Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/42

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.л,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын  хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокурор Я.Д-,

Шүүгдэгч Ш.Н- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокурор Я.Д- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Ш-ийн Н-д холбогдох эрүүгийн 2213000220058 дугаартай хэргийг хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, яс үндэс Халх, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Баян-Өлгий аймаг дахь Зэвсэгт хүчний ........ дүгээр ангид гагнуурчин ажилтай, Өвөрхангай аймгийн Хархорин сумын 2 дугаар багт оршин суух хаягтай /иргэний үнэмлэхийн хаяг/, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ...... дүгээр баг, ......... айлын орон сууцны .......... тоотод түр оршин суудаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, ял шийтгүүлж байгаагүй, Т овогт Ш-ийн Н-, регистрийн дугаар ЙР................

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ш.Н- нь согтуугаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт байрлах “Назар” нэртэй 40 айлын орон сууцны 16 тоотод 2021 оны 12 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө хохирогч М.З-ийг ар нурууны бүсэлхий хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Гэм буруугийн талаар:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

 

1.1. Улсын яллагч Я.Д- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ш.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна.” гэв.

 

1.2. Шүүгдэгч Ш.Н- мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна, хохирлыг төлж барагдуулсан, хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү.”  гэв.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2213000220058 дугаартай хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:

2.1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 06-09 дэх тал/,

2.2. Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 12, 15 дахь тал/,

2.3. Эд зүйл хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 16-23 дахь тал/,

2.4. Хохирогч М.З-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 26-28, 30 дахь тал/,

2.5. Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,

2.6. Гэрч С.Б-Э-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дахь тал/,

2.7. Гэрч А.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дахь тал/,

2.8. Гэрч Н.М-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 51 дэх тал/,

2.9. Шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 37 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 55-56 дахь тал/,

2.10. Шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 18 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 74-75 дахь тал/,

2.11. Шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 207 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 103-111 дэх тал/,

2.12. Шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 430 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 119-121 дэх тал/,

2.13. Шинжээч Ө.Т-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 134-135 дахь тал/,

2.14. Ашид Билгүүн ХХК-ний 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн БӨА- 22-090 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 140-143 дахь тал/,

2.15. Шүүгдэгч Ш.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 197-198 дахь тал/ зэрэг хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүгдэгч Ш.Н-гээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

 

Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Ш.Н-д холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

 

Хэргийн үйл баримт:

1. Шүүгдэгч Ш.Н- нь согтуугаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт байрлах “Назар” нэртэй 40 айлын орон сууцны 16 тоотод 2021 оны 12 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө хохирогч М.З-ийг ар нурууны бүсэлхий хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

2. Шүүгдэгч Ш.Н-д зодуулсны улмаас хохирогч М.З-ийн биед ар нурууны бүсэлхий хэсгийн баруун дунд хэсэгт цээжний хөндий рүү нэвтрээгүй гүн хатгагдсан шарх гэмтэл учирсан нь эрх бүхий шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

 

- Шүүгдэгч Ш.Н- нь согтуугаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт байрлах “Назар” нэртэй 40 айлын орон сууцны 16 тоотод 2021 оны 12 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө хохирогч М.З-ийг ар нурууны бүсэлхий хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 06-09 дэх тал/,

 

- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 12, 15 дахь тал/,

 

- Эд зүйл хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 16-23 дахь тал/,

 

- Хохирогч М.З-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шөнө 23 цагийн үед гэртээ унтах гэж хэвтэж байхад миний гар утас руу хамт ажилладаг Д- гэх залуу залгаад ганц хоёр шар айраг ууя, хүрээд ир гэж дуудсан. Тэгээд би тэдний амьдардаг Өлгий сумын 11 дүгээр багт байрлах “Назар” нэртэй байрны 3 давхарт байрлах манай албаны байранд яваад очсон. Би очиход гэрт нь Э-, Ш.Н-, Д- нар байсан ба тэд уг байранд хамт амьдардаг бөгөөд Ш.Н- мөн тус байрны 2 давхарт байдаг албаны байранд амьдардаг юм. Намайг очиход тэд юм яриад сууж байсан ба дараа нь тэд гараад дэлгүүрээс шар айраг аваад ирсэн. Д- шар айраг аваад ирэхээс өмнө тэдний гэрт М-, С-, Т-, С.Б-, Э-э нар ирсэн. Тэгээд бүгдээрээ тус тусдаа 2.5 литрийн савтай “Сэнгүүр” нэртэй шар айрагнаас уусан.

...Гэрт орж ирсний дараа Д-, Ш.Н- нар хоорондоо маргалдаад эхлэхээр нь Д-ийг М-, С- нар унтуулахаар авч үлдээд Ш.Н-г С.Б-Э-, Т- бид гурав гэрт нь авч орсон. Тэдний гэрт орохдоо бид гаднаас шар айраг авч ороод тэдний гэрт уусан. Бид тэдний гэрт ороход Ш.Н-гийн эхнэр, хүүхэд нь буйданд унтаж байсан ба бид 4 шар айраг ууж байх үед С.Б-Э-, Т- нар унтчихсан. Ш.Н- ууж байсан шар айргаа маргааш ууя гээд би явахаар болоод Т-, С.Б-Э- нарыг сэрээсэн. Тэд сэрээд бид гурав явахаар болоод С.Б-Э-, Т- нар гадаа түрүүлээд гараад явсан. Тэд гарч явсны дараа Ш.Н- хөргөгчөөс хутга гаргаж ирэхэд би түүнээс хутгыг нь авах гээд түүнтэй ноцолдох үед буйдан руу унасан. Унах үед Ш.Н- миний доор унаад би түүний дээр унасан бөгөөд би түүнийг дээрээс нь дараад хэвтэж байх үед миний нурууны баруун хэсэгт чийгтэй мэдрэмж төрөхөөр нь би босоод хувцсаа тайлж үзэхэд миний нурууны баруун хэсэгт цус гарч байсан. ...Эмчилгээ хийлгэхэд ямар нэгэн зардал гараагүй. Хэрэг учрал болох үед өмсөж явсан куртик, цамц, фудболканд урагдалт үүссэн байгаа, уг хувцаснуудаа Ш.Н-гээр төлүүлж авах хүсэлтэй байна. ...куртикээ 250,000 төгрөгөөр худалдаж авсан шинэ куртик байсан. ... Улаанбаатар хотоос цамцыг 40,000 төгрөгөөр, фудболкыг 20,000 төгрөгөөр худалдаж авч байсан. ...Надад өөр гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-28, 30 дахь тал/,

 

- Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би гэрт ирээд ороо засаад, хүүхдээ унтуулаад нэлээд удаад би буцаж Э- нарын гэрт очиход тэдний гэрт байсан дээрх бүх залуучууд нэг 2.5 литрийн “Сэнгүүр” нэртэй шар айраг задалсан уугаад сууж байсан. Тэгээд би нөхөртөө хурдан орж ирээрэй гэж хэлээд буцаад гараад явсан. Би гэрт орж ирээд нэлээд удсаны дараа манай гэрт С.Б-Э-, Ш.Н-, Т-, М.З- нар 2.5 литрийн шар айрагнаас 3 сав авч орж ирээд манайд уугаад сууж байсан. Харин С.Б-Э-, Т- нар буйданд миний хоёр талд сууж хойшоо хэвтэж байсан ба Ш.Н- буйданд сууж, М.З- түүний өөдөөс харж сандалд сууж хоорондоо нэг бол маргалдаад байгаа нь ч мэдэгдэхгүй, тоглоод байгаа нь ч мэдэгдэхгүй сууж байхаар нь би тэдний яриаг нэг их тоогоогүй. Тэгж байтал явахаар болоод М.З- хамт ирсэн С.Б,-Э-, Т- нарт миний хувцсыг аваад гарч байгаарай гэж хэлээд нөгөө хоёр нь түүний гадуур хувцсыг аваад гадаа гарсан ба М.З- Ш.Н-тэй юм яриад гэрийн үүдний хэсэгт зогсож байтал тэд хоорондоо маргалдаж хэрэлдэж эхэлсэн. Тэд нэг нэгнээ барьж аваад хоорондоо ноцолдож байгаад миний хажууд буйдан ирж буйдангийн дээр унасан. Би тэдэн рүү харахад Ш.Н- доор нь, М.З- нь түүний дээр байсан ба хэзээ хаанаас авсныг мэдэхгүй Ш.Н-гийн гарт манай гэрийн хутга байсан ба М.З- уг хутгыг нөгөө талаас нь барьсан байсан. Тэр үед тэдний хэн нь хутганы аль талаас нь барьж байсныг сайн анзаарч хараагүй. Тэгээд би тэдэнд юу болоод байгаа юм бэ гэж орилж босоод хутга аваад ир гээд тэдний гараас хутгыг аваад би ариун цэврийн өрөө рүү ороод шидчихсэн. Тэр М.З- нь миний нуруу луу хутга орох шиг боллоо гэхээр нь би хувцсыг нь тайлахад түүний нуруу хэсгээс цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,

 

- Гэрч С.Б-Э-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Дараа нь тэд орж ирсний дараа Ш.Н-, Д- нар хоорондоо маргахаар нь Ш.Н-, Т-, М.З- бид 4 Ш.Н-гийн гэрт очиж уухаар болж тэдний орсон. Бид тэдний гэрт 2.5 литрийн шар айрагнаас нэгийг задлаад ууж сууж байгаад Т- бид хоёр тэдний гэрийн буданд сууж байгаад унтчихсан байсан ба нөгөө хоёр шар айраг уугаад сууж байсан. Тэгээд 20 минут болоогүй тэд хоорондоо маргаад байх шиг болсон. Тэд маргаад байхаар нь Т- бид хоёр сэрээд М.З-ийг дагуулаад явах гэхэд тэрээр миний хувцсыг аваад гарч байгаарай гэхээр нь түүний цүнхтэй хувцсыг аваад Т- бид хоёр гадаа гараад байж байсан. М.З- гарч ирэхгүй удаад байхаар нь түүнийг дагуулж гарах гээд Ш.Н-гийн гэрт ороход М.З- нурууны баруун хэсэгт буюу далны доод хэсэгт хутгалуулсан байдалтай зогсож байсан ба тус хэсгээс цус их хэмжээгээр гараад байсан. Намайг ороход тэрээр надад гараад эмнэлэг оръё гэхээр нь түүний хувцсыг өмсүүлээд Т- бид хоёр түүнийг эмнэлэг рүү хүргэж өгсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дахь тал/,

 

- Гэрч А.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэд гэрт орж ирсний дараа Ш.Н-, Д- нар “Он жавууд” гээд юм яриад хоорондоо маргалдсан. Би тэдний яагаад маргалдсаныг сайн мэдэхгүй байна. Тэгэхээр М.З-, С.Б-Э бид 3 Ш.Н-г дагуулж гэрт нь орж бид 4 “Сэнгүүр” нэртэй том савтай шар айраг задалж ууж байгаад С.Б-Э бид хоёр сууж байсан буйдан дээр унтчихсан. М.З- С.Б-Э-э бид хоёрыг сэрээгээд харъя гэхээр нь С.Б-Э- бид хоёр М.З-ийн цүнхтэй хувцсыг аваад гарч байсан. Бид гадаа байхад С.Б-Э- Ш.Н-гийн гэр лүү ороод тэрээр буцаад М.З-тэй хамт гарч ирснээ М.З- хутгалуулсан байна гэж хэлээд бид түүнийг эмнэлэг рүү хүргэж очсон. М.З- гарч ирэхдээ нурууны баруун тал, далны доод хэсэг орчимд цус гарч байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 42 дахь тал/,

 

- Гэрч Н.М-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би М.З- нь эмнэлэгт хүргэгдэн ирэх үед түүнийг биед ямар гэмтэл байсныг санахгүй байна. Харин түүний өвчний түүхийг уншиж танилцахад, түүнийг анх ирэх үед биед нь хийсэн үзлэгийн тэмдэглэлээр биенийхэн ар нурууны дунд хэсгийн цээжний хөндий рүү нэвтрээгүй гүн хатгагдсан шархтай байсан. Шархны хэмжээ нь 2см орчим байсан. Уг шархнаас их хэмжээгээр цус алдаж байсан тул яаралтай журмаар шархны хэмжээг нээж цус алдалтын тогтоох мэс засалбарын ажил хийгдэж байсан байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51 дэх тал/,

 

- Шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “...Иргэн М.З-ийн биед ар нурууны бүсэлхий хэсгийн баруун дунд хэсэгт цээжний хөндий рүү нэвтрээгүй гүн хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд. Дээрх гэмтэл 1-10 хоногтоо үүссэн шинэ гэмтэл байна. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ” гэх 37 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 55-56 дахь тал/,

 

- Шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “ Ш.Н-гийн биенээс авсан гэх цус нь шинжилгээнд тэнцэнэ. Ш.Н-гийн цусанд 1,5% этилийн спирт илэрсэн. Ш.Н- тухайн үед дунд зэргийн согтолттой байсан байна” гэх 18 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 74-75 дахь тал/,

 

- Шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “...Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад гэмтэл үүссэн байна. Шар өнгийн куртиканд 33 мм, 10 мм, ногоон өнгийн ноосон цамцанд 20мм, ногоон өнгийн футболканд 20 мм хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. Гэмтлүүд хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байгаа нь хутгаар үүссэн байж болно. Гэмтлүүд шинжилгээнд ирүүлсэн хутгаар үүссэн эсэхийг тогтоох боломжгүй. Хувцаснуудад үүссэн гэмтлээр ямар хэлбэр, хэмжээтэй хутганы үйлчлэлээр үүссэнийг тогтоох боломжгүй.” гэх 207 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 103-111 дэх тал/,

 

- Шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн “...М.З-ээс хураан авсан гэх куртка, цамц, футболка зэрэг нь шинжилгээнд тэнцэж байна. Уг хувцаснуудад цус илэрч байна. Илэрсэн цус нь нэг эрэгтэй хүний цус байна, М.З-ийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.” гэх 430 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 119-121 х/,

 

- Шинжээч Ө.Т-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...уг гэмтлүүд нь 3 удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтлүүд болно. Дүгнэлт хэсэгт бичлэгийн алдаанаас болж дөрвөн удаагийн үйлчлэлээр үүссэн гэж бичигдсэн байна. ...Дээрх гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. Өөрөөр хэлбэл хутгаар үүссэн байж болно” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 134-135 дахь тал/,

 

- Ашид Билгүүн ХХК-ний 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн БӨА-22-090 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 140-143 дахь тал/,

 

- Шүүгдэгч Ш.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...М.З- бид хоёр хоорондоо маргалдаад улмаар би хөргөгчид байсан гэрийн хутгыг авахад М.З- миний хоёр гарыг барьсан. Тэгээд бид хоёр хоорондоо ноцолдож байгаад буйдан руу унасан. Тэр үед би М.З-ийг хутгалах шиг болсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 197-198 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

  Эрх зүйн дүгнэлт:

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлсон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

     2. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

 

Шүүгдэгч Ш.Н- нь хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, санаатай хууль бус үйлдлийн улмаас буюу цохиж, мөргөж, хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул түүнийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

3. Шүүгдэгч Ш.Н-ий үйлдлийн улмаас хохирогч М.З-ийн биед хөнгөн гэмтэл учирсан байх ба Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах тул хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

4. Шүүгдэгч Ш.Н-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

5. Шүүгдэгчийн зүгээс шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

6. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн ухамсар, ёс зүйн төлөвшил дутмаг, архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэдэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

 

7. Шүүгдэгч Ш.Н- нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

1. Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

 

            2. Шүүгдэгч Ш.Н-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.З-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч М.З-ийн “...Надад Ш.Н-д ямар нэгэн гомдол санал байхгүй, хохирлын маргаангүй...” гэх хүсэлт /хавтаст хэргийн 233 дахь тал/-ээр энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

1. Шүүгдэгч Ш.Н- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

 

3. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд хувийн байдлын хувьд Ш.Н- нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон нь түүний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар,  гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан бодит хохиролд 310.000 төгрөг төлж барагдуулсан нь тус тус тогтоогдож байх тул эдгээр нөхцөл байдлыг шүүгдэгч Ш.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлын төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөлд тооцох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

4. Шүүгдэгч Ш.Н- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг хангасан гэж дүгнэж, шүүхээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

 

5. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, Ш.Н-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх саналыг Ш.Н-д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

6. Шүүгдэгч Ш.Н-ий хувийн байдал болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлсөн байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирлын хэр хэмжээ, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Н-д 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэв.

 

7. Шүүгдэгч Ш.Н-д оногдуулсан 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэхээр тогтоов.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Н- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг дурдаж шийдвэрлэв.

 

9. Шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, энэ хэрэгт нэгтгэсэн болон энэ хэргээс тусгаарласан хэрэг байхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон өнгийн иштэй хутга 1 ширхэг, хохирогч М.М.З-ийн шар өнгийн цусаар бохирлогдсон куртик 1 ширхэг, ногоон өнгийн цамц 1 ширхэг, ногоон өнгийн футболк 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.

 

11. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Тайж овогт Шаравдоржийн Ш.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ш.Н-г 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ш.Н-д оногдуулсан 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Н- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Ш.Н- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хохирол төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон өнгийн иштэй хутга 1 ширхэг, хохирогч М.З-ийн шар өнгийн цусаар бохирлогдсон куртик 1 ширхэг, ногоон өнгийн цамц 1 ширхэг, ногоон өнгийн футболк 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

 

7.  Шүүгдэгч Ш.Н-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         А.ДАУРЕНБЕК