Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
Хэргийн индекс | 188/2016/0070/э |
Дугаар | 64 |
Огноо | 2016-07-18 |
Зүйл хэсэг | 181.2.1, |
Улсын яллагч | Ц.Гансүлд |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 64
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням,
улсын яллагч Ц.Гансүлд,
хохирогч Г.Баянмөнх,
шүүгдэгч Ө.Түмэн-Эрдэнэ,
шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангэрэл /шүүхэд төлөөлөх эрхийн дугаар 0303/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Өлзийгийн Түмэн-Эрдэнэд холбогдох эрүүгийн 2016 2601 0781 дугаартай, 1 хавтас хэргийг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр тус шүүхийн “А-1” танхимд хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Боржигон овгийн Өлзийгийн Түмэн-Эрдэнэ Монгол Улсын иргэн, 1979 оны 11 дүгээр сарын 18-ний өдөр Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгэл судлалын багш оношлооч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн хөгжлийн ахлан мэргэжилтнээр ажиллаж байсан, одоо тус дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гадаад харилцаа, төсөл хөтөлбөр, Төрийн бус байгууллага хариуцсан мэргэжилтнээр ажилладаг гэх, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Мон-Лаагийн 1 дүгээр гудамжны 26 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, РЙ79111814 дугаарын регистртэй.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Ө.Түмэн-Эрдэнэ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 03 дугаар сарын 17-ноос 2016 оны 03 дугаар сарын 18-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 6 хорооны нутаг дэвсгэрт байрлах “Содон” хорооллын автомашины зогсоол дээр иргэн Г.Баянмөнхийн автомашины хаалгыг онгойлгосноос үүдэн үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Түмэн-Эрдэнэ мэдүүлэхдээ: 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр ажлын газрын хүмүүстэйгээ цэргийн баяр тэмдэглэх гээд 19 цагийн үед “Содон” хорооллын “Броун хаус” нэртэй караокед орсон. Караокед дуулж, бүжиглэсэн. Зургуулаа 0.75 гр архи хувааж уусан. Караокенаас гарах гэх үед манай ажлын газрын хүн болох Т.Алтанцоожийн гэрээс хүн ирсэн, гадаа саарал өнгийн “приус-20” маркийн авто машин хүлээж байгаа шүү гэж хэлсэн. Тэгээд Н.Дэлгэр, Т.Алтанцоож, Б.Оюунбилэг бид ар араасаа явж байгаад, тэр хоёр түрүүлж гарч, Б.Оюунбилэг бид хоёр нойлын өрөө рүү ороод гарсан. Шөнийн 23 цаг 20 минутын үед караокенаас гарсан. Караокены үүдэн дээр саарал өнгийн “приус-20” маркийн машин байхаар нь очоод хаалгыг татаж үзсэн. Тэгээд жолоочоос нь хамт явсан хүмүүсээ асуугаад автомашины хаалгыг нь нэг бүрчлэн татаж онгойлж үзсэн. Дараа нь автомашины жолооч талаар очиход жолооч Г.Баянмөнх нь “машин эвдлээ” гэж уурлаад машинаасаа гарч ирээд намайг түлхэхээр нь нэг удаа толгойн тус газар нь Г.Баянмөнхийг цохисон. Тэгээд бид хоёр салаад цагдаа дуудсан. Цагдаа дуудсан үеэс хойш 20 минутын дараа цагдаа ирээд цагдаагийн хэлтэс дээр очиж мэдүүлэг өгсөн. Хохирогч Г.Баянмөнхийг танихгүй. Тухайн өдөр бага зэрэг согтуу, жаахан халамцуу байсан. Тэгэхэд Г.Баянмөнх машины хаалга эвдлээ гэж уурлан, машинаасаа намайг холдуулах гэж түлхэхээр нь түүнийг цохисон. Караокенаас гарч ирээд машинаа андуураад Г.Баянмөнхийн машины хаалгыг онголзуулаад байсан юм билээ. Хохирогч Г.Баянмөнхөд эмчилгээний зардал, цалин, цаашид гарах зардал зэрэгт нь 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,800,000 төгрөг төлсөн. Бид эвлэрсэн тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Баянмөнх мэдүүлэхдээ: 2016 оны 3 дугаар сарын 17-ны шөнө 23 цаг 40 минутын үед хамтран амьдрагч Мөнхтуяаг “Содон” хорооллын “Броун хаус” нэртэй караокенаас авах гээд 88-67 УНӨ улсын дугаартай, “Хюндай Инсайт” маркийн хар өнгийн машинтай очоод, караокены гадаа машин дотроо хүлээгээд сууж байхад шүүгдэгч Ө.Түмэн-Эрдэнэ, нэг эмэгтэйгийн хамт караокенаас гарч ирсэн. Ө.Түмэн-Эрдэнэтэй хамт гарч ирсэн эмэгтэй Ө.Түмэн-Эрдэнийн машин буюу “экстриал” маркийн машины хажууд зогсож байсан “приус 20” маркийн автомашинд орж суусан. Ө.Түмэн-Эрдэнийг би “экстриал” маркийн машиндаа суухаар нь гарах гэж байна гэж ойлгоод би машинаа хойшоогоо ухраагаад буланд очиж зогссон. Тэгтэл Ө.Түмэн-Эрдэнэ миний машин дээр ирээд машиныг тойроод, хойд талын хаалгыг онгойлгоод, хамгийн сүүлд миний сууж байсан талын хаалгыг онгойлгоод “эгчийгээ гаргаад ир” гээд байсан. Би “юу яриад байгаа юм” гээд буутал “ахтайгаа үзмээр байна уу, хоёулаа үзье” гээд миний хамар руу 4-5 удаа гараараа цохисон. Миний хамраас цус гараад байсан. Би энэ хүнийг холдуулах маягтай түлхсэн. Энэ Ө.Түмэн-Эрдэнэ “хоёулаа үзэх үү” гээд дээд талын хувцсаа тайлаад “ямар овоо юм чи” гээд байсан. Тэгэхээр нь би Билгүүнийг дуудсан. Тэгтэл Билгүүн, Мөнхтуяа, тэдний ажлын газрын хүмүүс бүгд гараад ирсэн. Билгүүн цагдаа дуудсан. Ө.Түмэн-Эрдэнийг танихгүй. Би Ө.Түмэн-Эрдэнэтэй барьцалдаж аваагүй, түүнд гар ч хүрээгүй. Билгүүн ч гар хүрээгүй. Ө.Түмэн-Эрдэнэд гар хүрсэн хүн байхгүй. Харин энэ хүн автомашины бүх хаалгыг онгойлгоод байсан. Энэ хэргийн улмаас хамрын яс хугарч, эмчилгээ хийлгэсэн. Хамар хавдсанаас болж ажилдаа хэд хоног явж чадаагүй. “Эмжж” эмнэлэгт 25,000 төгрөгөөр үзлэг хийлгэсэн, 140,000 төгрөгөөр компьютерийн зураг авахуулсан. “Төгс ялгуун” эмнэлэгт 10,000 төгрөгөөр үзлэг хийлгэж, хамрын хугарлыг 150,000 төгрөг төлж татуулсан. Мөн цаашид хамрын хагалгаанд ороход 722,500 төгрөг гарна гэсэн. 2016 оны 03 дугаар сарын 18-наас 2016 оны 04 дүгээр сарын 04-нийг дуустал ажлаа хийгээгүй хугацааны цалин 541,786 төгрөг нэхэмжилсэн. Эдгээрийн зардалд Ө.Түмэн-Эрдэнээс 1,800,000 төгрөгийг 2016 оны 05 дугаар сард хүлээн авсан. Гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.
Мөн эрүүгийн 2016 2601 0781 дугаартай хэргээс хохирогч, гэрч нарын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:
Мөрдөн байцаалтад хохирогч Г.Баянмөнхийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр мэдүүлсэн: “...2016 оны 03 дугаар сарын 17-ны орой гэрээсээ гараад эхнэр Б.Мөнхтуяаг тосож авах гээд “Содон” хорооллын авто машины зогсоол дээр машинтайгаа зогсож байсан. Энэ үед ойролцоогоор 23 цаг өнгөрч байсан байх. Би машиндаа суугаад байж байхад “Содон” хорооллын “Броун хаус” гэх нэртэй ресторанаас нэг эмэгтэй хүн нэг эрэгтэй хүн хоёр согтуу гарч ирсэн. Тэгээд 13-60 гэсэн дугаартай шаргал өнгийн “экстриал” маркийн машин дээр ирээд эхлээд өөрөө машиндаа суусан. Гэтэл нөгөө хамт явсан эмэгтэй хажуу талд нь байсан “приус 20” маркийн саарал өнгийн машинд суучихсан. Тэгээд би анзааралгүй машиндаа сууж байсан чинь нөгөө залуу нь миний машины хаалгыг онгойлгоод юм хайж байснаа хамгийн сүүлд жолооч талын хаалгыг онгойлгоод “эгчийгээ гаргаад ир эгч чинь хайччихав, чи хаана нуусан юм бэ” гээд байсан. Тэгэхээр нь би “ахаа та яагаад байгаа юм бэ” гэсэн чинь “чи буугаад ир ахтайгаа үзмээр байна уу” гэхээр нь би холдуулах санаатай машинаасаа буусан. Буухдаа намайг цохичихож магадгүй гэж бодоод нүдний шилээ авчихаад буусан юм. Тэгээд машинаасаа буугаад зогссон чинь намайг заамдаж аваад баруун гараараа миний хамар руу 4-5 удаа цохисон. Тэгээд хамраас цус гараад байсан. Тэгэхээр нь цаашлуулах гээд тонгойж байгаад гараараа сарвалзаад цааш нь түлхсэн. Тэгснээ тэр ах дээгүүрээ өмсчихсөн хувцасаа тайлаад над руу ахиад “үзий ямар овоо юм бэ чи” гээд дайраад байсан. Тэгээд би тэр хооронд эхнэр Мөнхтуяа руу утасдаад Билгүүнтэй яриулаадах гээд Билгүүнтэй яриад Билгүүнийг гараад ир намайг хүн цохичихлоо гэсэн. Тэгээд Билгүүн гарч ирээд “манай найзыг хүн цохичихлоо” гээд цагдаад дуудлага өгсөн. Тэгээд манай эхнэр араас нь ажлын газрын 10 орчим хүмүүстэй гараад ирсэн. Би уг цохиулсан өдрийн маргааш “Эмжж” гэх нэртэй хувийн эмнэлэгт очиж 165.000 төгрөгөөр үзүүлсэн. Тэгээд шүүх эмнэлэгт 4000 төгрөгөөр үзүүлсэн. Түүнээс хойш 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдөр “Төгс ялгуун” нэртэй хувийн эмнэлэгт очиж 160.000 төгрөгөөр үзүүлсэн. Тэнд хамрын яс хугарсан байна гээд нааш нь татуулах эмчилгээ хийлгэсэн. Нийтдээ баримттай 329.000 төгрөг болсон. Тэгээд “Төгс ялгуун” эмнэлэг 3-6 сарын дараа миний хамранд хагалгаа хийнэ гэсэн. Тэр хагалгааны зардал нь 722.500 төгрөг болно гэсэн. Ингээд би нийтдээ 1.151.500 төгрөгийг намайг цохиж гэмтэл учруулсан хүнээс нэхэмжилж байна. Мөн энэ хугацаанд ажлын 12 хоног ажилдаа явж чадаагүй учраас энэ хоорондох цалингаа бас гаргуулмаар байна...” гэх мэдүүлэг[1],
Мөн түүний 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлсэн: “...Би хэрэг болох орой 23 цагийн үед өөрийн эзэмшилийн 88-67 УБӨ улсын дугаартай “Хюндай Инсайт” маркийн хар өнгийн машинтай ганцаараа “Содон” хорооллын доод талд байрлах ресторанаас өөрийн эхнэр Мөнхтуяаг тосож авах санаатай очоод уг хорооллын ертөнцийн зүгээр баруун талд нь байрлах авто зогсоол дээр зогсож байсан. Би тухайн залууг урд өмнө харж байгаагүй, би танихгүй. Би тухайн үед архи уугаагүй, эрүүл байсан, харин нөгөө залуу шал согтуу байх шиг байсан. Уг залуу тухайн үед нэг эмэгтэйтэй ресторонаас гарч ирээд нөгөө эмэгтэй нь саарал өнгийн “приус-20” маркийн машинд суучихсан чинь нөгөө залуу уг эмэгтэйгээ хайгаад байгаа бололтой байсан. Тухайн үед миний машин асаалттай байсан чинь нөгөө залуу ирээд миний хойд талын хаалгыг татаж харчихаад жолооч талын хаалгыг татаж хараад “эгчийгээ гаргаад ир, эгчийгээ хаана нуусан бэ’’ гэж асуугаад байхаар нь би “та юу яриад байгаан бэ, энд хүн алга байна” гэхэд нөгөө залуу “чи ахтайгаа үзмээр байна уу, наашаагаа буугаад ир” гээд хаалга онгойлгочихоод зогсоод байхаар нь би цохичихож магадгүй гэж бодоод зүүж байсан нүдний шилээ тавьчихаад машинаасаа гараад ирсэн чинь нөгөө согтуу залуу намайг заамдаж миний нүүрэн тус газар руу гараараа 4-5 удаа цохисон. Тэр үед миний хамраас цус гараад байхаар нь би тонгойж байгаад уг согтуу ахын цээж рүү нь гараараа түлхсэн. Тэгээд жоохон холдоод машиныхаа хажууд очоод өөрийхөө гар утсаар эхнэр Мөнхтуяа руу залгаад Билгүүнийг дуудаад өгөөч гэхэд удаагүй Билгүүн ганцаараа гарч ирээд яасан бэ гэхээр би энэ залууд цохиулчихлаа гээд нөгөө залуу руу заасан чинь Билгүүн цагдаа дуудсан юм. Тэр нөгөө согтуу залуу цаана зогсчихсон, тэр цагдаагаа дууд гээд орилоод байсан. Удаагүй манай эхнэр ажлын газрыхаа 10 орчим хүмүүстэй гарч ирээд нөгөө хүмүүс миний хажууд зогсчихсон, эхнэр миний цусыг арчаад зогсож байхад нөгөө