Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2018/ДШМ/77

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 24 өдөр                        

    2018/ДШМ/77                                                                Зуунмод

Р.Ц-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Т.Энхмаа,  шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Д.Нэргүй,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа,

Нарийн бичгийн дарга Э.Уртнасан нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж шийдвэрлэсэн, 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 213 дугаар шийтгэх тогтоолтой Р.Ц-д холбогдох 1834001570133 дугаартай 1 хавтас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяагийн гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Р.Ц , 1969 оны 06 дүгээр сарын 30-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхлэгч, Төв аймгийн ... , ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамтаар Төв аймгийн .... тоотод оршин суух хаягтай, одоогоор Төв аймгийн Борнуур сумын Мандал 2 дугаар багийн Голын задгайд оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар:....

 

Р.Ц нь 2017 оны 12 дугаар сараас 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд Төв аймгийн Борнуур сумын Мандал 2 дугаар багийн нутаг “Голын задгайд” байрлах 5 ханатай монгол гэрт химийн хорт бодис мөнгөн усыг хууль бусаар алт угаахад буюу зориулалтын бусаар ашигласан, 2016 оны хавар 05 сарын орчим Төв аймгийн Борнуур суманд Э.Энхболдоос 300.000 төгрөгөөр 2 пенициллины шилтэй 300 орчим грамм жинтэй химийн хорт бодис мөнгөн усыг хууль бусаар худалдан авсан, Мөн 2017 оны 12 дугаар сараас 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлхи хугацаанд Төв аймгийн Борнуур сумын Мандал 2 дугаар багийн нутаг Голын задгайд байрлах өөрийн 2 давхар байшинд химийн хорт бодис мөнгөн усыг хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 213 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Р.Ц ыг химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар худалдан авсан, хадгалсан, зориулалтын бусаар ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Ц-г 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Ц-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээгээр өөрчилж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ёроол хэсэгтээ шланк суулгасан 200 литрийн багтаамжтай төмөр поошиг 1 ширхэг, цагаан өнгийн тогоо хэлбэртэй алт хайлуулагч аяга 1 ширхэг, модон арамтай шигшүүр 1 ширхэг, төмөр сэнжтэй харалсан таваг 1 ширхэг, төмөр аяга 1 ширхэг, 2 ширхэг хуванцар савтай мөнгөн ус, хөх өнгийн шингэнтэй зүйл 5 ширхэг, азотын хүчил гэсэн бичигтэй хоосон шил 1 ширхэг, 300 граммын хоосон шил 1 ширхэг, цагаан өнгийн тагтай ёроол хэсэгт бага зэргийн шингэнтэй шил 1 ширхэг, улаан эрээн өнгийн ууттай цагаан нунтаг бодис, 2 литрийн ундааны саванд хийсэн дээж 1 ширхэг, хар өнгийн тагтай цагаан өнгийн саванд хийсэн дээж 1 ширхэг, 920 граммын тагтай шилэнд хийсэн шавар дээж, цайвар өнгийн савнаас авсан 920 грамм савтай дээж 1 ширхэг, шуудайтай чулууны дээж 2 ширхэг, № 1 дугаартай шилэн савтай 250мл хэмжээтэй ногоон өнгийн шингэн, №2 дугаартай ЗООмл хэмжээтэй, ногоон өнгийн шингэн, №3 дугаартай шилэн савтай ЗООмл хэмжээтэй ногоон өнгийн шингэн, №4 дугаартай шилэн савтай 100 мл хэмжээтэй, цэнхэр өнгийн шингэн, №5 дугаартай шилэн савтай 120 мл хэмжээтэй, ногоон өнгийн шингэн зэргийг устгахыг Төв аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгаж,

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Р.Ц-н өмчлөлийн 5 ханатай монгол гэрийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт хавсаргагдсан бичлэг бүхий СD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, шүүгдэгч Р.Ц нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.

 

  Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа гаргасан давж заалдах гомдолдоо: “Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07-р сарын 30-ны өдрийн 213 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч доорхи үндэслэлээр гомдол гаргаж байна.

Р.Ц нь одоо 49 настай ам бүл 6-лаа амьдрах ба оюутан болон сургуулийн насны 4 хүүхэд эхнэрийн хамт амьдардаг, эхнэр нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй, энэ ам бүлээ авч явж байгаа ганц хүн нь. Урьд өмнө нь захиргааны зөрчил болон эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй ба хувь хүнийхээ хувьд төлөв даруухан, хүнд тусархаг зан чанартай, нутаг орон ард иргэдийнхээ дунд нэр хүнд сайтай иргэн байна.

Гэтэл Р.Ц нь химийн хорт бодис болох мөнгөн усыг урьд өмнө нь хэрэглэж байгаагүй, нийгэмд аюултай байдлаар ашиглаж хэрэглээгүй байна.

Харин амьдралын эрхээр оюутан хүүхэд нь хүнд өвчин тусч эмчилгээ хийлгэх, оюутны сургалтын төлбөр өндөр зэрэг шалтгааны улмаас мөнгө олохын тулд 2017 оны 8 сард бага оврын илүүрэн бутлагч термийг өөрийн оюуны бүтээлээр, үйлдвэрлэж уг термээ өөрийн гэртээ суурилуулан 2017 оны 12-р сарын сүүлээс 2018 оны 03-р сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд туршилтын журмаар ажиллуулсан, уг термээ ажиллуулахын тулд хүмүүсээс баяжмалтай шороо, чулууг их биш хэмжээгээр худалдан авч илүүрэн бутлагч термд оруулан улмаар түүнээс алтыг нь ялган авахын тулд мөнгөн усыг зайлшгүй хэрэглэх болж түүнийг ашиглаж байсан байна. Гэвч энэ нь Эрүүгийн хуулийн 24.3-р зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулах боловч Р.Ц-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, нийгэмд хамрах хүрээ, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруутай этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь анхаарч үзэхэд Р.Ц-д оногдуулсан хорих ял нь түүнд хүндэдсэн гэж үзэхээр байна. Мөн шүүх шийтгэх тогтоолдоо түүнд хорих ял оногдуулах үндэслэлээ тодорхой тусгаагүй ба хэдийгээр мөнгөн усны шинж чанарыг тодорхойлж бичсэн боловч уг шинж чанар, үр дагавар нь бодитойгоор бий болоогүй байна.

Эрүүгийн хуулийн 6.6-р зүйлийн 3-д " Шүүх энэ зүйлд заагаагүй нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхийг хориглоно " гэж заажээ.

Р.Ц-н хувьд мөнгөн усыг худалдан авсан, хадгалсан, ашигласан нь үнэн боловч түүний үйлдэл нь хуулинд заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнийг агуулаагүй байна. Өөрөөр хэлбэл зөвхөн өөрийнхөө гэрт бага хэмжээний баяжмал шороо, чулууг худалдан авч угаахдаа мөнгөн усыг бага хэмжээгээр ашиглаж байсан нь хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна. Үүнээс үзэхэд Р.Ц нь мөнгөн усыг их хэмжээгээр болон олон нийт хүн малыг хамарсан нийгэмд аюултай байдлаар ашиглаагүй, их бага хэмжээний хохирол учруулахаар ч хэрэглээгүй, ямар нэгэн хохирол учруулаагүй байгаа нь түүнд ял хөнгөрүүлэн үзэх гол үндэслэл болох юм.

Р.Ц нь мөрдөн байцаалтын шатанд /х.х-113/-д гэм буруугаа хүлээн мэдүүлэхдээ ... "би урьд нь мөнгөн ус хэрэглэж байгаагүй анх удаа хэрэглэж байгаа нь энэ...би буруугаа хүлээж байна. Дахин ийм хэрэг зөрчил гаргахгүй гэдгээ амлаж байна" гэх мэдүүлэг болон түүний дахин гэмт хэрэг зөрчил гаргахгүй байх хувь хүний чадвартай байдал мөн шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон хохирол байхгүй, нас болон хувийн байдал зэргийг Монгол улсын Эрүүгийн хуулинд зааснаар хөнгөрүүлж харгалзан үзэх хэд хэдэн үндэслэлтэй байна.

Иймд дээрхи нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 6.7-р зүйлийн 1.2, 7.1-р зүйлийн 1-д заасныг баримтлан 213 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Р.Ц-н ялыг хөнгөлж тэнсэж өгнө үү.” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Нэргүй гаргасан тайлбар, дүгнэлтэндээ: Шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Ял шийтгэлийг хөнгөрүүлэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа гаргасан тайлбартаа: Зүйлчлэлийн хувьд маргахгүй. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал, хохирол төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэх шийтгэл оногдуулах боломжтой гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Р.Ц-д холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүй бүхэлд нь хянаж үзэв.

 

            Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий гарсан байна.

