Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 61

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

улсын яллагч О.Пүрэвсүрэн,

хохирогч Б.Анхбаяр,

шүүгдэгч Д.Сүхбаатар,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганпүрэв /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0647/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч Авжийхан овгийн Дашренчингийн Сүхбаатарт холбогдох эрүүгийн 2016 2601 0892 дугаартай, 1 хавтас хэргийг 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр тус шүүхийн “А-1” танхимд, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Авжийхан овгийн Дашренчингийн Сүхбаатар Монгол Улсын иргэн, 1970 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Завхан аймгийн Тэлмэн суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа ажил эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 15-18 насны хүүхдүүдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 7-358 тоотод оршин суух, ИН70030413 дугаарын регистртэй, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч Д.Сүхбаатар нь согтуурсан үедээ 2016 оны 03 дугаар сарын 19-ний орой 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “МТ” шатахуун түгээх станцын ойролцоо эхнэр Б.Анхбаярыг “гэртээ ирж хоносонгүй гэх шалтгаанаар хардсаны улмаас” хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдан зодож бие махбодид нь “баруун шуу ясны далд хугарал, зүүн алганы цус хуралт бүхий” удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулсан хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Сүхбаатар мэдүүлэхдээ: 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ажлаасаа чөлөө аваад гэртээ ирэхэд эхнэр ирээгүй байсан. Тэр өдөр эхнэр гэртээ ирж хоноогүй. 2016 оны 03 дугаар сарын 19-ний өглөө эхнэр гэртээ ирээд, тэгээд ажилдаа явсан. Би орой нь эхнэрийнхээ ажил дээр очоод, тэндээсээ эхнэрийн Солонгос хэлний сургалтын төв дээр хамт очоод, эхнэр сургалтдаа суусан. Тэгээд тэндээсээ эхнэр бид хоёр хамт гараад, 22 цагийн үед машинтайгаа Тахилт дахь гэр рүүгээ харихаар явж байсан. Тэр үед эхнэртээ “чи хаагуур яваад байгаан” гэж хэлж, бид маргалдсан. Тэгсэн эхнэр гэнэт машинаа эргүүлээд аавынх руугаа явна гэсэн. Тэгээд эхнэр машинаа зогсоогоод дугуйны дорцов төмөр гаргаж ирээд намайг мөр рүү хальт цохихоор нь би дорцов төмрийг нь аваад буцаагаад эхнэрийнхээ гар руу цохисон чинь гэмтээсэн байна лээ. Энэ үед цагаан машинтай хоёр хүн ирэхээр нь би тэднээс айгаад зугтааж яваад явган гэртээ очсон, эхнэр гэртээ ирээгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Анхбаяр мэдүүлэхдээ: 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр манай ажлын хамт олон цэргийн баяр тэмдэглэсэн. Тэгээд оройтсон, гэр рүүгээ харих гэхээр хол байдаг тул харьж чадахгүй болж, Сүхбаатар руу ярих гэхээр гар утасгүй тул ярьж чадалгүй ажлын газрынхаа эгчийн гэрт очиж хоносон юм. Маргааш өглөө нь үүрээр 04 цагийн үед гэртээ очиход нөхөр Сүхбаатар согтуу унтаж байсан. Тэгээд би өглөө ажилдаа яваад орой 16 цагт ажил тарахад Сүхбаатар хүрээд ирсэн. Би 18 цагаас Солонгос хэлний сургалтад суудаг тул цаг арай болоогүй байсан болохоор дүүгийндээ  очиход Сүхбаатар намайг дагаж хамт очсон. Дараа нь Солонгос хэлний сургалт дээрээ очиход мөн дагаж очсон. Сургалтаа тараад Сүхбаатартай хамтдаа харих гээд явж байх замдаа бид хоорондоо муудалцаж маргалдсан. Манай нөхөр Д.Сүхбаатар байнга намайг харддаг. Би бүх үнэн явдлаа яриад байхад л ойлгодоггүй. Чи гадуур хонолоо гээд хэрүүл маргаан хийсэн. Би цэргийн баяр тэмдэглээд, ажлынхаа Хандаа эгчийнд хоноод ирлээ гэхэд ойлгохгүй байсан. Тэгээд би машинаасаа дугуйны дорцов төмөр аваад Д.Сүхбаатарыг айлгах гэтэл Д.Сүхбаатар надаас төмрийг булааж авч эргүүлээд миний гар руу цохисон. Энэ явдлаас хойш Д.Сүхбаатартай хамт амьдрахгүй байгаа. Би гарандаа гипс тавиулж сар гаран явсан. 200,000-300,000 төгрөгийн ясны эм, кальци зэрэг эм тариа авч хэрэглэсэн. Д.Сүхбаатар надад эм тарианы мөнгө гэж өгөөгүй. Д.Сүхбаатараас нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэв.

Мөн эрүүгийн 2016 2601 0892 дугаартай хэргээс хохирогч, гэрч нарын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад хохирогч Б.Анхбаярын 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр мэдүүлсэн: “...Би нөхөр Дашренчингийн Сүхбаатартай 1996 онд гэр бүл болсон. Бид хоёр 14-17 насны 3 хүүхэдтэй, манайх Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 7 дугаар гудамж 153 тоотод оршин суудаг. Манай нөхөр Д.Сүхбаатар намайг байнга хардаж хэрүүл хийж бараг 20 жил болсон, хардалтаас болж л хэрүүл хийдэг, түүнээс биш бид хоёрын дунд ахуйн хэрэгцээ, гэр орны ажил төрлөөс болж хэрүүл маргаан хийдэггүй. Манай нөхөр Д.Сүхбаатар хаанаас нь ийм санаа гардаг байнаа гэмээр хий хоосон зүйл бодож төсөөлж намайг хардаад байдаг юм. Тэр битгий хэл намайг хамаатан садан төрсөн ах дүү болох манай аавын ахых нь хүүхэдтэй хүртэл намайг хардаж нөхөр Сүхбаатар загнуулж байсан. 2016 оны 03 дугаар сарын 19-ний өдөр манай нөхөр Д.Сүхбаатар намайг хардаад дагаад яваад байсан. Энэ өдөр бид хоёр огт салаагүй хамт яваад байсан. Би энэ өглөө ажилдаа 10 цагт явсан, ажил тарах дөхөөд байж байтал 16 цагийн үед манай нөхөр Сүхбаатар манай ажил дээр ороод ирсэн. Ажлаас гараад намайг байнга дагаастай хамт явсан. Ажил тараад дүүгийндээ очиход хамт очсон, мөн
дүүгийнхээс гараад сургалтанд явахад хамт явсан. Тэндээс шууд гэрлүүгээ харихаар Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын 7 дугаар гудамж 358 тоотод очихоор явсан юм. Тэгтэл замдаа машин дотроо нөхөр Д.Сүхбаатар бид хоёр муудалцаж хэрэлдээд нөхөр Сүхбаатар нь намайг жолоо барьж явахад рулээс татаж замын хажуу руу орох шахаад би машинаа зогсоотол Сүхбаатар намайг зодох гээд байхаар нь би айлгах санаатай машины арын суудал доор байсан дорцов аваад зүгээр байгаарай гээд далайгаад зогсож байтал миний гарнаас мулт татаж аваад машины дугуйн дорцовоор намайг цохих гэхээр нь баруун гараараа хаатал миний гарыг хуга цохисон. Тэгтэл замаар явж байсан машинтай хоёр танихгүй хүн бууж ирээд намайг салгаж авсан. Тэр хоёр хүнийг машинаас бууж ирэхэд Сүхбаатар зугтаасан. Би цагдаад өргөдөл гомдол гаргалгүй хэд хоносон юм, тэгтэл дахиад хэд хоногийн дараа мөн л архиа уучихсан хэрүүл хийгээд байхаар нь цагдаад хандаж байна. 2016 оны 03 дугаар сарын 19-ний өдөр манай нөхөр Д.Сүхбаатар архи согтуурлах ундааны зүйл хэрэглэсэн байсан. ...Гомдолтой байна, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг [1] ,

            -2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр дахин мэдүүлсэн: “...2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ажлынхантайгаа цуг баяр тэмдэглэж яваад оройтчихоор нь ажлынхаа газрын эгчийнд хоносон бөгөөд Сүхбаатар утасгүй болохоор нь би хэлж чадаагүй юм. Тэр өдөр Сүхбаатар намайг хардаад үглээд байхаар нь би аавындаа очих гээд машинаа эргүүлэх гэсэн чинь Сүхбаатар руль булаацалдаад осол гаргачих гээд байхаар нь би замын хажуу руу шахаж зогстол Сүхбаатар машинаас буугаад тойроод ирэхээр нь би дорцов бариад “ойртвол цохино шүү” гэж хэлээд зогсож байтал ойртоод ирэхээр нь 1-2 удаа гар луу нь хальт цохьсон чинь Сүхбаатар надаас дорцов булааж аваад намайг цохих гэхэд нь би баруун гараараа хаагаад цохиулчихсан юм. ...” [2] гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Баянмөнхийн 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлсэн: “…2016 оны 03 дугаар сарын сүүлээр би ах дүү нараасаа Сүхбаатар ахыг эхнэртэйгээ маргалдаад гарыг нь хугалсан гэж сонссон...” гэх мэдүүлэг [3] ,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Батбаатарын 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлсэн: “...Хэрэг болсны маргааш буюу 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдөр би Сүхбаатарын эхнэр Анхбаяртай утсаар ярихад “намайг хардаж зодоод гар хугалчихсан” гэж хэлж байсан. Энэ талаар би Сүхбаатараас асуухад “харин маргалдаж байгаад л гэнэт уурлаад тийм юм болсон” гэж хэлсэн. Энэ хоёр гэрлээд 20 гаран жил болж байгаа бөгөөд энгийн тайван гэр бүлийн харилцаатай байдаг байсан. ...” гэх мэдүүлэг [4],

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Батдоржийн 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр мэдүүлсэн: “...2016 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 22 цагийн үед намайг гэртээ байж байхад манай том охин Анхбаяр над руу утсаар яриад “Сүхбаатар миний гар руу дорцовоор цохичихоод зугтаачихлаа, гар хугарчих шиг боллоо, би машинаа барьж чадахгүй байна, та клонк дээр хүрч ирээд намайг аваадхаач” гэхээр нь би очиж охиноо авч гэртээ харьсан. Охин маань надад хэлэхдээ “Сүхбаатар намайг хардаад байхаар нь би тэгвэл аавынх руугаа явлаа гэж хэлсэн чинь Сүхбаатар уурлаад машины руль булаацалдаад байхаар нь би дорцовоор цохичихсон чинь намайг зөрүүлж цохиод гар хугалчихлаа” гэж байсан. Тэгээд тэр өдрөө ГССҮТ дээр очиж Анхбаярын гарны зургийг авхуулахад хугарчихсан байна гэж хэлсэн. Энэ хоёр гэр бүл болоод 20 орчим жил болж байна. ...сүүлийн үед Сүхбаатар архи их уудаг болж эхнэрээ байнга хардаад үргэлж дагаж явах гээд байдаг болсон байна лээ. 2016 оны 03 дугаар сарын 19-ний өдөр гарыг нь хугалсан байсан. ...” гэх мэдүүлэг [5],

 