залуу явах гээд саарал өнгийн “экстриал” маркийн машинд суугаад явах гэж байгаад машинаасаа буугаад ирсэн. Тэгтэл удаагүй цагдаа ирээд нөгөө залууг аваад явахаар нь би өөрийхөө машинтай цагдаа дээр ирсэн. Тухайн үед хамт явж байсан эмэгтэй нь өөр машинд суугаад явчихсан юм шиг байсан. Өөр хүн гарч ирээгүй, уг экстриал маркийн машинд нь хүн байгаагүй, ганцаараа байсан. Тэр залуутай Билгүүн болон эхнэр Мөнхтуяагийн ажлын газраас ямар нэгэн хүн маргалдаж муудалцаагүй, цохиж зодоогүй, уг залуугийн биед халдаагүй, гарч ирээд цагдаа дууд гэж хэлчихээд зогсож байсан. Би хамрандаа 650,000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Гэхдээ “Төгс ялгуун” нэртэй эмнэлэг нь 6 сарын дараа 722,500 төгрөгний эмчилгээ хийлгэж, хагалгаанд орох ёстой гэж хэлсэн. Мөн хамар хугарсанаас болж би 12 хоног ажилдаа яваагүй тул 12 хоногийн цалин болох 496,000 төгрөгийг нэхэмжилж байна. Нийтдээ би 1,868,500 төгрөгийг миний хамар хугалсан залуугаас нэхэмжилж байна. Хохирлыг барагдуулчихвал надад гомдол санал гэх зүйл байхгүй. Тэр залуу бид хоёрыг маргалдаж байхад найз Билгүүн эхлээд гарч ирээд цагдаа дуудаад зогсож байхад манай эхнэр Мөнхтуяа болон түүний хамт ажилладаг хүмүүс гарч ирсэн. Өөр хүн бид хоёр дээр ирээгүй. Тэр залуу тухайн үед ганцаараа байсан. Хамт гарч ирсэн эмэгтэй нь явчихсан юм шиг байгаа юм. Тэр эмэгтэй нь гарч ирээгүй. Би тэр согтуу залууг цохиж зодоогүй, би хамарнаас цус гараад байхаар нь би доошоо тонгойж байгаад надаас зуурчихсан байхаар цээж рүү нь хоёр гараараа түлхээд өөрөөсөө холдуулсан. Тэгээд гар утсаар Билгүүн рүү залгаж хэлсэн юм...” гэх мэдүүлэг[2],
Мөрдөн байцаалтад гэрч О.Билгүүний 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр мэдүүлсэн “...2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 20 цагийн үед би Вокзалын “Хаан” банкны салбарын хүмүүстэйгээ “мартын 8” болон “цэргийн баяр” тэмдэглэх зорилгоор “Содон” хорооллын “Броун хаус” нэртэй караокед орсон. Тэгээд тэндээ хэсэг байж байхад манай найз Баянмөнх эхнэр Мөнхтуяаг авах гээд ирж байна гээд 24 цагийн үед ярьсан. Тэгээд бид нар гарах гээд байж байхад Мөнхтуяа “Баянмөнх чамайг гадаа дуудаж байна” гэхээр нь би ажлын хүмүүсээс түрүүлээд гарсан чинь Баянмөнх машиныхаа хажууд хамраа дарчихсан зогсож байсан. Тэгэхээр нь Баянмөнхийн хамрыг үзсэн чинь хамар нь нэг тал руугаа далийчихсан байсан. Тэгэхээр нь би шууд цагдаад дуудлага өгчихсөн юм. Энэ үед Баянмөнхийг цохисон гэх залуу Баянмөнхийн машинаас нилээн зайтай байсан нэг бага гарын жийп машин шиг машинд сууж, тэгснээ нөгөө залуу намайг цагдаа дуудаж байхад машинаасаа бууж ирээд “би ч гэсэн цагдаа дуудна” гээд цагдаагийн газар руу залгаад байх шиг байсан. Энэ үед манай ажлын газрын хүмүүс бүгд гараад ирсэн. Тэгээд 15 орчим минутын дараа цагдаа ирээд тэр залууг машиндаа суулгаад Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр авч ирсэн. Би Баянмөнх, Мөнхтуяа, Дуламсүрэн эгч нарын хамт араас нь цагдаа дээр ирсэн. ...Баянмөнхийг цохисоны дараа би гарч ирсэн болохоор яг ямар шалтгаанаас болж тэр хоёр маргалдаж Баянмөнхийг цохисон талаар мэдэхгүй байна. Тэр Баянмөнхийг цохисон залуу хар саарал байсан байхаа, тиймэрхүү өнгийн пальтотой зогсож байсан. Тэр залуугийн биед ямар нэгэн ил харагдах шарх сорви байгаагүй, зүгээр байсан. Баянмөнхөөс асуухад ...наад залуу чинь “намайг зүгээр машинаасаа бууж ирэхэд цохичихлоо” гэж байсан....” гэх мэдүүлэг [3],
Мөрдөн байцаалтад гэрч Б.Мөнхтуяагийн 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр мэдүүлсэн: “...2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр манай ажлын хамт олон “мартын 8”-ны баяр болон “цэргийн баяр”-ыг тохиолдуулаад “Содон” хорооллын “Броун хаус” нэртэй паабад орж хоол унд идээд тэнд хэсэг сууж байгаад тарах дөхөөд би найз залуу Баянмөнхийг ирээд ав гээд ярьсан. Тэгээд бид нарыг гарахаас өмнө Баянмөнх над руу залгаад манай ажлын газрын Билгүүнтэй ярья гээд Билгүүнтэй миний утсаар ярьсан. Тэгээд Билгүүн гараад явсан. Бид нар араас нь удалгүй бөөнөөрөө гарсан чинь “Содон” хорооллын үүдний авто зогсоол дээр Баянмөнх хамраа дарчихсан, хамраас нь цус гарчихсан зогсож байсан. Түүний хажууд Билгүүн болон нэг танихгүй хүн зогсож байсан. Тэгээд бид нарыг гарч ирсний дараа Билгүүн “манай захирал Баянмөнхийн хамар руу энэ залуу цохичихжээ” гэсэн. Тэгээд захирал болон бусад хүмүүс цагдаа иртэл тэндээ байж байсан. Тэгээд удалгүй цагдаа ирээд нөгөө хүнийг суулгаад аваад явсан. Баянмөнх машин бариад намайг ирж авах гэж байсан болохоор эрүүл байсан. Харин Баянмөнхийг цохисон залуу нилээн согтуу байсан. Тухайн үед тэр залуу ганцаараа байсан. Тэр залууг гаднаас нь харахад лав нүүр царай нь ямар нэгэн гэмтэл шархгүй, зүгээр байсан. ...би гарч ирээд Баянмөнхөөс асуухад “тэр залуу нэг эмэгтэй хүн хайж байгаад эгчийгээ гаргаад ир” гээд машиных нь хаалгыг онгойлгоод “гараад ир” гээд байсан гэсэн. Тэгэхээр нь Баянмөнх машинаасаа буусан чинь урдаас нүүр рүү нь гараараа цохисон гэсэн. ...” гэх мэдүүлэг [4],
