Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/40

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор А.Д-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч К.Е,

Шүүгдэгч Ж.Т- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор А.Д-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.н овогт Ж-н Т-д холбогдох эрүүгийн 2213000000045 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч, шүүхийн шатанд  хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 5 дугаар багт оршин суух хаягтай, Улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х.н овогт Ж-н Т-, регистрийн дугаар БЖ................

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Т- нь Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт бэлчиж байсан хохирогч Х.Н-ий 6 тооны ямааг 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 18 цагийн үед хулгайлж, 645.000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Гэм буруугийн талаар:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1.1. Улсын яллагч А.Д- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ж.Т- нь хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн. Иймд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхэд татгалзах зүйлгүй.” гэв.

1.2. Шүүгдэгч Ж.Т- мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна, хохирлыг төлж барагдуулсан, хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү.”  гэв.

1.3. Шүүгдэгчийн өмгөөлөгч К.Е- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ж.Т-ийг прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд гэм буруутайд тооцоход татгалзах зүйл байхгүй. Миний үйлчлүүлэгч Ж.Т- нь гэмт хэрэг үйлдсэнээ мөрдөн байцаалтын шатнаас эхлэн хүлээн зөвшөөрч, хохирогчоос уучлалт хүсэн хохирогчид учруулсан хохирлыг бүрэн барагдуулж өгсөн бөгөөд хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэдгээ мэдүүлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж  өгнө үү.” гэв.

 

1.4. Хохирогч Х.Н- мэдүүлэхдээ: “Гэм буруугийн талаар санал хүсэлт байхгүй, нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй”  гэв.

 

2. Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2213000000045 дугаартай хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:

2.1. Х.Н-ээс 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10 цагийн 22 минутанд амаар биечлэн гаргасан гэмт хэргийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,

2.2. Хэргийн газрын /Ж.А-ын амбаарт/ үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 03-05 дахь тал/,

2.3. Ж.А-аас хураан авсан ямааны мах, арьс /хар өнгийн/-ыг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 06-08 дахь тал/,

2.4. Хохирогч Х.Н-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 15, 66 дахь тал/,

2.5. Иргэний нэхэмжлэгч Ж.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,

2.6. Гэрч Х.Ө-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дэх тал/,

2.7. Гэрч А.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 23, 86 дахь тал/,

2.8. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн БӨА-22-051 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 27-30 дахь тал/,

2.9. Гэрч А.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 80-81 дэх тал/,

2.10. Шүүгдэгч Ж.Т-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 49-50, 53 дахь тал/ зэрэг хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

 Шүүгдэгч Ж.Т-, түүний өмгөөлөгч К.Е- нараас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

 

Түүнчлэн хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд нийцсэн байх тул шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд Ж.Т-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн ба прокурор нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талуудын хүсэлтийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1-17.3 дахь хэсэгт заасан журмыг зөрчөөгүй байна.

 

Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Ж.Т-д холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

 

Хэргийн үйл баримт:

1. Шүүгдэгч Ж.Т- нь Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт бэлчиж байсан хохирогч Х.Н-ий 6 тооны ямааг 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 18 цагийн үед хулгайлж, 645.000 төгрөгийн хохирол учирсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

 

Шүүгдэгч Ж.Т- нь Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт бэлчиж байсан хохирогч Х.Н-ий 6 тооны ямааг 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 18 цагийн үед хулгайлж, 645.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Хохирогч Х.Н-ээс 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10 цагийн 22 минутад амаар биечлэн гаргасан гэмт хэргийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,

- Хэргийн газрын /Ж.А-ын амбаарт/ үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 03-05 дахь тал/,

- Ж.А-аас хураан авсан ямааны мах, арьс /хар өнгийн/-ыг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 06-08 дахь тал/,

