| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2022/0302/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/308 |
| Огноо | 2022-03-11 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Н.Уранбайгаль |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 2022/ШЦТ/308
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин, улсын яллагч Н.Уранбайгаль, шүүгдэгч Х.Г, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2203 00008 0094 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овгийн Х.Г, *** оны ** дүгээр сарын **-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, **-ийн 3 дугаар дамжааны оюутан, ам бүл тав, эцэг, эх, хоёр дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол 18 дугаар байр ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Х.Г нь 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 22 цаг 55 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, “Элбэг март” хүнсний дэлгүүрийн баруун хойд замд өөрийн эзэмшлийн “Mercedes Benz” маркийн “ ML320” загварын ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: д/ тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед гар утас болон түүнтэй ижил төстэй төхөөрөмж, хэрэгслийг гарын оролцоотойгоор ашиглах, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч 58 настай, эрэгтэй Г.С-г мөргөж, улмаар амь нас нь хохирсон гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, Б овгийн Х.Г нь 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 22 цаг 55 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, “Элбэг март” хүнсний дэлгүүрийн баруун хойд замд өөрийн эзэмшлийн “Mercedes Benz” маркийн “ ML320” загварын ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэж заасныг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан хохирогч (явган зорчигч, 58 настай) Г.С-г мөргөж, амь насыг нь хохироосон” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Шүүхээс тогтоосон үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
-Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 34 дэх тал);
-Зам тээврийн ослын дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 3 дахь тал);
-2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч (хавтаст хэргийн 05-13 дахь тал);
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.О-ийн “...Талийгаач ах маань эхээс 10-лаа хамгийн бага хүүхэд нь байсан. Талийгаачийн эхнэр 2021 онд зуурдаар нас барсан. 7 сараас 9 cap хүртэл талийгаач манайд амьдарч байсан. 9 сараас бид нар ахад Баянхошууны Хөтөлд нийтийн байр түрээслэн авч өгсөн. Тэнд талийгаач ах маань ганцаараа амьдарч байсан. Эрүүл саруул байсан ахыгаа алдсандаа их харамсаж байна. Бодит хохирол болон сэтгэл санаа, цаг хугацааны хохирлыг жолоочоос нэхэмжилж байна. Ажил явдлын үеэр жолоочийн аав ирээд ажил явдалд нь зарцуулаарай гэж хэлээд 2 сая төгрөг өгөөд явсан байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дахь тал);
-Гэрч С.Н-ийн “...манай аав Эрдэнэт хотод цэргийн *** дугаар ангид жолоочоор ажиллаж байсан. Намайг 2 настай байхад эцэг, эх маань салсан. Би 11 настай байхаасаа хойш саяхныг хүртэл аавтайгаа холбоотой байсан. Би тухайн жолоочид хуульд заасан хариуцлага хүлээлгэмээр байна, гомдолтой байгаа. Баримтаар нэхэмжлэх зүйл байхгүй, эцгийнхээ амь насыг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 87 дахь тал);
-Гэрч Н.Х-ын “ ...гэрээсээ гарч 112-ын эмийн сан орчоод харихаар эхнэрийн хамт автобусны буудлын ойролцоо зүүнээс баруун чигт зорчих хэсгийн хажуугийн явган хүний замаар алхаж явтал гэнэт машин юм мөргөх шиг их чимээ гарахаар нь хартал нэг жийп машин зам дээр зогссон, нэг эрэгтэй хүн машинд мөргүүлээд зам дээр унасан байдалтай харагдсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 100 дахь тал);
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 52 дугаар “...талийгаач Г.С-гийн цогцост аман хүзүүний хугарал, мултрал, аман хүзүүний гадна, арын холбоосны бүрэн урагдал, тасрал, гүрээний гадна тараагуур судасны бүрэн тасрал, цээжний баруун хөндий дэх цусан хураа /1.5 литр/, их тархины чамархай, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, хоёр уушгины эдийн няцрал, элэгний урагдал, гялтан хальсан доорх цус хуралт, бүсэлхийн 3 дугаар нугалмын шахагдсан хугарал, духанд няцарсан шарх, зулгаралт, духны хуйхны дотор гадаргуу дахь цус хуралт, хамар, баруун хөмсөг, хацар, баруун сарвуу, баруун шагай, зүүн ташаа, шилбэний зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр авто ослын үед үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд байна. Үхэлд хүргэх архаг хууч өвчин эмгэг үгүй байна. Талийгаач нь дээрх гавал тархи, хүзүүний нугалмын хавсарсан битүү гэмтлийн улмаас нас баржээ...Талийгаачийн цусанд 2.7 промилли, ходоодны шингэнд 7.4 промилли спиртийн агууламж илэрсэн байна. Нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 107-110 дахь тал);
-2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 123 дугаартай: “...Mercedes Benz ML 320 маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Х.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.Жолоочид дараах зүйлийг хориглоно: д/ тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед гар утас болон түүнтэй ижил төстэй төхөөрөмж, хэрэгслийг гарын оролцоотойгоор ашиглах, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 3.4-д Жолооч дараах үүргийг хүлээнэ: a/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Тухайн осол хэрэг нь зам орчны нөхцөл байдал эвдрэл гэмтлээс шалтгаалсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна...” гэсэн мөрдөгчийн магадалгаа (хавтаст хэргийн 156-158 дахь тал) зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Шүүгдэгч Х.Г-н хувьд мөрдөн байцаалтад яллагдагчаар “...би тухайн явган зорчигчийг зам хөндлөн гарч байхыг хараагүй, мөргөх үед би баруун гар талын толь руугаа харж таарсан. ...зам орчны байдал бөглөрөл түгжрэл байхгүй, харагдах орчин чөлөөтэй байсан, цаг агаар тогтуун байсан...” хэмээн (хавтаст хэргийн 170 дахь тал) мэдүүлсэн байх бөгөөд тэрээр шүүх хуралдаанд “...мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж хэлэх зүйлгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.