Мөрдөн байцаалтад гэрч Б.Оюунбилэгийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр мэдүүлсэн: “...2016 оны 03 дугаар сарын 17-ны орой 18 цагийн үед ажлаа тараад манай ажлын газрын 4 эмэгтэй цэргийн баяр болж байна гээд ажлын газрын хоёр эрэгтэйгээ баярлуулах санаатай “Содон” хорооллын доод талд байрлах караокед орой 19 цагийн үед орж сууж, 4 цаг гаран дуулж, ус, ундаа, 0,75 граммын 2 шил “Соёрхол” нэртэй архи авч уусан. 23 цагийн үед Баярмаа, Бадамханд хоёр гэртээ харилаа гээд явсан. Уг караокед Түмэн-Эрдэнэ, Алтанцоож, Дэлгэр бид дөрөв үлдэж байж байгаад 23 цаг 30 минутын үед уг караокегоос гараад Алтанцоож таньдаг хүнээ машинтай нь дуудчихсан байгаа гээд уг машинд нь Алтанцоож, Дэлгэр, Түмэн-Эрдэнэ гурав явахаар болоод би 21-р хороололд байрлах хадмындаа очихоор болоод салсан. Удаагүй хүмүүс маргалдах чимээ гарахаар нь би харсан чинь Түмэн-Эрдэнэ нэг залуутай маргалдаж байсан. Тэгэхээр нь би очсон чинь Түмэн-Эрдэнэ тухайн маргалдаж байсан залуугийн машиныг Алтанцоожийн дуудсан машин гэж бодоод хаалгыг нь татчихсан юм шиг байсан. Тэгээд маргалдсан гээд намайг очих үед зогсож байсан. Түмэн-Эрдэнэ нь “чи юун сүртэй юм бэ” гээд зогсож байсан. Тухайн үед нь “Содон” хорооллын гадаа гэрэлтэй байсан тул намайг харахад Түмэн-Эрдэнийн биед болон нөгөө залуугийн биед ямар нэгэн гэмтэл харагдаагүй. Тэгээд цагдаа дуудсан гэж байсан. ...” гэх мэдүүлэг [5] ,
Мөрдөн байцаалтад гэрч Т.Алтанцоожийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр мэдүүлсэн: “...2016 оны 03 дугаар сарын 17-ны орой 18 цаг өнгөрч байхад манай ажлын газрын хүмүүс нийт зургуулаа “Содон” хороололд байрлах караокед ороод цэргийн баяр тэмдэглэн үйлчүүлж байгаад 22 цаг өнгөрч байхад манай ажлын газрын Бадамгарав, Баярмаа хоёр түрүүлээд гэртээ харихаар явсан. Харин дарга Оюунбилэг, Түмэн-Эрдэнэ, Дэлгэр бид дөрөв үлдсэн. Тэгээд бид нар уг газар байж байгаад 23 цаг өнгөрч байхад уг караокеноос гарахад өмнө миний дуудсан байсан төрсөн ах Алтанхуяг нь машинтайгаа ирчихсэн байхаар нь Дэлгэр бид хоёр гараад машинд нь суусан. Оюунбилэг дарга нөхөр нь ирж байгаа гээд нойл орчихоод гарна гээд Түмэн-Эрдэнэ тэр хоёр үлдсэн. Удаагүй Түмэн-Эрдэнэ гараад ирчихсэн үл таних приустэй залуутай маргалдаад зогсож байхаар нь очиход уг машинаас нь бас нэг залуу гарч ирээд Түмэн-Эрдэнийн араас нь татаад салгах гэж байгаа юм шиг байхаар нь би очоод “юу болсон бэ” гэхэд Түмэн-Эрдэнэ хэлэхдээ “машинаа андуураад хаалгыг нь татсан чинь уг залуу намайг мөргөчихлөө” гээд зогсож байсан. Тухайн үед намайг очоод харахад Түмэн-Эрдэний биед болон нөгөө залуугийн биед нь ямар нэгэн гэмтэл харагдаагүй. “Содон” хорооллын гадаа гэрэлтүүлэгтэй байсан. Тэгтэл Түмэн-Эрдэнэ “та нар явж бай би цагдаа дуудчихсан байгаа учраа олоод явна” гэж хэлэхээр нь Дэлгэр бид хоёр ахтайгаа хамт явсан. Харин дарга нөхөртөйгөө хамт явсан. Намайг очихоос өмнө юу болсоныг мэдээгүй, харин намайг очсоны дараа ямар нэгэн зодоон болоогүй. Уул нь Дэлгэр бид хоёр ахынхаа машинд суучихаад дарга, Түмэн-Эрдэнэ хоёрыг нойлоос гарч ирээгүй байна гэж бодоод сууж байсан учир анзаарч хараагүй. Тэгтэл нэг мэдсэн чинь Түмэн-Эрдэнэ гарч ирээд уг жолоочтой маргалдсан байсан. ...” гэх мэдүүлэг [6],
Мөрдөн байцаалтад гэрч Н.Дэлгэрийн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр мэдүүлсэн: “...2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр цэргийн баяр гээд хэлтсийн ажилтангууд болох Оюунбилэг, Алтанцоож, Баярмаа, Түмэн-Эрдэнэ, Бадамханд бид зургаа “Содон” хорооллын доор байрлах “Броун хаус” нэртэй караокед орж үйлчлүүлж байгаад 23 цаг өнгөрч байхад гэртээ харихаар болоод Бадамханд, Баярмаа хоёр түрүүлээд гараад явчихсан. Дараа нь Алтанцоожийн ах нь машинтайгаа ирэхээр нь бид нар гарах гэхэд Түмэн-Эрдэнэ, Оюунбилэг дарга хоёр нойл орж бие засчихаад гарна гэж байсан. Тэр үед нь Алтанцоож бид хоёр түрүүлж гарч ирээд Алтанцоожийн ахын машинд суугаад байж байхад Оюунбилэг дарга араас гарч ирээд нөхрийнхөө машинд суучихсан. Тэгтэл машинд сууж байхад Түмэн-Эрдэнэ хамгийн сүүлд ганцаараа гарч ирж байх шиг харагдсан. Тэгээд ирэх байх гэж бодоод сууж байхад Түмэн-Эрдэнэ нэг залуутай маргалдаад байх шиг байсан. Тэгтэл хажууд нь байсан хүмүүс болон Оюунбилэг дарга очоод салгаж байх шиг байсан. Тэгэхээр нь Алтанцоож бид хоёр машинаас буугаад яасан гэхэд Түмэн-Эрдэнэ “өөрөө зогсож байсан газраасаа орилоод зүгээрээ би цагдаа дуудчихсан та нар яв” гэж хэлэхээр нь бид хоёр гайгүй юм байна гэж бодоод яваад өгсөн. Дараа нь сонссон чинь Түмэн-Эрдэнэ хэлэхдээ Алтанцоожийн ахын машиныг андуураад өөр хүний машиныг онгойлгоод жолоочтой нь маргалдсан гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг [7],