- Хохирогч Х.Н-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүргэн ах А.С- манай эзэмшлийн 20 тооны хонь, 6 тооны ямааг миний зөвшөөрлөөр Дэлүүн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт оршин суугч иргэн Ө.Ш-ийн малд нийлүүлж хариулж байхаар Ө.Ш-ийн аав болох Х.Ө-т хүлээлгэн өгч, тухайн өдөр хүргэн ах А.С- хоёр айлын мал нийлүүлж бэлчээрлүүлсэн байна. Тэр өдөр хүргэн ах А.С- малыг Х.Ө-ийн хотонд хотлуулаад гэртээ харьсан байх хойгуур Дэлүүн сумын 5 дугаар багийн иргэн Ж.Т- нь тухайн айлын хотонд байсан миний эзэмшлийн 6 тооны ямааг хулгайлж тууж явсан байна. Тухайн үед Х.Ө- хотноос мал тасалж тууж байсныг харж өөрсдийнх нь мал манай малтай нийлсэн учир таслаад аваад явж байгаа биз гээд тоогоогүй өнгөрөөсөн байна. Маргааш нь манай хүргэн ах А.С- хотноос малаа гаргаж бэлчээрлүүлэхэд 6 тооны ямаа дутсан байсан. Тэгээд Х.Ө- гэх хүнээс асуухад өчигдөр буюу 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 18-19 цагийн орчимд тус багийн иргэн Ж.Т- манай хотноос 6 тооны ямаа таслаад тууж байсан, арай танай ямаа биш биз гэсэн байна. Тэгээд манай хүргэн ах А.С- Ж.Т-ий гэрт очиж асуухад танай 5 ямаа манай хотонд байгаа. Өчигдөр өөрсдөө гүйж ирсэн юм гэж хэлсний дагуу хотонд нь очиж үзэхэд манай 5 тооны ямаа байсан бөгөөд 1 тооны ямаа алга байсан..., ...алга болсон байсан ямаа нь хар зүсмийн 7 настай бүдүүн эм ямаа байсан..., ...Ж.Т- надаас хулгайлан авч нядалсан ямааны оронд 1 тооны ямаа өгч, мөн 100,000 төгрөг дансаар шилжүүлж, надад учирсан хохирлыг бүрэн барагдуулж өгсөн. Надад одоо ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15, 66 дахь тал/,

- Иргэний нэхэмжлэгч Ж.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 11-12 цагийн үед Дэлүүн сумын 5 дугаар багийн иргэн Ж.Т- гэх залуу хар өнгийн ямааны арьс болон тарган 6-7 орчим насны ямааны бүхэл гулууз малыг авч ирж зарсан юм. Би тухайн арьс болон махыг хаана, хэзээ гаргасан, хэний эзэмшлийнх болохыг асуухад миний өөрийн эзэмшлийн хар өнгийн ямаа, хөл нь хугараад явж чадахгүй болохоор нь нядалсан юм гэж хариулсан. Тухайн арьс нь тэр өдөр буюу 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр юм уу, 03-ны өдөр л нядалсан байж болзошгүй шинэ арьс байсан... ...би тухайн ямааны арьс махыг цагдаагийн байгууллагад хураалгасан нэг зуун мянган төгрөгийг Ж.Т-ээс нэхэмжилж байна... ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,

- Гэрч Х.Ө-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...Би 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 17-18 цагийн үед Дэлүүн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн хотондоо малаа хотлуулчихаад гэрийн гадаа сууж байхад манай хотноос 6 тооны ямааг Ж.Т- гэх манай хөрш залуу тууж явааг харсан. Тэгэхэд би гайхаад тэдний ямаа манай малтай нийлсэн байх гэж бодсон. Би хөгшин хүн болохоор тухайн үед холоос хотноос тууж аваад явсан ямаа яг хэний, ямар зүсмийн ямаа гэдгийг нь тодорхой сайн хараагүй. Харин хөрш Ж.Т-ийг сайн анзаарсан ба тууж явсан ямааны тоо нь 6 байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дэх тал/,

- Гэрч А.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...би 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр өөрийн хадам дүү болох Х.Н-ий эзэмшлийн мал гэх 20 тооны хонь, 6 тооны ямааг Дэлүүн сумын 5 дугаар багийн иргэн Х.Ө- гэх айлын малтай нийлүүлж хариулахаар тохиролцож тухайн өдөр миний бие 2 айлын малыг бэлчээрлүүлсэн. Тэгээд орой нь 2 айлын малыг бүрэн бүтэн Х.Ө-ийн хотонд авч ирээд хотлуулчихаад гэртээ харьсан юм. Тэгээд маргааш нь дахиад хонь хариулахаар болоод малаа бэлчээрлүүлэхээр очиход манай хадам талын тухайн айлд нийлүүлсэн гэх 6 ямаа мал дотор байхгүй байсан...,

...тэгээд Х.Н-ий хамт 6 ямааг сураглаж Х.Ө- ахынд очиход өчигдөр хотноос 6 ямааг Ж.Т- гэрийнхээ тийшээ чиглээд тууж байсан талаар хэлсэн. Тэгээд гайхаж шууд Ж.Т-ий гэрт очиж асуухад танай 5 тооны ямаа өөрсдөө манай хотонд гүйгээд ирсэн. Одоо манай гэрийн ойр орчимд бэлчээрлэж байгаа байх гэж хариулсан. Тэгээд гэрийнх нь ойр орчмоос хайхад манай хадам дүү Х.Н-ий 5 ямаа нь түүний гэрийн ойр хаданд явж байсныг олж авсан. Тэгээд Ж.Т-ээс бидэнд 6 тооны ямаа байсан, 1 ямаа нь дутуу байна гээд харсан, үзсэн эсэхийг нь асуухад би мэдэхгүй чоно идсэн биз гэж хариулсан...,

...Надад Ж.Т- нь 6 тооны ямаа хотонд ирсэн талаар юм ярьж байгаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23, 86 дахь тал/,

- “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн БӨА-22-051 дугаартай “...2022 оны 02 дугаар сарын байдлаар 7 настай эм ямаа 135,000 төгрөгийн үнэлгээтэй байх боломжтойг тодорхойлов...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 27-30 дахь тал/,

- Гэрч А.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...Ж.Т- намайг Улаанбаатар хотод байхад миний утас руу залгаж, 6 тооны ямаа тэдний хотонд очсон талаар хэлж байсан. Гэхдээ би уг 6 тооны ямааны нэгийг нь авах зөвшөөрөл өгөөгүй. Тийм зүйл яриагүй..” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 80-81 дэх тал/,

- Шүүгдэгч Ж.Т-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Миний зүгээс уг тогтоолтой холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...,

...2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 18 цагийн үед Х.Н-ий 6 тооны ямаа манай хотонд хүрээд ирсэн бөгөөд би А.Х- болон Х.Н- нарын ямаа гэж таньсан. Учир нь би урд нь тэдний малыг хариулж байсан учраас сайн танина. Тэгээд би өөрийнхөө 89224706 дугаараас Х.Н-ий аав А.Х- гэх хүний 80429010 дугаарын утас руу залгаж танай 6 тооны ямаа манай хотонд ирсэн байна гэж хэлэхэд А.Х- би Улаанбаатар хотод байна гэсэн бөгөөд тэр хүн урд нь надад мал хариулсны хөлс гээд 1 тооны хонь өгчихөөд буцаагаад авсан талаар ярихад 6 ямааны 1 ямааг нь авбал аваарай гэсэн юм. Мөн 6 тооны ямаа манай хотонд ирсэн талаар А.Х- гэх хүний хүргэн А.С-т хэлсэн. Тэгээд би уг 6 тооны ямааны нэгийг нь нядалсан юм...,

...Х.Н-, А.С- нартай уулзаж, учирсан хохирол гээд 100,000 төгрөг өгөхөөр болж А.С-ын дансаар нь шилжүүлэн өгсөн бөгөөд миний нядалсан 1 тооны ямааны оронд надаас 1 тооны ямаа авахаар болж мөн А.С- нь манай хотноос ирж 1 тооны ямааг шилж сонгож авсан...,

...Миний бие нядалсан 1 тооны ямааны арьс болон махыг сумын ченж Ж.А- гэх хүнд зарсан. Зарахдаа миний ямаа байгаа юм, хөл хугарсан болохоор нядалсан гэж хэлээд 100,000 төгрөгөөр зарж, бэлэн мөнгө авсан. Би өөрийн үйлдсэн хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа. Маш их гэмшиж байна. Мөн бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49-50, 53 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

Эрх зүйн дүгнэлт:

1. Шүүгдэгч Ж.Т-ий үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан бусдын малыг хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна.

 

2. Мал хулгайлах гэмт хэргийн объектив шинж нь бусдын өмчлөх эрх байдаг бөгөөд иргэний өмчлөх эрхийг хуулиар хамгаалдаг.

Тухайлбал: Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 3-д “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, ашиглах, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй, Тавдугаар зүйлд “Мал сүрэг бол үндэсний баялаг бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж тус тус заасан байна.

 

3. Шүүгдэгч Ж.Т- нь хохирогч Х.Н-ий дээрх хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, түүний 6 тооны ямааг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1 тооны ямааг нядалж иргэн Ж.А-ад 100.000 төгрөгөөр худалдан борлуулж захиран зарцуулсан байх ба түүний энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл юм.

 

4. Шүүгдэгч Ж.Т- нь хохирогч Х.Н-ий 6 тооны малыг бэлчээрээс хулгайлж, 1 тооны ямааг нядалж, бусдын өмчийг хууль бусаар өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлснээр уг гэмт хэрэг төгссөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

5. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн амар хялбар аргаар хувьдаа ашиг олж мөнгөтэй болох шунахайн сэдэлт нөлөөлсөн байх ба шүүгдэгч Ж.Т- нь дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж, зориуд хор уршигт хүргэж үйлдсэн байх тул түүнийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

6. Иймд шүүгдэгч Ж.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.

 

2. Шүүгдэгч Ж.Т-ий гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Н-д 645.000 төгрөгийн бодит хохирол учирсан ба 5 тооны ямааг буцааж өгч, нядалсан ямааны оронд 1 тооны ямаа өгсөн, мөн хохирол гэж 100.000 төгрөг төлж барагдуулсан болох нь хохирогч Х.Н- болон шүүгдэгч Ж.Т- нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ж.Т-ээс гаргуулах хохирол, төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

1. Шүүгдэгч Ж.Т- нь мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

 

3. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд Ж.Т- нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон нь түүний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байх ба тэрээр гэмт хэргийн хор уршигт хохирогч Х.Н-д 1 тооны ямаа, мөн 100.000 төгрөг төлж барагдуулсан тул эдгээрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан хөнгөрүүлэх нөхцөл тооцох нь зүйтэй гэж үзэв.

 

4. Шүүгдэгч Ж.Т- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай захирамж гарган, хэргийг шүүхэд шилжүүлж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэв.

 

5. Прокуророос шүүхийн хэлэлцүүлэгт ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Ж.Т-д тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 100.000 төгрөгийг гаргуулан улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг тус тус гаргаж, шүүгдэгч Ж.Т-д танилцуулахад тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Ж.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Ж.Т-д тэнсэнгийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Т-ий гэмт хэрэг үйлдэж олсон ашиг болох 100.000 /нэг зуун мянга/-н төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгөөс албадан гаргуулж улсын орлогод оруулах албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэж шийдвэрлэв.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Т- нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, шүүх ердийн журмаар ял оногдуулахыг сануулах нь зүйтэй байна.

 

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Т-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан энэхүү шүүхийн шийтгэх тогтоолд хяналт тавьж, биелэлтийг хэрэгжүүлж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

8. Энэ хэрэгт шүүгдэгч Ж.Т- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцон ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

9. Шүүгдэгч Ж.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Х.н овогт Ж-н Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.Т-д 1 /нэг/  жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Т-д оногдуулсан хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Т-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж, түүнд тэнссэн хугацаанд оршин суух газар ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт тус тус зааснаар тэнсэж үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авсан ялтанд хяналт тавих үүргийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Т-  нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, дахин гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ердийн журмаар ял оногдуулахыг сануулсугай.

 

7. Шүүгдэгч Ж.Т- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хохирол төлбөр, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт, болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ж.Т-ий хувьд ногдох хөрөнгөөс гэмт хэрэг үйлдэж олсон ашиг 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийг албадан гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

9. Шүүгдэгч Ж.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.БОЛОРМАА