Мөрдөн байцаалтад Д.Сүхбаатарын сэжигтнээр 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлсэн: “...2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр манай эхнэр Анхбаяр өглөө ажилдаа яваад тэр өдрөө гэртээ ирж хоноогүй юм. Тэгээд маргааш нь буюу 2016 оны 03 дугаар сарын 19-ний өглөө эхнэр маань гэртээ халамцуу ирсэн. Удалгүй ажилдаа явлаа гээд гараад явсан. Би гэртээ байж байгаад өдөр 16 цагийн үед эхнэрийнхээ ажил дээр нь очсон. Бид тэндээсээ эхнэрийн дүүгийн гэрт нь оччихоод эхнэрийн Солонгос хэлний сургалт руу хамт явсан юм. Тэгээд орой 22 цагийн үед эхнэрийн маань сургалт тараад харих замдаа би эхнэрээсээ “чи өчигдөр хаагуур хэнтэй явсан юм бэ” гэж асуусан чинь “чамд ямар хамаатай юм” гээд бид хоёр хоорондоо маргалдсан. Эхнэр маань аавынх руугаа явна гээд машинаа эргүүлэх гэхээр нь би хажуунаас нь рулийг нь бага зэрэг татаад “гэртээ харъя” гэж хэлсэн. Тэгсэн чинь эхнэр маань замын хажуу руу машинаа зогсоож машинаасаа буугаад арын багажнаасаа дугуйн дорцов гаргаж ирээд миний мөр лүү цохичихоор нь би булааж аваад зөрүүлээд цохисон чинь эхнэр маань баруун гараараа хааж байгаад гар луугаа цохиулчихсан юм. Тэгээд эхнэр маань “ёо ёо гар эвгүй болчихлоо, одоо болъё” гэж хэлсэн. Тэр үед хажууд цагаан өнгийн суудлын машинтай хоёр залуу ирж зогсохоор нь би тэндээс зугтаагаад шууд гэртээ харьсан. Тэр өдрөө эхнэр маань гэртээ ирж хоноогүй. Би маргааш нь эхнэртэйгээ утсаар ярихад “миний гар хугарчихсан байна, би гэртээ очихгүй” гэж хэлсэн. Түүнээс хойш эхнэр маань гэртээ ирээгүй. 2016 оны 04 дүгээр сарын эхээр эхнэр Анхбаяр гэртээ ирээд бид хоёр хоорондоо ярилцаж байхад цагдаад өргөдөл өгсөн талаараа хэлсэн. Тэгэхээр нь би гэрээсээ гарч яваад эргэж очоогүй өнөөдрийг хүртэл ах дүү нарынхаа гэрээр амьдарч байгаа юм.  Би тэр өдөр ямар нэгэн согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан. Анхбаяр мөн эрүүл байсан. Анхбаяр миний баруун гар луу дорцовоор 1 удаа цохисон. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй болохоор би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжпэх зүйл байхгүй. ... гэх мэдүүлэг [6] ,

-яллагдагчаар 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлсэн: “...Эхнэр маань цэргийн баяраар гэртээ ирж хоноогүй, түүнээс болж бид хоёр маргалдсан. Тэгээд эхнэр маань эхлээд дорцов бариад над руу дайрахаар нь би булааж аваад зөрүүлээд 1 удаа цохичихсон юм. Эхнэр маань хотод ирснээсээ хойш хааяа найз нөхөд ажлынхантайгаа гадуур гардаг, заримдаа гэртээ ирж хонодоггүй юм. Түүнээс болж би харддаг....” гэх мэдүүлэг [7],

 

            -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 4584 тоот актын:

1. Б.Анхбаярын биед баруун шуу ясны далд хугарал, зүүн алганы цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /шинжээч эмч Б.Долгормаа/ гэсэн дүгнэлт [8],

-Б.Анхбаярын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл [9]

-38 см урт төмөр бариултай, 4.5 см урт, 3 см диаметртэй ажлын хэсэгтэй хар өнгийн төмрийг 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Эд мөрийн баримтаар тооцох тогтоол [10],

