Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2022/ ШЦТ/276

 

 

 

 

 

 

 

 

 

   2022          03          24                                  2022/ШЦТ/276

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

шүүгдэгч Б.Б,

нарийн бичгийн даргаар Б.Зэнээмэдрээ,

улсын яллагч Д.Ундармаа нарыг оролцуулан эрүүгийн 2211000080395 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Азар овогт Б.Б

Монгол Улсын иргэн, 1989 оны 09 сарын 18-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программ хангамжийн мэргэжилтэй, төрийн банкинд аюулгүй байдлын инженер ажилтай, ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй.

 

 

Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Б.Б нь 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр байрлах “Ард” кино театрын автобусны буудал орчимд хохирогч Г.Пг хамар луу нь мөргөж биед нь хамрын яс, хамрын таславчийн мурийлт, хамарт зөөлөн эдийн няцралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт бичгээр авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах: 

 - шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- шүүгдэгч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...   ..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дугаар тал/,

            - хохирогч Г.Пгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгт: “...2021 оны 12 дугаар сарын 13-ны өглөө 08 цаг 40 минутын үед гэж бодож байна би ажлын ах Отгонбаярын хамт ачлагын бонго 75-18 улсын дугаарын тээврийн хэрэгсэлтэй Монгол банкны урд буюу цаг уурын уулзварын зас дагуу машин ачаад уулзвар дээр байж байхад 30-35 насны орчим нэг ах гүйж ирээд учиргүй намайг машинд сууж байхад баруун хацар луу нэг удаа алгадаад авсан. Тэгээд би машинаас буугаад ямар учраас намайг алгадаж байгаа талаар асуухад нөгөө ах миний машины зураг дараад явчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би юун зураг вэ би дараагүй гээд гар утсаа үзүүлсэн чинь нөгөө ах миний гар утсыг үзсэн юм. Тэгээд бид хоёр маргалдаад нөгөө ах намайг заамдахаар нь би бас заамдалцсан тэгсэн чинь хувцаснаас татаад миний хамар луу 1 удаа мөргөсөн...” /хавтаст хэргийн 14-15 дугаар тал/,

    - гэрч Б.Оын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 13-ны өглөө тус компанийн техникийн ажилтан Пгийн хамт бид 2 ачлагын Бонго-3 нэртэй 75-18 УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Монгол банкны урд зогсоол дээрээс машин ачаад замын төв зам руу дөнгөж эргээд явж байхад нэг хүн зам дээр гараа өргөхөөр нь би шахаж зогсоод цонхоо онгойлгосон чинь 26-27 насны орчим залуу бид хоёрт хандаж түрүүний авсан зургаа устгачих гэсэн. П юун зураг бид нар та нарын машины зургийг яах гэж авах юм гээд хөдлөх гэж байсан чинь нөгөө залуу цонхоор Пгийн зүүн хацар луу 1 удаа алгадаад авсан. Тэгсэн П машинаас буугаад би машинаа шахаж зогсож байрлуулаад ирэхэд тухайн залуу Пг заамдчихсан зогсож байсан... тэгэхээр нь дахиж салгаад больцгоо залуу хүмүүс байж яах гэж ингэдэг юм бэ гээд байж байхад тэр хоёрын гараас барьсан чинь тухайн залуу Пгийн хамар луу нэг удаа мөргөсөн чинь хамраас цус гараад байсан... ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-30 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хохирогч Г.Пг зодсон үйл баримт тогтоогдож байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 401 дугаартай шинжээчийн “...Г.Пгийн биед хамар яс, хамрын таславчийн хугарал, хамрын таславчийн мурийлт, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ... эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....” гэх /хавтаст хэргийн 36-37 дугаар тал/ дүгнэлтээр хохирогч Г.Пгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь нотлогдож байна.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ард” кино театрын автобусны буудал орчимд Г.Пг хамар луу нь мөргөж биед нь хамрын яс, хамрын таславчийн мурийлт, хамарт зөөлөн эдийн няцралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйл  баримт тогтоогдож байна гэж шүүх үзэв. 

        

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

шүүгдэгч Б.Бг 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ард” кино театрын автобусны буудлын орчимд хохирогч Г.Птэй үл ойлголцлын улмаас маргалдан, улмаар шууд санаатайгаар зодож хохирогчийн эрүүл мэндийн аюулгүй байдалд нь халдаж бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан нийгэмд аюултай гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан Б.Бд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Бусад асуудлын талаар

Хохирогчийн Г.Пгийн: “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлтийг үндэслэн шүүгдэгч Б.Бг хохирогчид төлөх төлбөргүй гэж шүүх үзэв. 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Азар овогт Б.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бг 450 /дөрвөн зуун тавин/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Б.Бг торгуулийн ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