| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2022/0269/Э |
| Дугаар | 2022/ ШЦТ/296 |
| Огноо | 2022-03-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Баярчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 2022/ ШЦТ/296
2022 03 30 2022/ШЦТ/296
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
шүүгдэгч З.А,
нарийн бичгийн даргаар О.Тэргэлсаран,
улсын яллагч Б.Баярчимэг нарыг оролцуулан эрүүгийн 2211000000347 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Ори овгийн З.А
Монгол Улсын иргэн, 1977 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Атимос трейд ХХК-д гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч З.А нь 2022 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 00:30 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чинүгэн” караокед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Нийг зодож биед нь баруун, зүүн дээд 1-р шүдний эмтрэл, баруун доод 2-р шүдний сулрал, дээд уруулд салстын өнгөц шарх, доод уруул, хамар, дух, чамархайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт
Хавтас хэрэгт бичгээр авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- шүүгдэгч З.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Би хохирогч Б.Нид хохирлыг бүрэн барагдуулж эмчилгээний 580.000 төгрөгийг төлж хохиролгүй болгосон..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дугаар тал/,
- хохирогч Б.Нн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр миний эхнэр Уянгын төрсөн өдөр болж түүний төрсөн өдрийг Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд байрлах нэрийг нь мэдэхгүй байна 8 шаргын орчимд байдаг караокед тэмдэглэсэн. Тэгээд бид нар архи, хоол, ус унд аваад тэмдэглээд сууж байтал манай эхнэрийн найз Мөнх-Эрдэнийн нөхөр болох Ангар нэг найзын хамт ирсэн. Ингээд бөөнөөрөө сууж байтал Ангар гэх залуу Туулын нөхөр болох Баагий гэх залуу руу ямар ч шалтгаангүйгээр дайраад агсраад байхаар нь Баагий гэх залуу өрөөн дотроо байх 00-руу орчихсон. Гэтэл Ангар Баагийгийн араас 00-руу орох гэхээр нь би түүнийг одоо больчих хөгшөөн гээд араас нь таттал эргэж хараад шууд миний хамар амруу мөргөчихсөн. Тэгээд тэнд байсан хүмүүс түүнийг салгаад өрөөнөөс гаргачихсан чинь Ангарын эхнэр Мөнх-Эрдэнэ нь Дашзэвэг гэх эмэгтэй рүү дайраад тэр хоёр нэг нэгнийхээ үснээс зулгаачихсан байхаар нь салгаад өрөөнөөс Мөнх-Эрдэнийг гаргатал хаалганы араас Ангар миний ам руу дахин нэг цохисон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6 дугаар тал/,
- гэрч Ж.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн өгсөн “...2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр манай найз Уянгын төрсөн өдөр нь болж Мөнхтуул, Дашзэвэг, Цэндбаяр, Батцэнд, Мөнх-Эрдэнэ нарын хамт Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд байрлах нэрийг нь мэдэхгүй байна 8 шаргын ойролцоо караокед орсон...Тэгээд би 00-д бие засаж байтал гаднаас Мөнх-Эрдэнэ, Мөнх-туул 2 орж ирсэн. Тэгээд 3-лаа юм яриад байж байтал хаалга хүчтэй тогшоод Пүрэвсүх, Баагий 2 орж ирэхээр нь бид 3 зөрөөд гарч байтал Ангар хамт ирсэн залуугийнхаа хамт тэр 2-н араас 00-руу очоод орилох шиг болохоор нь Н болиулах гээд очсон чинь Ангар Нийн хамар ам руу нь толгойгоороо мөргөчихсөн. Гэтэл Нийн ам хамраас нь цус гараад эхэлсэн ба тэр үед Мөнх-Эрдэнэ, Дашзэвэг 2 үсдэлцээд эхлэхээр нь эмэгтэйчүүд нь салгасан харин залуучууд Ангарыг найзтай нь өрөөнөөс гаргачхаад араас нь Мөнх-Эрдэнийг өрөөнөөс гаргах үед Ангар Нийг дахин цохих шиг болсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дугаар тал/,
- гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Пүрэвээ Ангарыг чи хөгшөөн согтчихсон байна гэж хэлээд надаас холдуулаад Пүрэвээ бид хоёр 00 орсон. Бид 2-г 00 ороход 3 эмэгтэй 00-с зөрөөд гарсан ба Пүрэвээ бид 2 00 ороод хаалгыг нь цоожилчихсон. Гэтэл Ангар гэх залуу 00-н үүдэнд ирчхээд орилоод хаалга нүдээд байхаар нь хаалга нээтэл Ангар гэх залуу орж ирээд дахин миний цээж рүү зөөлөн цохисон. Гэтэл Н ирээд Ангарыг 00-н өрөөнөөс авч гараад 00 хаалгыг хаасан. Тэгээд байж байтал эмэгтэйчүүд орилохоор нь Пүрэвээ бид 2 гартал Нийг Ангар цохисон байсан. Нийн хамар амнаас цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар З.А нь хохирогч Б.Нийг зодсон үйл баримт тогтоогдож байна.
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2170 дугаартай шинжээчийн “...Б.Нийн биед баруун, зүүн дээд 1-р шүдний эмтрэл, баруун доод 2-р шүдний сулрал, дээд уруулж салстын өнгөц шарх, доод уруул, хамар, дух, чамархайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 14 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар хохирогч Б.Нийн Эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь нотлогдож байна.
Иймд шүүгдэгч З.А нь Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чинүгэн” караокед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Нийг зодож биед нь баруун, зүүн дээд 1-р шүдний эмтрэл, баруун доод 2-р шүдний сулрал, дээд уруулд салстын өнгөц шарх, доод уруул, хамар, дух, чамархайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна гэж шүүх үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Шүүгдэгч З.А 2022 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чинүгэн” караокед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Нтой шалтгаангүйгээр шууд санаатайгаар цохиж хохирогчийн эрүүл мэндийн аюулгүй байдалд нь халдаж бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан нийгэмд аюултай гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч З.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан З.Ат шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Бусад асуудлын талаар
Хохирогчийн Б.Нийн: “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлтийг үндэслэн шүүгдэгч З.Аыг хохирогчид төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ори овогт ЗАт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.Аыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар З.Ат торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, З.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