-2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол [11],

-Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг[12],

            -Шүүгдэгч Д.Сүхбаатарын иргэний үнэмлэхийн лавлагаа [13], урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас[14],

-хохирогч Б.Анхбаярын амбулаториор эмчлүүлсэн картын хуулбар [15] болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Дээрх нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлаад дүгнэвэл:

Шүүгдэгч Д.Сүхбаатар нь согтуурсан үедээ 2016 оны 03 дугаар сарын 19-ний орой 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “МТ” шатахуун түгээх станцын ойролцоо эхнэр Б.Анхбаярыг “гэртээ ирж хоносонгүй гэх шалтгаанаар хардсаны улмаас” хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдан зодож бие махбодид нь “баруун шуу ясны далд хугарал, зүүн алганы цус хуралт бүхий” удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулсан хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

            - мөрдөн байцаалтад хохирогч Б.Анхбаярын 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр мэдүүлсэн: “...Сүхбаатар намайг зодох гээд байхаар нь би айлгах санаатай машины арын суудал доор байсан дорцов аваад зүгээр байгаарай гээд далайгаад зогсож байтал миний гарнаас мулт татаж аваад машины дугуйн дорцовоор намайг цохих гэхээр нь баруун гараараа хаатал миний гарыг хуга цохисон...” гэх мэдүүлэг[16] , 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлсэн: “...2016 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар намайг хардаад үглээд байхаар нь би аавындаа очих гээд машинаа эргүүлэх гэсэн чинь Сүхбаатар руль булаацалдаад осол гаргачих гээд байхаар нь би замын хажуу руу шахаж зогстол Сүхбаатар машинаас буугаад тойроод ирэхээр нь би дорцов бариад “ойртвол цохино шүү” гэж хэлээд зогсож байтал ойртоод ирэхээр нь 1-2 удаа гар луу нь хальт цохисон чинь Сүхбаатар надаас дорцов булааж аваад намайг цохих гэхэд нь би баруун гараараа хаагаад цохиулчихсан юм....” [17] гэсэн мэдүүлэг, мөн түүний шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг,

 гэрч Д.Баянмөнхийн 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлсэн: “…2016 оны 03 дугаар сарын сүүлээр би ах дүү нараасаа Сүхбаатар ахыг эхнэртэйгээ маргалдаад гарыг нь хугалсан гэж сонссон....” гэсэн мэдүүлэг [18],

-гэрч Д.Батбаатарын 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлсэн: “...Сүхбаатарын эхнэр Анхбаяртай утсаар ярихад “намайг хардаж зодоод гар хугалчихсан” гэж хэлж байсан. Энэ талаар би Сүхбаатараас асуухад “харин маргалдаж байгаад л гэнэт уурлаад тийм юм болсон” гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг [19],

-гэрч Б.Батдоржийн 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр мэдүүлсэн: “...2016 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 22 цагийн үед намайг гэртээ байж байхад манай том охин Анхбаяр над руу утсаар яриад “Сүхбаатар миний гар руу дорцовоор цохичихоод зугатаачихлаа, гар хугарчих шиг боллоо, би машинаа барьж чадахгүй байна, та клонк дээр хүрч ирээд намайг аваадхаач” гэхээр нь би очиж охиноо авч гэртээ харьсан. Охин маань надад хэлэхдээ “Сүхбаатар намайг хардаад байхаар нь би тэгвэл аавынх руугаа явлаа гэж хэлсэн чинь Сүхбаатар уурлаад машины руль булаацалдаад байхаар нь би дорцовоор цохичихсон чинь намайг зөрүүлж цохиод гар хугалчихлаа” гэж байсан. Тэгээд тэр өдрөө ГССҮТ дээр очиж Анхбаярын гарны зургийг авхуулахад хугарчихсан байна гэж хэлсэн....” гэх мэдүүлэг[20], Д.Сүхбаатарын сэжигтнээр 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэг [21], яллагдагчаар 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэг [22], шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 4584 тоот акт, дүгнэлт, эд мөрийн баримтаар тооцох тогтоол [23], эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол [24], эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг[25], хохирогч Б.Анхбаярын амбулаториор эмчлүүлсэн картын хуулбар [26] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоодож байна.