Мөрдөн байцаалтад Ө.Түмэн-Эрдэнийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр сэжигтнээр мэдүүлсэн: “...2016 оны 03 дугаар сарын 17-ны орой 19 цагийн үед “Содон” хороололын “Броун хаус” караокед өөрийн хамт ажилладаг Оюунбилэг, Аптанцоож, Дэлгэр, Бадамханд, Баярмаа нарын хамт “цэргийн баяр” тэмдэглэх зорилгоор ороод 0,75 граммын “Соёрхол” нэртэй архинаас хоёрыг ууцгаагаад, хоол идээд, караокед дуулж байхад Баярмаа, Бадамханд хоёр 23 цагийн үед гэртээ харилаа гээд явсан. Тэгээд уг караокед Оюунбилэг, Алтанцоож, Дэлгэр бид дөрөв үлдээд Алтанцоожийн ах нь ирж авна гээд хүлээж байгаад 23 цаг 30 минутын үед ах нь ирчихсэн гэхээр нь Аптанцоож, Дэлгэр хоёр түрүүлээд гарсан. Харин Оюунбилэг бид хоёр нойл орж бие засчихаад гарах гэж байсан. Тэгээд би бие засчихаад гараад ирэхэд Оюунбилэг дарга гарчихсан байхаар нь би караокегоос гарч ирээд үүд хэсэгт нь байрлах автомашины зогсоол дээр байсан саарал өнгийн “приус-20” маркын машин юм байна гэж бодоод урд талын хаалгыг нь татаж харахад хүн байхгүй байхаар нь хойноо суучихсан юм байна гэж бодоод хойд талын хаалгыг татаад онгойлгосон чинь үл таних 1 залуу бууж ирээд “машин эвдлээ шүү дээ” гээд намайг түлхээд байхаар нь би гарыг нь бариад авах гэсэн чинь үгийн зөрөөгүй шууд миний зүүн талын дух хэсэг рүү 1 удаа мөргөсөн. Мөн гараараа нүүрэн тус газар руу хэд, хэдэн удаа цохиод байхаар нь би гарыг нь барьж авах гээд зогсож байхад цаанаас нь үл таних залуу гарч ирээд миний шилэн хүзүү рүү 4-5 удаа гараараа цохиод авах шиг болсон. Тэгтэл ойр орчмоор явж байсан хүмүүс бид хоёрыг салгаад зогсож байхад нь би 99041256 гэсэн дугаараас цагдаа дуудчихаад зогсож байхад манай ажлын газрын Алтанцоож, Дэлгэр, Оюунбилэг нар ирээд яасан гэхээр нь би цагдаа дуудчихсан та нар явж бай би учраа олчихно гэж хэлээд тэд нарыг явуулсан. Цагдаа нар ирээд намайг машиндаа суулгаад нөгөө залууг машинтайгаа хүрээд ир гэж хэлээд цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Тухайн үед миний зүүн дух хэсэгт шалбарчихсан, хүзүүний хэсгээр бамбалзаад байсан. Тэгээд 3 хоногийн дараа байцаагч дээр ирсэн юм. Би тухайн залууг урд өмнө харж байгаагүй, танихгүй. Би тухайн үед машин андуурч хаалга татсан тэрнээс болж маргаан үүссэн. Би уг жолоочийг огт цохиж зодоогүй, харин гарыг нь барьж авах гэж ноцолдсон...” гэх мэдүүлэг [8],
Мөн түүний 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...Хохирогч залуу бид хоёрыг маргалдаж байх үед надтай хамт явж байсан Оюунбилэг, Алтанцоож, Дэлгэр нар гарч ирээгүй. Тухайн үед Оюунбилэг өөрийхөө нөхрийн машин дотроо байсан байх. Харин Дэлгэр, Алтанцоож хоёр Алтанцоожийн ахын саарал өнгийн “приус-20” маркын машин дотор байсан. Дараа нь хохирогч гээд байгаа залуу бид хоёр салчихаад цагдаа дуудчихаад зогсож байхад Оюунбилэг дарга ганцаараа ирсэн. Дэлгэр, Алтанцоож хоёр ирээгүй. Тухайн үед хохирогчтой маргалдаж байхад Алтанцоож ирсэн ирээгүйг би мэдэхгүй байна. Уг хохирогч залуугаас салчихаад зогсож байхад Оюунбилэг дарга ирээд “одоо яахав” гэхээр нь та явж бай цагдаа ирээд учрыг нь олох байх гээд явуулсан. Би 13-60 УНБ улсын дугаартай “экстриал” маркын саарал өнгийн машинтай. Хэрэг гарах үед уг автомашины зогсоол дээр миний эзэмшлийн “экстриал” маркын машин зогсоол дээр нь байсан. Тэр хохирогч гээд байгаа залуу намайг нэг удаа мөргөсөн нь үнэн. Би тэр залууг гараараа нүүрэн тус газар руу нь цохисон асуудал байхгүй. Тэгээд маргалдаад байж байхад үл таних нэг залуу ирээд хохирогч гэх залуутай ирж нийлээд намайг цохиж зодсон. Хохирогч гэх залуутай маргалдаад би хоёр гарнаас нь барьж авчихаад зогсож байхад, хохирогч гэх залуутай өндрөөрөө адилхан туранхайвтар, архи уучихсан согтуу 1 залуу ирээд миний ард шилэн хүзүү рүү 4-5 удаа гараараа цохисон. Уг залуугийн цохисоноос нь болж хүзүү хүндүүр болчихсон байсан. Харин хохирогч залууд мөргүүлсэнээс болж дух шалбарчихсан, толгой өвдөх зэрэг гэмтэл учирсан байсан...” гэх мэдүүлэг [9],
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 3873 тоот актын:
“...1,2 Г.Баянмөнхийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
3,4 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
5.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна.
6.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. ...” гэсэн дүгнэлт...” [10],
-Хохирол нэхэмжилсэн баримтууд [11],
-Шүүгдэгч Ө.Түмэн-Эрдэнэ хохирогч Г.Баянмөнхөд 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хохирол 1,800,000 төгрөг хүлээлгэн өгсөн тухай мөрдөн байцаагчийн тэмдэглэл [12],
-Шүүгдэгч Ө.Түмэн-Эрдэнийн иргэний үнэмлэхийн лавлагаа[13], урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас [14] болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэвэл:
Нэг. Шүүгдэгч Ө.Түмэн-Эрдэнэ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 03 дугаар сарын 17-ноос 2016 оны 03 дугаар сарын 18-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 6 хорооны нутаг дэвсгэрт байрлах “Содон” хорооллын автомашины зогсоол дээр иргэн Г.Баянмөнхийн автомашины хаалгыг онгойлгосноос үүдэн түүнтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, Г.Баянмөнхөд хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
-хохирогч Г.Баянмөнхийн мөрдөн байцаалтад 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр мэдүүлсэн: “...2016 оны 03 дугаар сарын 17-ны орой гэрээсээ гараад эхнэр Б.Мөнхтуяаг тосож авах гээд “Содон” хорооллын авто машины зогсоол дээр машинтайгаа зогсож байсан. “Броун хаус” гэх нэртэй ресторанаас нэг эмэгтэй хүн нэг эрэгтэй хүн хоёр согтуу гарч ирсэн. ...машиндаа сууж байсан чинь нөгөө залуу нь миний машины хаалгыг онгойлгоод юм хайж байснаа хамгийн сүүлд жолооч талын хаалгыг онгойлгоод “эгчийгээ гаргаад ир, эгч чинь хайччихав чи хаана нуусан юм бэ” гээд байсан. Тэгэхээр нь би “ахаа та яагаад байгаа юм бэ” гэсэн чинь “чи буугаад ир ахтайгаа үзмээр байна уу” гэхээр нь би холдуулах санаатай машинаасаа буусан. ...машинаасаа буугаад зогссон чинь намайг заамдаж аваад баруун гараараа миний хамар руу 4-5 удаа цохисон. ...” гэсэн мэдүүлэг[15],
-2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлсэн: “...нөгөө залуу ирээд миний хойд талын хаалгыг татаж харчихаад жолооч талын хаалгыг татаж хараад “эгчийгээ гаргаад ир, эгчийгээ хаана нуусан бэ’’ гэж асуугаад байхаар нь би “та юу яриад байгаан бэ, энд хүн алга байна” гэхэд нөгөө залуу “чи ахтайгаа үзмээр байна уу, наашаагаа буугаад ир” гээд хаалга онгойлгочихоод зогсоод байхаар нь ...машинаасаа гараад ирсэн чинь нөгөө согтуу залуу намайг заамдаж миний нүүрэн тус газар руу гараараа 4-5 удаа цохисон. ...” гэсэн мэдүүлэг[16], түүний шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг,
-гэрч О.Билгүүний мөрдөн байцаалтад 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр мэдүүлсэн: “...Мөнхтуяа “Баянмөнх чамайг гадаа дуудаж байна” гэхээр нь би ажлын хүмүүсээс түрүүлээд гарсан чинь Баянмөнх машиныхаа хажууд хамраа дарчихсан зогсож байсан. ...Баянмөнхийн хамрыг үзсэн чинь хамар нь нэг тал руугаа далийчихсан байсан. Баянмөнхөөс асуухад “наад залуу чинь намайг зүгээр машинаасаа бууж ирэхэд цохичихлоо” гэж байсан...” [17] гэсэн мэдүүлэг,
-гэрч Б.Мөнхтуяагийн мөрдөн байцаалтад 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр мэдүүлсэн: “...2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр манай ажлын хамт олон ...“Содон” хорооллын “Броун хаус” нэртэй паабад орж хоол унд идээд тэнд хэсэг сууж байсан. ...би найз залуу Баянмөнхийг ирээд ав гээд ярьсан. Тэгээд бид нарыг гарахаас өмнө Баянмөнх над руу залгаад манай ажлын газрын Билгүүнтэй ярья гээд Билгүүнтэй миний утсаар ярьсан. Тэгээд Билгүүн гараад явсан, бид нар араас нь удалгүй бөөнөөрөө гарсан чинь “Содон” хорооллын үүдний авто зогсоол дээр Баянмөнх хамраа дарчихсан хамраас нь цус гарчихсан зогсож байсан. ...Билгүүн манай захирал Баянмөнхийн хамар руу энэ залуу цохичихжээ гэсэн. ...Баянмөнхийг цохисон залуу нилээн согтуу байсан....” гэсэн мэдүүлэг[18],
-гэрч Б.Оюунбилэгийн мөрдөн байцаалтад 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр мэдүүлсэн: “...2016 оны 03 дугаар сарын 17-ны орой 18 цагийн үед ажлаа тараад ...цэргийн баяр болж байна гээд ...”Содон” хорооллын доод талд байрлах караокед орой 19 цагийн үед орж суусан. ...23 цаг 30 минутын үед уг караокегоос гарсан. ...хүмүүс маргалдах чимээ гарахаар нь би харсан чинь Түмэн-Эрдэнэ нэг залуутай маргалдаж байсан. Тэгэхээр нь би очсон чинь Түмэн-Эрдэнэ тухайн маргалдаж байсан залуугийн машиныг Алтанцоожийн дуудсан машин гэж бодоод хаалгыг нь татчихсан юм шиг байсан. Тэгээд маргалдсан гээд намайг очих үед зогсож байсан....” гэсэн мэдүүлэг[19],
-гэрч Т.Алтанцоожийн мөрдөн байцаалтад 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр мэдүүлсэн: “...2016 оны 03 дугаар сарын 17-ны орой 18 цаг өнгөрч байхад манай ажлын газрын хүмүүс нийт зургуулаа “Содон” хороололд байрлах караокед ороод цэргийн баяр тэмдэглэсэн. ...23 цаг өнгөрч байхад уг караокеноос гараад миний дуудсан байсан төрсөн ах Алтанхуягийн машинд нь суухад Оюунбилэг дарга, ...Түмэн-Эрдэнэ тэр хоёр үлдсэн. Удаагүй Түмэн-Эрдэнэ гараад ирчихсэн үл таних ...залуутай маргалдаад зогсож байсан....” гэсэн мэдүүлэг [20],
-гэрч Н.Дэлгэрийн мөрдөн байцаалтад 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр мэдүүлсэн: “...Тэр үед Алтанцоож бид хоёр түрүүлж гарч ирээд Алтанцоожийн ахын машинд суугаад байж байхад Оюунбилэг дарга араас гарч ирээд нөхрийнхөө машинд суучихсан. ...Түмэн-Эрдэнэ нэг залуутай маргалдаад байх шиг байсан. ...Дараа нь сонссон чинь Түмэн-Эрдэнэ хэлэхдээ Алтанцоожийн ахын машиныг андуураад өөр хүний машиныг онгойлгоод жолоочтой нь маргалдсан гэж хэлж байсан. ... гэсэн мэдүүлэг [21] ,
-шүүгдэгч Ө.Түмэн-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...жолооч Г.Баянмөнх нь “машин эвдлээ” гэж уурлаад машинаасаа гарч ирээд намайг түлхэхээр нь нэг удаа толгойн тус газар нь Г.Баянмөнхийг цохисон. ...” гэсэн мэдүүлэг,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 3873 тоот акт, дүгнэлт [22] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ө.Түмэн-Эрдэнэ нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Баянмөнхийг цохиж зодоогүй гэж гэм буруугийн талаар маргасан боловч шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн үйлдийн улмаас хохирогч Г.Баянмөнхийн бие махбодид хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч, энэ талаар маргаагүй.
Харин шүүгдэгч Ө.Түмэн-Эрдэнэ мөрдөн байцаалтад “...тэр залуу машин эвдлээ шүү дээ” гээд намайг түлхээд байхаар нь би гарыг нь бариад авах гэсэн чинь үгийн зөрөөгүй шууд миний зүүн талын дух хэсэг рүү 1 удаа мөргөсөн. Мөн гараараа нүүрэн тус газар руу хэд, хэдэн удаа цохиод байхаар нь би гарыг нь барьж авах гээд зогсож байхад цаанаас нь үл таних залуу гарч ирээд миний шилэн хүзүү рүү 4-5 удаа гараараа цохиод авах шиг болсон...” гэж мэдүүлсэн.
Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн сонгон авсан өмгөөлөгч Т.Урангэрэлээс “...хохирогч 4-5 удаа хамар руу цохисон гэдэг, энэ талаар шинжээч эмчээс тодруулж асуугаагүй, гэрч О.Билгүүн энэ зодоонд оролцсон эсэх талаар шалгаагүй, гэрч Т.Алтанцоожийн мэдүүлгээр хохирогч нь эхэлж Ө.Түмэн-Эрдэнийг мөргөсөн талаар мэдүүлдэг, “Содон” хорооллын камерийн бичлэгийг баримтжуулж авах ажиллагааг хийгээгүй байна.
Ө.Түмэн-Эрдэнэ нь тухайн өдөр автомашин андуурснаас болж энэхүү хэрэг маргаан гарсан, түүнээс хохирогчийг айлгаж дарамталсан зүйл байхгүй учир танхайн сэдэлттэйгээр гэмт хэрэг үйлдээгүй. Тухайн үед тодорхой сэдэлттэйгээр хувийн таарамжгүй харьцаанаас үүссэн, өөрөөр хэлбэл хохирогч, шүүгдэгч нар нь бие биенээ танихгүй ч шүүгдэгч Ө.Түмэн-Эрдэнэ хохирогч Г.Баянмөнхийн машины бүх хаалгыг онгойлгож, жолоочийг бухимдуулснаас жолооч Г.Баянмөнх машинаасаа бууж ирж Ө.Түмэн-Эрдэнийг машинаасаа холдуулахаар түлхэх үед өөрийгөө цохих гэж байна гэж андуурч Ө.Түмэн-Эрдэнэ хохирогчийг нэг удаа цохисон асуудал байгаа. Иймд Ө.Түмэн-Эрдэнэд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсгээр хөнгөрүүлэн өөрчилж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн санал, хүсэлтийг гаргаж мэтгэлцсэн бөгөөд доорхи үндэслэлээр дээрх санал, хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн. Үүнд:
Шүүх хэрэгт цугларсан баримтаас үзвэл:
1.Гэрч нарын хэн аль нэг нь иргэн О.Билгүүнийг тус гэмт хэрэгт оролцсон гэх талаар мэдүүлэг гаргаагүй, харин ч гэрч Т.Алтанцоожоос ...нэг залуу гарч ирээд Түмэн-Эрдэнийн араас татаад салгах гээд байгаа юм шиг байхаар нь ....очсон...” гэж мэдүүлсэн. Үүгээр иргэн О.Билгүүн тус гэмт хэрэгт оролцсон гэх нөхцөл байдал хэрэгт байхгүй.
2.Гэрч Т.Алтанцоож “...Ө.Түмэн-Эрдэнэ хэлэхдээ ...”уг залуу намайг мөргөчихлөө” гээд зогсож байсан гэж мэдүүлсэн ба, яг тухайн агшны үйл явдлыг хараагүй талаар мэдүүлсэн, мөн гэрч Т.Алтанцоож “...хохирогч Г.Баянмөнх эхэлж мөргөсөн гэсэн...” гэж мэдүүлсэн мэдүүлэг хэрэгт байхгүй болно.
3.Шүүгдэгч Ө.Түмэн-Эрдэнийн “...машин эвдлээ гээд зүүн талын дух хэсэг рүү нэг удаа мөргөсөн, нүүрэн тус газар хэд хэдэн удаа цохисон, үл таних залуу гарч ирээд 4-5 удаа цохиод авах шиг болсон...” гэх мэдүүлгийн эх сурвалж нь тогтоогдоогүй, хэрэгт энэ талаар шалгуулах, шүүх эмнэлэгт үзүүлэх талаар гаргасан хүсэлтгүй болон бусад баримтгүй бөгөөд гэрч О.Билгүүний “тэр залуугийн биед ил харагдах шарх сорви байгаагүй... гэх мэдүүлэг, гэрч Б.Оюунбилэгийн “...Түмэн-Эрдэнийн ...биед ямар нэгэн гэмтэл харагдаагүй...” гэх мэдүүлэг, гэрч Б.Мөнхтуяагийн “...тэр залууг гаднаас нь харахад лав нүүр царай нь ямар нэгэн гэмтэл шархгүй, зүгээр байсан...” гэх мэдүүлэг, гэрч Т.Алтанцоожийн “...Түмэн-Эрдэнийн биед ...ямар нэгэн гэмтэл харагдаагүй...” гэх мэдүүлэг зэргээр шүүгдэгчийн мэдүүлэг үгүйсгэгдсэн.
4.Хохирогч Г.Баянмөнх нь миний нүүр рүү 4-5 удаа цохисон гэж мэдүүлсэн байхад шинжээчийг байцаагаагүй, хэдэн удаагийн үйлдлээр хохирогчид гэмтэл учруулсныг тодруулаагүй гэж өмгөөлөгч мэтгэлцсэн ба шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3873 дугаартай акт дүгнэлтээр “... Г.Баянмөнхийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл учирсан нь тухайн хэргийн цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд...” гэсэн байх ба хэдэн удаагийн үйлдлээр учруулсан болох нь зайлшгүй тодруулах шаардлагатай нөхцөл байдал биш байх ба учирсан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах тул шинжээч эмчийг зайлшгүй байцааж, дүгнэлтийг тодруулах шаардлагагүй гэж үзнэ.
5.”Содон” хорооллын 2016 оны 03 дугаар сарын 17-18-нд шилжих шөнийн камерийн дүрс бичлэгийг тухайн эрүүгийн хэрэг үүсгэсэн цаг хугацаанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлд зааснаар хэрэгт цуглуулах бэхжүүлэх талаар байцаан шийтгэх ажиллагааны хэн аль нэг нь хүсэлт гаргаагүй байдаг ба шүүх тус үндэслэлээр хэргийг дахин шалгуулах шаардлагагүй гэж үзсэн.
