Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/242

 

 

 

 

 

 

     

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Мөнхжин хөтлөн,

Улсын яллагч В.Батдэлгэр,

Шүүгдэгч Э.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн А холбогдох эрүүгийн 0000000000 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/  

Шүүгдэгч Э.А нь “2018 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б” зочид буудлын үүдний өрөөний цонхны тавцан дээр байсан хохирогч Б.О-ын  эзэмшлийн “Самсунг Эс-5” загварын гар утас 1 ширхэг, “Айфоне-5” загварын гар утас 1 ширхгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 425.000 төгрөгийн хохирол учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар       

 

       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Э.А нь “2018 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б” зочид буудлын үүдний өрөөний цонхны тавцан дээр байсан хохирогч Б.О-ын  эзэмшлийн “Самсунг Эс-5” загварын гар утас 1 ширхэг, “Айфоне-5” загварын гар утас 1 ширхгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 425.000 төгрөгийн хохирол учруулсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А-ын “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн хэргээс шинжлэн судалсан:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2018 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 44-46 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.О-ын  хохирогчоор өгсөн “...Өнөөдөр ажлын байр нь дээрээ ажлаа хийж байтал 16:00 цагийн орчимд гаднаас 2 үл таних хүүхэд орж ирээд Сайра задлаад өг гэхээр нь би үгүй гэтэл гуйгаад байсан. Тэгэхээр нь би гал тогооны өрөө ороод задалж байгаад 101 тоотын цонхоор харахад нөгөө 2 хүүхэд зугтаж байгаа харагдсан. Би араас нь гарахдаа утсаа үзэхэд миний гар утас болон ажлын утас байхгүй байсан. Тэгээд би араас нь гүйсэн боловч гүйцээгүй. Миний утас айфоне-5, ажлын утас галакси эс-5 загварын гар утаснууд байсан бөгөөд би өөрийнхөө утсыг 2017 онд 200.000 төгрөгөөр авч байсан, харин ажлын утсыг 2017 оны 9 дүгээр сард 250.000 төгрөгөөр авсан. Би нэг хүүхдийг нь харвал танина, цагаан шар царайтай хүүхэд байсан. Нэг нь шар өнгийн тэмбэрлэнд загварын гутал өмссөн байсан. Би хохирлоо гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ц.Д-ын  гэрчээр өгсөн “...2018 оны 3 дугаар сарын 10-ны өдөр би ажил дээрээ ажлын эгч О-той  хамт байж байтал гаднаас үл таних 2 залуу орж ирсэн. Тэгээд нэг нь үүдэнд зогсоод нөгөөх нь сайраа задлаад өгөөч гэж ирсэн. Тэгтэл О эгч сайрааг нь задалж өгөхөөр гал тогооны өрөөнөөс хутга авахаар явсан бөгөөд би утсаа оролдоод байж байтал нөгөө 2 хүүхэд гүйгээд гараад явах шиг болсон. Гэтэл О эгч гал тогооны өрөөнөөс хутга аваад гарч ирээд нөгөө 2 хүүхэд яасан бэ гэхээр нь би гараад явчих шиг боллоо гэхэд цонхны тавцан дээрх утсаа хараад байхгүй байна гэсэн. Бид 2 хяналтын камер шүүхэд нөгөө 2 хүүхэд аваад гарч байгаа бичлэг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 тал/,

 

Хөрөнгийн үнэлгээний “Д” ХХК–ийн 2021 оны 0 дугаар сарын 28-ны өдрийн 00000 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 75-77 тал/,

 

Хөрөнгийн үнэлгээний “Д” ХХК–ийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 0000 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 79-80 тал/,

 

            2018 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч ахлах дэслэгч О-ын  “Илтгэх хуудас” /хх-ийн 102 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Э.А-ын яллагдагчаар өгсөн “...Тухайн өдөр би М гэх бүтэн нэрийг нь мэдэхгүй найзтайгаа түүнд байсан 4..800 төгрөгөөр хүнсний дэлгүүрээс талх, сайра аваад Бэрс зочид буудал орж Сайраагаа задлуулахаар болсон. Тэгтэл 25-30 орчим насны 2 эгч байсан ба нэг эгчээс нь Сайра задлаад өгөөч гэж гуйхад эхлээд үгүй гэж байгаад сүүлдээ задалж өгөхөөр болсон. Тэгээд гал тогооны өрөө рүүгээ орсон. Харин нөгөө эгч нь утсаа оролдоод бид 2-г анзаарах сөхөөгүй байсан. Гэтэл М цонхны тавцан дээрх утас дохиод авчих гэхээр нь би аваад зугтаарай гээд гараад гүйсэн. Г найз Д буюу Д, бас нэг үл таних хүүхэд хамт явсан. Тэр 2 буудлын гадаа хүлээж байсан ба бид 2-ыг хулгай хийнэ гэж мэдээгүй. Тэгээд 3-р эмнэлгийн тэндээс хар өнгийн машинд суугаад явсан. Самсунг эс-5 маркийн гар утсыг 80.000 төгрөгөөр, Айфоне-5 маркийн гар утсыг 40.000 төгрөгөөр зарсан. Би 40.000 төгрөгөө авсан бөгөөд Мөөгийн 80.000 төгрөгөө аваад явсан. Тухайн өдөр Мөөгийн Сүхбаатар аймаг явна гэж байсан, тэр өдрөөс хойш бид 2 уулзаагүй. Би 40.000 төгрөгөөрөө Писи тоглож хоноод дуусгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68 тал/,