Улсын яллагч үйл баримтын талаар “...амь хохирогч Г.С нь явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр буюу гарцаас 10 метрийн зайд зам хөндлөн гарч байсан болох нь камерын бичлэгт үндэслэн хэргийн газарт нөхөн хийсэн үзлэгээр тогтоогдсон...” гэж дүгнэсэн боловч шүүх түүний дүгнэлтийг дараах байдлаар няцаан үгүйсгэв.
Хавтаст хэргийн 23-24 дэх талд авагдсан 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд “...явган зорчигч мөргөсөн гэх хэрэгт нөхөн үзлэгийг оролцогч нараар заалгуулж хийхэд ... явган хүний гарцаас А цэг хүртэл 10м байв...” гэж тусгасан байх атал нөхөн үзлэгт техникийн мэргэжилтэн Б.Мөнхдалай, шинжээч С.Гүен нарыг оролцуулж, хөндлөнгийн гэрчээр Н.С, Б.Х нарыг байлцуулан ажиллагаа явуулсан нь үндэслэл муутай болжээ. Учир нь, нөхөн үзлэгт явган зорчигчийг мөргөсөн гэх А цэгийг хэнээр заалгасан болох нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, шинжээч техникийн мэргэжилтэн, хөндлөнгийн гэрч нарын аль нь ч А цэгийг заах боломжгүй. Түүнчлэн, камерын бичлэг ашигласан талаар ч тусгагдаагүй байна. Гэтэл улсын яллагч “нөхөн үзлэг хийхдээ камерын бичлэгт үндэслэн А цэгийг шинэчлэн тогтоосон” гэж дүгнэж байгаа нь бодит байдал болон хэргийн баримттай нийцэхгүй байна.
Харин эсрэгээрээ, мөрдөгч хэргийн газрын анхны үзлэгээр жолооч Х.Г-гөөр явган зорчигчийг мөргөсөн гэх А цэгийг заалгасан талаар тэмдэглэлд тусгаж, мөн 5 дугаар гэрэл зургаар бэхжүүлсэн байгаа нь бодитой бөгөөд үндэслэлтэй болсон байна. Мөн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд явган хүний гарц харагдаж байгааг тусгасан бөгөөд зам хөндлөн гарч байсан явган зорчигч хар өнгийн автомашинд мөргүүлэн унаж байгааг цаг хугацаатай нь тэмдэглэжээ.
Иймд шүүх Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч Х.Эрдэнэтуулын мөрдөгчийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 123 дугаар магадалгаа (хавтаст хэргийн 156-158 дахь тал)-аас “...Явган зорчигч Г.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12. Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: a/ үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай ба гарамтай хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна...” гэснийг үндэслэлгүй гэж үзлээ.
Түүнчлэн, мөрдөгчийн 123 дугаартай магадалгаагаар шүүгдэгч Х.Г-г Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно: д/ тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед гар утас болон түүнтэй ижил төстэй төхөөрөмж, хэрэгслийг гарын оролцоотойгоор ашиглах” гэж заасныг зөрчсөн хэмээн дүгнэсэн байх боловч ямар нотлох баримтад, эсхүл ямар тусгай мэдлэгт үндэслэж дүгнэлт хийсэн нь тодорхойгүй байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудад шүүгдэгч Х.Г-г гар утас болон түүнтэй ижил төхөөрөмж ашиглаж явсан талаар огт тусгагдаагүй байх бөгөөд Х.Г-н өөрийнх нь мэдүүлснээр баруун хажуугийн толь руу харах хооронд хүн мөргөсөн гэдэг. Ийм учраас яллах дүгнэлтэд тусгасан уг үйл баримтыг нотлогдоогүй гэж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч Г.С нь мохоо зүйлийн үйлчлэлээр авто ослын үед үүсгэгдэх боломжтой гавал тархи болон хүзүүний нугалмын хавсарсан битүү гэмтлийн улмаас нас барсан болох нь шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон гэж үзнэ.
