Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2020/00039

 

Ц.Н-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

     Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн       

          2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2019/00042 дугаар шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 495 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Ц.Н-

          Хариуцагч: И.Д-ид холбогдох

          31,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Н-, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Lexus RX 350 маркийн ..-78 УНУ улсын дугаартай автомашиныг 2018-8-15-ны өдөр И.Д-оос худалдах-худалдан авах гэрээгээр 41 сая төгрөг өгч, шилжүүлэн авсан. Тухайн машиныг шилжүүлэн авах үед бүрэн бүтэн байдлыг шалгах боломжгүй байсан, маргааш нь 2018-8-16-ны өдөр авто машины сэрүүцүүлэх төхөөрөмжийг асаахад ажиллахгүй байсан. Тухайн үед засварын газруудад оношилгоо хийлгэхэд сэрүүцүүлэх төхөөрөмжийн мотор эвдэрсэн, мөн аюулгүйн дэрнүүд бүгд байхгүй байсан. Энэ тухай И.Д-ид мэдэгдэхэд автомашины доголдлыг хүлээн зөвшөөрч машинaa буцааж авсан боловч 10,000,000 төгрөгийг өгч, үлдэх 31,000,000 төгрөгийг өгөөгүй. Хариуцагч осолд орсон машин засаад, худлаа ярьж зарсан. Одоогоор Lexus RX 330 маркийн ..-67 УБЧ улсын дугаартай автомашиныг үлдэгдэл 31,000,000 төгрөгийн барьцаанд авсан байгаа тул мөнгийг гаргуулж өгнө үү. Мөнгөө гаргуулж аваад машиныг нь өгнө. Хэрэв гэрээ байгуулагдаж машин шилжүүлсэн гэж үзвэл уг машиныг гэрээнд заасан 20 сая төгрөгөөр тооцон 31 сая төгрөгөөсөө хасч үлдэх 11 сая төгрөгийг хариуцагчаас гаргуулж болно гэжээ.

        Хариуцагч тайлбартаа: Нэхэмжлэгчид 2018-8-15-ны өдөр Lexus RX-350 маркийн ..-78 УНУ улсын дугаартай авто машиныг 41 сая төгрөгөөр худалдсан. Тэр үед кондишн хэвийн ажиллаж байсныг мэдэх ба хүйтнээр үлээх хий нь дуусч байсан. Нэхэмжлэгч авахаа болилоо гэсэн тул 25 сая төгрөгөөр арай он хуучинтай ижил машин тал мөнгийг нь өгч авсан, .Машиныг ломбардад тавьж, 10 сая авч, өгсөн. ..-67 УБЧ улсын дугаартай Lexus RX-330 маркийн автомашиныг худалдах-худалдан авах гэрээг хийж шалгуулан хүлээлгэн өгсөн. Машин эвдээд авчирсан тул энэ машинаа 25 сая төгрөгт тооцон дээр нь 10 сая төгрөг бэлэн өгөөд дуусахаар тохирсон. Нэхэмжлэгч машин авч явснаас хойш хагас жилийн дараа миний хүсэл, зориг өөр байсан гэж шүүхэд хандаж байгаа нь үндэслэлгүй. Машин нэхэмжлэгчийн нэр дээр шилжсэн. Машиныг буцааж өгнө гэж байгааг мөн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

      Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 184/ШШ2019/00042 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.4, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт заасныг баримтлан И.Д-оос 11,000,000 төгрөг гаргуулан Ц.Н-ад олгож, нэхэмжлэлээс 20,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.

      Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 495 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2019/00042 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “254 дүгээр зүйлийн 254.4” гэснийг “254 дүгээр зүйлийн 254.1” гэж, “256 дугаар зүйлийн 256.1” гэснийг хасч, 2 дахь заалтыг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 312 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.Д-оос 170 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Н-ад олгосугай...” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.

    Хариуцагч хяналтын гомдолдоо: Лексүс 330 ..-78 дугаарын машиныг 2018-8-15-ны өдөр худалдах-худалдан авах гэрээгээр Ц.Н- худалдаж авсан. Би машинд нь бензин дуургэж хийж өгсөн. Миний машин эвдэрхий машин байгаагүй. Ц.Н- хэрвээ машин муу эвдэрхий байж магадгүй гэж үзсэн бол машин авахаас өмнө үзүүлэх боломж байсан. Машин мэднэ зүгээр сайн машин байна гээд 47 сая төгрөгний машиныг 41 сая төгрөгөнд гуйсаар байгаад авсан. Гэтэл маргааш нь машины кондишн ажиллахгүй байна гэхээр нь би “...тэгвэл та 500,000 мянган төгрөгийг буцаагаад ав...” гээд 500,000 мянган төгрөг буцааж өгсөн. Гэтэл бас л “...чиний машин болохгүй байна ер нь буцаая...” гэсэн. Тэр үед над мөнгө байгаагүй тул би “..мөнгө байхгүй, оронд өөр машин авсан байна, та өөрөө сайн үзээд авсан шүү дээ... танд өгсөн машин их үнэтэй машин...хүнээс 50 сая төгрөгт тооцож авсан машинаа маш хямд зарсан... буцаах гээд байвал миний машинийг ав дээр нь 10 сая төгрөг өгье... тэгж тохирвол тохирьё..” гэсэн. Тэгтэл Н- мессэжээр “...өнөөдөр асуудлаа шийдье, наад машинийг чинь үзээд авъя бас зөрүүг нь аваад тохиролцъё...” гэсэн. Тэр даруйдаа машин ирж үзээд болж байна авъя гэсэн. Тэгээд би машинаа өгөөд Лексус 350, ..-78 машинийг нь ломбардад тавьж 10 сая төгрөг бэлэн өгөөд явуулсан. 41 саяд өгсөн машинаа буцаагаад үлдэгдэл 31 саяд бодож сүүлийн машин буюу лексус 330 машинийг өгсөн юм. Гэгтэл урд авсан машиний тооцоо бодож 31 сая төгрөг нэхэмжилж буй нь үндэслэлгүй. Би энэ хүнд 11 сая төгрөг өгөх ч үндэслэлгүй.  Н- худалдах-худалдан авах гэрээ хийхдээ 10 сая төгрөг бэлнээр өгсөн ба үлдэгдэлд нь сүүлийн Лексүс 330 87-67 машинийг худалдан авах гэрээ хийж нотариатаар орохдоо 20 сая гэж өөрөө бичүүлсэн. Яагаад ингэж байгаа юм гэхээр нотариатийн үнэ их өгдөг юм зүгээр гээд 20 сая төгрөгөөр худалдаж авсан гэж бичүүлсэн юм. Түүнээс 20 сая төгрөгөөр бодож өгөөгүй. Н- энэ машинийг авч унаад 6 сарын хугацаанд юу ч хийж болно шүү дээ, машин бол хөдлөх хөрөнгө хөдлөх болгонд элэгдэл хорогдол гарч байдаг мөн зарах үе ч гэж байдаг байх дуртай үедээ авчихаад дургүй үедээ буцаах гэж байдаггуй байх. Би энэ хүнээс болж өөрөө маш их хохирч байна. 47 сая төгрөгний машинийг 42 сая болж тохирчихоод 41 саяд авъя гэж гуйсаар байгаад авсан энэ хооронд 6 сая төгрөгөөр хохирсон. 41 сая авчихаад машинийг сольж дахин 10 сая төгрөг авсан ба энэ мөнгийг өгөхдөө 4%-н хүүтэй мөнгө авч хүү төлж хохирсон. Машин тавьсан тул унах зарах боломжгүй байсан. Зөвхөн хүүд 2,400,000 төгрөг төлсөн. Би унах машин үгүй хүү төлж хохирсон. Ер нь намайг наймаа худалдаа хийж чаддаггүйг далимдуулж анхнаасаа шууд санаатай ингэж зориудаар хохироосонд гомдолтой байна. Анхнаасаа тохирч авчихаад, буцаах гэсэн үндэслэлээр 11 сая төгрөг гаргуулж шийдвэрлэж байгааг зөвшөөрөхгүй. Энэ хүнээс болж би өөрөө хохирч байна хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байх зарчимтай байдаг байхад, мөн чухамхүү үнэн нь ийм байхад үнэн зөвийг олж тал бүрээс нь судлаагуй шийдсэнд гомдолтой байна. Анхнаасаа худалдах-худалдан авах гэрээг 31 сая төгрөгөөр тохирч зарсан бөгөөд хуучин зарсан машинаас 10 сая төгрөг буцаагаад үлдсэн мөнгөн дээр буюу 31 сая төгрөгөөр уг машинийг зарсан байхад 20 сая төгрөгөөр Лексүс 330 маркийн машинийг зарсан гэж үзэж болохгүй юм. Тэр үед ийм машин 20 сая төгрөг хэзээ ч байгаагүй, хэрвээ уг машинийг 20 сая гэж байгаа бол зах зээлийн үнэлгээ гаргуулж байж үнийг тогтоох шаардлагатай байх. Иймд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

     Ц.Н- 2018-10-15-ны өдөр И.Д-ид холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 31,000,000 төгрөг шаардахдаа “... 41,150,000 төгрөгөөс 10,000,000 төгрөгөө авсан тул үлдэх мөнгийг нэхэмжилсэн... Lexus 330 машиныг 20,000,000 төгрөгт тооцоод 11,000,000 төгрөгийг гаргуулахад татгалзахгүй ....” гэжээ.

        И.Д- нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...Lexus 330 машины бичиг баримтыг нэхэмжлэгчид шилжүүлүүлсэн... барьцаанд өгсөн зүйл байхгүй... 41,000,000 төгрөгийн тооцоо дууссан... төлөх төлбөргүй...” гэж маргасан байна. 

       Анхан шатны шүүх хариуцагчаас 11,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 20,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохдоо “... Lexus 330 маркийн машиныг 20,000,000 төгрөгөөр үнэлж 10,000,000 төгрөгийн хамт нэхэмжлэгчид өгсөн нь тогтоогдсон ...” гэж үзжээ.   

        Давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчаас 11,000,000 төгрөг гаргуулсныг хэвээр үлдээсэн байна. 

        Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       1/. И.Д- нь 2018-08-15-ны өдөр 2010 онд үйлдвэрлэгдсэн ..-78УНУ улсын дугаартай Lexus RX 350 маркийн суудлын автомашин /цаашид Lexus 350 машин гэх/ -г худалдах, Ц.Н- 41,000,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн нь тогтоогдсон байна.

      Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

      Иймд шүүх талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд нийцсэн байна.

      Lexus 350 машиныг худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул гэрээнд заасан үүргээ талуудын хэн аль нь биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй. 

      Хариуцагч Lexus 350 машиныг хүлээлгэн өгсөн, нэхэмжлэгч мөнгийг бүрэн төлсөн байх тул худалдагч нь эд хөрөнгө шилжүүлэх, худалдан авагч нь эд хөрөнгийг хүлээн авах, төлбөрийг төлөх үүргээ 2018-08-15-ны өдрийн гэрээний дагуу тус тус биелүүлсэн гэж үзнэ. 

      2/. Худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах, хэрэв эд хөрөнгө нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал тухайн төрлийн ижил эд хөрөнгөөр буюу тухайн цаг үед худалдан авагчид шаардлагатай өөр эд хөрөнгөөр сольж өгөх үүрэгтэй. 

      Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзвэл, Lexus 350 машин биет байдлын доголдолтой байсны улмаас хариуцагч уг эд хөрөнгийг Ё.Ариунзаяагийн өмчлөлийн ..-67 УБЧ улсын дугаартай Lexus RX 330 маркийн суудлын автомашин /цаашид Lexus 330 машин гэх/-р сольж өгөхөөр 2018-08-18-ны өдөр тохиролцож, Lexus 350 машинаа буцааж авч, Lexus 330 машиныг хүлээлгэн өгсөн нь нотлогджээ.

      Иймд Lexus 330 машиныг нэхэмжлэгч 31,000,000 төгрөгт барьцаалсан гэх байдал тогтоогдоогүй бөгөөд шүүх энэ талаар дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1 253.3 дахь хэсгийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.    

      3/. Худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шаардлагатай өөр эд хөрөнгөөр сольсоноос гадна сольсон эд хөрөнгийг худалдан авагч хүлээн авсан бол худалдагч нь гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлөх үүрэг хүлээнэ.  

      Lexus 330 машиныг хэдэн төгрөгт тооцсон талаар зохигч мэтгэлцэж, хариуцагч 31,000,000 төгрөг гэж, нэхэмжлэгч нь 20,000,000 төгрөг гэж тус тус маргажээ.

    Давж заалдах шатны шүүх гэрч нарын мэдүүлэг, хэрэгт буй гэрээ, талуудын тайлбарыг үндэслэж, өөрийн эрх хэмжээний хүрээнд үнэлж, дүгнэлт хийхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн эсхүл хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэх байдал тогтоогдсонгүй.   

      И.Д- нь Lexus 330 машиныг 31,000,000 төгрөгт тооцон өгсөн нь баримтаар нотлогдоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох тухай хяналтын гомдол нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт нийцэхгүй байна.

      4/. Нэхэмжлэгчийн шаардлага нь гэрээг цуцласнаас учирсан хохирол, зардалтай холбоогүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулахдаа давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 256 дугаар зүйлийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзлээ.

    Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт буй баримтын хэмжээнд Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээв. 

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

       1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 495 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр төлсөн 190,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