6.Танхайрах гэмт хэрэг нь нийгмийн амгалан тайван байдлыг алдагдуулах, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчих, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулах, урьдчилан төлөвлөөгүй, гэнэт үүссэн, эмх замбараагүй, үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан өдөх, агсам тавих, элдвээр доромжлох, айлган сүрдүүлэх, басамжлах, дарамтлах, хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлэх зэргээр үйлдэгддэг.
Тухайн өдөр хэрэг маргаан нь “Содон” хороололын авто зогсоолын талбайд буюу нийтийн эзэмшлийн зам талбайд олон нийтийн газар болсон байна. Мөн тухайн өдөр хохирогч Г.Баянмөнх, шүүгдэгч Ө.Түмэн-Эрдэнэ нар нь бие биенээ таньдаггүй байсан байх ба Ө.Түмэн-Эрдэнэ нь автомашин андуурч, ...эгч чинь хааччихав, эгчийгээ хаана нуусан юм...” гэх зэрэг үл ялих зүйлээр шалтаглан хохирогчийг “үзчих үү, ямар овоо юм чи” гэх зэргээр халдашгүй чөлөөтэй байх эрхийг нь зөрчиж, басамжлан доромжилж, агсам тавьж, гэнэтийн хэрүүл маргаан үүсгэн танхайрсан буюу бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн байна. Хохирогч Г.Баянмөнхтэй тухайн үед хувийн таарамжгүй харьцаа үүсгэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, хохирогч Г.Баянмөнх нь шүүгдэгч Ө.Түмэн-Эрдэнэтэй эхэлж маргалдсан, зүй бус ажиллагаа гаргасан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч Ө.Түмэн-Эрдэнэд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй болно.
Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ө.Түмэн-Эрдэнэд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх ба шүүгдэгч Ө.Түмэн-Эрдэнийг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар.
Тус гэмт хэргийн улмаас хохирогч Г.Баянмөнхийн бие махбодид хөнгөн гэмтэл учирсан ба мөрдөн байцаалтад хохирогч Г.Баянмөнх нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд “Төгс ялгуун”, “Эмжж” чих хамар хоолойн тус тус эмнэлэгт эмчлүүлсэн эмчилгээний зардал 650,000 төгрөг, 12 хоногийн цалин 496,000 төгрөг, цаашид гарах хагалгааны зардал 722,500 төгрөг, нийт 1,868,500 төгрөгийг нэхэмжилсэн байна. Энэ талаар хэрэгт:
- “Эмжж” чих, хамар хоолойн эмнэлэгт үзүүлсэн үзлэгийн төлбөр 25,000 төгрөг,
-“Эмжж” чих, хамар хоолойн эмнэлэгт компьютер томографикийн зураг авахуулсан төлбөр 140,000 төгрөг,
-“Төгс ялгуун” эмнэлэгт үзүүлсэн үзлэгийн төлбөр 10,000 төгрөг
-“Төгс ялгуун” эмнэлэгт хамрын хугарал татуулахад төлсөн 150,000 төгрөг,
-“Төгс ялгуун” эмнэлэгт цаашид хамрын мэс ажилбар хийлгэхэд хагалгааны өмнөх шинжилгээ хийлгэх 72,500 төгрөг, хагалгааны төлбөр 650,000 төгрөг, нийт төлөх төлбөр 722,500 төгрөг,
-2016 оны 03 дугаар сарын 18-наас 2016 оны 04 дүгээр сарын 04-нийг дуустал ажилгүй байсан хугацааны цалин 541,786 төгрөг зэргийн баримт [23] -ыг ирүүлсэн байх ба эдгээрийн дүн нь 1,589,286 төгрөг байна.
Харин мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр шүүгдэгч Ө.Түмэн-Эрдэнэ нь хохирогч Г.Баянмөнхөд 1,800,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн болох нь хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл [24], шүүх хуралдаанд хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдсон ба хууль ёсны шаардлага хангасан 1,589,286 төгрөгийн баримтын дүнгээс 210,714 төгрөгөөр илүү буюу 1,800,000 төгрөгийг нөхөн төлжээ.
Шүүх хуралдаанд хохирогч Г.Баянмөнх нь цаашид нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Ө.Түмэн-Эрдэнийг түүнд төлөх төлбөргүй гэж үзнэ.
Гурав. Шүүгдэгчийн хувийн байдал болон бусад асуудлын талаар.
Шүүгдэгч Ө.Түмэн-Эрдэнэ нь 2016 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар [25] Цагдаагийн ерөнхий газрын МСТТ-ын санд бүртгэгдээгүй буюу ялгүй байна.
Иймд шүүгдэгч Ө.Түмэн-Эрдэнэд ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан гэм хорын хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдснийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийг хэрэглэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Ө.Түмэн-Эрдэнэ цагдан хоригдсон хоноггүй, түүнийг бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 294, 297.1.1-297.1.4, 298, 299 дүгээр зүйлийн 299.3-р зүйлүүдийг удирдлага болгон
[1] Хавтаст хэргийн 9-10 дугаар тал.
[2] Хавтаст хэргийн 11-12 дугаар тал.
[3] Хавтаст хэргийн 13-14 дүгээр тал.
[4] Хавтаст хэргийн 15-16 дугаар тал.
[5] Хавтаст хэргийн 17 дугаар тал.
[6] Хавтаст хэргийн 18 дугаар тал.
[7] Хавтаст хэргийн 23 дугаар тал.
[8] Хавтаст хэргийн 34 дүгээр тал.
[9] Хавтаст хэргийн 36-37 дугаар тал.
[10] Хавтаст хэргийн 25 дугаар тал.
[11] Хавтаст хэргийн 54-57 дугаар тал. /давхцсан 54 дугаар талаас/
[12] Хавтаст хэргийн 59 дүгээр тал.
[13] Хавтаст хэргийн 38 дугаар тал.
[14] Хавтаст хэргийн 39 дүгээр тал.
[15] Хавтаст хэргийн 9-10 дугаар тал.
[16] Хавтаст хэргийн 11-12 дугаар тал.
[17] Хавтаст хэргийн 13-14 дүгээр тал.
[18] Хавтаст хэргийн 15-16 дугаар тал.
[19] Хавтаст хэргийн 17 дугаар тал.
[20] Хавтаст хэргийн 18 дугаар тал.
[21] Хавтаст хэргийн 23 дугаар тал.
[22] Хавтаст хэргийн 25 дугаар тал.
[23] Хавтаст хэргийн 54-58 дугаар тал./давхцсан 54 дугаар талаас/
[24] Хавтаст хэргийн 59 дүгээр тал.
[25] Хавтаст хэргийн 55 дугаар тал.