| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2022/0034/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/36 |
| Огноо | 2022-03-23 |
| Зүйл хэсэг | 24.5.1., |
| Улсын яллагч | А.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 2022/ШЦТ/36
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е,
Улсын яллагч Я.Д-,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Т-,
Шүүгдэгч М.Т- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокурор Я.Д-гийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.у овогт М-н Т-д холбогдох эрүүгийн 2213000000042 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1977 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, яс үндэс Казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт оршин суудаг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ш.у овогт М-н Т-, регистрийн дугаар БЭ...............
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Т- нь тус аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр үл таних хүнээс Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар ховор ан амьтны жагсаалтад орсон алтайн хойлог шувууны бүтэн махыг худалдан авч, хадгалж байгаль экологид 130000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:
1.1. Улсын яллагч Я.Д- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч М.Т-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна.” гэв.
1.2. Шүүгдэгч М.Т- мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна, хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү.” гэв.
1.3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Т- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч М.Т-г прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд гэм буруутайд тооцоход татгалзах зүйл байхгүй гэв.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2213000000042 дугаартай хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:
2.1. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 03-04 дэх тал/,
2.2. Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 07 дахь тал/,
2.3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ш-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дахь тал/,
2.4. Гэрч Ш.К-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 38, 40, 42 дахь тал/,
2.5. Шинжээч И.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 61 дэх тал/,
2.6. Шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 53 дахь тал/,
2.7. Шүүгдэгч М.Т-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 77-78 дахь тал/ зэрэг хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч М.Т-, түүний өмгөөлөгч Х.Т- нараас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч нарын хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.
Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч М.Т-д холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
Хэргийн үйл баримт:
1. Шүүгдэгч М.Т- нь 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өглөө 10 цагийн үед Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах миний “Угур” ХХК-ний хашааны гадна үл таних залуутай ажил руу орох гэж байгаад тааралдсан бөгөөд тэр залуу эхлээд надаас ноолуурын үнэ ханш асууж байгаад та хойлог шувуу авах уу гэхээр нь би авъя гэж хэлээд тэр залуугаас торонд хийсэн 1 ширхэг хойлог шувууг 250.000 төгрөгөөр худалдаж авсан үйл баримт тогтоогджээ.
2. Шүүгдэгч М.Т-н үйлдлийн улмаас байгаль экологид 130.000 төгрөгийн хохирол учирсан нь эрх бүхий шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.
Эрх зүйн дүгнэлт:
1. Шүүгдэгч М.Т- нь тус аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр үл таних хүнээс Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар ховор ан амьтны жагсаалтад орсон Алтайн хойлог шувууны бүтэн махыг худалдан авч, хадгалж байгаль экологид 130000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 03-04 дэх тал/,
- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 07 дахь тал/,
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ш-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “....Алтайн хойлог шувуу нь манай аймгийн уулархаг бүсийн бүх нутгаар тархацтай байдаг Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор ховор ан амьтны жагсаалтанд орсон байдаг ба агнах, эд эрхтнийг нь хадгалах, худалдах нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт тооцогддог. Монгол улсын Амьтны тухай хуулийн 37.3 дугаар зүйлд тус хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна гэж заасан байдаг. Хууль бусаар агнуурт өртсөн хойлог шувууны Экологи эдийн засгийн үнэлгээ болох 130000 төгрөгийг Монгол улсын Байгаль хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу учруулсан хохирлыг Экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэсний дагуу 260000 төгрөгийг гэм буруутай этгээдээр төлүүлэх болно.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дахь тал/,
- Гэрч Ш.К-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “....Миний бие “Угур” ХХК-д менежер хийдэг бөгөөд манай ХХК-ний захирал М.Т- нь 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 11 цагийн үед “Угур” ХХК-ийн агуулахаас нэг хайрцаг эд зүйл өгч тухайн зүйлийг Улаанбаатар хот руу явах нийтийн унаанд тавьж явуулчих гэсний дагуу тухайн хайрцгийг аваад аймгийн Авто тээврийн үндэсний төвийн хашаанд очиход цагдаа шалгахад дотроос нь 1 толгой хойлог шувууны бүтэн мах гарч ирсэн. М.Т- надад нэг үл таних хүнээс хойлог шувууны мах худалдаж авсан. Үүнийг Улаанбаатар хот руу эмчилгээ хийлгэж байгаа нэг хүн рүү явуулж байгаа юм гэж хэлсэн. Би хэнээс авсан эсэхийг нь мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38, 40, 42 дахь тал/,
- Шинжээч И.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Шинжлэх ухааны нэршлээр Алтайн хойлог гэж нэрлэгддэг. Ард иргэдийн хэллэгээр “хойлог” шувуу гэж нэрлэж явж байгаа. Алтайн хойлог шувуу нь хойлог шувууны төрөлд хамаарна гэсэн ойлголт байхгүй. Монгол Улсын хэмжээнд Алтайн хойлог гэх нэртэй нэг л төрлийн шувуу л бий, харин дотроо төрлөөрөө хуваагддаггүй, энэ шувуу нь хад асгадтай, уулархаг нутгаар амьдардаг.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 61 дэх тал/,
- Шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “1. Шинжилгээнд ирүүлсэн шувуу нь Аймаг: амьтан, Хүрээ: хөвчтөн, Анги: жигүүртэн, Баг: Тахиатан, Овог: гургуулынхан, Зүйл: Алтайн хойлог шувуу ба Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар нэг толгой алтайн хойлог шувууны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 130000 төгрөг байна. 2. Алтайн хойлог шувууны баруун тарсус нь хугархай тул хавхаар агнагдсан байж болзошгүй байна. 3. Алтайн хойлог шувуу нь Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар ховор амьтны жагсаалтанд орсон ховор шувуу юм.” гэх 01 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 53 дахь тал/,
- Шүүгдэгч М.Т-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 27-ны өглөө 10 цагийн үед Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах миний “Угур” ХХК-ний хашааны гадна үл таних залуутай ажил руу орох гэж байгаад тааралдсан бөгөөд тэр залуу эхлээд надаас ноолуурын үнэ ханш асууж байгаад та хойлог шувуу авах уу гэхээр нь би авъя гэж хэлээд тэр залуугаас торонд хийсэн 1 ширхэг хойлог шувууг 250.000 төгрөгөөр худалдаж авсан. ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 77-78 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
2. Алтайн хойлог шувуу нь Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7-р тогтоолын 1 дүгээр хавсралтын 2 дугаар хэсгийн 17-д зааснаар ховор зэрэглэлийн шувууд бүртгэгдсэн байна.
3. Монгол Улсын Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх заалтад зааснаар “ховор амьтан” гэж тархац нутагтаа тоо толгой цөөрсөн, нөөц багатай, устаж болзошгүй амьтныг ойлгохоор хуульчилсан байх бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.5 дахь хэсэгт зааснаар төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр судалгаа, шинжилгээ, соёл, урлаг, эмчилгээний зориулалтаар, Монгол Улсын болон гадаадын иргэн тусгай төлбөр төлсөн тохиолдолд, тодорхой нутаг дэвсгэрт амьтны сүргийн бүтцийг зохицуулах болон халдварт өвчний голомтыг эрүүлжүүлэх зорилгоор ховор амьтныг агнаж, барьж болохыг зөвшөөрсөн, бусад тохиолдолд хориглосон байна.
4. Ховор амьтны түүхий эдийг худалдан авсан гэдэгт бусдын шунахайн сэдэлтээр, зохих зөвшөөрөлгүйгээр түүж бэлтгэсэн зүйлийг өөхшүүлж, мөнгөн төлбөр төлж авсан үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч М.Т-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр худалдан авч, хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
5. Шүүгдэгч М.Т-н үйлдсэн гэмт хэрэгт нь прокурор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр худалдан авч, хадгалсан” гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч М.Т-д дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
6. Уг гэмт хэрэг үйлдэгдэн гарахад иргэдийн “ховор”, “нэн ховор” ан амьтан, тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүнийг худалдах, худалдан авах, хадгалах, тээвэрлэх, агнах зэрэг Эрүүгийн хуулинд заасан гэмт хэргийн шинж байдал, хуулийн мэдлэггүй байдал нөлөөлсөн байна.
Хохирол, хор уршгийн талаар:
1. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны “ Амьтны экологийн эдийн засгийн үнэлгээг тогтоох” тухай 23-р тогтоолын 1 дүгээр хавсралтаар нэг бодгаль Алтайн хойлогийн экологи эдийн засгийн үнэлгээг 130.000 төгрөгөөр тогтоосон бөгөөд Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тооцохоор заасны дагуу шүүгдэгч М.Т-гаас Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд нийт 260.000 төгрөгийг төлсөн байна.
Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
1. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч М.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх” дүгнэлтийг,
2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Т-аас “Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү.” гэх дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн болно.
3. Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч М.Т-н үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
5. Шүүгдэгч М.Т- нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 81 дэх тал/-аар тогтоогдож байна.
6. Шүүхээс шүүгдэгч М.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “ Хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзнэ.
7. Шүүгдэгч М.Т-н үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч М.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн гэр бүлийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх болон нийгэмшүүлэх бодит үр нөлөөтэй гэж үзэв.
8. Харин шүүгдэгч М.Т-н үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, улсын яллагчийн шүүгдэгч М.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал болон шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Т-ийн шүүгдэгч М.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү гэх саналыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа:
Эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох;
Эрх бүхий байгууллагын хяналтад тодорхой газар очихыг хориглох;
Эрх бүхий байгууллагын хяналтад шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих;
Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх;
Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчих гэсэн үүргүүдээс нэгийг, эсхүл хэд хэдийг сонгож хүлээлгэхээр хуульчилжээ.
10. Шүүгдэгч М.Т-д оногдуулсан 1 /нэг/ жилийн зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэхээр тогтов.
Тодруулбал, шүүгдэгч М.Т- нь зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээнд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхэлснээс хойш 1 /нэг/ жилийн хугацаанд Баян-Өлгий аймгаас оршин суух газраа өөрчлөх бол, мөн хаа нэгтээ зорчих бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналт тавьж буй албанаас заавал зөвшөөрөл авах шаардлагатай бөгөөд хэрэв ажил хөдөлмөр эрхлэхээр болсон тохиолдолд ажил гэр хоорондын зорчих хөдөлгөөний зөвшөөрлийг авсан байх үүргийг хүлээнэ.
11. Хэрэв шүүгдэгч М.Т- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулах нь зүйтэй
12. Энэ хэрэгт шүүгдэгч М.Т- нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт нэгтгэсэн болон энэ хэргээс тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж байна.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Алтайн хойлог шувууг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж байна.
14. Шүүгдэгч М.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш.у овогт М-н Т-г ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр худалдан авч, хадгалж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.Т-д 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.Т-д оногдуулсан 1 /нэг/ жилийн зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулсугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч М.Т- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт нэгтгэсэн болон хэргээс тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Алтайн хойлог шувууг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
7. Шүүгдэгч М.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК