| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2022/0227/Э |
| Дугаар | 2022/ ШЦТ/256 |
| Огноо | 2022-03-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Хулан |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 2022/ ШЦТ/256
2022 03 21 2022/ШЦТ/256
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
шүүгдэгч М.Э,
нарийн бичгийн даргаар Б.Лувсаншарав,
улсын яллагч Ц.Хулан нарыг оролцуулан эрүүгийн 2111015150389 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Золигч овогт М.Э
Монгол Улсын иргэн, 1993 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хятад хэлний орчуулга хийх ажил эрхэлдэг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт, урьд ял шийтгүүлж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч М.Э нь согтуугаар 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэртээ өөрийн хамтран амьдрагч хохирогч Б.Ттай маргалдаж, улмаар түүний үснээс зулгааж толгойгоор нь хаалга мөргүүлж эрүүл мэндэд нь духанд зулгаралт, зүүн дээд зовхи, нүдний дотор булан, зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт
Хавтас хэрэгт бичгээр авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- шүүгдэгч М.Эий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...гэрт ороод удалгүй намайг архи уусан гэх шалтгаанаар би маргалдсан ба эхнэр Т миний биед хүрээгүй харин би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэртэйгээ хэрэлдэж маргалдсан. Тухайн хэрэлдэж маргалдсан уурандаа эхнэрийн дух хэсэгт баруун гараа атгаж байгаад нэг удаа цохисон мөн тэр үед эхнэр хойш алхахдаа толгой хэсгээрээ жижиг өрөөний хаалга мөргөсөн юм. Эхнэр Тыг гараараа цохисноос болж дух хэсгээс цус гарч байсан... би урьд өмнө нь эхнэртэйгээ маргалдаж, муудалцаж байсан удаа байхгүй тул хэн нэгнийхээ биед гэмтэл учруулж байгаагүй юм... бид хамт амьдраад 3 жил орчим болж байгаа ба гэрлэлтийн баталгаа байхгүй..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дугаар тал/,
- хохирогч Б.Тын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгт: “...2021 оны 12 дугаар сарын 01- ний өдөр нөхөр Энгүүнтэй гэрийн ажилд туслахгүй байна мөн оролцохгүй байна гэх шалтгаанаар маргалдсан ба удалгүй нөхөр гэрээс гараад явсан юм. Орой 23 цагийн орчимд нөхөр миний гар утас руу залгаж намайг Чингис зочид буудлын ойролцоох Эра нэртэй зочид буудлаас ирж ав гэж ярьсан юм. Би тухайн газарт очиж нөхөр Энгүүнтэй уулзах үед Орхон, Амарбаатар хоёрын хамтаар байсан. Мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан юм. Нөхөр гэрээс өглөө гарахдаа маргалдсан учир би тухайн үедээ нөхөртэйгөө юм яриагүй ба манай гэр буюу Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 61а-91 тоотод Орхон эхнэр Нарангэрэл нарын хамтаар очсон юм. Манай нөхөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир биеэ хянах чадваргүй байсан. Гэрт ороод удалгүй би нөхөр Энгүүнтэй хэрүүл маргаан хийсэн ба Энгүүнийг архи уусан гэх шалтгаанаар хэрэлдэж, маргалдсан юм. Гэтэл хэрүүл маргаан хийж тэр уурандаа манай нөхөр миний үснээс гараараа зулгаасан мөн өрөөний модон хаалганы ирмэгт миний дух хэсгээр мөргүүлсэн. Түүнээс болж миний духнаас цус гарсан мөн хавдаж хөхөрсөн юм. Өөр миний биед гэмтэл учраагүй юм. Би эмнэлгийн байгууллагаас тусламж үйлчилгээ аваагүй ба одоо миний биед ямар нэгэн зовуурь байхгүй. Хэрэлдэж, маргалдах үед жижиг өрөө хаалттай мөн дуу чимээ гаргаж хэрэлдэж, маргалдаж зодолдоогүй учир Орхон, Нарангэрэл нар хараагүй мөн энэ асуудлын талаар тухайн үед мэдээгүй юм. Манай нөхөр урьд өмнө нь миний биед гэмтэл учруулж байгаагүй ба хэрэлдэж маргалдаж байгаагүй...” /хавтаст хэргийн 15 дугаар тал/,
- хохирогч Б.Тын гаргасан гомдол /хавтаст хэргийн 12 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч М.Э, хохирогч Б.Тыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих шалтгааны улмаас үснээс нь зулгааж толгойгоор нь хаалга мөргүүлэн зодсон болох нь тоогдож байна.
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 28 дугаартай шинжээчийн “...Б.Тын биед духанд зулгаралт, зүүн дээд зовхи, нүдний дотор булан, зүүн шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй....”” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 27-28 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар хохирогч Б.Тын Эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь нотлогдож байна.
Иймд шүүгдэгч М.Э нь 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 61а-91 тоот дахь гэртээ өөрийн хамтран амьдрагч хохирогч Б.Ттай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний үснээс зулгааж толгойгоор нь хаалга мөргүүлж эрүүл мэндэд нь духанд зулгаралт, зүүн дээд зовхи, нүдний дотор булан, зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна гэж шүүх үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
шүүгдэгч М.Эийг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 61а-91 тоот дахь гэртээ хамтран амьдрагч хохирогч Б.Тыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдан, улмаар шууд санаатайгаар зодож хохирогчийн эрүүл мэндийн аюулгүй байдалд нь халдаж бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан нийгэмд аюултай гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч М.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан М.Эд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Бусад асуудлын талаар
Хохирогчийн Б.Тын: “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлтийг үндэслэн шүүгдэгч М.Эийг хохирогчид төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Золигч овогт М.Э хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Эийг 500 /таван зуун/ нэгж буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Эийг торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