Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2017/02063

 

 

 “Х банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

    Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ч.Цэнд, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

   Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШШ2017/01705 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Х банк” ХХК, хариуцагч Б.Б, Ц.Ц нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 91 376 581 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн биелэлтийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Х.Б

 хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

 Нэхэмжлэгч "Х банк" шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А Х.Ба, Д.Б нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Б, Ц.Ц нар нь 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Х банктай 5001132242 дугаартай данс бүхий шугамын зээлийн гэрээ байгуулж, 50 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 30 хувийн хүүтэй эргэлтийн зээл авсан. 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, шугамын зээлийг энгийн зээл рүү шилжүүлсэн. Хариуцагч нарын байгуулсан шугамын зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн дансыг 1700011568 тоот болгож өөрчилж, ззэлийн бүтээгдэхүүнийг өөрчлөн, зээлийн үлдэгдлийг энгийн зээлд шилжүүлсэн гэж зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Үндсэн зээл 66 276 254 төгрөг, зээлийн хүү 24 806 855 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 293 956 төгрөг нийт 91 376 581 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, хариуцагч нарын зээлийн барьцаанд тавьсан Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, 1 дүгээр хороололд байрлах 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийг хариуцагч нар нь сайн дурын үндсэн дээр байгуулж, гарын үсэг зурсан бөгөөд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ юм. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дах хэсэгт заасны дагуу хариуцагч нар нь үндсэн зээлийг хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт төлөх үүрэгтэй. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт зааснаар зээл олгосон, хариуцагч нарын зээлийн дансанд зээл олгогдсон байгаа учраас хариуцагч нарт зээлийн нэмэлт өөрчлөлтийн дагуу зээл олгосон гэж тооцож байна. Анх авсан шугамын зээлийг 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс хойш 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл жилийн 30 хувийн хүүгээр тооцоолж, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон. 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 66 276 254 төгрөгийн үндсэн зээлийн төлбөрөөс жилийн 30 хувийн хүүг тооцоход, 482 хоногийн хүү, нийт 24 806 855 төгрөгийн хүү, 293 956 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү тооцогдсон. Үүнд 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Х банк зээлийн жилийн хүүгээ 24 хувь болгож, бууруулсан тул 133 хоногийг жилийн 24 хувийн хүүгээр тооцсон байгаа. 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зээлд нэмэлт өөрчлөлт орсноос хойш хариуцагч нар нь эргэн төлөлт хийгээгүй. Харин анх байгуулсан шугамын зээлийн дансанд 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдөр зээлийн хүүнд 1 050 640 төгрөг, 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 1 270 000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 1 200 000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн хүүнд 95 200 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 1 267 500 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 1 310 200 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр зээлийн хүүнд 1 253 000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 1 327 000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 1 158 000 төгрөгийг тус тус хариуцагч нар нийт 11 184 954 төгрөг төлсөн. Нэхэмжлэлийн   шаардлагыг хангаж өгнө  үү гэжээ.

 Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Б, Ц.Ц нар нь 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Х банктай шугамын зээлийн гэрээ байгуулж, 50 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 30 хувийн хүүтэйгээр зээлж авсан. 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Х банкны зүгээс өөрийн санаачилгаар зээлийн гэрээг цуцалсан. Х банк нь хариуцагч нартай зээлж авсан 50 000 000 төгрөг дээр зээлийн хүүг нэмж, үндсэн мөнгө болгож, 1700011568 дугаартай зээлийн гэрээ байгуулсан. Энэхүү нэмэлт зээлийн гэрээний дагуу Х банк нь хариуцагч нарт мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлээгүй тул хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар нь шинээр байгуулсан гэрээний дагуу Х банкнаас ямар ч мөнгө аваагүй. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага буюу барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Монгол банкны зээлийн мэдээллийн санд 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Х банкнаас авсан хариуцагч нарын зээл төлөгдөж дууссан гэсэн төлөвтэй байгаа. Гэтэл хариуцагч нарыг 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 66 276 254 төгрөгийн зээл Х банкнаас авсан гэж шинээр зээлийн гэрээ байгуулсан. Хариуцагч нартай байгуулсан 50 000 000 төгрөгийн анхны зээлийн гэрээг Х банк өөрийн санаачлагаар цуцалсан тул зээл цуцалсан өдрөөс хойшхи хугацааны зээлийн хүү төлөх үүрэггүй гэж үзэж байна. Хариуцагч нар нь анх байгуулсан зээлийн гэрээний дүн 50 000 000 төгрөг, зээлийн хүүнд 16 276 254 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б, Ц.Ц нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 91 376 581 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 75 100 811 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган, нэхэмжлэгч "Х банк" ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16 275 770 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2, 158 дугаар зүйлийн 158.1, 159 дүгээр зүйлийн 159.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Б, Ц.Ц нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хорооллын 33 дугаар байрны 216 тоот хаягт байршилтай 40 м.кв талбайтай, 3 өрөө, 0082026 гэрчилгээний болон улсын бүртгэлийн Ү-2201008044 дугаартай орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 803 877 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б, Ц.Ц нараас 533 454 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч "Х банк" ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгч тал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Банк нь нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа үндсэн зээлд 66 276 254 төгрөг нэхэмжилсэн бөгөөд энэ нь 50 000 000 төгрөгийн зээл олгосоны дагуу 2014 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд бодогдсон үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн нийлбэр дүн юм. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан 5001132242 дугаартай зээлийн шугамын дансны хуулга болон зээл хүүний задаргаа тооцоололд тодорхой тусгагдсан. Зээлийн шугамын бүтээгдэхүүний онцлогоос шалтгаалан үндсэн зээлийн хэмжээн дээр өмнөх сарын төлөгдөөгүй зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нь нэмэгдээд нэгдсэн дүнгээр бичигдэж явдаг ба 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл нь 66 276 254 төгрөг байсан болно. Хариуцагч тал шүүх хуралдаан дээр анх байгуулсан зээлийн дүн 50 000 000 төгрөг, хүүнд 16 276 254 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлсээр байхад анхан шатны шүүх 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг огт нэхэмжлээгүй мэтээр буруу дүгнэсэн байна.

Шүүх үндсэн зээлийн үлдэгдлийг 50 000 000 төгрөгөөс тооцох нь үндэслэлтэй байна /шийдвэрийн 6 дугаар нүүр/ гэж дүгнэсэн атлаа Нэхэмжлэгч Хбанк нь 482 хоногийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг зээлийн үлдэгдэл төлбөр 66 276 254 төгөрөөс жилийн 30 болон 24 хувиар тооцон нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь хууль зөрчөөгүй байх тул шүүх 482 хоногийн хугацааны хүүг 50 000 000 төгрөгнөөс тооцон бууруулах үндэслэлгүй, хүүг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хохиролд тооцон гаргуулах нь зүйтэй гэж зөрүүтэй байдлаар дүгнэж, мөн 2015 оны 12 дугаар сарын 24-ны өдрөөс өмнөх хүүг нэхэмжлээгүй гэсэн үндэслэлээр 16 276 254 төгрөгийн хүүг нэхэмжлэлийн шаардлагаас хасч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Хэрэв анхан шатны шүүх үндсэн зээлийг 50 000 000 төгрөгөөр тооцох ёстой гэж байгаа бол 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх бодогдсон зээлийн хүү 16 276 254 төгрөг дээр түүнээс хойш хугацаа хэтэрсэн 482 хоногийн хүү, нэмэгдүүлсэн хүүг 50 000 000 тооцож гаргаж ёстой байсан. /50 000 000 төгрөгөөс 482 хоногоор тооцоход хүү 18 714 147 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 545 956 төгрөг байна./ Дээрхи байдлаас үзэхэд анхан шатны шүүх нь зөрүүтэй байдлаар дүгнэлтүүд гаргаж, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож үзэлгүй шийдвэрээ гаргасан байна. Хариуцагч талаас 2015 оны 12 сарын 24-ний өдрийн 5001132242 дугаартай зээлийн шугамын гэрээний нэмэлт өөрчлөлтийг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй бөгөөд хэрэв шүүх үндсэн зээлийг 66 276 245 төгрөгөөр тооцсон заалтыг хүчин төгөлдөр бус гэж үзсэн тохиолдолд үндсэн гэрээний заалтыг баримталж зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцох ёстой байсан. Анхан шатны шүүх нь талуудын хооронд байгуулсан зээлийн шугамын гэрээ болон гэрээний нэмэлт өөрчлөлтөд тусгагдсан зүйл заалтуудыг буруу тайлбарлаж, Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.6 болон 451,452, 453 дугаар зүйл, Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн дагуу нэхэмжлэгчийн 2014 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүртэл 328 хоногийн зээлийн гэрээнд заасан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож авах эрхийг зөрчсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосон 16 275 770 төгрөгийг нэмж, нийт 91 376 581 төгрөгийг Б.Б, Ц.Ц нараас гаргуулан Хас банкинд олгохоор зааж өгнө үү гэжээ.

   Хариуцагч тал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Х банк нь 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 5001132242 тоот зээлийн гэрээг 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөр дуусгавар болсон гэж үзэж, гэрээг цуцалсан болох нь нэхэмжлэгч Х банкнаас 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гаргасан нэхэмжлэл болон Монголбанкны Зээлийн мэдээллийн сангийн лавлагаагаар тус тус нотлогдцог. Өөрөөр хэлбэл 2014 оны 05 дугаар сарын 02-ний өдрийн 5001132242 тоот зээлийн гэрээний харилцаа дуусгавар болсон гэдгийг бүрэн хүлээн зөвшөөрч, харин 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1700011568 тоот зээлийн гэрээний үүргийг шаардаж байгаа болохоо өөрсдөө хүлээн зөвшөөрсөн тайлбар болно. Нөгөө талаар Зээлийн мэдээллийн тухай хуульд зааснаар арилжааны банкууд мэдээллийн системд зөвхөн үнэн зөв мэдээлэл өгөх үүрэгтэй. Х банк хариуцагч нартай байгуулсан 2014 оны 05 дугаар 02-ны өдрийн 5001132242 тоот зээлийн гэрээний үүргийг 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр дуусгавар болгосон болох нь Зээлийн мэдээллийн сангийн лавлагаагаар хангалттай нотлогддог. Нэхэмжлэгч Х банк хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, зээлийн мэдээллийн санд үнэн зөв мэдээлэл өгсөн гэдэг нь эргэлзээгүй зүйл билээ. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг мөн л хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч тал өөрийн санаачлагаар 50001132242 тоот зээлийн гэрээний харилцааг дуусгавар болгосон тул хариуцагч нар нь 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс хойшхи хугацааны зээлийн хүүг төлөх үүрэг хүлээхгүй юм. Зээлийн харилцаанд зээлдүүлэгч, зээлдэгч гэсэн хоёр тал оролцдог бөгөөд зээлийн хүсэлт гаргахаас бусад тохиолдолд хүсэлтийг хүлээн авах, зээл олгох, зээлийн гэрээг цуцлах, дуусгавар болгох зэрэг нь зөвхөн зээлдүүлэгчийн хүсэл, зориг, санаачлагаар, түүний шийдвэрийн үндсэн дээр шийдвэрлэгддэг асуудал билээ. Өөрөөр хэлбэл зээлдүүлэгч талд бүхнийг шийдвэрлэх эрх мэдэл хадгалагдаж байдаг. Хариуцагч нарын зүгээс 50001132242 тоот зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, Х банкнаас 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр авсан 50 000 000 төгрөгний зээлээ төлж барагдуулаагүй нь үнэн боловч нэхэмжлэгч Х банк нь энэхүү эрх тэгш бус, өөрийн давуу байдлыг ашиглан зээлдэгч бид нарыг дарамталж, шахалт үзүүлэх замаар хууль бус хэлцэл хийхэд хүргэсэн нөхцөл байдлынхаа хариуцлагыг хүлээх нь хамгийн шударга шийдэл болох юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 75 100 811 төгрөг гаргуулах шаардлагаас  8 824 557 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 66 276 254 төгрөг төлөхөөр шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон агуулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

