Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/39

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор А.Д-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч К.Е-           

Хохирогчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Я.С-,

Шүүгдэгч Э.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор А.Д-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.с овогт Э-ы Б-д холбогдох эрүүгийн 2113001630035 дугаартай хэргийг хүлээн авч, шүүхийн шатанд  хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Баян-Өлгий аймгийн Алтай суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, яс үндэс урианхай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Алтай сумын 5 дугаар багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, У.с овогт Э-ы Б-, регистрийн дугаар БА...............,

 

Шүүгдэгчийн холбогдон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Б- нь 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 17 цагийн үед согтуугаар Баян-Өлгий аймгийн Алтай сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Х.Б-ийн толгой руу чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Гэм буруугийн талаар:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1.1. Улсын яллагч А.Д- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Э.Б- нь өөрийн чулуу шидсэн үйлдлийг бүрэн ухамсарлаж, тухайн үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд хохирол учирна гэдгийг мэдсээр байж, хүсэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд түүний хууль бус үйлдлийн улмаас хохирогч Х.Б-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна. Иймд Э.Б-г “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Гэмт хэргийн улмаас хохирогч Х.Б-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хэргийн улмаас 5.958.700 төгрөгийн хор уршиг учирсныг шүүгдэгч бүрэн нөхөн төлсөн бөгөөд энэ хэрэгт холбогдуулан тусгайлан гаргасан иргэний нэхэмжлэл байхгүй. Шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан нөхцөл байдал хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхэд татгалзах зүйлгүй болно.” гэв.

 

1.2. Шүүгдэгч Э.Б- мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна, хохирлыг төлж барагдуулсан, хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү.”  гэв.

 

1.3. Шүүгдэгчийн өмгөөлөгч К.Е- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Миний үйлчлүүлэгч прокурорын яллах дүгнэлтийг гардаж аваад үйлдсэн гэмт хэргээ сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрэн, хэргийн улмаас учруулсан хор уршгийг бүрэн нөхөн төлсөн. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, Э.Б-д прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж өгнө үү.” гэв.

 

1.4. Хохирогч Х.Б-ийн өмгөөлөгч Я.С- мэдүүлэхдээ: “Гэм буруугийн талаар санал хүсэлт байхгүй, хохирлыг төлж өгсөн, одоо нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй”  гэв.

 

2. Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2113001630035 дугаартай хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:

2.1. Иргэн Х.Б-өөс 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтас хэргийн 05 дахь тал/,

2.2. Хохирогч Х.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 06, 20, 22 дахь тал/,

2.3. Гэрч Х.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтас хэргийн 24, 26 дахь тал/,

2.4. Гэрч З.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтас хэргийн 31-32 дахь тал/,

2.5. Гэрч Х.М-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтас хэргийн 34-35 дахь тал/,

2.6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 66 дугаартай дүгнэлт /хавтас хэргийн 55-57 дахь тал/,

2.7. Шүүгдэгч Э.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтас хэргийн 90-91 дэх тал/ зэрэг хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

 3.Шүүгдэгч Э.Б-, түүний өмгөөлөгч К.Е-, хохирогчийн өмгөөлөгч Я.С- нараас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

1.Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

2.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

 

3.Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Э.Б-д холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

 

4. Шүүгдэгч Э.Б- нь 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 17 цагийн үед согтуугаар Баян-Өлгий аймгийн Алтай сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Х.Б-ийн толгой руу чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Иргэн Х.Б-өөс 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гаргасан “...Алтай сумын 5 дугаар багт 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр айлын цайнд сууж байхад тус багийн иргэн Э.Б- нь архидан согтуурсан үедээ миний эрх чөлөөнд халдсан...” гэх утга бүхий гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтас хэргийн 05 дахь тал/,

 

