Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2018/ДШМ/78

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 24 өдөр                        

    2018/ДШМ/78                                                                Зуунмод

А.М, А.Б, А.Б нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Ц.Батбямба,

Шүүгдэгч: А.М, А.Б, А.Б ,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Ганбадрах,

Нарийн бичгийн дарга Э.Уртнасан нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн, 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 174 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч А.М, А.Б, А.Б нарт холбогдох 1734003900127 дугаартай 3 хавтас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгч А.М, А.Б нарын болон тэдгээрийн өмгөөлөгч Г.Ганбадрах нарын гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. А.М , Улаанбаатар хот Налайх дүүрэгт 1990 оны 08 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй. эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Налайх дүүрэг ...тоотод оршин суух, гавьяа шагналгүй,

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар:УД9...9.

 

2. А.Б , Улаанбаатар хот Налайх дүүрэгт 1991 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Налайх дүүрэг .... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн xyraгацaaraap хорих ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар:У...3.

 

3. А.Б , Улаанбаатар хотын Налайх дүүрэгт 1998 оны 07 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, эрэгтэй 19 настай, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6, эцэг, эх, дүү нарын хамт Улаанбаатар хот Налайх ... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэл үгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар:У..37

 

А.М, А.Б нар бүлэглэн Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр багийн нутаг “Элстэй” гэх газраас 2017 оны 10 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Портер маркийн 96-49 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж хохирогч И.Уранцэцэгийн нас гүйцсэн 3 тооны үнээ, 1 тооны эр шүдлэн үхрүүдийг хулгайлж 3.000.000 төгрөгний хохирол учруулсан, Яллагдагч А.М, А.Б, А.Б нар нь бүлэглэж, зөвшөөрөлгүйгээр 2017 оны 10 дугаар сарын эхээр Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг Хөндлөнгийн давааны ар гэх газарт байх ойгоос 13.867 метр куб нойтон шинэс мод бэлтгэж, А.М-н эзэмшлийн 96-49 УНЛ улсын дугаартай Бонго Пронтер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд 2.396.217 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 174  дугаар шийтгэх тогтоолоор: 

Шүүгдэгч А.М , А.Б  нарыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэгт үйлдсэн, Шүүгдэгч А.М , А.Б , А.Б  нарыг бүлэглэж, зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч А.М, А.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тус бүрийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Бат-Итгэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М, А.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг найман цагаар тооцоход 30 хоногийн хугацаагаар хорих ялтай дүйцэхийг дурдаж,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.М, А.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял буюу 30 хоногийн ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн 1 жил 30 хоногийн хугацаагаар тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.М-д өмнөх шийтгэх тогтоол буюу Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 7 сарын хорих ялаар тогтоож,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.М-д оногдуулсан 2 жил 7 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч А.Бямба-Очирт оногдуулсан 1 жил 30 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,

Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М, А.Б нарын цагдан хоригдсон 31 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тус тус тоолж,