  Нэхэмжлэгч “Х банк” нь хариуцагч Б.Б, Ц.Цнарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 81 937 310 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээг цуцлах гэж, үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү зэрэг нийт 91 376 581 төгрөг гаргуулах гэж, барьцааны үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэж тус тус нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснээс хариуцагч нар 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт 66 276 254 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч үлдэх 25 100 328 төгрөгийг эс зөвшөөрч, гэрээ цуцлагдсан, шинээр байгуулсан гэрээний дагуу мөнгө аваагүй гэсэн үндэслэл заан маргажээ. /хх.1-2,43,106,122-123,126 дугаар хуудасны ар тал/

 

  Нэхэмжлэгч “Х банк” ХХК нь хариуцагч Б.Б, Ц.Ц нартай 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр зээлийн шугамын гэрээ байгуулж, 50 000 000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар жилийн 30 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон байна. /хх.7/ Энэхүү зээлийн гэрээгээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох, зээлдэгч нь зээлийг тохиролцсон хүүгийн хамт буцаан төлөх үүргийг үүсгэсэн байх бөгөөд мөн хуулийн 451.2 дах хэсэгт заасан зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагад нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

  Уг зээлийн гэрээний үүргийг баталгаажуулах зорилгоор талууд мөн өдөр зээлийн барьцаанд Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хорооллын 33 дугаар байрны 216 тоот хаягт байршилтай 40 м.кв талбайтай, 0082026 гэрчилгээний болон Ү-2201008044 үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн дугаартай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулсан байна. /хх.11,14/ Уг барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дах хэсэгт заасанчлан бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан, барьцаалагч нар нь уг эд хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй өмчлөгч нар мөн байна. Иймд хариуцагч нар зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд уг барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрх Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүснэ. Иймд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангах талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ. Гэвч үл хөдлөх эд хөрөнгө болох барьцааны зүйл нь үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын үндэслэлд хамаарахгүй заалтыг баримталсныг хууль хэрэглээний хувьд залруулав.

  Харин зээлийн гэрээний дагуу үүсэх үүрэг, гэрээ цуцлагдсантай холбоотой үр дагаварт хамаарах хуулийн зохицуулалтыг маргааны үйл баримтад хамааруулан зөв тайлбарлан хэрэглээгүй болно. Зээлийн гэрээний дагуу 50 000 000 төгрөгийг хүлээн авсан үйл баримтын талаар хариуцагч нар маргаагүй, энэ нь зээлийн шугаман гэрээ, Х банкинд гаргасан хүсэлт, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон байна. /хх.7,24-25,38,43/ Хариуцагч нар 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн төлбөр 50 000 000 төгрөг, зээлийн хүүд 16 276 250 төгрөг төлөх үүргийг биелүүлээгүй, биелүүлэх боломжгүй болсны улмаас хариуцагчаас нэхэмжлэгч банкинд хандан зээлийн гэрээний хугацааг сунгах талаар хүсэлт гаргасан боловч /хх.25/ нэхэмжлэгчийн зүгээс уг зээл, зээлийн хүүгийн үлдэгдлийг нэмж үндсэн зээл болгон 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гэрээг шинэчлэн байгуулах санал тавьж, талууд гэрээг бичгээр байгуулсан болох нь зохигчдын тайлбар, хэргийн 5001132242 дугаартай зээлийн шугамын гэрээний нэмэлт өөрчлөлт гэх баримтаар тогтоогдож байна. /хх.16/

  Энэхүү 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн гэрээний дагуу Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь “мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх үүрэг хүлээх”-ээр, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дугаар зүйлийн 21.4 дэх хэсэгт “зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцох”-оор тус тус заасанд нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл уг гэрээ нь хуулиар тогтоосон банк эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгосонтой холбоотой хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчиж өмнөх зээлийн үлдэгдлийг зээл олгосон мэтээр гэрээ байгуулсан байх тул уг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх тул энэ зээлийн гэрээнд заагдсан 66 276 254 төгрөгөөс Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрх нэхэмжлэгч банкинд үүсэхгүй.

  2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн гэрээнд хариуцагч нар гарын үсгээ зурсан, уг хэлцлийг хийлгэхээр албадсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул энэхүү хүчин төгөлдөр бус хэлцэлд зөвхөн нэхэмжлэгч талыг буруутай гэж үзэхгүй бөгөөд уг хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн нь хариуцагчийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр банкнаас зээлж авсан 50 000 000 төгрөгийг буцаан төлөхтэй холбоотой хууль, гэрээний дагуу үүсэх зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх хууль зүйн үндэслэл болохгүй, энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

  Хэргийн 47 дугаар талд авагдсан нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч зүгээс 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гаргасан хүсэлтэд 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр тус зээлийн гэрээг цуцлах талаар тодруулсан агуулга бүхий хүсэлт гаргасан байх бөгөөд хариуцагч 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гэрээ цуцлагдсан гэсэн тайлбар гаргасан байна. Иймд талуудын хооронд 50 000 000 төгрөгийн зээлийн гэрээг 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөр цуцлагдсан гэж үзэх боломжтой байна.

  Зээлдэгч буюу хариуцагч гэрээний үүргийг хугацаандаа биелүүлэхгүй хэтрүүлсэнтэй холбоотойгоор нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүйтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах буюу хугацаанаас нь өмнө цуцлах эрхээ хэрэгжүүлсэн байх бөгөөд энэ тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгө буюу 50 000 000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй. Түүнчлэн уг гэрээ цуцлагдах хүртэл хугацааны хүүг хариуцагчаар төлүүлэхээр хуульд заасны дагуу шаардах эрхтэй.

  Талуудын хооронд нэг удаагийн үйлдлээр үүргийг гүйцэтгэж дуусгах боломжтой байх хугацаатай гэрээ бус, харин урт хугацаанд үргэлжлэх гэрээний харилцаа үүссэн тул гэрээ цуцлагдах хүртэлх хугацаанд гэрээний талд үүссэн үүргийг гүйцэтгэх нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгэх зарчимд нийцнэ. Хэрэгт авагдсан нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримтад /хх.20/ 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр, 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр, 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр тус тус 1 227 338 төгрөгийн үндсэн зээлийг буцаан төлөх хуваарийг заасан байна. Иймд үндсэн зээлийг төлөх хугацаа хэтрүүлсэнтэй холбоотой нэхэмжилсэн хүү төлөх үүргийн энэ хугацааг дүгнэн тооцох боломжтой.

  Хариуцагч нь 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 50 000 000 төгрөгийн зээлийн 16 276 250 төгрөгийн хүү төлөөгүй байгаа үйл баримтын талаар талууд маргаагүй байх тул уг өдрөөс хойш гэрээ цуцлагдах 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацааны хүү 11 875 000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр, 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр, 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр үндсэн зээл төлөх үүргийн зөрчилтэй холбоотой нэмэгдүүлсэн хүүд 27 615 төгрөгийг үндсэн зээл 50 000 000 төгрөгийн хамт нийт 78 178 865 төгрөгийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар төлөх үүрэг хариуцагч нарт үүссэн байна.

  Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын  зарим хэсгийг хангаж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

  Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШШ2017/01705 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 205 дугаар зүйлийн 205.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б, Ц.Ц нараас 78 178 865 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Хбанк” ХХК-д олгож, уг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13 197 712 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, 2 дах заалтаас “453 дугаар зүйлийн 453.2, 158 дугаар зүйлийн 158.1, 159 дүгээр зүйлийн 159.1, 174 дүгээр зүйлийн 174.1” гэснийг хасч, 3 дах заалтын “533 454 төгрөг” гэснийг “548 844 төгрөг” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 156 143 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Х банк” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239 329 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах ба энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ                                     Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧ                                      Ч.ЦЭНД

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