-Хохирогч Х.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Х.О- 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр охиныхоо хурим найр болно гэж бид нарыг цайнд урьсан юм. Тэгэхээр нь бид 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр аймгаас гарч Алтай сумын 5 дугаар багт байдаг дүү Х.О-ийн гэрт ирсэн. Тэгээд маргааш нь хүмүүст цай өгсөн. Тэнд нэг их олон хүн ирээгүй, зөвхөн ах дүү нар болон дүүгийн нөхрийн талын хэдэн хүмүүс тэр өдөр болсон цайнд оролцож найрласан. Тэгээд орой 17 цагийн үед цайнд ирсэн хүмүүс тарж байсан. Гэтэл дүүгийн талийгаач нөхрийн дүү болох Э.Б- гэдэг залуу согтчихсон. Гэхдээ ухаан санаа эрүүл хүн шиг явж байсан. Тэр залуу машинаа асааж явна гэж байсан ба миний эрэгтэй дүү болох Х.М- тэр залуугийн машины түлхүүрийг авчихсан байсан. Тэгэхэд тэр залуу чи миний машины түлхүүрийг өгөөч гэж хоорондоо хэрэлдэж байсан. Манай дүү болохоор тэр залууд та согтуу байна яаж машин жолоодох гэж байна, битгий машин бариач гэж гуйсан. Тэр үед би хажууд нь очиход Э.Б- шууд газраас гартаа чулуу атгаж аваад, чулуу атгасан гараараа миний зүүн талын чих тус газарт нэг удаа хүчтэй цохисон. Тэгэхэд миний бие ухаан алдаж унасан. Тэгээд тэнд байсан хүмүүс тэр залууг салгаж авсан. Тэр оройдоо бид нар аймгийн төвд ирсэн. Тухайн үед би цагдаад гомдол гаргах гэсэн боловч манай талын ах дүү нар болиулсан. Аймгийн төвд ирсний дараа хэд хоног өнгөрч гэнэт толгой эргэж бие маань эвгүй байсан болохоор аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмчид үзүүлсэн чинь та хэвтэж эмчилгээ хийлгэхгүй бол болохгүй юм байна гэж хэлээд шууд гэмтлийн тасагт хэвтүүлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гомдол гаргасан. Маш их гомдолтой байна...”, “...2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр миний толгой маш ихээр өвдөж, зарим зүйлийг буруу мэдүүлсэн байна лээ. Учир нь толгойнд хүнд гэмтэл авсан байснаас тухайн үед зарим зүйлийг санахгүй байсан. Одоо эрүүл мэнд маань гайгүй болсон. Намайг Э.Б- нь санаатайгаар миний эрүүл мэндэд хүнд хохирол учруулаагүй гэж бодож байна. Тэр өдөр миний дүү болон Э.Б- хоёр машины түлхүүрийг булаацалдаж зогсож байхад болиулах санаатай очсон. Тэгэхэд Э.Б- нь Х.М- руу шидсэн чулуу нь миний толгойн зүүн талын чихний хойд хэсэгт онож толгойнд хүнд гэмтэл авсан. Би анхны мэдүүлэгтээ Э.Б- нь гартаа чулуу атгаж, чулуу атгасан гараараа миний толгойн тус газарт цохисон гэж буруу мэдүүлсэн байна. Түүний шидсэн чулуу миний толгойн зүүн талын чихэн тус газар оносон юм. Э.Б-гийн зүгээс надад одоогийн байдлаар нийт 2.328.700 төгрөгийг бэлэн өгсөн...”, ...хэд хэдэн удаа ирж надаас уучлалт гуйж байгаа. Э.Б-тай цаашид ямар нэгэн гомдол, саналгүй. Надад учирсан хохирлыг төлж өгнө гэдэг баталгаа хийж өгсөн. Одоогоор хэлэх санал хүсэлт байхгүй. Би хохирлоо дараа нь иргэний журмаар жич нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 06, 20, 22 дахь тал/,

 

- Гэрч Х.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Э.Б- уг цайнд УАЗ-469 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож ирсэн. Тэгэхэд тэр залуу нэлээн халамцуу болохоор манай нөхрийн төрсөн дүү Х.М- нь Э.Б-гийн машины түлхүүрийг нь булааж авчихаад өгөхгүй гэрийн гадна маргалдаж зогсож байсан. Манай нөхөр Х.Б- очиж Э.Б-г салгаж авсан ба гэр лүү дагуулаад ирж байсан. Тэр үед Э.Б- Х.Б-ийн ард хоцорч байгаад газраас чулуу аваад шууд түүний хойноос шидсэн ба зүүн талын чихний тус газарт туссан. Тэгээд Х.Б- ухаан алдаж газарт унасан юм. Тэнд харж зогсож байсан бид бүгдээрээ Х.Б- дээр очсон. Тэгэхэд түүний зүүн талын чихний хойд хэсэгт цус гарч байсан. Тэгээд Э.Б- нь машинаа унаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 24, 26 дахь тал/,