Шүүгдэгч Х.Г нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” хэмээн заасныг зөрчсөн болох нь хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-13 дахь тал), мөрдөгчийн 123 дугаартай магадалгаа (хавтаст хэргийн 156-158 дахь тал), гэрч Н.Х-ын мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч Х.Г-н замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх боломжтой байсан боловч хайхрамжгүй хандаж үйлдсэний улмаас хүний амь насыг хохироосон байх тул түүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “жолооч авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэсэн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Х.Г-г “автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүний амь насыг хохироож үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Х.Г нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид нийт 32,672,000.0 төгрөг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “цаашид нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч: “...шүүгдэгч Х.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD байна. Шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 12.050.000 төгрөг өгсөн. Мөн өнөөдөр 622.000 төгрөг, 20.000.000 төгрөгийн хохирол төлсөн баримт гаргаж өглөө. Хүнээ алдсан боловч оюутан нас залууг харгалзан гомдол саналгүй гэх хүсэлт ирүүлсэн байсан...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Миний үйлчлүүлэгч мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон прокурорын шатанд, өнөөдрийн хэлэлцүүлэгт ч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. 2021 оны 12 дугаар сарын 07-ны орой хэрэг гарснаас хойш шүүгдэгч болон шүүгдэгчийн ар гэр хохирогч талтай байнга холбоотой байж, ажил явдалд оролцож сэтгэлийн дэм үзүүлсэн. Шүүгдэгч нь өсвөр насны бөгөөд дөнгөж насанд хүрээд оюутан болсон хүүхэд. Өөрийн болгоомжгүй байдлаас болж ийм үйлдэл хийсэндээ харамсаж байгаа. Миний үйлчлүүлэгч сэтгэл санаа зовж өөртөө дүгнэлт хийж байгаа. Хохирогч хэдийгээр хүнд зэргийн согтолттой, гарц дээр яг биш боловч миний үйлчлүүлэгчийн болгоомжгүй сонор сэрэмжгүй байдлаас хүний алтан амь хохирсон. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хүсэлт явуулсан бөгөөд өмгөөлөгчийн зүгээс мөн үүнийг хүсэж байна. Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь хорих ял, зорчих эрх хязгаарлах ял, тэнсэн харгалзах ял оногдуулах боломж бий. Миний үйлчлүүлэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, оюутан зэрэг нөхцөл байдлыг харгалзан тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ял дээр саналгүй...” гэв.
Шүүгдэгч Х.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 171 дэх тал), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 172 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 173 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 174 дэх тал), эд хөрөнгөгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 175 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 176 дахь тал), шинжлэх ухаан, технологийн их сургуулийн тодорхойлолт (хавтаст хэргийн 177 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 178 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 179 дэх тал) зэрэг нотлох баримтыг шүүгдэгчийн хувийн байдалд үнэлэв.
Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, ...аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд энэ хэргийн хувьд хүний амь нас хохирсон үр дагавар нь гэмт хэргийн хохирол болно. Иймд гэмт хэргийн улмаас зөрчигдсөн амьд явах эрхийг сэргээх боломжгүй тул шүүх мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг журамлах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв. Тодруулбал, нөхөн төлөх боломжгүй хохиролтой буюу хүний амь нас хохирсон хэрэгт Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д заасан “...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол...” гэх хуулийн шаардлага хангагдах боломжгүй юм.
Түүнчлэн, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь шүүхэд үүрэг болгосон императив хэм хэмжээ биш бөгөөд шүүхийн үзэмж буюу шүүгчийн дотоод итгэл үнэмшил, эрх зүйн ухамсрын түвшинд үнэлэгдэх боломжтой эрх олгосон диспозитив хэм хэмжээ юм.
Иймд шүүх гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон байгааг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгэх нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж үзэв.
Шүүгдэгч Х.Г-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг түүнд оногдуулсан үндсэн ял болох хорих ялаа эдэлж дууссан өдрөөс эхлэн тоолж, түүний *** дугаартай B ангиллын жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий Газрын Лицензийн төвд шилжүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээх нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Г нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 32,672,000.0 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Х.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Б овгийн Х.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүний амь нас хохироож үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Шүүгдэгч Х.Г-д оногдуулсан нэг жил зургаан сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээсүгэй.
5.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Г нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 32,672,000.0 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Х.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.
7.Шүүгдэгч Х.Г-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг түүнд оногдуулсан үндсэн ял болох хорих ялаа эдэлж дууссан өдрөөс эхлэн тоолж, түүний *** дугаартай B ангиллын жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий Газрын Лицензийн төвд хүргүүлсүгэй.
8.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Х.Г-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА