Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2022/ ШЦТ/275

 

 

 

 

 

 

 

 

 

   2022          03          24                                  2022/ШЦТ/275

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

шүүгдэгч Х.С,

нарийн бичгийн даргаар Б.Зэнээмэдрээ,

улсын яллагч С.Солонго нарыг оролцуулан эрүүгийн 2111007430210 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Хөх овогт Х.С

Монгол Улсын иргэн, 1983 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй,

Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2000 оны 03 дугаар 13-ны өдрийн 58 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан,

Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2002 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг Дорноговь аймгийн давж заалдах шатны шүүхийн 2003 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 5 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж 3 сар баривчлах ял оногдуулсан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2021/ШЦТ/260 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн.

 

Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Х.С нь 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гэрэлт” төвийн зүүн талын 16 давхар байрны 1 дүгээр орцны 21 тоотод хохирогч Б.Сийг “утас хулгайлсан” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт бичгээр авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах: 

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- шүүгдэгч Х.Сн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо бүрэн төлж барагдуулна..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 71 дүгээр тал/,

            - хохирогч Б.Сийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгт: “...Бид нар буюу Цогтбаяр, Төрөө, Бандак буюу С нар хамт Цогтбаярынд 3 хоног архи уусан. Тэгээд 2 дахь хоног дээр нь байх Төрөөгийн утас нь алга болчихсон гээд байсан. Тэгээд Цогоо Төрөө хоёр намайг утсыг нь авчихсан юм биш үү гээд дайраад байсан. Тэгсэн намайг унтаж байхад нүүр рүү нэг нь цохих шиг болсон ба дараа нь миний цээж рүү хэд хэд хүчтэй өшиглөх шиг болсон. Сэрээд харсан Бандак буюу С гэх залуу байсан. ...Ямар ч байсан миний толгой тархи руу цохиод цээж рүү өшиглөөд байсан. С нь миний цээж рүү өшиглөөд, гараараа бас толгой хэсэгт цохиод байсан. Баруун зүүн хөлийн шилбэний зулгаралт нь өмнө нь унаад шалбарчихсан байж магадгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар тал/,

            - гэрч Г.Цын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн“...Төрөө С хоёр архиа уугаад том өрөөнд сууж байсан. Би болохоор хөлөнд шил шигдээд орчихсон байсан болохоор жижиг өрөөндөө байсан. Тэгээд би ариун цэврийн өрөө орох гээд явж байхад тэр хоёр архиа уугаад л сууж байсан. Тэгээд би Саас “...урьд нь чи миний түрийвчнээс мөнгө авч байсан биз дээ, чи бас Төрөөгийн утсыг авчихсан юм биш үү...” гэж хэлээд толгой руу нь мангасдаж унагаасан, өөрөөр цохисон зодсон зүйл байхгүй Б.Сийг С нь нүүр рүү нь цохиж унагаад, босож ирж амжаагүй байхад нь цээж хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөчихсөн. Тэгээд С нь цээжээ бариад байхаар нь би асуусан чинь С “...Бандак /С/ өшиглөчихсөн юмаа...” гэж хэлсэн. Тэгээд наадах чинь гайгүй юм уу тэгээд гэж асуугаад Сийн футболкийг нь сөхөж үзээд ахынхаа дугаарыг өгөөдөх өө би ах руу чинь залгаж хэлье гэж хэлээд Саас ахынх нь дугаарыг аваад ах Уранбат /дугаарыг мэдэхгүй/ руу нь залгаж "...Сийг манай найз өшиглөсөн байна, цээж нь эвгүй болоод байх шиг байна, чи нэг хүрээд ирээ...” гэж хэлэхэд ах нь юун сүртэй юм, гайгүй л биз дээ гэж хэлсэн. Би яг өөрийн нүдээр Сайхан- Ирээдүйг Сийг цохисных нь дараа өшиглөж байхыг харсан. С болохоор би цохиж унагаасан, тэгэхдээ өшиглөөгүй гээд байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дугаар тал/,

            - гэрч Э.Эийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн“...Тухайн өдөр манай нутгийн найз болох Сайхан- Ирээдүй над руу залгаад “...би Цогоогийнд байна, хүрээд ирээч, ганц юм аваад ирээч...” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Цогоогийнд буюу 100 айлаас Баянбүрд рүү явах замд өндөр байр байсан тэднийд нэг шил Хараа нэртэй 0.75 литртэй, 2.5 литртэй пиво аваад орсон. Тэгээд яваад ороход С болон Цогоо нар огт танихгүй 2 залуутай байж байсан. Тэд нар нэлээд уучихсан, согтолттой байцгааж байсан. ...би унтчихсан байсан, шөнө сэрэхэд С байхгүй, нөгөө хоёр танихгүй залуугийн арай өндөр залуу нь байхгүй байсан Тэгээд босож ирээд би утсаа хайсан чинь миний утас байхгүй байсан. 'Гэгээд гурвуулаа Цогоогийнд нэлээд хайсан. Тэгсээр байтал үүр цайчихсан. Тэгээд би Цогоог аваагүй байх гэж бодоод нөгөө танихгүй залууг сэжиглээд чи авчлаа гэж хэлсэн, эсвэл тэр явсан найз чинь авсан байх, утас олж өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд байж байгаад тэр танихгүй залуу бид хоёр архи авч уух гээд 32-ийн тойрогт байдаг дэлгүүр рүү явсан. Бид хоёр алхаад явж байхад нөгөө залуу цээж билүү хавирга хөндүүрлээд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би юу болсон бэ, яасан бэ гээд асуусан чинь нөгөө залуу “...танай С гээд найз чинь намайг унтаж байхад өшиглөсөн...” гэж хэлж байсан. ...Тэгээд өглөө нь сэрсэн коридорт нөгөө залуу явах гээд гутлаа өмсөж байхаар нь би “...чи утасныхаа асуудлыг шийдэж егөөрэй тэгэхгүй бол би цагдаад өгнө шүү...” гэх хэлсэн. Тэгээд л цээжээ дарчхаад гараад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хохирогч Б.Сийг зодсон үйл баримт тогтоогдож байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 5886 дугаартай шинжээчийн “...Б.Сийн биед тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, зүүн чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алиманд цус хуралт, хүзүүнд зулгаралт, цээжинд зөөлөн эдийн няцрал, баруун тохойд зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт, зулгаралт, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй....” /хавтаст хэргийн 33-34 дугаар тал/ гэх дүгнэлтээр хохирогч Б.Сийн Эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь нотлогдож байна.

 

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Х.С нь 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гэрэлт” төвийн зүүн талын 16 давхар байрны 1 дүгээр орцны 21 тоотод хохирогч Б.Сийг зодож хөнгөн гэмтэл учруулсан үйл  баримт тогтоогдож байна гэж шүүх үзэв. 

        

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

Иймд шүүгдэгч Х.С нь 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гэрэлт” төвийн зүүн талын 16 давхар байрны 1 дүгээр орцны 21 тоотод хохирогч Б.Сийг “утас хулгайлсан” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцааны улмаас шууд санаатайгаар зодож хохирогчийн эрүүл мэндийн аюулгүй байдалд нь халдаж бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан нийгэмд аюултай гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Х.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд удаа дараа шүүхээр шийтгүүлж байсан хувийн байдал зэргийг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, хүмүүжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, ажил хөдөлмөр эрхэлдэг байдлын харгалзан өдөрт дөрвөн цагаар хийлгэхээр тогтоож, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасныг баримтлан оногдуулсан ял дээр нь нэмж шүүгдэгч Х.Сд 1 жилийн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг авч, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар

Хохирогч Б.С нь эмчилгээний зардал нийт 325.000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн боловч шүүхэд холбогдохгүй баримтаа ирүүлээгүй байх тул хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.

 

Иргэний нэхэмжлэгч Б.Байгалмаа нь хохирогч Б.Сийн эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 150.000 төгрөг зарцуулсныг нэхэмжилсэн ба шүүгдэгч Х.Сгээс олгуулахаар шийдвэрлэж, 1 сарын хугацаанд төлж барагдуулахаар шүүх тогтоов.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг  тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Хөх овогт Х.Сг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Сг 500 /таван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.Сд оногдуулсан 500 /таван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 /дөрөв/ цагаар хийлгэхээр тогтоож, хэрэв биелүүлэхээс зайлсхийвэл хорих ялаар солих болохыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасныг баримтлан Х.Сд 1 /нэг/ жилийн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Сгээс 150.000 /нэг зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын санд олгож, 1 /нэг/ сарын хугацаанд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 10090020080 дугаартай дансанд хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Х.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.БАТГЭРЭЛ