Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/223

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч: Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Эрдэнэчимэг,

Хохирогчийн өмгөөлөгч: Л.Өлзийхүү /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0177/,

Шүүгдэгч: Ц.М- , түүний өмгөөлөгч М.Хандармаа /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1160/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2203000000056 дугаартай хэргийг 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын Иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, Олон Улсын харилцааны Маркетинг мэргэжилтэй, хувиараа хүүхдийн хэл яриа заслын сургалтын төв ажиллуулдаг, ам бүл ..., хамт ... дүүргийн ... дүгээр хороо ... байрны ... тоотод оршин суух /РД:/, урьд ял шийтгэлгүй, *******.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ц.М-  нь 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 14 цаг 53 минутын орчимд Баянгол дүүргийн .... дугаар хороо Алтай хотхоны ******* баруун замд маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч ******* мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн” гэх гэмт хэрэгт холбогджээ.                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч Ц.М- г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.М-  мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч надаас 4.192.596 төгрөг нэхэмжилсэн. Энэ мөнгийг би төлж барагдуулна. Одоогийн байдлаар 2.000.000 төгрөг төлсөн байгаа...” гэв.

Эрүүгийн 2203000000056 дугаартай хэргээс дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

1. Дуудлага мэдээлэл лавлагааны хуудас, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, согтуурал шалгасан тэмдэглэл, зам тээврийн осол хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн 2-9 тал/,

2. 2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн хяналтын камерын бичлэг бүхий саарал өнгийн 1 ширхэг Сиди-г эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, үзлэг хийсэн “...Алтай хотхоны дэлгүүрийн зүүн урд талын хэсэг болон замын зорчих хэсгийг харсан тусгалтай байх ба нийт 41 секунд бичлэг байна. Тухайн бичлэгийн 9 дэх секундэд улаан хүрэн өнгийн суудлын автомашин ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлтэй явж байгаад баруун гар тийш эргэх үйлдэл хийх үедээ хар малгай, хар өнгийн өвлийн куртик, цайвар өнгийн гуталтай гартаа шар тортой эд зүйл барьсан явган зорчигчийн хөл рүү дугуйгаараа мөргөөд унагаж байгаа дүрс бичигдсэн байна...” гэх тэмдэглэл /хх-ийн 10-11 тал/,

3. Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 16-нд Баянгол дүүргийн Алтай хотхонд хүүхдийндээ байж байгаад 14 цагийн үед гэрээс гарч хотхоны дэлгүүр орчхоод буцаад гэртээ орох гээд ...нэг цагаан өнгийн машиныг гаргачихаад зам гарч байтал улаан өнгийн машин хойноос эргэж орж ирээд зүүн хөлийн хойд хэсэг рүү дугуйгаараа мөргөөд дээгүүр дугуйгаараа гарсан. Тэгээд тухайн жолооч сандраад шууд эмнэлэг явъя гэхээр нь гэр рүүгээ орж хүүхдээ дуудаад гэмтлийн эмнэлэг рүү явж үзүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 тал/

4. Иргэний хариуцагч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Энэ автомашиныг ******* үндсэн зээлдэгчээр, хамтран зээлдэгчээр Ц.М-  нар Төрийн банкны зээлээр авсан. Энэ автомашин нь төрийн банкны эзэмшилд байдаг. Тухайн автомашины жолоодож явсан Ц.М-  хохирлыг барагдуулж байгаа тухайгаа хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 тал/, 

5. Гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай нөхөр Ц.М-  Nissan pathfinder маркийн 06-05 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод би жолоочийн эсрэг талын урд суудалд суугаад гэртээ харьж явсан. Тэгээд 14 цагийн үед Алтай хотхоны голын замаар яваад “” дэлгүүрийн ертөнцийн зүгээр зүүн талын замаар хойноос урагш чиглэлтэй явж байгаад баруун гар тийш эргээд ******* орилоод зогссон. Тэгэхээр нь яав гээд асуусан чинь ******* хүн мөргөчихлөө гэх шиг болсон. Тэгээд хоёулаа зэрэг шахуу машинаас буугаад харсан чинь нэг эмээ газар уначихсан байсан. Тэгээд эмээг тэвэрч аваад машины хойд суудалд суулгаад шууд гэмтлийн эмнэлэг явъя гэсэн боловч тухайн эмээ гэрт гурван хүүхэд харж байгаа гэртээ эхлээд оръё гээд гэрт нь ороод хүүхдүүдийг нь дуудсан. Тэгээд хүүхдүүдийг нь гэмтлийн эмнэлэг дээр хүргээд ир гэж хэлчхээд эмээ бид 2 гэмтлийн эмнэлэг рүү авч явж үзүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 тал/,

6. 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 592 дугаартай Хүний биед хийсэн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн: “...*******ийн биед зүүн хөлийн шаант болон тахилзуур ясны далд хугарал, зүүн шилбэ, тавхайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой.

Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” дүгнэлт /хх-ийн 32-33 тал/,

7. Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ Баянзүрх дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 22325891 дугаар шинжээчийн: “...уг авто тээврийн хэрэгслийн урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ алдаатай байгаа нь авто тээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангахгүй байна. ...Уг автотээврийн хэрэгслийн урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ алдаатай байгаа нь хэзээ яаж үүссэн болох, зам тээврийн осолд хэрхэн яаж нөлөөлөхийг техникийн хяналтын үзлэгээр тогтоох боломжгүй...” гэх техникийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 38-41 тал/,

8. Мөрдөгчийн 2022 оны 1 дүгээр сарын сарын 04-ний өдрийн 18 дугаартай “...Nissan pathfinder маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч Ц.М-  нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1 “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Явган зорчигч ******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна...” гэх магадлагаа /хх-ийн 44 тал/,

9. Хохирогч *******н гарган өгсөн эмчилгээний зардлыг тухай баримтууд /хх-ийн 69-83, 114-127 тал/,

10. Шүүгдэгч Ц.М- н мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн “...Би 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Nissan pathfinder маркийн ******* улсын дугаартай машиныг жолоодож гэртээ харихаар 14 цаг өнгөрч байхад Алтай хотхоны зам руу ороод хотхон дотор байдаг Efes дэлгүүрийн зүүн урд талд зогсоол дээр тавьчихсан машиныг даялж тойрч гарах гэж байх үед явган зорчигч болох эмээ алхаад машины урдуур явж байсан тэгээд би тухайн эмзэг гараад өнгөрчихлөө гэж бодоод нөгөө тойрч гарч байсан машинаа толинд хараад ер тийшээгээ анхаарлаа хандуулчихсан явж байтал нөгөө миний жолоодож явсан. Машины урдуур гарч байсан эмээг бүрэн гарч амжаагүй байхад нь мөргөчихсөн. Тэгээд буугаад ирэхэд хөл эвгүй болчихлоо гэж хэлэхээр эмээг эмнэлэг хүргэж өгье гээд шууд машинд суулгаад гэмтлийн эмнэлэг дээр авч очиж хамт үзүүлж, эмнэлгийн тусламж үзүүлсэн. ...Би сард нийгмийн даатгал төлөөд 1.500.000 төгрөгийн орлоготой. Эхнэр Орхонтуул надтай хамт ажилладаг сард 1.200.000 төгрөгийн цалинтай...” гэх мэдүүлэг /хх-ийн 56 тал/ гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.М- н хувийн байдалтай холбоотойгоор гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай хүргэн ******* нь архи уудаггүй, тамхи татдаггүй, энэ нэг ийм хүн гээд муу хэлчих юм байхгүй. Даруу төлөв зантай ямар ч хүнтэй нээлттэй зөв талаас ярьчихдаг, хүмүүстэй муудалцдаггүй хүү байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 58 тал/, жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 59 тал/, байнга оршин суух хаягийн лавлагаа /хх-ийн 60 тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 61 тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 62 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 63 тал/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 64 тал/, нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хх-ийн 65 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.   