Энэ хэрэгт бичгийн баримтаар А.М-н эзэмшлийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ ирээгүйг, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч А.М-н эзэмшлийн 2.500.000 төгрөгийн үнэ бүхий “Киа Бонго Пронтер” маркийн 49-96 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 20 дугаартай “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээхийг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 121 ширхэг нойтон нарс модыг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг, шүүгдэгч А.М-н эзэмшлийн 2.500.000 төгрөгийн үнэ бүхий “Киа Бонго Пронтер” маркийн 49-96 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М, А.Б нар нь хохирогч И.Уранцэцэгт 3.000.000 төгрөгийг, ойн санд учруулсан хохирлын 3.000.000 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдаж, үлдэх 1.792.434 төгрөгнөөс хувь тэнцүүлэн өөрт ногдох 896.217 төгрөгийг шүүгдэгч А.М, А.Б нараас тус тус гаргуулан улсын орлого болгох, шүүгдэгч А.Б-н ойн санд учруулсан хохирлын 2.400.000 төгрөг төлснийг дурдаж, илүү төлөгдсөн 3783 төгрөгийг шүүгдэгч А.Б-д буцаан олгож тус тус шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч А.М гарсан давж заалдах гомдолдоо: “Миний бие Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 174 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Миний бие эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллагдаж 2 жил 90 хоногийн ялаар шийтгэгдсэн. Дээрх үйлдсэн 2 гэмт хэрэгтээ өөрийн төрсөн дүү болох А.Бямба-Очирыг уруу татаж, ялтан болгосондоо чин сэтгэлээсээ гэмшиж, харамсаж байна. Би эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр Мөнхзул нь миний  буруу зүйл хийж иргэн Уранцэцэгийн үхрийн хохирол болох 4.000.000 төгрөг, мөн улсын ойн санд учруулсан 7.188.651 төгрөгийн хохирлыг барагдуулах гэж цалингийн зээл болох 10.000. 000 төгрөгийн зээл авсан. Эхнэр цалингийн зээл авч ар гэр 2 хүүхдээ дан ганцаараа ажиллаж авч явахад хүнд хэцүү болсон. Мөн дүү бид 2 эхээс хоёуулаа, аав бурхан болоод удаагүй. Ээж минь Төв аймгийн Эрдэнэ суманд ганцаараа мал маллаж амьдардаг. Миний ээж хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан. Дүү бид хоёроос өөр ээжийг минь харж хандах асрах, хамгаалах хүн байхгүй. Мөн миний дүү А.Б-н эхнэр Ичинхорлоо 2 бага насны хүүхдийн хамт амьдардаг. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Бид хоёрын иргэн Уранцэцэг болон улсын ойн санд учруулсан хохирлыг барагдуулах гэж банкинд хашаа, байшингаа тавьж зээл авсан. Банкны зээлтэй байгаа зэрэг дээр дурьдсан миний эхнэр, хүүхдийн цаашдын амьдрал, ирээдүй, ээжийн биеийн байдлын нөхцөл байдал, дүүгийн ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж эдлэх ялыг тэнсэж өгнө үү. Миний бие дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй, ариун цагаан хөдөлмөрөөрөө ажиллаж амьдарна.гэжээ.

Шүүгдэгч А.Б гарсан давж заалдах гомдолдоо: Миний бие 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 17.12-1, 24.6-д тус тус зүйлд зааснаар нээлттэй шүүх хурал явагдаж 1 жил 30 хоногийн ялыг нээлттэй ангид хорих ял авсан. Анхан шатны тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Би Налайх дүүргийн 1 дүгээр хороо, уурхайчдын 19-651Б тоотод эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Намайг энэ хэргүүдэд ороход эхнэр Д.Ичинхорлоо нь өөрийн өвөө болох Р.Гэнэн гэгч хүний тэтгэврийн зээл 10 000 000 төгрөгийн зээлд батлан даагчаар орж аваад миний хийсэн хэргийн хохирлыг барагдуулсан байдаг. Харамсалтай нь Р.Гэнэн нь 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр өвчний улмаас нас барсан. Банкнаас батлан даагч Д.Ичинхорлоог үлдэгдэл болох 7.000.000 төгрөгийг төлж барагдуулах ёстой гэсэн байна. Мөн эхнэр маань Транст компанид давхар зээлтэй. Эхнэр Нарантуул зах дээр хувиараа ажил хийдэг ба зээлийг ганцаараа төлж барагдуулах боломжгүйд хүрээд байна. Мөн бид хоёр бага насны 2 хүүхэдтэй том нь энэ жил 1 дүгээр ангид орно. Харин бага нь 2 настай. Ээж маань нуруу нугасны хүнд өвчтэй хөдөө ганцаараа байдаг. Гэр бүлийнхнийг минь харж хандах ах, дүү хамаатан садан байхгүй. Эдгээр нөхцөл байдлыг минь харгалзан үзнэ үү.” гэжээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ганбадрах гарсан давж заалдах гомдолдоо: “Өмгөөлөгч Г.Ганбадрах миний бие шүүгдэгч А.Б-н эрх ашгийг хамгаалан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 сарын 25-ны өдрийн 174 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйл. 38.2 дугаар зүйлд заасныг үндэслэн давж заалдах журмаар энэхүү гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон байдаг

Анхан шатны шүүхийн 2018 оны 06 сарын 25-ны өдрийн 174 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 13 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлд заасан хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчимд нийцээгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна

Шүүгдэгч урьд нь шийтгүүлсэн тэнсэн харгалзах ялын хөөн хэлэлцэх хугацаа дууссан, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд А.Б нь гэм буруугаа бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа. Мөн хохирогч И.Уранцэцэгт 3.000.000 төгрөгний төлбөр төлж хохирлыг барагдуулсан, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болно.

Шүүгдэгч А.Б-н үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэж, 6.5 дугаар зүйлд Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хуульчилсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 2 дахь хэсэгт Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргиин улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх гэж, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж хуульчилсан.

Иймд давж заалдах гомдлыг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хянан шийдвэрлэж, миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү.“ гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Батбямба гаргасан тайлбар дүгнэлтэндээ: Ял, эрүүгийн хариуцлага нь хууль зүйн үндэстэй. Ойд учирсан хохирол, хор уршиг хэзээч арилахгүй. Шүүгдэгч нарт хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбадрах гаргасан тайлбартаа: Бямба-Очир нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Үхрийн хохирол 3 сая төгрөгийг хохирогчид төлж барагдуулсан. Ойн санд учруулсан хохирлын заримыг төлж үлдэх хэсгийг төлөхөө илэрхийлсэн. Хувийн байдлын хувьд шүүгдэгч Мягмарсүрэнтэй ах дүү, бага насны хүүхдүүдтэй зэргийг харж үзэн ялыг тэнсэж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон А.М гаргасан тайлбартаа: Ялыг тэнсэж өгнө үү. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон А.Б гаргасан тайлбартаа: Ар гэрийн байдлыг харгалзан үзэж ялыг тэнсэж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх А.М, А.Б, А.Б нарт холбогдох хэргийг шүүгдэгч А.М, А.Б нарын болон тэдгээрийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүй бүхэлд нь хянаж үзэв.

 

            Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий гарсан байна.

Шүүгдэгч А.М, А.Б нар бүлэглэн Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр багийн нутаг “Элстэй” гэх газраас 2017 оны 10 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө 96-49 УНЛ улсын дугаартай “Киа Бонго Пронтер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж хохирогч И.Уранцэцэгийн нас гүйцсэн 3 тооны үнээ, 1 тооны эр шүдлэн үхрүүдийг хулгайлж 3.000.000 төгрөгний хохирол, учруулсан болох нь: мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч И.Уранцэцэг, гэрч Ш.Алтанкул, Ц.Баянжаргал нарын мэдүүлгүүд, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч И.Уранцэцэгт хохирол төлсөн баримт зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар,

Шүүгдэгч А.М, А.Б, А.Б нар нь бүлэглэж, зөвшөөрөлгүйгээр 2017 оны 10 дугаар сарын эхээр Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг Хөндлөнгийн давааны ар гэх газарт байх ойгоос 13.867 метр куб нойтон шинэс мод бэлтгэж, А.М-н эзэмшлийн 96-49 УНЛ улсын дугаартай “Киа Бонго Пронтер” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд 2.396.217 төгрөгний хохирол учруулсан болох нь: мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч Ш.Гэрэлт-Од, гэрч С.Батжаргал, Н.Мөнхбат нарын мэдүүлэг, шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 19-04-014/09 дугаартай дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 96-49 УНЛ улсын дугаартай “Киа Бонго Пронтер” маркийн тээврийн хэрэгслийн эд зүйлийн үнэлгээ, 2017 оны 12 сарын 15-ны өдрийн №20 дугаартай эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоол, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг зэргээр давхар нотлогдон тогтоогдсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

А.М, А.Б, А.Б нарт холбогдох хэргийг мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон, мөн шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

 

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Бат-Итгэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.М, А.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял буюу 30 хоногийн ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн 1 жил 30 хоногийн хугацаагаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.М-д өмнөх шийтгэх тогтоол буюу Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 7 сар хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж гарсан байна.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.М, А.Б, А.Б нарт оногдуулсан эрүүгийн хариуцлага нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.   

 

Иймд шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчийн гаргасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг шүүхэд шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 174 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.М, А.Б нарын болон тэдгээрийн өмгөөлөгч Г.Ганбадрахын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогчид хяналтын журмаар гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Г.БОЛОРМАА

    ШҮҮГЧИД                                                                      Т.ЭНХМАА

                                                                  Р.МӨНХ-ЭРДЭНЭ