Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 0015

 

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 06 өдөр           Дугаар 128/ШШ2020/0015          Улаанбаатар хот

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Б” ХХК,

Хариуцагч: БОАЖС

Нэхэмжлэлийн шаардлага: “БОАЖСын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалын “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б ХХК нь БОАЖСын 2014 оны А/340 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн “” гэх нэртэй газарт 10 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийн гэрчилгээ авч, гэрээ байгуулж газрыг ашиглаж эхэлсэн. Газрыг ашиглаад явж байх хугацаанд БОАЖСын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 тоот тушаалаар газар ашиглах эрхийг маань манайд огт мэдэгдэлгүйгээр дуусгавар болгосон. Уг тушаалтай холбоотой шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх хэргийг хянан шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж манайд холбогдох газар ашиглах эрхийг дуусгавар болгосон тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Уг хэрэг маргаан шийдвэрлэгдэх шүүх хуралдаанд хариуцагчийн зүгээс дахин 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр А/355 дугаартай тушаал гаргаж манай эзэмших ашиглах газрын эрхийг дахин дуусгавар болгосон утга агуулга бүхий тушаал гаргасныг шүүх хуралдаан дээр гаргаж өгч мэдэгдсэн. Бид уг тушаалыг тухайн өдөр мэдсэнээр өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Уг тушаалын үндэслэлд өмнөх газар ашиглах эрхийг дуусгавар болгосон акттай холбоотой маргааныг шүүхэд хянан шийдвэрлэх гэж байхад одоо гаргасан тушаал уг тушаалыг хүчингүй болгосон гэх тушаалтай холбоотойгоор тусгалгүйгээр нэгэнт өмнөх тушаалаар дуусгавар болгосон газар дахин өөр акт гаргаж байгаа нь өөрөө бодит байдалд нийцэхгүй байгаа юм.

Захиргааны актын шинжийг бүрэн хангахгүй, хуульд нийцэхгүй байна гэж үзэж байна. Уг тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12, 17.3 дугаар зүйлийг тус тус үндэслэж, газар ашиглах эрхийг дуусгавар болгосон. Дархан цаазат хамгаалалтын газар нутагт ямар хориотой үйл ажиллагаа явуулсан гэдэг үндэслэлээр дуусгавар болгоод байгаа гэдэг нь тодорхой бус. “Б” ХХК нь газрыг хууль бусаар ашиглаж, хориглосон үйл ажиллагаа эрхлээгүй байхад газрын гэрчилгээг дуусгавар болгосон байсан. Бидэнд газрын гэрчилгээг дуусгавар болгосон актыг мэдэгдээгүй. Хариуцагч мэдэгдсэн гэж хариу тайлбараар гаргаж өгсөн байсан. Мэдэгдсэн гэдгээ юугаар хүлээн зөвшөөрч байна вэ. Өмнөх захиргааны актаар газар эзэмших гэрчилгээ дуусгавар болсон талаар мэдээгүй байхад дахин шинэ акт гаргаад тухайн актаа шүүх хуралдааны явцад хэрэг хянан шийдвэрлэх гэж байхад гаргаж өгсөн. Иймд захиргааны актыг мэдэгдэх ёстой. Мэдэгдэж байж хүчин төгөлдөр болно. Захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагыг хангасан байх ёстой гэх боловч тусгай шаардлагыг хангаагүй байсан учраас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг дордуулсан тул уг тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна...” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б ХХК-д БОАЖСын 2014 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн А/342 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар 10 га газар олгосон. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд дархан цаазат газрыг аялал жуулчлалын зориулалтаар олгохыг хориглосон. Зөвхөн энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7-д “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах;” гэсэн зориулалтаар олгодог. Энэ заалтын дагуу дархан цаазат газарт аялал жуулчлалын зориулалтаар олгосон гэдэг нь буруу гэх үндэслэлээр БОАЖСын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр А/355 дугаартай хүчингүй болгох тушаал гарсан. Энэ нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 10,11,12.1,12.5 гэх заалтуудыг зөрчсөн нь тодорхой харагдана. Мөн Зайсангийн аманд байшин барилга баригдсан байдал   нийтэд илэрхий, тодорхой харагдаж байгаа баримтууд байна. Тушаал гарахаас өмнө мэдэгдэх ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу яамны сайтад 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр байрлуулсан. Тушаал гарсны дараа 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Өдрийн сонингийн 16 дугаар нүүрэнд нийтэд мэдээллэсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.8-д зааснаар нэхэмжлэл гаргах хугацаа өнгөрсөн.  Тухайн компанид гэрчилгээг 2014 оны 10 сарын 03-ны өдөр гардуулаад гурвалсан гэрээг 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хийсэн. Энэ нь 5 жилийн хугацаанд эрх олгох үйл явц дууссан гэсэн үг. Тус компани нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд болсон.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.8, 54.1.5-д зааснаар нэхэмжлэл хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү…” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  нь “БОАЖСын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалын “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар  хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, нэхэмжлэлийн шаардлагыг дараахь байдлаар дүгнэж, шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс “...хариуцагчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон өмнөх шийдвэртэй холбоотой маргаан шүүхэд хянан шийдвэрлэгдэж байхад манай газар ашиглах эрхийг хүчингүй болгосон акт дахин шинээр гаргаж байгаа нь эрх зүйн зөрчилтэй, хуульд үл нийцсэн...” гэж, хариуцагчаас “...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн заалтыг буруу хэрэглэн тушаал гаргаж, дархан цаазат газар аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгох ёсгүй байтал байгалийн цогцолборт газрын зориулалт болох аялал жуулчлалын зориулалтаар олгосноор хуулийг хэрэгжүүлэх боломжгүй, нийтийн эрх ашиг зөрчигдөж байгаа тул нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон, мөн нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн...” гэж маргаж байгаа болно.

Анх “Б” ХХК-д БОСын 2014 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А-340 дүгээр тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд Т гэх газарт аялал жуулчлалын зориулалтаар 10 га газрыг ашиглуулахаар шийдвэрлэж, Хан-Уул дүүргийн Засаг дарга болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Б” ХХК нь 5 жилийн хугацаатай газар ашиглах гэрээ байгуулж, гэрчилгээ олгож, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 330 тоотоор өгсөн саналыг үндэслэн газар ашиглах гэрчилгээний хавсралтад тэмдэглэж, зургийг тус яамны Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтэс баталгаажуулжээ.

            БОАЖСын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/121 дүгээр тушаалаар “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 буюу түүнээс дээш хугацаанд ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэсэн үндэслэлээр “Б” ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгож, нэхэмжлэгч үүнийг эс зөвшөөрч тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байх үед дахин дээрх газрыг ашиглах эрхийг хүчингүй болгосон захиргааны акт гаргажээ.

            Хариуцагч нэхэмжлэгчийг “...шинэ акт гарах болсонтой холбогдуулан мэдэгдлийг яамны сайтад сонсох ажиллагааны мэдэгдлийг байршуулж, захиргааны акт гарсныг мэдэгдэж, Өдрийн сонинд байршуулан, шуудангаар хүргүүлсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн. Мөн нэхэмжлэгч БОАЖСын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалтай маргаж 2019 оны 11 дүгээр сарын 28-нд шүүхэд нэхэмжлэл гаргах үед маргаан бүхий газрын ашиглах эрх нь хүчингүй болсон байсан тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд ...” гэж буруутгаж байгаа болно.

            Гэвч хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үзвэл “Б” ХХК-ийн аялал жуулчлалын зориулалтаар ашиглаж байсан Танд байрлалтай 10га талбай бүхий газрыг БОАЖСын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А-121 тоот тушаалаар газар  ашиглах эрхийг дуусгавар болгож, уг тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч компани шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхээс 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанаар маргаан бүхий А-121 тоот тушаалыг хүчингүй болгон шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. Энэ хэрэг шүүхэд хянан шийдвэрлэгдэж байх хугацаанд БОАЖС 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр дахин захиргааны акт гаргаж “Б” ХХК-ийн дээрх газрыг ашиглах эрхийг хүчингүй болгож А/355 тоот тушаал гаргасныг хариуцагчаас шүүхэд ирүүлж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх хүсэлт 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан боловч шүүхээс хүсэлтийг хэрэгсэхгүй болгон хэргийг шийдвэрлэсэн тул  БОАЖСын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 тоот тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан байна.

            Мөн хариуцагчаас маргаан бүхий “...А/355 тоот тушаалыг гардуулах гэсэн боловч тус компани олдохгүй байсан тул компанийн шуудангийн хаягаар хүргүүлсэн, өдрийн сонинд нийтэлсэн...” гэж тайлбарлаж байгаа боловч шуудангаар хүргүүлсэн гэх хаяг компанийн хаяг хоёр зөрүүтэй, маргаан бүхий захиргааны актыг нэхэмжлэгчид гардуулсан баримт байхгүй, нэхэмжлэгч тал  А-121 тоот тушаалтай маргаан үүсгэж шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад А/355 тоот актыг гардуулах боломжтой байсан байх тул хариуцагчийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой дээрх тайлбарыг хүлээн авах боломжгүй, “Б” ХХК-ийн БОАЖСын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 тоот тушаалыг өнөөдрийг хүртэл гардаж аваагүй боловч мэдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд хандсан болох нь нотлогдож байна.

            Хариуцагчаас нэхэмжлэгчийг “...шүүхэд нэхэмжлэл гаргах үед газар ашиглах эрх нь хүчингүй болсон байсан тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд...” гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар маргаан бүхий А/355 тоот тушаалаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрх нь хүчингүй болсон тул зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандах эрх нь нээлттэй.

            Маргаан бүхий БОАЖСын 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалын тухайд: БОАЖСын 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 3 дахь “байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн ашиглах барилга байгууламжийг батлагдсан зураг төсөл, зөвшөөрлийн дагуу барих үйл ажиллагаа явуулж болно” гэсэн хэсгийг баримтлан “дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар хууль зөрчин олгосон” үндэслэлээр “Б” ХХК-д анх газар ашиглах эрх олгосон сайдын 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А-340 тоот тушаалыг хавсралтын 39 дэх хэсгээр хүчингүй болгосон байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно”, 36 дугаар зүйлийн 36.1-д “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэсэн заалтыг үндэслэн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны саналын дагуу улсын тусгай хамгаалалттай газрын зөвшөөрөгдсөн бүсэд иргэн, аж ахуйн нэгжүүдэд газар ашиглах эрх олгосны дотор нэхэмжлэгчид БОСын 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А-340 дүгээр тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Танд 10га газрыг “аялал жуулчлал”-ын зориулалтаар 5 жилийн хугацаагаар газар ашиглуулахаар шийдвэрлэсэн нь дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарч байна. 

1994 онд батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар тусгай хамгаалалттай газар нутгийн ангилал, тэдгээрийн бүс, бүсийн дэглэм, тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн байгууллагуудын, төрийн захиргааны төв байгууллагын эрх хэмжээг зохицуулдаг бөгөөд нэхэмжлэгчид анх дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглуулах эрх олгосон шийдвэр гаргах үеийн болон одоогийн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн зохицуулалт хэвээр бөгөөд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7-д  “дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглахыг зөвшөөрдөг”, 12 дугаар зүйлийн 12.5, 12.9-д “дээрхээс өөр барилга, байгууламж барихыг хориглодог” гэснээс үзэхэд дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд түр хоноглох, буудаллах зориулалтаар байр сууц барихаас өөрөөр барилга байгууламж барих боломжгүй байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д  “дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно”, 36 дугаар зүйлийн 36.1-д “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэж заасны дагуу Байгаль орчны асуудал эрхэлсэн сайд нь дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрхийг олгох зохицуулалттай байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.8, 27.9 дэх хэсэгт заасанчлан Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь “тусгай хамгаалалттай газар нутгийн зөвшөөрөгдсөн бүс дэх суурин газрын ерөнхий төлөвлөгөө, шинээр байгуулах аялал, жуулчлалын  бааз, амралт, сувиллын байршил, төслийг холбогдох төрийн захиргааны байгууллагуудтай хамтран хянан батлах, зөвшөөрөгдсөн бүсэд тодорхой зориулалтаар ашиглаж болох газар, түүний хэмжээ, ашиглах журмыг тогтоох” эрхтэй бөгөөд энэ хүрээнд БОСын 2001 оны 218 дугаар тушаалаар “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах, зөвшөөрөл олгох түр журам”-ыг баталсан, энэ журам нь “дархан цаазат болон байгалийн цогцолборт газрын зөвшөөрөгдсөн бүсэд болон байгалийн нөөц газар, дурсгалт газарт тодорхой зориулалтаар газар ашиглах зөвшөөрөл олгох харилцааг зохицуулах”-аар байна. Өөрөөр хэлбэл дархан цаазат газрын зөвшөөрөгдсөн бүсэд газар ашиглуулах хуулийн болон журмын зохицуулалтаар дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгосоор иржээ. 

Байгаль орчны асуудал эрхэлсэн сайд Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд буюу Бага тэнгэрийн ам, Зайсангийн ам, Богинын ам, Хүүшийн ам, Арцатын ам, Нүхтийн ам, Т, Жаргалантын ам, Түргэний ам зэрэг газруудад нэхэмжлэгчтэй адил нөхцөлөөр буюу аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрхийг энэ хугацаанд буюу 1996 оноос хойш олгосон, цаашлаад Богдхан уулын дархан цаазат газрын зөвшөөрөгдсөн бүс нэрийн дор хязгаарлалтын бүсэд суурин газрын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөг холбогдох газар боловсруулж баталсан, улмаар ерөнхий төлөвлөгөөний дагуу орон сууц, олон нийтийн барилга байгууламж баригдахаар төлөвлөгдөж, барилгажиж, инженерийн шугам сүлжээнд холбогдсон, суурьшлын бүс болсон зэрэг нь нийтэд илэрхий үйл баримт юм.

Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасанчлан захиргааны байгууллага гаргасан шийдвэрээ хүчингүй болгох эрхтэй ч иргэн, хуулийн этгээдэд эерэг үйлчлэл үзүүлсэн шийдвэрийн хувьд хүчингүй болгоход тодорхой хязгаарлалт тавьсан, тухайлбал, “хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан”, “бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн”, “захиргааны актаар олгосон эрхийг хэрэгжүүлээгүй”, “захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн”, “нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан” бол хүчингүй болгож болохоор заасан байдаг. 

Газар ашиглах гэрээнд “газрын төлөв байдлыг чанарын улсын хянан баталгаанд хамруулахаар, газар дээр хэрэгжүүлэх төслийн зориулалтын дагуу байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг эрх бүхий этгээдээр батлуулсан, энэ байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг хэрэгжүүлж, байгаль орчинд сөрөг нөлөөгүй ашиглах үүрэг газар ашиглагч хүлээж, энэ үүргээ зөрчсөн тохиолдолд  газар ашиглах эрхийг дуусгавар болгохоор хуульд болон гэрээнд тодорхой заасан, “ШГ” аялал жуулчлалын бааз байгуулах төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны шинжээчээр  батлуулсан байна.

Газар ашиглагч нь байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээнд заагдсан ажиллагааг хэрэгжүүлээгүй гэх газар ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэл тогтоогдоогүй, мэргэжлийн байгууллага болох дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас аливаа санал хүргүүлээгүй байх тул дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн дэглэм зөрчигдсөн гэх байдал тогтоогдоогүй байдаг.

Нөгөө талаас Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зааснаар захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа  бодит нөхцөл байдалд тохирсон байх ёстойн дээр төрийн үйл ажиллагаанд тэгш байдлыг хангах зарчимтай.

Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тусгай хамгаалалттай газар нутагт, тэр дундаа Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33, 36 дугаар зүйлийг баримтлан “аялал жуулчлал”-ын зориулалтаар газар ашиглах эрх олгож, “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах, зөвшөөрөл олгох түр журам” болон “Тусгай хамгаалалттай газар нутаг дахь эко аялал жуулчлалын зориулалттай байр сууц, үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлага” стандартын “дархан цаазат болон байгалийн цогцолборт газрын зөвшөөрөгдсөн бүс” гэх ойлголтод “дархан цаазат газрын хязгаарлалтыг бүс”-ийг хамааруулан, хуулиар тогтоосон дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн дэглэмийг зөрчиж ирсэн, бодит нөхцөл байдалд дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд орон сууц, олон нийтийн суурьшлын бүс бий болсон байхад нэхэмжлэгчид анх газар ашиглах эрх олгосон шийдвэрээ хүчингүй болгож шийдвэрлэсэн нь “төрийн үйл ажиллагаанд тэгш байдлыг хангах”, “захиргааны шийдвэр бодит нөхцөл байдалд тохирсон байх”, “иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны итгэлийг хамгаалах” гэсэн зарчмуудад нийцэхгүй байна.

Нэхэмжлэгч компанийн ашиглах эрхтэй байсан дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд байрлах газрын хил залгаа болон дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд бусад этгээдэд олгогдсон газар ашиглах эрх хэвээр, тэдгээр нь үйл ажиллагаа явуулж байхад нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон тушаалыг хуульд нийцсэн гэж шүүх дүгнэх боломжгүй байна.    

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.1.12 дахь заалтыг үндэслэн ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8, 40 дүгээр зүйлийн 40.2.3, 48 дугаар зүйлийн 48.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7, 33 дугаар зүйлийн 33.1, 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, БОАЖСын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалын “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                          ШҮҮГЧ                            Д.ЧАНЦАЛНЯМ