Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2022/ ШЦТ/274

 

 

 

    2022         03          24                                 2022/ШЦТ/274

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

шүүгдэгч Э.А,

нарийн бичгийн даргаар Б.Зэнээмэдрээ,

улсын яллагч Ц.Хулан нарыг оролцуулан эрүүгийн 2211000000061 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгч: Хар сүрэг овогт Э.А

 Монгол Улсын иргэн, 1988 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, урьд Сэлэнгэ аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 139 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 255 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан.

 

 

Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Э.А нь согтуугаар 2021 оны 12 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Мтай маргалдаж, улмаар машинаас чирч буулган, толгой руу нь 2 удаа цохиж эрүүл мэндэд нь зулайн няцарсан шарх, өвдөгний цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн дараах:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- шүүгдэгч Э.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... намайг зодсон цохисон асуудал байхгүй. Миний биед гэмтэл учраагүй...” /Хавтаст хэргийн 40 дүгээр тал/,

- хохирогч Б.Мгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэгт Сувд-Эрдэнэ эгчийнд очоод цайлаад байж байтал орой болж 22 цагийн үед дарга нар яваад тэдний гэрт Сувд-Эрдэнэ эгч, Лхагвадаш эгч, А, Энхжаргал ах, мөн Мөнхбат ах, Сувд-Эрдэнэ эгчийн нөхөр Гандаваа гээд нийт долуулаа үлдээд ...Тэгээд орой 2-3 цагийн үед байх гэнэт сэрсэн чинь Мөнхбат ах гэр рүүгээ явлаа гэхээр нь би тэднийхээс гараад Мөнхбат ахыг гэрт хүргээд өгөөч гээд машиных нь ард хэвтэж байтал Мөнхбат ах түлхүүрээ мартчихаж гээд Сувд-Эрдэнэ эгчийн гэр рүү орсны дараа зөрөөд А ах гарч ирээд Мөнхбат ахын машиныг бариад хөдөлж яваад нэг газар очиж зогсоод ард суудалд орж ирээд намайг оролдоод байхаар нь би А ахыг гараараа цохиод, хөлөөрөө өшиглөтөл А ах намайг машинаас чирч буулгаад толгой руу гараараа 2 удаа цохиход нь миний толгойноос цус гарсны дараа А ах намайг үлдээгээд машин унаад явчихсан... Би эмчилгээ хийлгэж байхдаа А ахаас нийт 420.000 төгрөг авсан одоо дахин нэхэмжилж байгаа мөнгийг 2 дугаар сарын сүүлээр өгнө гэж хэлж байсан...” /хавтаст хэргийн 17-19 дүгээр хуудас/,

- гэрч Г.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгт: “...Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Зурагтын хуучин эцэс дээр ирэхэд манай охин М уйлчихсан ...юу болсон талаар асуухад манай охин “намайг гудамжинд зодоод хөөгөөд явуулчихсан би 2 цаг орчим алхаж явж байгаад таныг дуудсан” гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дүгээр тал/,

- гэрч Х.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгт: “...түлхүүрээ авчхаад эргээд гараад иртэл миний машин байхгүй болчихсон байхаар нь би ойр хавиар машинаа хайж үзтэл байхгүй байхаар нь гэр рүү буцаж ортол Гааяа /А/ байхгүй болохоор нь миний машиныг аваад Мг хүргэж өгөх гээд явчихсан юм байх, удахгүй ирэх байх гэж бодоод хэвтэж байтал унтчихсан байсан...” /хавтаст хэргийн 26 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хохирогч Б.Мг зодсон үйл баримт тогтоогдож байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 516 дугаартай шинжээчийн “...Б.М-н биед зулайн няцарсан шарх, өвдөгний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хавтаст хэргийн 30-31 дүгээр тал/ гэх дүгнэлтээр хохирогч Б.Мгийн Эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь нотлогдож байна.

 

Дээрх бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Э.А нь согтуугаар 2021 оны 12 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Мтай маргалдаж, улмаар машинаас чирч буулган, толгой руу нь 2 удаа цохиж эрүүл мэндэд нь зулайн няцарсан шарх, өвдөгний цус хуралт бүхий гэмтэл учруулан зодож хөнгөн гэмтэл учруулсан үйл  баримт тогтоогдож байна гэж шүүх үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт  хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

шүүгдэгч Э.А нь согтуугаар 2021 оны 12 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Мтай маргалдаж, улмаар шууд санаатайгаар зодож хохирогчийн эрүүл мэндийн аюулгүй байдалд нь халдаж бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан нийгэмд аюултай гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан Э.Аыг шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Э.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл бадал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээж байдал, урьд ял шийтгүүлж байсан хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх зорилгоор 1000 нэгжээр торгох ял шийтгэлийг шүүх оногдуулав.

 

Бусад асуудлын талаар

Хохирогч Б.Мд энэ гэмт хэргийн улмаас хавтас хэрэгт авагдсан /хх-ийн 44-48-р тал/ бичгийн баримтаар нийт 359622 төгрөгийн хохирол учирсан байх ба мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчийн өгсөн мэдүүлгээр /хх-ийн 18-р тал/ 420.000 төгрөг шүүгдэгч Э.А нь төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Хар сүрэг овогт Энхбаярын Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Аыг 1000 /мянган/ нэгж буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Э.Аыг торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.БАТГЭРЭЛ