Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 0022/ШЦТ/195

 

                

 

 

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга П.Золбаяр хөтлөн,

Улсын яллагч: М.Анхбаяр,

Шүүгдэгч А.Х нарыг Гнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Х-д холбогдох эрүүгийн 0000 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч А.Х нь “...2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Р” караоке дотор тек дээр цэнэглэж байсан хохирогч С.Т-ын эзэмшлийн Айфоне-икс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 900.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан...” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар   

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч А.Х нь “2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Р” караоке дотор тек дээр цэнэглэж байсан хохирогч С.Т-ын эзэмшлийн Айфоне-икс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 900.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Х-ын өгсөн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 0000 дугаартай хэргээс шинжлэн судалсан:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд  С.Т-ын 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хохирогчоор өгсөн: “...Тухайн өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Р” караокед ажил дээрээ байж байгаад өөрийн гар утсаа текэн дээр цэнэглээд орхичихсон байсан. Тэгээд цэвэрлэгээгээ хийж байтал цаанаас манай ажлын хүн дуудаад очоод ирэхэд миний гар утас алга болсон байсан. Тэгээд хяналтын камераа шүүж үзэхэд гартаа цүнх барьсан, бор өнгийн малгайтай, саарал өнгийн куртиктэй эрэгтэй хүн орж ирээд миний гар утсыг аваад гарсан байсан. Ингээд цагдаад дуудлага өгсөн. Би гар утсаа 2021 оны 8 дугаар сард Тэди худалдааны төвөөс 1.070.000 төгрөгөөр авсан бөгөөд Айфоне-икс загварын гар утас байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр С.Т-ын дахин хохирогчоор өгсөн “...өмнөх өгсөн мэдүүлэг дээр нэмж хэлэх зүйл байхгүй, гар утсаа хүлээн авлаа, гаргах санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 57 тал/,

 

Хөрөнгийн үнэлгээний “К” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 900.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /хх-ийн 21-23 тал/,

 

2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 26-30 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр “эд зүйл хүлээн авсан” тэмдэглэл /хх-ийн 55 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр “эд зүйл хүлээлгэн өгсөн” тэмдэглэл /хх-ийн 56 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд А.Х-ын яллагдагчаар өгсөн “...Би хямдралтай бараа гадуур явж зардаг ажил хийдэг. Тухайн өдөр ундаа зараад явж байгаад тус караокед ундаа зарах гээд ороход хүн байгаагүй бөгөөд текэн дээр хар өнгийн гар утас цэнэглэж байхаар нь тухайн утсыг хулгайлж аваад гараад явсан. Тэгээд Тэди төв ороод “би хүнээс өрөндөө энэ утсыг авсан юм, хүн нь зар зар гэсэн юм” гэж хэлээд 300.000 төгрөгөөр зарсан. Дараа нь цагдаад шалгагдаад би нөгөө хүнээ хайж Тэди төв рүү хэд хэдэн удаа очсон боловч олдохгүй байсан тул утсыг нь олж чадаагүй. Үнэлгээтэй холбоотой маргах зүйл байхгүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Тухайн утсыг захиалсан байгаа, ирэхээр нь хүнд нь буцаан өгнө...” гэх мэдүүлэг /хх-ийн 40 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн А.Х-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 43 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 44 тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 45 тал/, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа /хх-ийн 46 тал/, цагдаагийн асап сангийн мэдээлэл /хх-ийн 48-54 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэг улсын яллагчаас шүүгдэгч А.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулж “хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар,

 

Шүүгдэгч А.Х нь “...хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэж мэдүүлж шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүгдэгч А.Х нь “2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Р” караоке дотор тек дээр цэнэглэж байсан хохирогч С.Т-ын эзэмшлийн Айфоне-икс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 900.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан” гэх дээрх үйл баримтууд нь  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно.

 

Шүүгдэгч А.Х нь бусдын өмч эд зүйлд шунахайн сэдэлтэйгээр халдаж хохирогчид хохирол учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэх шинжийг бүрэн хангаж байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдэлттэй байх ба өөрийн үйлдэл хууль бус болохыг мэдсээр байж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүхээс, шүүгдэгч А.Х нь “2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Р” караоке дотор тек дээр цэнэглэж байсан хохирогч С.Т-ын эзэмшлийн Айфоне-икс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 900.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч С.Т-т 900.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан бага хэмжээнээс дээш байх тул хулгайлах гэмт хэргийн хор уршгийн шинжийг хангана.

 

Хэрэгт авагдсан “К” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар хохирогч С.Т-ын гар утас 900.000 төгрөгөөр үнэлэгдсэн ба шүүгдэгч А.Х нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Т-д хохирол төлбөрийг төлж барагдуулсан бөгөөд 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хохирогчоор өгсөн “...өмнөх өгсөн мэдүүлэг дээр нэмж хэлэх зүйл байхгүй, гар утсаа хүлээн авлаа, гаргах санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 57 тал/ байх тул  шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүгдэгч А.Х нь “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

   Шүүхээс шүүгдэгч А.Х-т ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Улсын яллагчаас шүүгдэгч А.Х-ыг 6 /зургаа/-н сарын хугацаагаар Улаанбаатар хот, Баянгол дүүгийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргаж оролцов.

 

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл,  шүүгдэгчийн ажил эрхлэлт болон ар гэрийн нөхцөл байдал, хохирогчид учруулсан хохирлын шинж байдал зэргийг харгалзан үзлээ. 

 

   Шүүхээс, шүүгдэгч А.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1 / нэг / жилийн хугацаагаар Улаанбаатар хот, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч А.Х нь шүүхээс түүнд оногдуулсан ялыг биелүүлээгүй тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу эдлээгүй үлдсэн ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд  тайлбарлав.

 

Шүүхийн шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй хохирогч Т-д хохирол төлөгдсөн болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч А.Х-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

       ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х-г 1 /нэг/ жилийн хугацаагаар Улаанбаатар хот, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Шүүгдэгч А.Х нь шүүхээс түүнд оногдуулсан оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг  биелүүлээгүй тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу эдлээгүй үлдсэн ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч А.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, хохирол төлбөр төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ЭРДЭНЭЧИМЭГ