Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 221/MA2016/0368

 

Б.Оюунтуяагийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга  Б.Наранцэцэг,  нэхэмжлэгч Б.Оюунтуяа, түүний өмгөөлөгч В.Давааням, хариуцагч П.Бат-Өлзий нарыг оролцуулж, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 15 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.Оюунтуяагийн нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Оюунтуяа миний бие Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд бие даан нэр дэвшихээ илэрхийлж Монгол Улсын Сонгуулийн тухай хуульд нийцүүлэн баримт бичгүүдийг бүрдүүлэн тус аймгийн сонгуулийн хороонд 2016 оны 05 дугаар сарын 13-нд хүргүүлсэн. Аймгийн Сонгуулийн хорооноос 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 15 дугаар тогтоолоор бие даан нэр дэвшихээр илэрхийлсэн намайг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тухай тогтоолыг гаргаж 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр уг тогтоолыг гардуулан миний эрхийг ноцтой хөндсөн. Уг тогтоолд Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн тул бүртгэхээс татгалзсугай гэсэн нь хуулийг буруу хэрэглэн иргэн миний сонгох, сонгогдох эрхийг бүдүүлгээр зөрчсөн үйлдэл болсон. Иргэн Б.Оюунтуяа би Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.2.1-д заасны дагуу /201-ээс доошгүй сонгогчийн гарын үсэг зуруулна/ 354 сонгогчийн гарын үсэг зуруулсан бөгөөд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн малчин Б.Нямсүрэн, Д.Бэрцэцэг нар нь зөвхөн өөрийн үзэл бодлоо илэрхийлж гарын үсэг бүхий цаасан дээр зурсан болно. Сонгуулийн тухай хуулинд иргэний үзэл бодлоо илэрхийлж гарын үсэг зурахыг хязгаарлаагүй. Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.9-д нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тухай тав хоногийн дотор хариу өгнө гэж хуульчилсан боловч Сонгуулийн хороо нь хугацаа хэтрүүлж тогтоол гаргасан нь эрх зүйн хувьд хүчин төгөлдөр бус байна. Иймд Дорнод аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 15 дугаар тогтоолыг хүчингүй болгож, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд бие даан нэр дэвшихээр илэрхийлсэн Б.Оюунтуяа намайг нэр дэвшигчээр бүртгэх тухай тогтоол гаргахыг даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь заалтад зааснаар Орон нутгийн сонгуульд бие даан нэр дэвшигч нь нэрээ дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө зохион байгуулж, тус хуулийн 157 дугаар зүйлийн 157.3 дахь заалтад заасан 3 хоногийн хугацаанд багтаан нэр дэвшигчдийн баримт бичгийг /Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.3.1-157.3.6/ хууль, холбогдох журмын дагуу бүрдүүлж тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлэхээр хуульчилсан. Б.Оюунтуяа нь хуулийн хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулж, баримт бичгийг ирүүлсэн бөгөөд аймгийн Сонгуулийн хороо 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 16 цагт хүлээн авсан. Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.9 дэх заалтад зааснаар бие даагчдын ирүүлсэн материалыг хүлээн авснаас хойш 5 хоногт багтаан хянаж, бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэхээр хуульчилсны дагуу аймгийн Сонгуулийн хороо нь 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцох нам, бие даагчаас ирүүлсэн нэр дэвшигчийн баримт бичгийг шалгаж, бүртгэх эсэх асуудлыг хэлэлцсэн. Б.Оюунтуяа нь Сонгуулийн Ерөнхий хорооны 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 13 дугаар тогтоолын 9 дүгээр хавсралтаар баталсан маягтын дагуу нийт 354 дэмжигч-сонгогчийн гарын үсгийг зуруулсан бөгөөд үүнээс 2 иргэн нь сонгуулийн эрхгүй буюу 18 нас хүрээгүй /Б.Нямсүрэн ЖЭ98110731, Д.Бэрцэцэг ЖЯ98112223/ этгээд байсан тул Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.4-д заасан /сонгуулийн эрхгүй этгээдээр гарын үсэг зуруулах/ нөхцөл байдал үүссэн гэж үзэн хуралдаанд оролцсон дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийн 100 хувийн саналаар бие даан нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 15 дугаар тогтоолоор шийдвэрээ баталгаажуулсан. …Сонгуулийн тухай хуулийн 3.1.1 дэх заалтад “сонгуулийн эрх бүхий этгээд” гэж 18 нас хүрсэн, иргэний бүртгэлд бүртгүүлсэн, эрх зүйн бүрэн чадамжтай Монгол Улсын иргэнийг ойлгохоор заажээ, эдгээр иргэд нь Сонгуулийн Ерөнхий Хорооны тогтоолоор баталсан маягтад тухайн нэр дэвшигчийг дэмжин “дэмжигч-сонгогчийн гарын үсэг”-ийг зурахаар хуульчилсан бөгөөд сонгуулийн эрхгүй этгээдээр гарын үсэг зуруулсан тохиолдолд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзахаар хуульчилсан. Иймд Сонгуулийн тухай хууль болон дээрх тайлбараар аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 15 дугаар тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй байх тул Б.Оюунтуяагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 15 дугаар шийдвэрээр: Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2.1, 157 дугаар зүйлийн 157.3, 158 дугаар зүйлийн 158.1, 158.1.4.д-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Оюунтуяагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорнод аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах тухай” 15 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Б.Оюунтуяаг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд бие даан нэр дэвшигчээр бүртгэхийг аймгийн Сонгуулийн хороонд даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Шүүх маргаан бүхий асуудалтай холбогдуулан Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8 дахь заалтын “..энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны орон нутгийн хуралд сонгогдох эрхтэй” гэснийг тайлбарлахдаа Сонгуулийн тухай хуулийн 125.4 дэх заалтыг баримталсан. Сонгуулийн тухай хуулиар Улсын Их Хурал болон Орон нутгийн хурлын сонгуулийн зохион байгуулалт үйл ажиллагааг тус тусад нь бүлэг болгон хуульчилж зохицуулсан бөгөөд Орон нутгийн хурлын сонгуулийн зохион байгуулалт үйл ажиллагаатай холбогдсон харилцааг Сонгуулийн тухай хуулийн 151-164 дүгээр зүйлээр тусгайлан заасан байтал шүүх шийдвэрийн үндэслэлдээ Сонгуулийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.4 дэх заалтыг барьж тайлбар хийх нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн Б.Оюунтуяаг дэмжсэн нийт 354 сонгогчоос сонгуулийн эрхгүй буюу 18 насанд хүрээгүй 2 иргэнийг хасахад 352 сонгогч үлдэж байхад аймгийн Сонгуулийн хороо Монгол Улсын Үндсэн хуульд заасан “сонгох, сонгогдох” эрхийг хэтэрхий хязгаарласан гэж тайлбарласан. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9-д Монгол Улсын иргэн нь шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох, төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй гэж заасан хэдий ч энэхүү эрхээ тусгайлан зохицуулсан хууль буюу Сонгуулийн тухай хууль түүнтэй уялдуулан гаргасан эрх бүхий байгууллагын тогтоол, журмаар тогтоосон хэм хэмжээний хүрээнд эдлэх ёстой билээ. Гэтэл Б.Оюунтуяа нь сонгуулийн эрхгүй буюу 18 насанд хүрээгүй иргэнээр гарын үсэг зуруулж Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.4.д-д заасан шууд татгалзах үндэслэл бүхий зөрчлийг гаргасан байтал анхан шатны шүүх ялгаатай 2 зөрчлийг ижил мэтээр тайлбарлан хууль буруу хэрэглэн шийдвэр гаргасан. Аймгийн Сонгуулийн хороог Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх заалтыг зөрчсөн гэсэн тайлбар хийсэн. Дээр тайлбарласнаар Б.Оюунтуяа нь хэдийгээр 354 дэмжигч сонгогчийн гарын үсэг цуглуулж Сонгуулийн тухай хуулийн холбогдох зарим заалтын шаардлагыг хангаж байгаа боловч одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль болон Сонгуулийн ерөнхий хорооны өгсөн зөвлөмжид зааснаар сонгуулийн эрхгүй этгээд буюу 18 насанд хүрээгүй иргэнээр гарын үсэг зуруулсан бол нийт дэмжигч сонгогчдын тоо хэд байхаас үл хамааран нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах зохицуулалттай. Гэтэл шүүхийн энэ шийдвэр нь холбогдох хууль, дүрэм, журам, зөвлөмжийн хүрээнд ажилласан аймгийн Сонгуулийн хорооны дарга, нарийн бичиг, гишүүдийг тус хуулийн 11 дүгээр зүйлийн 11.10.2, 11.11 дүгээр заалтад заасан торгууль болон төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халах үр дагаварыг үүсгэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

         Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарчээ.

          Нэхэмжлэгч Б.Оюунтуяа нь “Дорнод аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах тухай” 15 дугаар тогтоолыг хүчингүй болгож, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд бие даан нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “Б.Оюунтуяа нь Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.2.1 дэх хэсэгт заасан сонгогчдын гарын үсгийг хангалттай хэмжээнд зуруулсан боловч 2 сонгогч нь сонгуулийн эрхгүй буюу 18 нас хүрээгүй этгээд байсан тул нийт хүчинтэй дэмжигч-сонгогч хэд байхаас үл хамааран Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.4-т заасан нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах үндэслэл болно” гэж маргаж байна.

Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хуралд бие даан нэр дэвшигч Б.Оюунтуяа нь Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8, 154 дүгээр зүйлийн 154.3 дахь хэсэгт заасан нийтлэг болон тусгай шаардлагыг хангасан, хуульд заасан хугацаанд холбогдох баримтаа тус аймгийн Сонгуулийн хороонд ирүүлсэн үйл баримтууд  тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй.

Нэр дэвшигч Б.Оюунтуяа нь Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т “Бие даан нэр дэвшигч нь дараах тооны сонгогчдын гарын үсгийг сонгуулийн төв байгууллагаас баталсан маягтын дагуу зуруулсан байна”, 156.2.1-д “аймгийн хурлын сонгуульд нэр дэвшигчийн хувьд 201-ээс доошгүй” гэж зааснаар Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 13 дугаар тогтоолоор батлагдсан маягтын дагуу гарын үсэг зуруулсан 352 сонгогчдын  хоёр  сонгогч                     /Б.Нямсүрэн ЖЭ98110731, Д.Бэрцэцэг ЖЯ98112223/-нь насанд хүрээгүй буюу сонгуулийн эрхгүй этгээд байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

Дээрх нөхцөл байдал нь Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.4.д-д “сонгуулийн эрхгүй этгээдээр гарын үсэг зуруулах” гэж заасан үндэслэлд хамаарч байх боловч хариуцагч нь мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д зааснаар нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзахдаа зөрчлийг засах боломж олгоогүй нь буруу байна.

Өөрөөр хэлбэл, Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.2.1-д заасан 201-ээс доошгүй сонгогчоор гарын үсэг зуруулсан байх шаардлага хангагдсан байхад ялимгүй зөрчлөөр маргаан бүхий актыг гаргасан нь Монгол улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 9-д “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй....”, Арванесдүгээр зүйлийн 1-д “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна”, Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т заасан “шударга ёсыг сахих” гэж заасантай тус тус нийцэхгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Улсын их хурлын сонгуулийн талаар зохицуулсан Сонгуулийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.4-т заасан тусгай шаардлагыг хангасан гэж, хариуцагч нь хуулиар хүлээлгэсэн үүргээ хэрэгжүүлэхдээ гаргасан алдаа нь санаатай үйлдэлд хамаарахгүй тул Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т “Сонгуулийн эрх бүхий иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн гэж тус тус дүгнэсэн нь буруу боловч энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж чадахгүй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 15 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                                              

ШҮҮГЧ                                           Д.БАТБААТАР  

ШҮҮГЧ                                                   Н.ХОНИНХҮҮ  

ШҮҮГЧ                                                   О.НОМУУЛИН