 

- Гэрч З.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Х.М- нь Э.Б-гийн машины түлхүүрийг авчихсан байна лээ. Ямар учраас авсан гэхэд тэр хүн согтуу машин бариад явна гээд байсан болохоор авсан гэсэн. Тэгээд тэр машиныхаа түлхүүрийг авна гэж Х.М-тай маргалдаж байсан. Тэр хооронд тэдний дунд нагац ах Х.Б- очсон юм. Гэтэл гэрийн үүдэнд байдаг сангийн чулууг Э.Б- нь баруун гартаа атгаж аваад Х.Б-ийн зүүн талын чихний хойд хэсэг рүү чулуугаараа нэг удаа цохисон ба тухайн үед Х.Б- ухаан алдаж газар унасан...”,

“...Х.Б ах руу очиход зүүн талын чихний хойд хэсгээс цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 31-32 дахь тал/,

 

- Гэрч Х.М-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Э.Б- тухайн цайнд өөрийн эзэмшлийн УАЗ-469 маркийн тээврийн хэрэгслээр ирсэн байсан ба тэр ах нэлээн согтчихсон байсан болохоор миний бие Э.Б-д санаа зовоод та согтчихсон байна, битгий машинаа бариач гэж гуйсан. Тэгэхэд Э.Б- надад хүч өгөхгүй би заавал явах ёстой гэж машиныхаа хажууд зогсоод байхаар нь би түүний машины түлхүүрийг булаагаад авчихсан юм. Тэгэхэд Э.Б- надтай зууралдаж түлхүүр өг гэж зогсож байхад Х.Б- ах бид хоёрын хажууд ирээд Э.Б-г чи жаахан унтаж амарч байгаад явахгүй юм уу гэж хэлээд гэр лүүгээ дагуулаад ирж байх үед Э.Б- нь газраас гэнэт чулуу атгаж аваад Х.Б- ах руу шидсэн ба Х.Б- ахын толгой руу туссан. Тэр үед Х.Б- ах ухаан алдаж газарт унасан...” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 34-35 дахь тал/,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 66 дугаартай “...Х.Б-ийн биед зүүн чамархай зулай ясны шугаман хугарал, зүүн чамархайн хатуу хальс дээрх цусан хураа, тархины зүүн чамархайн хэсгийн голомтлог цусархаг няцрал, зүүн хацрын нумын зөрөөгүй хугарал, зүүн хацар, чамархайн зөөлөн эдийн няцрал үүсчээ. Гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр зүүн хацар, чамархай хэсэгт тус тус цохилтын хүч үйлчилснээс үүссэн шинэ гэмтлүүд байна. Зүүн чамархай зулай ясны шугаман хугарал, зүүн чамархайн хатуу хальс дээрх цусан хураа, тархины зүүн чамархайн хэсгийн голомтлог цусархаг няцрал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3- д зааснаар амь биед аюултай хүнд гэмтэлд хамаарна.” гэх дүгнэлт /хавтас хэргийн 55-57 дахь тал/,

 

- Шүүгдэгч Э.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй...”,

“...Уг цайнд би 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр өглөө 09 цагийн үед өөрийн эзэмшлийн Уаз-469 маркийн 61-93 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээр эхнэр хүүхдийн хамт ирсэн. Тэгээд цайллага маань өдөр тийшээ буюу 17 цагийн үед тараад миний бие гэр лүүгээ явах гээд гэрийн гадна байсан машинаа асаах гэхэд Х.М- гэдэг залуу миний хажууд ирсэн. Тухайн үед би машины жолоочийн суудал дээр сууж байсан. Тэгэхэд тэр залуу над руу та согтуу байна, яаж машин барих гээд байна гэж хэлээд миний машины түлхүүрийг булааж авч зугтахад миний бие машинаас буугаад газраас гартаа чулуу атгаж авч түлхүүр аваад зугтаж байсан Х.М- руу шидэхэд дундуур нь гарч ирсэн Х.Б-ийн толгой тус газарт туссан юм. Тэгээд баахан хүмүүс Х.Б-ийн хажууд байсан ба миний машины түлхүүр булааж авсан залуу түлхүүрээ өгчихсөн. Тэгээд би машинаа жолоодож гэр лүүгээ явчихсан. Би одоо Х.Б-ийн толгой тус газарт чулуу шидэж хүнд гэмтэл учруулсан үйлдлийг сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 90-91 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

Эрх зүйн дүгнэлт:

 

1. Хохирогч Х.Б-ийн эрүүл мэндэд учирсан “биед зүүн чамархай зулай ясны шугаман хугарал, зүүн чамархайн хатуу хальс дээрх цусан хураа, тархины зүүн чамархайн хэсгийн голомтлог цусархаг няцрал, зүүн хацрын нумын зөрөөгүй хугарал, зүүн хацар, чамархайн зөөлөн эдийн няцрал” бүхий хүнд гэмтэл нь шүүгдэгч Э.Б-гийн гэм буруутай үйлдлийн улмаас үүссэн, шууд шалтгаант холбоотой байх ба шүүгдэгч Э.Б-гийн энэхүү гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

2. Шүүгдэгч Э.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнд тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

3. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Э.Б-гийн архидан согтуурсан байдал, зүй бус харилцаа шууд нөлөөлсөн гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

1.Шүүгдэгч Э.Б-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Б-ийн эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.2-д заасан хүнд зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 66 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байна.

 

2. Шүүгдэгч Э.Б- нь хохирогч Х.Б-өд гэмт хэргийн хор уршигт 5.958.700 төгрөг төлж өгсөн ба хохирогч нь Э.Б-гаас цаашид эмчилгээтэй холбоотой зардал, бусад хохирлыг нэхэмжлэхгүй гэдгээ өмгөөлөгчөөрөө дамжуулан илэрхийлсэн тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Э.Б-гаас гаргуулах хохирол, төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

1. Шүүгдэгч Э.Б- нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай  учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

 

3. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд Э.Б- нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон нь түүний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байх ба тэрээр гэмт хэргийн хор уршигт хохирогч Х.Б-өд 5.958.700 төгрөг төлж барагдуулсан тул эдгээрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан хөнгөрүүлэх нөхцөл тооцох нь зүйтэй гэж үзэв.

 

4. Шүүгдэгч Э.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай захирамж гарган, хэргийг шүүхэд шилжүүлж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэв.

 

5. Прокуророос шүүхийн хэлэлцүүлэгт ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 1 жил 1 хоногийн хорих ял оногдуулж, уг оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх тухай саналыг гаргаж, шүүгдэгч Э.Б-д танилцуулахад тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн  11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 1 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

6. Шүүгдэгч Э.Б-д оногдуулсан хорих ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын “гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” зорилгод бүрэн нийцнэ үзлээ.

 

7. Шүүгдэгч Э.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн, тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, хэргийн хамт ирүүлсэн CD бичлэг 4 ширхгийг хэрэгт  хавсарган үлдээхээр шийдвэрлэв.

 

8. Шүүгдэгч Э.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг нь өнөөдрөөс эхлэн тоолох нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйл, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Эрдэнэчулууны Базаррагчааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай  учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д 1 /нэг/ жил, 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Э.Б-д оногдуулсан 1 /нэг/ жил, 1 /нэг/ хоногийн хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Э.Б- нь гэмт хэргийн хохирол хор уршигт 5.958.700 (таван сая есөн зуун тавин найман мянга долоон зуу) төгрөгийг хохирогч Х.Б-өд төлж барагдуулсныг, хохирогч нь Э.Б-гаас цаашид эмчилгээтэй холбоотой зардал, бусад хохирлыг нэхэмжлэхгүй гэдгээ өмгөөлөгчөөрөө дамжуулан илэрхийлснийг тус тус дурдсугай.

 

5. Шүүгдэгч Э.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн, тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, хэргийн хамт ирүүлсэн CD бичлэг 4 ширхгийг хэрэгт  хавсарган үлдээсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгон, цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс тоолсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.БОЛОРМАА