Дээрх баримтуудаас үзвэл шүүгдэгч Д.Сүхбаатар нь тухайн өдөр хохирогч Б.Анхбаярыг гэртээ ирж хоносонгүй гэж түүнтэй маргалдаж, хардан, улмаар дорцов төмрөөр гар руу нь цохиж хүндэвтэр гэмтэл учруулсан нь тухайн үеийн гэр бүлийн таарамжгүй харьцаа, хардалтын улмаас үүссэн, хувийн сэдэлттэй гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Сүхбаатарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч Д.Сүхбаатарыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар.

Шүүгдэгч Д.Сүхбаатарын үйлдсэн эрүүгийн хэргийн улмаас хохирогч Б.Анхбаярын бие махбодид хүндэвтэр гэмтэл учирсан ба хохирогч Б.Анхбаяр нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд хохирол төлбөр нэхэмжилсэн баримтыг хэрэгт ирүүлээгүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Анхбаяр нь “...гарандаа гипс тавиулж 1 сар гаруй явсан, 200,000-300,000 төгрөгөөр ясны эм, кальци зэргийг авч хэрэглэсэн, шүүгдэгч Д.Сүхбаатар эмчилгээний зардалд төлсөн төлбөр байхгүй, түүнээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн болно.

            Иймд шүүгдэгч Д.Сүхбаатар нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлсөн гэж үзэх үндэслэлгүй, харин хохирогч Б.Анхбаяр нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.Сүхбаатар нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын МСТТ-ийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байна.

            Шүүхээс шүүгдэгч Д.Сүхбаатарт ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдснийг хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдснийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 38 см урттай төмөр бариултай, 4,5 см урт 3 см диаметртэй ажлын хэсэгтэй хар өнгийн төмөр дорцов хураагдан ирснийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Сүхбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй байна.

        

         Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 294, 297, 298, 299 дүгээр зүйлийн 299.3-р зүйлүүдийг  удирдлага болгон

 


[1] Хавтаст хэргийн 11-12 дугаар тал.

[2] Хавтаст хэргийн 13-14 дүгээр тал.

[3] Хавтаст хэргийн 16 дугаар тал.

[4] Хавтаст хэргийн 18 дугаар тал.

[5] Хавтаст хэргийн 20 дугаар тал.

[6] Хавтаст хэргийн 30-31 дүгээр тал.

[7] Хавтаст хэргийн 34 дүгээр тал.

[8] Хавтаст хэргийн22 дугаар тал.

[9] Хавтаст хэргийн 4 дүгээр тал.

[10] Хавтаст хэргийн 5 дугаар тал.

[11] Хавтаст хэргийн 6 дугаар тал.

[12] Хавтаст хэргийн 7-8 дугаар тал.

[13] Хавтаст хэргийн 35 дугаар тал.

[14] Хавтаст хэргийн 40-48 дугаар тал.

[15] Хавтаст хэргийн 18-25 дугаар тал.

[16] Хавтаст хэргийн 11-12 дугаар тал.

[17] Хавтаст хэргийн 13-14 дүгээр тал.

[18] Хавтаст хэргийн 15-16 дугаар тал.

[19] Хавтаст хэргийн 17-18 дугаар тал.

[20] Хавтаст хэргийн 19-20 дугаар тал.

[21] Хавтаст хэргийн 35 дугаар тал.

[22] Хавтаст хэргийн 37 дугаар тал.

[23] Хавтаст хэргийн 5 дугаар тал.

[24] Хавтаст хэргийн 6 дугаар тал.

[25] Хавтаст хэргийн 7-8 дугаар тал.

[26] Хавтаст хэргийн 18-25 дугаар тал.