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.А-ын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81, 159 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 86 тал/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 91 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 84 тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 83 тал/,  гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 85 тал/, Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг эсэх лавлагаа /хх-ийн 90 тал/, Цагдаагийн асап сангийн лавлагаа /хх-ийн 110-125, 160 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Э.А-т холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд  шүүгдэгч Э.А нь “2018 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б” зочид буудлын үүдний өрөөний цонхны тавцан дээр байсан хохирогч Б.О-ын  эзэмшлийн “Самсунг Эс-5” загварын гар утас 1 ширхэг, “Айфоне-5” загварын гар утас 1 ширхгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 425.000 төгрөгийн хохирол учруулсан” болох нь  шүүгдэгч Э.А-ын мэдүүлгүүд, гэрч, хохирогчийн мэдүүлгүүд, Хөрөнгийн үнэлгээний “Хөрөнгийн үнэлгээний “Д” ХХК–ийн 2021 оны 0 дугаар сарын 28-ны өдрийн 00000 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 75-77 тал/, Хөрөнгийн үнэлгээний “Д” ХХК–ийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 00000 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 79-80 тал/ зэргээр нотлогдон тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна. 

Шүүгдэгч Э.А гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Э.А-ын 2018 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б” зочид буудлын үүдний өрөөний цонхны тавцан дээр байсан хохирогч Б.О-ын  эзэмшлийн “Самсунг Эс-5” загварын гар утас 1 ширхэг, “Айфоне-5” загварын гар утас 1 ширхгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 425.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Э.А-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирогч Б.О  нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хавтас хэргийн материалтай танилцуулсан тэмдэглэлд “...гомдол санал байхгүй...” /хх-ийн 162 тал/ гэсэн хэдий ч шүүгдэгч нь хохирогчид учруулсан хохирлыг  төлж барагдуулаагүй, энэ талаар хэрэгт баримт авагдаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг цаашид төлөхөө илэрхийлж байх тул  байх тул шүүгдэгч Э.А-ыг бусдад төлбөл зохих төлбөртэй  гэж дүгнэлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Э.А нь 2018 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б” зочид буудлын үүдний өрөөний цонхны тавцан дээр байсан хохирогч Б.О-ын  эзэмшлийн “Самсунг Эс-5” загварын гар утас 1 ширхэг, “Айфоне-5” загварын гар утас 1 ширхгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч Э.А-т ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүгдэгч Э.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчийн хохирлыг  төлж барагдуулсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 161 тал/,

Шүүгдэгчийн хохирогчид хохирлыг бүрэн барагдуулсан гэх хэдий ч энэ талаар хэрэгт баримт байхгүй байх шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирол төлбөр төлж барагдуулахаа илэрхийлж байх тул прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/-н сар “Улаанбаатар хотоос гарахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг шүүгдэгч Э.А-т танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана...” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд Э.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч Э.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/-н сар “Улаанбаатар хотоос гарахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А нь урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 000 дугаартай шийтгэх тогтоолоор 4 жил хугацаагаар оногдуулсан хорих ялаас биеэр 1 жил 11 сар 22 хоног, шагналын 1 сар, нийт 2 жил 22 хоногийн хорих ял эдэлж үлдэх 1 жил 11 сар 8 хоногийн хорих ялыг 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулан зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон байх  тул түүний уг ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 21 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт зорчих эрх хязгаарлах ялыг 1 жил 7 сар 21 хоногийн хугацаагаар тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, оногдуулсан ялд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлсэн болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Э.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.А-ыг 6 /зургаа/-н сар “Улаанбаатар хотоос гарахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар шүүгдэгчийн эдлээгүй үлдсэн 1 жил 11 сар 8 хоногийн хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан уг ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн  шүүгдэгчийн эдлэх ялыг 1 жил 8 сар 10 хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, Э.А-т оногдуулсан ялд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч Э.А-аас 425,000 / дөрвөн зуун хорин таван мянга /   төгрөг гаргуулж хохирогч Б.О д олгосугай.

6. Шүүгдэгч Э.А нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлөхөө илэрхийлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8 . Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Ц.ЭРДЭНЭЧИМЭГ