Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2022/ ШЦТ/298

 

 

 

 

 

 

 

 

 

    2022         03          30                                   2022/ШЦТ/298

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

шүүгдэгч Г.Н,

нарийн бичгийн даргаар О.Тэргэлсаран,

улсын яллагч Н.Ням-Очир нарыг оролцуулан эрүүгийн 2211000000267 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Харгачин овогт Г.Н

Монгол Улсын иргэн, 1995 оны 08 сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн 27 настай халх, эмэгтэй, дээд боловсролтой, хүний нөөцийн менежер мэргэжилтэй, Батлан хамгаалах их сургуулийн ард талын хэлтэст зөөгч ажилтай, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй.

 

Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Г.Н нь 2022 оны 01 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Тахилтын 2 дугаар гудамжны үзүүрт хохирогч Н.Иийг таксигаар үйлчлүүлээд буух үед нь түүний эзэмшлийн “Ай фоней 7 плас” загварын гар утас, гар утсыг ашиглан Голомт банкны интернэт данснаас 800.000 төгрөг, иргэний болон жолооны үнэмлэх, хэтэвч зэргийг хулгайлан авч нийт 1.327.800 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн дараах:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, 

- хохирогч Н.Иийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... тэгээд уг хүн нь танай дээшээ машин гарахгүй учир өгсөхгүй, таксины мөнгө 10,000 төгрөг болсон гэж хэлснийг би санаж байна тэгээд би өөрийн эзэмшлийн “Ай фоне 7 плас” загварын гар утасны Голомт банкны интернэт банкийг ашиглаж мөнгө шилжүүлэх гэсэн боловч буруу хийгээд байсан тэгээд би хамт ажилдаг манай гэрийн доод талд байдаг ах руу залгаад би таксиныхаа төлбөрийг хийж чадахгүй байна гэж хэлээд л за за гээд утсаа салгасан тэгээд л ерөөсөө би юм санахгүй байна гэхдээ уг ахтайгаа утсаараа ярьснаа хүртэл санаагүй маргааш нь харин өдөр ажил дээрээ тааралдаад өчигдөр чи над руу ингэж ярьсан ш дээ гэхээр нь л би тэгсэн юм байна гэж бодсон. Таксинд явж байхдаа би үнэхээр юу болсон яасан талаар санахгүй байна. 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр босож ажилдаа явах гээд гар утсаа хайсан чинь олоогүй тэгээд би гар утас, түрийвчээ гээсэн юм байх гэж бодсон тэгээд би ажилдаа явсан. Тэгээд ажил дээрээ байж байхад буюу 18 цагийн үед манай ажлын залуу мөнгө зээлээч гэж гуйгаад байхаар нь би өөрийгөө мөнгөтэй юм чинь гэж бодоод шилжүүлэх гээд өөрийнхөө данс руу ороход миний эзэмшлийн голомт банкны 1105083123 дугаарын данснаас 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 00 цаг 02 минут 27 секунтад Хаан банкны 5028765724 дугаарын Ганцэцэгийн Нарантуяа гэгчийн данс руу 40,000 төгрөгийн зарлагын гүйлгээ, 2021 оны 01 дүгээр сарын 13-ны 00 цаг 21 минут 41 секунтад Хаан банкны 5040128733 дугаарын Эрдэнэчимэгийн Дэлгэрмөрөн гэгчийн данс руу 800,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийсэн дансны хуулгыг харсан тэгээд би цагдаад хандах болсон юмаа” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дугаар тал/,

- гэрч Э.Дийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр шөнө би дуудлагын жолоочийн ажиллаа хийгээд явж байхад 2018 оноос хойш нөхөр болох Дэмүүл гэгчийг таньдаг болохоор уг хүний эхнэр Г.Н нь уг өдөр над руу залгаад данс руу чинь мөнгө хийгээд авчъя ямар учиртай мөнгө гэдгийг нь хэлээгүй тэгээд очоод бэлнээр авчъя надад карт байхгүй байна гэж хэлсэн тэгээд би өөдөөс нь одоогийн байдлаар би дуудлагатай ажилтай явж байна цагийн дараа надаас авчхаарай гэж хэлсэн тэгээд цагийн дараа намайг Мишээл экспо дээрээс аваад би Их засаг руу дуудлагын жолоочийн дуудлагатай байсан тэгээд Нарантуяа эгч машинаа бариад ганцаараа явж байсан тэгээд Сансарын тойрогт байрлах хаан банкны АТМ- с би ганцаараа орж авч өгсөн юмаа. Тухайн үед надад бэлэн 50,000 төгрөг байсан учир данснаасаа 750,000 төгрөгийг авч уг бэлэн мөнгөтэйгөө нийлүүлээд 800,000 төгрөгийг бэлнээр өгөөд Их засаг их сургуулийн харалдаа дуудлага дээрээ буусан юмаа” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дугаар тал/,

- гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дугаар тал/,

- хохирогч Н.Иийн дансны хуулга 40.000 болон 800.000 төгрөгийн зарлага /хавтаст хэргийн 5 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Н нь 2022 оны 01 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тахилтын” 2 дугаар гудамжны үзүүрт хохирогч Н.Иийг таксигаар үйлчлүүлээд буух үед нь түүний эзэмшлийн “Ай фоней 7 плас” загварын гар утас, гар утсыг ашиглан “Голомт” банкны интернэт данснаас 800.000 төгрөг, иргэний болон жолооны үнэмлэх, хэтэвч зэргийг хулгайлан авсан үйл баримт тогтоогдож байна. 

“Дамно” хөрөнгийн үнэлгээний газрын: “Iphone 7, түрүүвч, жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх, хаан банкны карт нийт 527.000 төгрөг” /хавтаст хэргийн 27 дугаар тал/ гэх үнэлгээ, шүүгдэгч, хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлгээр энэ гэмт хэргийн улмаас хохирогчид нийт 1,327,800 төгрөгийн хохирол учирсан болох нь нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт  хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

Иймд шүүгдэгч Г.Н нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор шунахай сэдэлтээр 2022 оны 01 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тахилтын” 2 дугаар гудамжны үзүүрт хохирогч Н.Иийг таксигаар үйлчлүүлээд буух үед нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдлыг далимдуулан түүний эзэмшлийн “Ай фоней 7 плас” загварын гар утас, гар утсыг ашиглан Голомт банкны интернэт данснаас 800.000 төгрөг, иргэний болон жолооны үнэмлэх, хэтэвч зэргийг сэм аргаар хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан авч нийт 1.327.800 төгрөгийн хохирол учруулсан нийгэмд аюултай гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Г.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, урьд ял шийтгэлгүй хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг нийгэмшүүлэх,хүмүүжүүлэх зорилгоор хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шүүх шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар

Хохирогчийн Н.Иийн: “...миний бие сайн дурын үндсэнд эвлэрсэн. Гомдол саналгүй...” гэх хүсэлт /хавтаст хэргийн 85 дугаар тал/, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус үндэслэн шүүгдэгч Г.Нг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн СиДи 1 ширхэгт тус хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий дүрс бичлэг бичигдсэн тул хэрэгт нь үлдээх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч Харгачин овогт Г.Нг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Г.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнсэнгийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн СиДи 1 ширхэгийг хэрэг үлдээсүгэй.

           5. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

6. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           С.БАТГЭРЭЛ