            Шүүгдэгч Р.Ц нь 2016 оны 4-5 дугаар сарын орчим Төв аймгийн Борнуур суманд иргэн Э.Энхболдоос 300.000 төгрөгөөр 2 пенициллины шилтэй 300 орчим грамм жинтэй химийн хорт, аюултай бодис болох мөнгөн усыг хууль бусаар худалдан авсан, 2017 оны 12 дугаар сараас 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд Төв аймгийн Борнуур сумын Мандал 2 дугаар багийн нутаг Голын задгайд байрлах 5 ханатай монгол гэрт химийн хорт, аюултай бодис болох мөнгөн усыг зориулалтын бусаар ашигласан, 2017 оны 12 дугаар сараас 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлхи хугацаанд Төв аймгийн Борнуур сумын Мандал 2 дугаар багийн нутаг Голын задгайд байрлах өөрийн 2 давхар байшинд химийн хорт, аюултай бодис болох мөнгөн усыг хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүгдэгч Р.Ц-н мэдүүлэг/ хх-ийн 20-21, 71- 72, 113-114 хуудас/, гэрч Э.Түвшинтөрийн мэдүүлэг /хх-ийн 23-24 хуудас/, нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/ хх-ийн 5-7 хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9- 15 хуудас/, “2 ширхэг хуванцар савтай савны ёроол хэсгээр мөнгөн устай зүйлийг эд мөрийн баримтаар тооцож хураан авсан” тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 19 хуудас/, Геологийн төв Лабораторийн шинжилгээний дүн /хх-ийн 29-30, 38-39, 41-42 32-33, 35-36, 44-45, 47-48 хуудас/, Гамшиг судлалын хүрээлэн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн 9/74 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 92-95 хуудас/, Байгаль орчин аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайд, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2009 оны 02 дугаар сарын 3-ны өдрийн 28/40/29 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Химийн хорт болон аюултай бодис хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах журам зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Р.Ц-д холбогдох хэргийг мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон, мөн шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Р.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж гарсан байна.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Р.Ц-д оногдуулсан эрүүгийн хариуцлага нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

 

Шүүгдэгч Р.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахдаа “шүүгдэгч Р.Ц-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон, Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар / химийн хорт болон аюултай бодисын жагсаалтын 658 дугаарт бичигдсэн хүн болон байгальд хортой, амьсгалын замаар хурц хордуулах шинж чанартай бодис болох мөнгөн усыг хууль бусаар ашигласан, хадгалсан, худалдан авсан/ болон Эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан” үзсэн нь үндэслэлтэй байна.  

 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дугаар заалтад эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн химийн хорт болон аюултай бодисыг устгахыг Төв аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгасан нь буруу байх тул устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэхээр өөрчлөлт оруулах нь зүйтэй байна гэж үзлээ. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, мөн хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 213 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дугаар заалтыг “5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ёроол хэсэгтээ шланк суулгасан 200 литрийн багтаамжтай төмөр поошиг 1 ширхэг, цагаан өнгийн тогоо хэлбэртэй алт хайлуулагч аяга 1 ширхэг, модон арамтай шигшүүр 1 ширхэг, төмөр сэнжтэй харалсан таваг 1 ширхэг, төмөр аяга 1 ширхэг, 2 ширхэг хуванцар савтай мөнгөн ус, хөх өнгийн шингэнтэй зүйл 5 ширхэг, азотын хүчил гэсэн бичигтэй хоосон шил 1 ширхэг, 300 граммын хоосон шил 1 ширхэг, цагаан өнгийн тагтай ёроол хэсэгт бага зэргийн шингэнтэй шил 1 ширхэг, улаан эрээн өнгийн ууттай цагаан нунтаг бодис, 2 литрийн ундааны саванд хийсэн дээж 1 ширхэг, хар өнгийн тагтай цагаан өнгийн саванд хийсэн дээж 1 ширхэг, 920 граммын тагтай шилэнд хийсэн шавар дээж, цайвар өнгийн савнаас авсан 920 грамм савтай дээж 1 ширхэг, шуудайтай чулууны дээж 2 ширхэг, № 1 дугаартай шилэн савтай 250мл хэмжээтэй ногоон өнгийн шингэн, №2 дугаартай ЗООмл хэмжээтэй, ногоон өнгийн шингэн, №3 дугаартай шилэн савтай ЗООмл хэмжээтэй ногоон өнгийн шингэн, №4 дугаартай шилэн савтай 100 мл хэмжээтэй, цэнхэр өнгийн шингэн, №5 дугаартай шилэн савтай 120 мл хэмжээтэй, ногоон өнгийн шингэн зэргийг устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэхийг Төв аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгасугай.” гэж өөрчилсүгэй.
  2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
  3. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогчид хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болно.

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Г.БОЛОРМАА

   

   ШҮҮГЧИД                                                                     Т.ЭНХМАА

 

                                                                                         Р.МӨНХ-ЭРДЭНЭ