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ц.М- гаас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхийг зөрчих тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 29 дэх талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.            

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн үндсэн шинж нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байхыг шаарддаг.

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дуудлага мэдээлэл лавлагааны хуудас, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, согтуурал шалгасан тэмдэглэл, зам тээврийн осол хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, 2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...Тухайн бичлэгийн 9 дэх секундэд улаан хүрэн өнгийн суудлын автомашин ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлтэй явж байгаад баруун гар тийш эргэх үйлдэл хийх үедээ хар малгай, хар өнгийн өвлийн куртик, цайвар өнгийн гуталтай гартаа шар тортой эд зүйл барьсан явган зорчигчийн хөл рүү дугуйгаараа мөргөөд унагаж байгаа дүрс бичигдсэн байна...” гэх тэмдэглэл, Хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...улаан өнгийн машин хойноос эргэж орж ирээд зүүн хөлийн хойд хэсэг рүү дугуйгаараа мөргөөд дээгүүр дугуйгаараа гарсан...” гэх мэдүүлэг, гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Алтай хотхоны голын замаар яваад “” дэлгүүрийн ертөнцийн зүгээр зүүн талын замаар хойноос урагш чиглэлтэй явж байгаад баруун гар тийш эргээд ******* орилоод зогссон. ******* хүн мөргөчихлөө гэх шиг болсон. Тэгээд хоёулаа зэрэг шахуу машинаас буугаад харсан чинь нэг эмээ газар уначихсан байсан...” гэх мэдүүлэг, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 592 дугаартай Хүний биед хийсэн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн 2022 оны 1 дүгээр сарын сарын 04-ний өдрийн 18 дугаартай магадлагаа болон шүүгдэгч Ц.М- н хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар шүүгдэгч Ц.М-  нь 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 14 цаг 53 минутын орчимд Баянгол дүүргийн 12 дугаар хороо Алтай хотхоны ******* баруун замд маркийн ******* улсын дугаартай улаан өнгийн тээврийн хэрэгслийн жолоодож яваад зам тээврийн осол гаргасан, уг ослын улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нөхцөл байдал хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх хэсэгт “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэж, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д “Замын хөдөлгөөний дүрмийг сахих” гэж тус тус заасан тул шүүгдэгч Ц.М- г дээрх хууль, дүрэмд заасан үүргээ биелүүлээгүй буюу Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй.

Мөн уг зам тээврийн осолд өртсөний улмаас хохирогч *******ийн биед зүүн хөлийн шаант болон тахилзуур ясны далд хугарал, зүүн шилбэ, тавхайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл учирсан бөгөөд гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах болох нь шинжээч эмчийн 592 дугаартай дүгнэлтээр нотлогдсон байна. 

Иймд, Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2203000000056 дугаартай хэргийг шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй, хэрэгт нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон, хэргийн бүрдэл хангагдсан гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ц.М-  нь Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчих үйлдэл хууль бус гэдгийг өөрөө ухамсарлаж, хууль бус үйлдлийн улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж байсан боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцож бусдад хохирол учруулсан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт үйлдэлдээ гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хандсан гэж үзлээ. 

Иймд шүүгдэгч Ц.М- н 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 14 цаг 53 минутын орчимд Баянгол дүүргийн 12 дугаар хороо Алтай хотхоны ******* баруун замд маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа зам тээврийн осол гаргасан, уг ослын улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэж, түүнийг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хоёр. Шүүгдэгч Ц.М- д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Ц.М-  нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.М-  нь 35 настай, эрэгтэй, хувиараа хүүхдийн хэл яриа заслын сургалтын төв ажилуулдаг, Баянгол дүүргийн 24 дүгээр хороо Алтай хотхон 53а байрны 135 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй байна.

Мөн шүүхээс шүүгдэгч Ц.М- д ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх байдал тогтоогдсон, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшсэн байдал, гэмт хэргийн шинж, хяналтын прокурор, өмгөөлөгч нарын ялын төрөл хэмжээний талаарх санал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Ц.М- д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан.

Иймд шүүгдэгч Ц.М-  нь оногдуулсан торгох ялыг хуулинд заасан 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж байна.

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж,  мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж, шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно гэж мөн зүйлийн 5 дахь хэсэгт хуульчилсан. 

Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, мөн бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.

Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 4.192.596 төгрөг, шүүхийн шатанд 1.077.530 төгрөг, нийт 5.270.120 төгрөгийг эмчилгээний зардалд, асарч сувилуулсан  2 охины цалин хөлсний зардал гэж 6.800.000 төгрөг, нийт 12.070.120 төгрөгийг энэ гэмт хэргийн хор уршигт тооцон гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Дээрх нэхэмжлэлээс шүүгдэгч Ц.М- , түүний өмгөөлөгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт 4.192.596 төгрөгийг хохирол, хор уршигт тооцон нөхөн төлөхөө илэрхийлж, хүлээн зөвшөөрч шүүх хуралдаанд оролцсон.

Шүүхээс хохирогч талаас гаргаж өгсөн хохирлын баримтад дүгнэлт хийхэд хэргийн 70-76 дугаар талд авагдсан 2.328.850 төгрөгийн, 121-122, 125 талд авагдсан 399.175 төгрөгийн баримтууд нотлох баримтын шаардлага хангасан, бусад нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй, зарим нь давхардсан байна.  

Иймд хохирогч *******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь энэ гэмт хэргийн шууд хохирол, уг хохиролтой холбоотой гарсан эмчилгээний зардал /нотлох баримтын шаардлага хангасан/ 2.728.025 төгрөгийг гэмт хэргийн хор уршигт тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн болно.

Мөн хохирогч *******, түүний өмгөөлөгч нар нь хохирогчийг асарч байгаа 2 хүүхдийнхээ ажилгүй байсан хугацааны цалин хөлс гэж нэхэмжилсэн 6.800.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж дүгнэлээ. Учир нь энэ талаарх үйл баримтыг дүгнэх хангалттай нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрх нээлттэй болохыг тайлбарлах нь зүйтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд шүүгдэгч Ц.М-  нь 2.000.000 төгрөгийг хохирол хор уршигт тооцож өгсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан талуудын тайлбар, хохирогч *******ийн шүүхэд ирүүлсэн Хаан банкны харилцах дансны гүйлгээ, улсын яллагчийн яллах дүгнэлтийн хавсралтаар тогтоогдож байна.

Иймд, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 4.192.596 төгрөгөөс 2000.000 төгрөг нөхөн төлөгдсөн учир гэмт хэргийн хор уршигт тооцон 2.192.596 төгрөгийг шүүгдэгч Ц.М- гаас гаргуулж, хохирогч *******д олгож шийдвэрлэх нь хохирогч, шүүгдэгч нарын эрх ашигт нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний баримт бичиг баримт шүүхэд ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.М-  нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулсантай холбогдуулан түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтлоо.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт диск нь хэрэгт ач холбогдол бүхий байх тул хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ц.М- д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М- д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.М- д сануулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М- гаас 2.192.596 /хоёр сая нэг зуун ерэн хоёр мянга таван зуун ерэн зургаа/-н төгрөгийг гаргуулж, хохирогч /РД: /-д олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсарган үлдээхээр тогтож, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, иргэний баримт бичиг баримт шүүхэд ирүүлээгүй, шүүгдэгч Ц.М-  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *******д 2.000.000 /хоёр сая/ төгрөг хохирол хор уршигт тооцож нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

7. Хохирогч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.М- д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА