гэдгийг тогтоосон. Гэтэл өдий хүртэл миний хохирлыг барагдуулахгүй байна. Иймд миний эд хөрөнгөд учирсан хохирол 4,608,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Д.Н- сөрөг нэхэмжлэл гаргасан байх бөгөөд намайг 2018-10-05-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон хурд хэтрүүлсэн гэдэг. Зөрчлийн хэргийн материалаар Д.Н-гийн буруутай үйлдлээс болж зам тээврийн осол гарсан нь нотлогддог. Д.Н- өөрийнхөө үйлдлийг зөвшөөрөхгүй тохиолдолд зөрчлийн хэргийг шийдвэрлэсэн ба уг шийдвэрт хуульд заагдсан үндэслэлийн дагуу гомдол гаргах боломжтой байсан. Хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш, хариуцлага гарцаагүй байх зарчмын хувьд Д.Н-гийн зүгээс гаргаж буй сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: 2018-10-05-ны өдөр Баруун-Урт сумын Эрдэнэмандал хийдийн баруун урд талын 4 замын уулзварт Honda insight маркийн ..-71 УНЯ улсын дугаартай машин жолоодож, хойноосоо урагшаа чиглэлээр бага хурдтай явж байсан. 2 талаас машин байхгүйг хараад гол зам руу ортол гол замаас Toyota Prius-20 маркийн ..-18 СҮЭ улсын дугаартай машин хурдтай ирж мөргөн зам тээврийн осол гаргасан. Үүнээс болж би мөн миний хажууд сууж явсан хүн гэмтсэн. Осол маш богино хугацаанд болсон. Гэтэл нэхэмжлэлдээ намайг хурдтай явж, мөргөсөн мэт үйл явдлыг гуйвуулан худал бичсэн байна. Б.Э- нь намайг “...буруутай тул төлбөр мөнгө өг...” гэж янз бүрээр ярьж, дарамтлах үйлдэл удаа дараа гаргаж байгаа. Toyota Prius-20 маркийн машины хувьд 2004 онд үйлдвэрлэгдэж, 2013 онд орж ирсэн, нэлээдгүй хугацаагаар ашиглагдсан машин байсан. Миний зүгээс зохицоод даатгалаар шийдүүлээд 2 сая төгрөгийг өгье гэхэд Б.Э- нь зөвшөөрөөгүй бөгөөд тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ 4,608,000 төгрөг болсон гэж нэхэж байгааг зөвшөөрөхгүй. Осол болох үед миний унаж явсан машин гол замын голд, Prius-20 маркийн машины үзэгдэх орчинд орсон байсан. Toyota Prius-20 маркийн машины жолооч тухайн үед тормос гишгээгүй, дуут дохио өгөөгүй, хурдаа хасаагүй. Цагдаад зорчигчдоо суудлын бүс зүүлгэсэн, тормос гишгэсэн гэж худал мэдүүлэг өгсөн байсан. Осол гарсан үеийн зургаас харахад Toyota Prius-20 маркийн машины жолооч хурд хэтрүүлсэн үйлдэл тодорхой харагддаг. Урдаа байгаа машиныг харахгүй мөргөсөн учир жолооч согтуу, техникийн бүрэн бүтэн байдал хангаагүй, хурд хэтрүүлсэн гэж үзэж байна. Миний унаж явсан Honda insight маркийн ..-71 УНЯ улсын дугаартай машин бол манай найзын машин юм. 2009 онд үйлдвэрлэгдсэн, Монголд 2018 онд орж ирсэн, аваад сар гаруй болж байсан. Эвдрэлийг Сүхбаатар аймагт оношлохгүй гэсэн тул хот руу явуулж оношилгоо, үнэлгээг хийлгэсэн. Эвдрэл нь Toyota Prius-20 маркийн машинаас их гарсан бөгөөд үнэлгээгээр тогтоогдсон 3,985,000 төгрөгийг Б.Э-аас гаргуулан хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.
Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 147/ШШ2019/00056 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.3, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Н-гоос 3,686,400 төгрөг гаргуулж Б.Э-д олгож, нэхэмжлэлээс 921,600 төгрөгийг сөрөг нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжинд Б.Э-аас 88,678 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах, Д.Н-гоос 73,933 төгрөг гаргуулж Б.Э-д олгох, Д.Н-гоос төлсөн 78,710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 122/М/2019/0004 дүгээр магадлалаар мөн аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 56 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас 4,608,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох, Д.Н-гийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид Б.Э-аас 88,678 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, Д.Н-гоос 88,678 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох, Д.Н-гоос төлсөн 78,710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.
Хариуцагч хяналтын гомдолдоо: Магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ИХШХШТХ-н 172.1, 172.2-д заасныг зөрчсөн. Б.Э-ын итгэмжлэлийн хугацаа дууссан байхад итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авч ИХШХШТХ-ийг зөрчсөн байна. Б.Э-ын машин худалдагдсан гэх боловч гэрээ байхгүй.Иймд гэм хороос учирсан бодит хохирлыг тогтоох боломжгүй байгаа. Тухайн үд би хамгаалалтын бүсээ зүүж яваагүйгээс Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авахуулсан ба энэ нь осол гарахад нөлөөлсөн нөхцөл биш юм. Төв замын машин маш хурдтай орж ирсний улмаас миний унаж явсан машиныг мөргөсөн болно. Давж заалдах шатны шүүх нь ИХ-ийн 514.1 дэх заалт буюу хохирогчийн гэм буруу, эд хөрөнгийн байдлыг харгалзан үзэж төлөх хохирлын хэмжээг бууруулах хэдий ч огт авч үзээгүйгээр шийдсэн байна. Иргэний хэргийн шүүх нь эд хөрөнгийн бодит үнэлгээ болон цугларсан нотлох баримтад үндэслэн хэргийг шийдээгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шаардлага бодитой тогтоогдохгүй зөвхөн надад авсан Зөрчлийн тухай хуулийн арга хэмжээг барьж надаас нэхэмжлээд байгааг анхаарах нь зүйтэй байсан. Иргэний хууль нь эдийн болон эдийн бус баялгийн эрхийг биеэ дааж шийдвэрлэдэг онцлогтой бие даасан хууль гэдгийг хуульч надад зөвлөсөн зөрчил тухайн үед Зөрчлийн тухай хуулиараа арга хэмжээ аваад дууссан. Дээрээс нь миний бие гэрч оруулъя, өөрийн машины үнэлгээг хийлгээд өөрийн машинаа засуулаад жолоочийн хариуцлагын даатгал нь хүртэл миний нэр дээр байдаг одоо хүртэл унаж байхад сөрөг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг авч үзээгүй байна. Миний бие хууль ёсны эзэмшигч, ашиглагч учир эзэмшилд учирсан хохирлоо Б.Э-аас шаардсан. Машин засуулсан баримтууд хэрэгт байгаа. Харин итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шаардаад байгаа машины хувьд хэрэг шийдвэрлэгдээгүй байхад бусдад худалдаж, машины өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нь өөрчлөгдсөнөөр Б.Э- нь нэхэмжлэх эрхгүй болж таарна. Ингэхдээ Б.Э-ын хувьд машиныг худалдах-худалдан авах гэрээгээр шилжүүлсэн баримт, тухайн машиныг засуулсан баримт яг тэр автомашины өндөр үнэлгээ гаргуулсан тэр үнэлгээнийхээ дагуу засуулсан хуульд заасан баримтуудад үндэслэж нэхэмжлэлийг зөвшөөрөх ёстой байсан ч баримтгүйгээр шийдвэрлэсэн. Хуульд зааснаар албан ёсны орлого, зарлагын баримт материалууд байх ёстой хэдий ч тэгээгүй байна. Миний бие нь зөрчлийг шалгасан цагдаа нь нотлох баримт цуглуулахдаа осол болох үед техникийн талаар хурд хэмжих, мөн жолоочийг согтууруулах ундаа, мансууруулах бодисыг шалгаагүй шууд намайг буруутай гэж үзсэн нь нотлох баримт хангалтгүй гэж үзсэн болохоос шууд нэхэмжлэгчийг согтуу гэж хэлээгүй. Мөн миний машины хурд 20км/цагийн хурдтай хоёр талаа хараад төв замын хөдөлгөөнд орсон гэдгээ ярьсан болно. Гэтэл миний удаа дараа тавьсан нэхэмжлэгчийн машинд дахин үнэлгээ хийлгэх, гэрчийг оролцуулах зэрэг хүсэлтүүдийг шүүх хүлээж аваагүйгээр шийдсэн хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн нотлох баримтыг тал бүрээс нь үнэлж үзээгүйд гомдолтой байна. ИХШХШТХ-н 40.3 шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч баримт байж болохгүй хэдий ч миний тэгш эрхийн үндсэн дээр өөрийн холбогдох баримтыг өгөх гэсэн боловч авч үзэж хүсэлтийг шийдвэрлээгүй билээ. ИХШХШТХ-ийн 43.1 хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно. Иймд тухайн үйл явдлыг сайн мэдэх гэрчийг оруулах хүсэлт тавьсан ч анхан шатны хүлээж аваагүй билээ. Сүхбаатар аймгийн төв замын тэмдэглэгээ байгаа хэдий ч гэрлэн дохио байхгүй, төв зам гэхээр дуртай нь хурд хэтрүүлж явдаг бусад оролцогч нараа хохироож байгаа нь бодит байдал билээ. Жолооч бүр аль аль чиглэлд явж байна. Тэр бүр анхаарал болгоомжтой оролцох ёстой билээ. ИХШХШТХ-н 25.1.3-д заасан эрх үүргийг эдэлж чадаагүйг хоёр шатны шүүхээс илэрхий харагдах билээ. Иймд гомдол гаргаж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Б.Э- 2018-10-24-ний өдөр шүүхэд хандан, Д.Н-гоос зам тээврийн ослын улмаас тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 4,608,000 төгрөг шаардсан байна.
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, учирсан хохиролд 3,985,000 төгрөгийг Б.Э-аас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо “...Д.Н- хурд тохируулж яваагүйгээс зам тээврийн осол гарсан нь тогтоогдсон байна...нэхэмжлэгчийн үйлдлээс хохирлын хэмжээ нэмэгдсэн гэж үзэхээр байгаа тул хохирлын хэмжээг 20%-р бууруулна... хариуцагч нь сөрөг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байна...” гэсэн үндэслэл заасан байна.
Давж заалдах шатны шүүх зохигчийн гомдлоор хэргийг хянаж “...нэхэмжлэгч замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна...” гэж дүгнээд, шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийг бүрэн хангажээ.
Хариуцагч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “...итгэмжлэлийн хугацаа дууссан байхад гомдлыг хүлээн авч хууль зөрчсөн.... гэм хороос учирсан бодит хохирлыг тогтоох боломжгүй байсныг шүүх анхаараагүй... зөрчлийн арга хэмжээ нь осол гарсантай холбоогүй...шүүх нотлох баримтад үндэслэн хэргийг шийдээгүй.... сөрөг нэхэмжлэлийг эрхгүй этгээд гаргасан гэсэн нь буруу...хүсэлтүүдийг хүлээж аваагүй...” гэсэн үндэслэл заасан байна.
Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
1. Хэргийг хянан шийдвэрлэхэд шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ.
а/. Хариуцагч гэрч асуулгах, машины эвдэрсэн эд ангийн үнэлгээг дахин хийлгэх хүсэлт гаргасан /хх56/ бөгөөд энэ нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байхад шүүх хангаагүй буюу “шаардлагагүй...” гэж үзсэн үндэслэлээ заагаагүйгээс /хх 68/ гадна, хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй /хх 69/ байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт нийцээгүй, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулсан нь мөн хуулийн 168.1.7 дахь хэсгийг зөрчсөн байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Б.Э- Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт өгсөн /хх7/ мэдүүлэгтээ “...ослын улмаас урд хоёр их гэрэл, гупер хагарсан, копут, крыло цөмөрсөн...” гэх боловч энэ эвдрэлийн улмаас “Автомашины техникийн үнэлгээний тайлан”-ийн жагсаалт /хх9-10/-д заасан эд ангийг засварлах шаардлагатай болсон нь, мөн Миг даалтгал ХХК-ийн захиалгаар хийсэн үнэлгээний хэмжээнд нэхэмжлэлийг хангасан үндэслэл ойлгомжгүй болжээ.
Тээврийн хэрэгсэл бусдад худалдагдсан нь үнэлгээнд дурдагдсан сэлбэгийн үнэ, ханшийг осол гарах үеийн байдлаар тодорхойлоход саад болохгүй.
б/. Осол болсон газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх 4-5/-д “...зураг авсан...” гэж бичсэн байх боловч энэ нь хэргийн 34, 75 дугаар талд буй фото зураг мөн эсэх нь тодорхойгүй, техникийн шинжээчийн 2018-10-08-ны өдрийн 67 дугаар дүгнэлт /хх 8/-г Д.Н-д танилцуулсан баримтгүй байна.
Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээч 2018-10-08-ны өдөр 67 дугаартай дүгнэлт гаргасан нь иргэний хэргийн оролцогчоос иргэний хэрэгт буй бичгийн баримтын
хэмжээнд шинжээч томилуулах хүсэлтийг хангахад саад болохгүйг шүүх анхаараагүй нь дутагдалтай болжээ.
2. Шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байхад энэ талаар тайлбар авалгүй хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73, 65,115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт нийцээгүй байна.
Тодруулбал, хариуцагч нь Honda insight маркийн ..-71 УНЯ улсын дугаартай автомашинд учирсан хохирлыг бусдад төлж барагдуулаад уг мөнгөө нэхэмжлэгчээс шаардсан эсхүл уг машины өмчлөгчийг төлөөлж сөрөг нэхэмжлэл гаргасан эсэх нь тодорхойгүй байна.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсны эцэст уг хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 147/ШШ2019/00056 дугаар шийдвэр, Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 122/М/2019/0004 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр төлсөн 88,680 төгрөгийг Д.Н-д захирамжаар буцааж олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Б.УНДРАХ