Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 128/2015/0798/З |
Дугаар | 221/МА2016/0254 |
Огноо | 2016-04-21 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 221/МА2016/0254
"М к" ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З-У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 133 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хамтран хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор "М к" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 0000296 дугаар шийтгэвэр, 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 5/4 дугаар дүгнэлт, 5/2 дугаар шаардлагыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Ж.О шүүхэд гаргасан тайлбартаа: "М к" ХХК-ийн хэрэглэгчтэй байгуулсан болон байгуулж буй гэрээ нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-д заасны дагуу стандарт нөхцөл бүхий гэрээ байна. "М к" ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2014 оны 11 дүгээр сарын 18-ны 1518 дугаар тушаалд Дараа төлбөрт багцын үйлчилгээний нөхцөлд орсон нэмэлт өөрчлөлтийн үндсэн нөхцөлийг 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдүүлсэн нь хэрэглэгчтэй байгуулсан гэрээнд нийцээгүй.
Уг компани хэрэглэгчтэй байгуулсан гэрээнд мэдэгдэлгүйгээр өөрчлөлт оруулан төлбөрийг үндэслэлгүйгээр тогтоож, гэрээгээр тохиролцоогүй төлбөрийг дур мэдэн авсан, нэхэмжилсэн тухайн үйлчилгээг төөрөгдүүлэх замаар гүйцэтгэсэн гэх үндэслэл болсон. Хэрэглэгчтэй байгуулсан болон хэрэглэгчтэй байгуулж буй гэрээний 5.3 дахь хэсэг нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.4-т заасны дагуу, мөн гэрээний 7.1 дэх хэсэг нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.12, 202.2.13-д заасны дагуу тус тус хүчин төгөлдөр бус гэрээний нөхцөл болсон. "М к" ХХК нь дээрх байдлаар өөрийн гаргасан дараа төлбөрт багцын үйлчилгээний нөхцөлд нэмэлт оруулсан өөрчлөлтийн үндсэн нөхцөлийг мөрдүүлэх хугацааг 11 дүгээр сарын 01-ний өдрөөр тогтоож хэрэглэгчдээс уг өөрчлөлтийн дагуу төлбөрийг авсан, гэрээнд өөрчлөлт оруулах тухай мэдэгдэх үүргийг хариуцахгүй байх тухай заалтыг хэрэглэгчтэй байгуулсан гэрээнд оруулсан, үндэслэлгүйгээр төлбөр нэхэмжилсэн зэрэг үйлдэл нь Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.2, 12.1.10, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.1, 12 дугаар зүйлийн 12.8, 12.9 дэх хэсэгт тус тус заасныг зөрчсөн.
Харин уг компанийн хэрэглэгчтэй байгуулсан болон байгуулж буй гэрээний 5.3, 7.1 дэх хэсэг нь хэрэглэгчийн эрхийг Иргэний хуулиар тогтоосон нөхцөлөөс дордуулсан байх тул Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь заалтын дагуу хүчин төгөлдөр бус гэх үндэслэлтэй юм. 2013 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн хэрэглэгчтэй байгуулсан гэрээнд олон улсын роуминг үйлчилгээний талаар тодорхой мэдээлэл тусгагдаагүй байна.
"М к" ХХК нь хэрэглэгчдэд роуминг үйлчилгээний нөхцөл, үнэ тарифын мэдээллийг тодорхой өгдөггүйн улмаас хэрэглэгч өөрийн хэрэглээний үнэн зөвийг шалгах боломжгүй нөхцөл байдлыг бий болгосон байна.
"М к" ХХК нь хэрэглэгчийн роуминг үйлчилгээний төлбөрийн мэдээллийг тус тус үнэн зөв өгөөгүйн улмаас тухайн хэрэглэгч хэрэглээгээ хянах, хэрэглээгээ хязгаарлах боломжгүй болсон нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн.
Улмаар дээр дурдсан зөрчлүүдийг арилгуулахаар улсын байцаагчийн 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 5/2 дугаар албан шаардлагаар "М к" ХХК-д үүргүүдийг өгч, 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн дотор хариу ирүүлэхийг мэдэгдсэн. 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 0000296 дугаар шийтгэврээр зөрчил гаргасан "М к" ХХК-д Өрсөлдөөний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-д зааснаар 10 сая төгрөгийн шийтгэлийг ногдуулсан. "М к" ХХК нь 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн албан бичгээр улсын байцаагчийн 5/2 дугаар албан шаардлагад хариу ирүүлсэн байдаг. Мөн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга, Улсын ерөнхий байцаагчид хандан улсын байцаагчийн албан шаардлагыг хангасан тул 0000296 дугаар шийтгэврийг хүчингүй болгуулах хүсэлтийг 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ирүүлсэн. Иймд, улсын ахлах байцаагчийн 0000296 дугаар шийтгэвэр, 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 5/4 дүгээр дүгнэлт, 5/2 дугаар албан шаардлага зэрэг нь хууль тогтоомжид нийцсэн захиргааны актууд байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т шүүхэд гаргасан тайлбартаа: а/ "М к" ХХК нь улсын байцаагчийн 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 5/4 дугаартай дүгнэлт, мөн өдрийн 5/2 дугаартай албан шаардлагыг хүлээн зөвшөөрч, зөрчлийг арилгах талаар зарим ажлуудыг хийсэн гэж үзэж болохоор байдаг. Мөн нэхэмжлэлдээ ч маргаагүй. Түүнчлэн улсын байцаагчийн дүгнэлт, албан шаардлага хуулийн хүчин төгөлдөр болсон гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2-т тус тус заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байна.
б/ Улсын ахлах байцаагч Ж.Оийн "М к" ХХК-д хийсэн хяналт шалгалтын дүгнэлт, албан шаардлага хуулийн хүчин төгөлдөр болсон, түүнчлэн зөрчил нэгэнт тогтоогдсон бол хариуцлага хүлээлгэх хүрээнд 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 0000296 дугаар шийтгэврээр 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгуулийг Өрсөлдөөний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасны дагуу 27 дугаар зүйлийн 27.1.3-д заасан үндэслэлээр шийтгэвэр ногдуулсан нь хуулийн хүрээнд хийгдсэн үйл ажиллагаа гэж үзэж байна.
"М к" ХХК-ийн хувьд 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн албан бичгээр Улсын байцаагчийн албан шаардлагыг биелүүлсэн тул 0000296 дугаар шийтгэврийг хүчингүй болгуулах тухай гэсэн албан бичгээр зөвхөн улсын байцаагчийн 0000296 дугаар шийтгэврээр ногдуулсан 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгуулийг хүчингүй болгож өгөхийг хүссэн агуулгаар гаргасан байдаг. Албан бичгийн хариуг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын зүгээс өгөөгүй бөгөөд "М к" ХХК-ийн хувьд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-д шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан гомдлыг хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй гэж заасны дагуу хандсанаас хойш 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс дараагийн шатны байгууллага буюу шүүхэд хандах хууль зүйн нөхцөл байдал үүссэн байдаг.
Гэвч "М к" ХХК-аас шүүхэд хандаагүй, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2-т тус тус заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 184 дүгээр зүйлийн 184.3-д заасны дагуу шийтгэвэр баталгаажуулах, албадан гаргуулах хүсэлтийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1/810 дугаартай албан бичгээр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд гаргаж шийдвэрлүүлсэн. Улмаар шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагаа явагдаж байгаа болно. Иймд, "М к" ХХК-ийн нэхэмжлэлийн хувьд нэгд хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, хоёрт зөрчлийн шинж байдалд нэхэмжлэл гаргагч маргаагүй, зөрчил нэгэнт тогтоогдож улсын байцаагчийн дүгнэлт, албан шаардлага хуулийн хүчин төгөлдөр болсон, гуравт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан байгаа нь "М к" ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох, нэхэмжлэлээс татгалзах үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 133 дугаар шийдвэрээр: Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 12.1.10, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1,7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 12 дугаар зүйлийн 12.9, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 0000269 дугаар шийтгэврээр ногдуулсан 10.000.000 /арван сая/ төгрөгийн шийтгэлийг хасч, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т давж заалдах гомдолдоо: "М к" ХХК-аас 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн албан бичгээр Улсын байцаагчийн албан шаардлагыг биелүүлсэн тул 0000296 дугаар шийтгэврийг хүчингүй болгуулах тухай гэсэн албан бичгээр зөвхөн улсын байцаагчийн 0000296 дугаар шийтгэврээр ногдуулсан 10.000.000 төгрөгийн торгуулийг хүчингүй болгож өгөхийг хүссэн агуулгаар гаргасан байдаг.
Албан бичгийн хариуг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын зүгээс өгөөгүй бөгөөд "М к" ХХК-ийн хувьд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-д заасан үндэслэлээр 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс шүүхэд хандах хууль зүйн нөхцөл байдал үүссэн гэж үзэхээр байгаа юм. Гэвч "М к" ХХК-аас шүүхэд хандаагүй, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2-т тус тус заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 184 дүгээр зүйлийн 184.3-д заасны дагуу шийтгэвэр баталгаажуулах, албадан гаргуулах хүсэлтийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1/810 дугаартай албан бичгээр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд гаргаж, шийдвэрлүүлсэн. Улмаар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс улсын байцаагчийн шийтгэврийг баталгаажуулж, захирамж гарган баталгаажуулсан.
Үүнтэй холбоотой дараах хоёр эргэлзээтэй хууль зүйн нөхцөл байдал үүссэнийг анхан шатны шүүх дүгнэж, тодорхой шийдвэр гаргалгүй орхигдуулсан гэж үзэхээр байгаа юм. Үүнд: 1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8-д заасан үндэслэлээр "М к" ХХК-ийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.6-д заасан үндэслэлээр "М к" ХХК нь торгуулийг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 184 дүгээр зүйлийн 184.3-д заасан үндэслэлээр хандаж, улмаар шүүхийн шүүгчийн захирамж гарч, хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Өөрөөр хэлбэл, тухайн асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр /захирамж/ байхад Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжлэлээс татгалзаж, шийдвэрлэх үндэслэл бүрдсэн байсан хэдий ч шүүхийн шийдвэр зөрүүтэй гарсанд эргэлзээг бий болгож байна.
Мөн "М к" ХХК-ийн зүгээс илт хүчин төгөлдөр бус акт гэж үзэж маргасан шийтгэврийг ногдуулсан улсын байцаагчаар ажиллаж байсан Ж.О 2015 оны А/166 дугаар тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн байсан. Гэтэл нэхэмжлэгчийн хүсэлтээр хамтран хариуцагчаар татаж оролцуулсан үндэслэлийг хянуулах хүсэлтэй байна. Иймд, дээрх үндэслэлийг давж заалдах журмаар хянуулах хүсэлтэй байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч "М к" ХХК-аас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 0000296 дугаар шийтгэвэр, 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 5/4 дүгээр дүгнэлт, 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 5/2 дугаар албан шаардлагыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1/57 дугаар бүхий Хяналт шалгалтын удирдамжийн дагуу улсын ахлах байцаагч "М к" ХХК-ийн хэрэглэгчтэй байгуулсан гэрээ нь холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх талаар хийсэн хяналт шалгалтаар хэрэглэгчтэй байгуулсан гэрээнд мэдэгдэлгүйгээр өөрчлөлт оруулсан, гэрээгээр тохиролцоогүй төлбөрийг дур мэдэн авсан, хэрэглэгчдэд роуминг үйлчилгээний нөхцөл, үнэ, тарифын мэдээллийг тодорхой өгөөгүй, хэрэглэгчид хэрэглээний үнэн зөвийг шалгах боломжгүй болсон зөрчлийг илрүүлж, улсын байцаагчийн 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 5/4 дүгээр дүгнэлтийг үйлдэж, үүнтэй холбогдуулж, 5/2 дугаар албан шаардлагыг "М к" ХХК-д хүргүүлжээ.
Шүүх "М к" ХХК-аас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргад хүргүүлсэн 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Улсын байцаагчийн албан шаардлагыг хангасан тул 0000296 дугаар шийтгэврийг хүчингүй болгуулах тухай 1/1333 дугаар албан бичиг болон хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бусад баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч зөрчил гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн, улмаар 10.000.000 төгрөгийн шийтгэл ногдуулсан улсын ахлах байцаагчийн шийтгэврийг үндэслэлтэй гэж үзсэн нь зөв байна.
Тодруулбал, хэрэглэгчтэй байгуулсан гэрээнд өөрчлөлт оруулсан нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2 /өрийн бараа бүтээгдэхүүний талаар худал, зөрүүтэй мэдээлэх, эсхүл үнэн байдлыг гуйвуулах зэргээр бусдыг төөрөгдүүлэх/, 12.1.10 /хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх/, Хэрэглэгчийн эрхийн хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 /Хэрэглэгч эрх бүхий байгууллагаас баталсан стандарт, техникийн нөхцөл, барилгын болон эрүүл ахуй, ариун цэврийн норм, фармакопей, жор, түүнчлэн хууль тогтоомж, гэрээгээр тодорхойлсон зохих чанар, тоо хэмжээ, аюулгүйн шаардлагыг хангасан бараа хэрэглэх, ажил, үйлчилгээгээр хангуулах эрхтэй/, 7 дугаар зүйлийн 7.1 /Хэрэглэгч барааны талаар үнэн зөв сонголт хийхэд туслах бодит мэдээллээр хангагдах эрхтэй/, 12 дугаар зүйлийн 12.8 /Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчээс хэрэглэгчид бараа, ажил, үйлчилгээтэй холбоотой худал мэдээлэл өгөхийг хориглоно/, 12.9 /Бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглоно/-д заасныг зөрчсөнөө нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрсөн гэж үзжээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар захиргааны хэргийн шүүх захиргааны байгууллага, албан тушаалтнаас гаргасан захиргааны актад холбогдох маргааныг хянан шийдвэрлэдэг бөгөөд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн шийтгэвэр нь нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн, тодорхой нэг тохиолдлыг зохицуулж гарсан, эрх зүйн үр дагавар шууд бий болгосон, нэг удаагийн захирамжилсан үйл ажиллагаа болохын хувьд түүнд холбогдох маргаан нь захиргааны хэргийн шүүхэд хамаарна.
Харин Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 08 дугаар сарын 27-ны дөрийн 22158 дугаар захирамж нь дээрх захиргааны акт буюу улсын ахлах байцаагчийн шийтгэврийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөөгүй, зөвхөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 184 дүгээр зүйлд заасны дагуу тухайн шийтгэврийн гүйцэтгэлийг баталгаажуулжээ.
Иймд эдгээр асуудлаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй.
Шийтгэврийг ногдуулсан улсын ахлах байцаагч үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрыг хариуцагчаар солихыг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй, улмаар шүүх тус газрыг хамтран хариуцагчаар татан оролцуулсан шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 315 дугаар захирамжид хэргийн оролцогчид гомдол гаргаагүй, хуулийн хүчин төгөлдөр байгаагаас гадна энэхүү асуудал нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг өөрчлөх буюу хүчингүй болгох боломжгүй.
Шүүх Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу "М к" ХХК-д өршөөл үзүүлж, шийтгэврээр ногдуулсан 10.000.000 төгрөгийг төлүүлэхгүйгээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хамтран хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 133 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хамтран хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Д.БАТБААТАР