Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 1202

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 25 өдөр

      Дугаар 182/ШШ2017/01202

                 Улаанбаатар хот

 

 

     Зохигч талуудын эвлэрлийг баталж,

    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, Хас банк ХХК /РД:2578697/-ийн нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 72 дугаар сургуулийн зүүн талд өөрийн байранд байрлах, “Түвшин-Ундраа” ХХК /РД:2087456/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэг 251,341,879.75 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир, Э.Сумъяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтөвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Огторгуй нар оролцов.

                                                              

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч “Хас банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Түвшин-Ундраа ХХК нь тус банктай 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 1440001154 дугаартай “Зээлийн гэрээ” байгуулан Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, 72 дугаар дунд сургуулийн зүүн талд байрлах Зочид буудал, уурын зуух, халуун ус, гараж, агуулах, эзэмших эрхтэй газар, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршал таун хотхон, Олимпийн гудамж 104 дүгээр байрны 11 тоот хаягт байрлах 65 м.кв орон сууцыг барьцаалж, 300,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай авсан.

Хариуцагч нь 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш гэрээгээр хүлээсэн үүрэг буюу зээлийн эргэн төлөлтийг хийхгүй 549 хоногийн хугацаа хэтрүүлсэн учраас банкны зүгээс 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр зээлдүүлэгчийн санаачлагаар гэрээг цуцалсан бөгөөд гэрээ цуцалсны улмаас манай банкинд зээлийн үлдэгдэл 144,788,372.57 төгрөг, хугацаа хэтэрсэн зээлийн хүү 101,971,265.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,582,241.57 төгрөг, нийт 251,341,879.75 төгрөгийн хохирол учраад байна.

Бидний зүгээс гэрээг цуцалж, хариуцагчид үүрэг гүйцэтгэх хугацааг 2017 оны 3 дугаар 23-ны өдрөөр тогтоосон боловч хариуцагч нь тогтоосон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй учраас зээлийн гэрээний үүрэгт “Түвшин-Ундраа” ХХК-иас 251,341,879.75 төгрөг гаргуулан, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулж өгнө үү” гэжээ.

Зохигч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд: “...Энэхүү эвлэрлийн гэрээг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир, Э.Сумъяа нар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтөвшин нар дараах нөхцлийг харилцан тохиролцож байгуулав.

1.Талуудын эвлэрэл:

 

1.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 14,582,241.57 төгрөгөөр багасгаж 236,759,638.18 төгрөг болгов.

1.2. Хариуцагч нь 236,759,638.18 төгрөгийг дараах хуваарийн дагуу төлөхөөр талууд тохиролцов. Үүнд:

2017.09.01-нд 39,500,000 төгрөг,

2017.10.01-нд 39,500,000 төгрөг

2017.11.01-нд 39,500,000 төгрөг

2017.12.01-нд 39,500,000 төгрөг

2018.01.01-нд 39,500,000 төгрөг

2018.02.05-нд 39,259,638.18 төгрөг,

Гэрээний нэмэлт: Хариуцагч гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулна” гэжээ.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Хас банк” ХХК нь хариуцагч “Түвшин-Ундраа” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 251,341,879.75 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

           Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 14,582,241.57 төгрөгөөр багасгаж, 236,759,638.18 төгрөг нэхэмжилж байгааг хариуцагч “Түвшин-Ундраа” ХХК нь хүлээн зөвшөөрч 2017.09.01-нд 39,500,000 төгрөг, 2017.10.01-нд 39,500,000 төгрөг, 2017.11.01-нд 39,500,000 төгрөг, 2017.12.01-нд 39,500,000 төгрөг, 2018.01.01-нд 39,500,000 төгрөг, 2018.02.01-нд 39,259,638.18 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрсэн байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

          Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

Хариуцагчийн Ү-2202005320 дугаар, ГД-22737 дугаартай  Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, 72 дугаар дунд сургуулийн зүүн талд байрлах Зочид буудал, уурын зуух, халуун ус, гараж, агуулах,

Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, 72 дугаар дунд сургуулийн зүүн талд байрлах Г-2202015621, 000300417 дугаартай эзэмших эрхтэй газар,

Ү-2206029829, 000298603 дугаартай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Марүал таун хотхон, Олимпийн гудамж 104 дүгээр байрны 11 тоот хаягт байрлах 65 м.кв талбайтай орон сууцыг тус тус зээлийн барьцаанд байгаа болохыг дурдах нь зүйтэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123.3-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.“Түвшин-Ундраа” ХХК зээлийн гэрээний үүрэгт 236,759,638.18 төгрөгийг  2017.09.01-нд 39,500,000 төгрөг, 2017.10.01-нд 39,500,000 төгрөг, 2017.11.01-нд 39,500,000 төгрөг, 2017.12.01-нд 39,500,000 төгрөг, 2018.01.01-нд 39,500,000 төгрөг, 2018.02.01-нд 39,259,638.18 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар “Хас банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт эвлэрсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Хариуцагчийн улсын бүртгэлийн Ү-2202005320 дугаартай, ГД-22737 дугаар гэрчилгээтэй  Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, 72 дугаар дунд сургуулийн зүүн талд байрлах Зочид буудал, уурын зуух, халуун ус, гараж, агуулах, мөн Г-2202015621 дугаартай, 000300417 дугаартай эзэмших эрхтэй газрын хамт,

Улсын бүртгэлийн Ү-2206029829 дугаартай, 000298603 дугаар гэрчилгээтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршал таун хотхон, Олимпийн гудамж 104 дүгээр байрны 11 тоот хаягт байрлах 65 м.кв талбайтай орон сууцыг тус тус зээлийн барьцаанд байгаа болохыг дурдсугай. 

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч “Түвшин-Ундраа” ХХК-иас 1,341,748 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Хас банк” ХХК-д олгож, нэхэмжлэгчээс 2017.04.05-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,484,860 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                              Х.ДАШДЭЧМАА