| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2022/0300/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/307 |
| Огноо | 2022-03-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Сувданчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 2022/ШЦТ/307
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин, улсын яллагч Ж.Сувданчимэг, шүүгдэгч Л.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00000 0397 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ц овгийн Л.Г, *** оны ** дугаар сарын **-ны өдөр Ховд аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, экскаваторчин мэргэжилтэй, Сонгинохайрхан дүүргийн 7-р хороо, “***” караоке пабыг түрээслэн ажиллуулдаг гэх, ам бүл нэг, Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, Ногоочин ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Л.Г нь 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” караокены VIР өрөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, үл ялих зүйлээр шалтаглан М.Г-ийн нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь “баруун дээд үүдэн 1-р, зүүн дээд үүдэн 2-р шүдний булгарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, Ц овгийн Л.Г нь 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” караокены VIР өрөөнд, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан М.Г-ийн нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж, бие махбодод “баруун дээд үүдэн 1-р, зүүн дээд үүдэн 2-р шүдний булгарал” гэмтэл бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан” хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.
Тухайлбал, хохирогч М.Г-ийн “...2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр найз Г-той ажил дээр нь уулзаад... архи ууцгаагаад, Г болон түүний эхнэрийн хамт М буудалд орж хамт хоночхоод маргааш нь Г-ын ажил дээр очиж дахин архи ууцгаасан. Архи уугаад сууж байтал Г шалтгаангүйгээр орилж чарлаад байхаар нь би “ чи... яагаад орилоод байгаа юм бэ” гэтэл Г миний уруул руу гараараа нэг удаа цохисон. Үүнээс болж миний 1 хиймэл шүд болон 2 хажуу талын жинхэнэ шүд уначихсан. Миний амнаас цус гарахаар нь би өрөөнөөс гартал зөөгч охинтой тааралдаад тэр охин миний цусыг угааж өгөөд дуудлагын жолооч дуудаад харьсан... 1 хиймэл шүд, 2 жинхэнэ шүд уначихсан. Уруул жаахан сэтэрчихсэн, өөр гэмтэл байхгүй. Тухайн үед Г бид хоёр л байсан, өөр хүн байгаагүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 8, 57 дахь тал), гэрч Г.Н-ийн “...миний төрсөн дүү М.Г нь...2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 22 цагийн орчим гэртээ ирсэн ба найз Г болон түүний найзууд гэх хүмүүст ** караоке бааранд зодуулсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дахь тал), гэрч М.Г-ийн “...Г амаа дарсан нойлын өрөөнөөс гарч ирж байсан. Би Г ахыг нойл руу дагуулж ороод ам хамрыг нь угааж өгөөд дуудлагын жолооч дуудаж явуулсан..." гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2373 дугаартай: “...М.Г-ийн биед баруун дээд үүдэн 1-р, зүүн дээд үүдэн 2-р шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 10% нөлөөлнө...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 18-19 дэх тал) зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Шүүгдэгч Л.Г нь яллагдагчаар “...2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр би өөрийн ажил болох Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо *** караокед байж байтал найз Г 3 залуугийн хамт ирээд архи ууцгаасан. Удалгүй хамт ирсэн 3 залуу нь тасраад такси бариад явсан. Г ганцаараа үлдээд надаас 1 шил архи нэхэж уугаад тасарчихаар нь би дуудлагын жолооч дуудаад явуулсан. Маргааш нь мөн 10-11 цагийн үед манай ажил дээр өмнөх өдөр архи уусан хүмүүсийн нэг болох Б гээд залуутай хамт нэг шил архи уучхаад, дахин 1 шил архи зээлээр авч уусан. Тэгээд Г согтоод унтчихаар нь би Б-г таксинд суулгаж явуулаад Г-ийг VIР өрөөнд оруулж унтуулсан. Г 18 цагийн үед сэрээд дахиад нэг шил архи авч уусан. Дараа нь бид М гэдэг буудалд орж хоносон. 23-ны өдрийн 11 цагийн үед М зочид буудлаас Г-ийн хамт гарч ажил дээр иртэл Г шартаад байна гэхээр нь 0.5 литрийн архи өгч хамт хувааж уугаад би Г-ийн уруул руу нэг удаа цохисон. Тэгтэл Г-ийн шүд нь унаад гэмтчихсэн. Г таксинд суугаад явсан ба утсаар ярихдаа “би танихгүй хүнд зодуулсан гэж хэлье, тэгэхгүй бол ээж, эгч 2 уурлана” гэсэн. Би хохирлоо төлж хохирогчийг гомдолгүй болгосон, өөрийн гэм буруугаа ойлгож байна...” гэж (хх-ийн 68-69-р хуудас) мэдүүлсэн ба шүүх хуралдаанд “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокурорын хяналтын шатанд яллагдагч Л.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх бөгөөд прокурор түүний хүсэлтийг хүлээн авч, түүнтэй эрүүгийн хариуцлагын талаар урьдчилан тохирч, яллагдагч прокурорын саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2, 17.3 дугаар зүйлд заасан үндэслэл, журамд нийцсэн байна.
Шүүгдэгч Л.Г нь бүрэн дунд боловсролтой монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2373 дугаартай дүгнэлтээр хохирогч М.Г-ийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Л.Г-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч М.Г-ийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна.
Шүүгдэгч Л.Г-ын хохирогчийн ам руу цохисон үйлдэл болон хохирогч М.Г-т учирсан баруун дээд үүдэн 1-р, зүүн дээд үүдэн 2-р шүдний булгарал гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байх бөгөөд гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн хувьд хохирогч, шүүгдэгч нар нь архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсний улмаас энэ гэмт хэрэг гарсан гэж үзэв.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Л.Г-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч М.Г нь “шүдний эмчилгээнд зориулж нийт 1,820,000.0 төгрөг авсан, цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Л.Г-ыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Л.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Л.Г-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 29 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 31 дэх тал), байнга оршин суугаа газрын лавлагаа (хавтаст хэргийн 30 дахь тал), эд хөрөнгийн лавлагаа (хавтаст хэргийн 32 дахь тал), 2007-2015 онуудад нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 33-34 дэх тал), Хаан банкны депозит дансны хуулбар (хавтаст хэргийн 35-42 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 22 дахь тал), АСАП сангийн лавлагаа (хавтаст хэргийн 24-26 дахь тал), зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял оногдуулах, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.
2.2. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Г нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Ц овгийн Л.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Л.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г-т оногдуулсан дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.
4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Л.Г-т сануулсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Г нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА