Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/37

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор А.Д-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, улсын өмгөөлөгч С.Т-,

Шүүгдэгч С.Р- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор А.Д-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт С-н Р-д холбогдох эрүүгийн 2213000000047 дугаартай хэргийг хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-4, ээж, 2 дүүгийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, Улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х овогт С-н Р-, регистрийн дугаар БЗ..................

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч С.Р- нь согтуугаар Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 21 цагийн үед хохирогч Х.М-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Гэм буруугийн талаар:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

 

1.1. Улсын яллагч А.Д- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч С.Р-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна.” гэв.

 

1.2. Шүүгдэгч С.Р- мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна, хохирлыг төлж барагдуулсан, хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү.”  гэв.

1.3. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч С.Р-ыг прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд гэм буруутайд тооцоход татгалзах зүйл байхгүй.” гэв.

 

2. Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2213000000047 дугаартай хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:

 

2.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,

2.2. Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 03-06 дахь тал/,

2.3. Хохирогч Х.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17, 20 дахь тал/,

2.4. Гэрч С.Ж-мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/,

2.5. Гэрч Ж.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/,

2.6. Гэрч Б.Х-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дэх тал/,

2.7. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 155 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 33-34 дэх тал/,

2.8. Шүүгдэгч С.Р-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 51-52 дахь тал/ зэрэг хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүгдэгч С.Р-, түүний өмгөөлөгч С.Т- нараас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

 

Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч С.Р-д холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

 

Хэргийн үйл баримт:

 

1. Шүүгдэгч С.Р- нь согтуугаар Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 21 цагийн үед хохирогч Х.М-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

 

2. Шүүгдэгч С.Р-д зодуулсны улмаас хохирогч Х.М-гийн нүүр хэсгийн зөөлөн эдийн гэмтэл, баруун нүдний салстын цус хуралт, баруун дээд, доод зовхи нь хаван хавдартай, баруун дээд, доод зовхинд цус хуралт, зүүн доод зовхинд цус хуралт, хаван хавдартай, дээд уруулын баруун тал шалбарсан шархтай гэмтэл учирсан нь эрх бүхий шинжээчийн дүгнэлтээр эргэлзээгүй нотлогджээ.

 

-Шүүгдэгч С.Р- нь согтуугаар Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 21 цагийн үед хохирогч Х.М-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,

 

- Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 03-06 дахь тал/,

 

- Хохирогч Х.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 13 цагийн үед манай багийн мөсний баяр болж би тухайн баярт очиж найз Б.Ж-тай уулзсан юм. Тэгээд орой 18 цагийн үед Б.Ж- бид хоёр тэдний гэрт ирсэн. Гэрт ирсний дараа Б.Ж-ын эхнэр хоол, цай хийж түүнийг идэж дууссаны дараа Б.Ж- надад зориулж Сэрүүн нэртэй 2.5 литрийн нэг ширхэг шар айраг хийж, тухайн шар айргийг бид хоёр хувааж уусан юм. Шар айргийг ууж дууссаны дараа Б.Ж- бид хоёр тэдний гэрээс гарч хөрш болох Б.К- гэх залуугийн гэрт ирсэн. Б.К-ийн гэрт ирэхэд тухайн гэрт Ж.А-, С.Р-, Б.К- нар байсан ба би тухайн хүмүүст мэндлээд эргээд бүгдээрээ гадаа гарсан юм. Гадаа гарсны дараа Ж.А- бид хоёр тоглож барилдаад зогсож байтал С.Р- шууд миний баруун талын нүд рүү баруун гараараа нэг удаа цохиход Ж.А- салгаж авсан ба миний баруун талын нүднээс цус гарч байсан. Тэр үед С.Р- дахиад эргэж ирээд намайг гадуур хувцаснаас заамдаж барьж аваад зүүн талын нүд орчимд толгойгоороо нэг удаа мөргөсөн, дараа нь намайг тухайн газарт унагааж аваад миний цээж, нуруу, толгой хэсэгт 3-4 удаа өшиглөж зодох үед Ж.А-, С.Ж-, Б.К- нар салгаж авсан..., ...тухайн гэмт хэрэг 2022 оны 01 дүгээр сарын 31-ний 21 цагийн үед миний найз Б.Ж-ын хашаан дотор болсон...,

 ...Надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. С.Р- надаас сайн дураараа уучлалт гуйсан. Би нэг нутгийн иргэн болохоор С.Р-ыг уучилсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17, 20 дахь тал/,

 

- Гэрч С.Ж-мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Х.М- бид хоёр оройн 21 цагийн үед манай гэрээс гарч хөрш хамаатан дүү Б.Х-ы /Күкиш/ гэрч очсон юм. Бид хоёр Б.Х-ы гэрт очиход тухайн гэрт Б.Х-, Ж.А-, С.Р- нар байсан. Тэрээр Ж.А-, Х.М- нар гэрээс түрүүлж гарсан араас нь С.Р- гарсан. Би гадаа гарахад Х.М-, Ж.А- хоёр хоорондоо юм яриад зогсож байсан ба тухайн үед С.Р- Х.М-гийн хажууд очиж түүний баруун талын нүд рүү гараараа нэг удаа хүчтэй цохисон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/,

 

- Гэрч Ж.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Б.Х-ы гэрээс гараад хүргэн ах Х.М-тай юм яриад зогсож байхад бид нарын араас С.Р- гарч ирээд шууд Х.М- руу дайрч түүний баруун талын нүдэнд баруун гараараа нэг удаа цохиж авсан. Тухайн үед би С.Р-ыг салгаж авсан. Тэр үед миний хажууд С.Ж- байсан дараа нь гэрээс Б.Х- гарч ирсэн. Тухайн үед Х.М-гийн баруун нүд болон хамарнаас цус гарч байсан. Дараа нь С.Р- дахиад Х.М- руу дайрч гадуур хувцаснаас нь барьж авахад би С.Р-ыг салгаж аваад гэрт нь хүргэсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/,

 

- Гэрч Б.Х-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ж.А-, Х.М- хоёр нэг нэгнийгээ муулж, нэг нь хүргэн ах гэж тоглож манай гэрээс гадаа гарсан. Ардаас нь С.Р-, С.Ж- нар гарсан. Манай гэрт ирсэн хүмүүс гарсны дараа би гадуур хувцсаа өмсөөд гадаа гарахад Х.М- баруун нүдээ баруун гараараа дараад зогсож байсан ба С.Р- зодсон гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дэх тал/,

 

- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 155 дугаартай “...Х.М-н биед нүүр хэсгийн зөөлөн эдийн гэмтэл, баруун нүдний салстын цус хуралт, баруун дээд, доод зовхи нь хаван хавдартай, баруун дээд, доод зовхинд цус хуралт, зүүн доод зовхинд цус хуралт, хаван хавдартай, дээд уруулын баруун тал шалбарсан шархтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 33-34 дэх тал/,

 

- Шүүгдэгч С.Р-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй..., ...Миний бие 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Ховд гол багийн ховд голд багийн иргэдийн дунд зохион явагдсан мөсний баярт очиж оролцож тухайн баярын үед бид нар хоккейн тэмцээнд оролцож багаараа нэгдүгээр байрт орсон. Би тухайн мөсний баярын үеэр найз Ж.А-, Х- нартай уулзсан. Тэгээд бид гурав оройн 18 цагийн үед найз Б.Х-ы гэрт очсон юм. Бид нар Б.Х-ы гэрт очих замдаа Ховд гол нэртэй дэлгүүр орж Сэрүүн нэртэй 2.5 литрийн пивоноос гурван ширхэг пиво авч очсон ба тухайн пивонуудыг Ж.А-, Х-, Б.Х- бид дөрөв хувааж уусан юм. Бид нар пивыг хувааж уугаад сууж байхад Б.Х-ы гэрт гаднаас Х.М-, С.Ж- хоёр халамцуу орж ирсэн ба Х.М- намайг гадаа гараад ир гэж өөрөө дуудсан. Тэр үед би гадаа гарахгүй гэж Б.Х-ы гэрт байхад надаас түрүүлж гэрээс Х.М-, Ж.А- хоёр гарсан. Дараа нь би гадаа гарахад Х.М- надад хандаж та энд юу хийж явж байгаа юм, эндээс зайлаарай гэж миний цээж рүү түлхэж уурыг минь хүргэсэн. Тухайн үед би Х.М-д уурлаж баруун нүд рүү нь баруун гараараа нэг удаа цохиж, нүүрэн тус газар нь толгойгоороо нэг удаа мөргөж эрх чөлөөнд нь халдаж, гэмтэл учруулсан. Миний бие өөрийн гаргасан үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа ба Х.М-д учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан ба бид хоёр хоорондоо сайн дураараа эвлэрсэн болно...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51-52 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

  Эрх зүйн дүгнэлт:

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлсон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

     2. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

 Шүүгдэгч С.Р- нь хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, санаатай хууль бус үйлдлийн улмаас буюу цохиж, мөргөж, хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул түүнийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

3. Шүүгдэгч С.Р-ын үйлдлийн улмаас хохирогч Х.М-гийн биед хөнгөн гэмтэл учирсан байх ба Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах тул хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

4. Шүүгдэгч С.Р-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

5. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

6. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн ухамсар, ёс зүйн төлөвшил дутмаг, архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэдэг нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж дүгнэлээ.

7. Шүүгдэгч С.Р- нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

1. Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

 

            2. Шүүгдэгч С.Р- гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.М-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба шүүгдэгч С.Р- нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч Х.М-д учирсан хохирлыг төлж барагдуулсан нь тогтоогдож байна. Хохирогч Х.М- нь С.Р-тай нэг нутгийн иргэн болохоор цаашид санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

1. Шүүгдэгч С.Р- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

 

3. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд хувийн байдлын хувьд С.Р- нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон нь түүний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

 

4. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан нь тогтоогдож байх тул дээрх нөхцөл байдлыг шүүгдэгч С.Р-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

5. Шүүгдэгч С.Р- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж дүгнэж, шүүхээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

 

6. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, С.Р-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацаанд хийлгэх саналыг С.Р-д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

7. Шүүгдэгч С.Р-ын хувийн байдал болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлсөн байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирлын хэр хэмжээ, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Р-д 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, уг ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар Баян-өлгий аймгийн Ногооннуур сумын төвд нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхээр тогтоож шийдвэрлэв.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Р- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж шийдвэрлэв.

 

9. Энэ хэрэгт шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, энэ хэрэгт нэгтгэсэн болон энэ хэргээс тусгаарласан хэрэг байхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

10. Шүүгдэгч С.Р-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт С-н Р-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Р-ыг 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын төвд өдөрт наймаас дээшгүй цагаар, нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж, эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Р- нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдсугай.

 

6.  Шүүгдэгч С.Р-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         А.ДАУРЕНБЕК