Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/224

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Онон,

Хохирогч: Г.Одончимэг,

Шүүгдэгч: Н.Мөнхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Тугтан овогт Нанзадын Мөнхцэцэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105023630167 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Увс аймагт төрсөн, .... настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, “...”-д ээлжийн технологич ажилтай, ам бүл ... эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт ... дүүргийн ... дугаар хороо ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ... дүүргийн ... дугаар хороо ... дугаар байрны ...тоот эгчийндээ түр оршин суух, /РД:/ улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Тугтан овогт Нанзадын Мөнхцэцэг.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Н.Мөнхцэцэг нь 2021 оны 11 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хэнан” зочид буудалд хохирогч Г.Одончимэгийг зодож түүний биед зүүн дал, цээж, эрүү, баруун шуунд цус хуралт, зүүн чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун зүүн хацар, эрүү, хамрын нуруу, зүүн нүдний зовхи, зүүн гарын сарвуунд зулгаралт, уруулд зөөлөн эдийн няцрал, зүүн талын завьжинд цус хуралт, шарх тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч Н.Мөнхцэцэгийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Хохирогч Г.Одончимэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2021 оны 10 дугаар сард би зааланд тоглож байгаад Мөнхцэцэг гэх охинтой танилцсан. Мөн тухайн үед би Шагдаржавтай фэйсбүүкээр танилцаж байсан. Би 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Шагдаржав түүний найз Оргил болон Мөнхцэцэг нарын хамтаар Хүннү Молл худалдааны төвд кино үзэх гэж байсан боловч кино үзвэрийн цаг дууссан гэх шалтгаанаар кино үзэж чадаагүй. Тус өдрийн 23 цагийн үед би Баянгол дүүргийн 6 дугаар хороо болох 10 дугаар хороололд нэг пабад суусан. Бид 4 тухайн пабаас гарч улмаар Баянгол дүүргийн Хэнан гэх нэртэй зочид буудлыг хоногоор түрээсэлж авч түүний дотор согтууруулах ундаа хэрэглэж ууж сууцгаасан. 4 цагийн үед Оргил би гэр рүүгээ харилаа өглөө эрт ажилтай гэж хэлээд яваад өгсөн. Дараагаар Мөнхцэцэг Шагдарын хугархай гар руу гараараа нясалж тоглоод байхаар нь би боль гэж хэлсэн. Үүнээс болж бид 2 анх маргалдаж эхэлсэн бөгөөд улмаар Мөнхцэцэг нь намайг Шагдарын найз Оргил гэх залуутай хардаж улмаар шууд миний үснээс зулгаагаад газарт унагааж зодож эхэлсэн. Мөнхцэцэг намайг зодож байх үед Шагдар салгах гэж оролдож байсан. Шагдар Мөнхцэцэгийг тэврээд хойшлуулах гэтэл Мөнхцэцэг миний толгой хэсэг рүү 2-3 удаа хөлөөрөө өшиглөж намайг гэмтээсэн. Мөн үсдэж газарт унагаах үедээ миний нүүр хэсгийг маш олон удаа хумсаараа самардсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Тухайн өдөр Шагдаржав, Оргил бид гурав хамт кино үзэх гэж байсан. Нэг найзыгаа авчих гэхээр нь зааланд хамт тоглодог гайгүй ярьж хөөрдөг болохоор Н.Мөнхцэцэгийг гэрээс нь очиж авсан. Бид нар буудалд орж жаахан юм ууж суусан. Хоёр ортой буудал авсан. Н.Мөнхцэцэг нааш цаашаа орж гараад байсан. Шагдаржавын гар нь хугараад эдгээд 1 сар болж байсан. Тэр гар руу нь юм ярьж байгаад цохиод байсан. Улмаар Оргил явлаа ажилтай гэсэн. ...Тэгтэл Н.Мөнхцэцэг “чи яахаараа Оргилтой бүжиглэж маягладаг юм” гээд муудалцаад үсдэлцсэн. Орны баруун талаар унаад намайг үсдэх гэж байхад Шагдаржав араас нь татаж авах гэж байхад хөлөөрөө тийчлээд миний духны хэсэгт цохиод дараа нь ар дагз руу цохисон. Шагдаржав дахиж татаж авах гэж байсан. Би босоод иртэл миний үснээс зулгаагаад нүүр маажсан. Эхлээд Шагдаржав гарсан. Араас нь би хувцсаа авч гараад цагдаад дуудлага өгсөн. ...Нүүрний сорвио арилгуулмаар байна. Нүүрний гоо сайхны эмчилгээ хийлгэмээр байна...” гэх мэдүүлэг,

 

2. Гэрч М.Шагдаржавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 11 дүгээр сард фэйсбүүкээр танилцаж байсан Одончимэг гэх охинтой 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр кино үзэхээр болсон. Тухайн үед Одончимэг өөрийн найз гэх Мөнхцэцэг гэх эмэгтэйг дагуулж ирсэн. Би харин өөрийн найз болох Оргилыг дагуулж бид 4 Хүннү Молл худалдааны төвд кино үзэх гэсэн боловч киноны цаг дууссан тул кино үзэж чадаагүй. Улмаар Баянгол дүүргийн 5 дугаар хорооны Хэнан зочид буудлын 304 тоот өрөөг хоногоор түрээслэн авч 1 шил архи, 2.5 литийн савалгаатай пиво ууж суусан. Бид дөрөв согтууруулах ундаа ууж байх үед Оргил би түрүүлээд явлаа, өглөө эрт ажилтай гээд яваад өгсөн. Мөнхцэцэг, Одончимэг хоёр юунаас болж маргалдсан талаар би сайн мэдэхгүй. Хоорондоо хэрэлдэж байгаад Мөнхцэцэг нь Одончимэгийг үсдээд газарт унацгаасан. Миний хөл хугархай байсан тул би тэр хоёрыг салгаж дийлээгүй. Тэр 2 газарт унасан байдлаараа хоорондоо зодолдож байгаад салцгаасан. ...Улмаар Мөнхцэцэг гэх охин Одончимэгийг үсдэж цохиж зодоод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 тал/,

 

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 11693 дугаартай “...Г.Одончимэгийн биед зүүн дал, цээж, эрүү, баруун шуунд цус хуралт, зүүн чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун зүүн хацар, эрүү, хамрын нуруу, зүүн нүдний зовхи, зүүн гарын сарвуунд зулгаралт, уруулд зөөлөн эдийн няцрал, зүүн талын завьжинд цус хуралт, шарх, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын  2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 31-32 тал/,

 

4. Шүүгдэгч Н.Мөнхцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...“Хэнан” зочид буудалд дөрвүүлээ орсон. Г.Одончимэгийн хоёр найзыг би танихгүй. Шагдаржавын хугарсан гар руу цохисон гэдэг нь худал. Яллах дүгнэлтэд дурдагдсан бусад зүйл бүгд үнэн. ...Би үснээс нь зулгааж маргасан нь үнэн...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн шинээр гарган өгсөн хохирол төлбөрийн талаарх 2 ширхэг баримт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Мөнхцэцэгийн хувийн байдалтай холбоотойгоор гэрч Ц.Бадамын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Мөнхцэцэг нь зан ааш шулуун шударга, бусдад хэлье гэснээ ичиж санаа зовохгүйгээр хэлчихдэг эмэгтэй. Гэсэн хэдий ч бусадтай тэгж хэрэлдэж маргаад байх нь бага ажил төрөлдөө их хариуцлагатай ханддаг буурь сууртай хүн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36 тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 37 тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 38 тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 39 тал/, жолоочийн лавлагаа /хх-ийн 40 тал/, асап сангийн лавлагаа /хх-ийн 41 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                    

 

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Н.Мөнхцэцэгээс гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 15-16 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Н.Мөнхцэцэг нь 2021 оны 11 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хэнан” зочид буудалд хохирогч Г.Одончимэгийг зодож түүний биед зүүн дал, цээж, эрүү, баруун шуунд цус хуралт, зүүн чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун зүүн хацар, эрүү, хамрын нуруу, зүүн нүдний зовхи, зүүн гарын сарвуунд зулгаралт, уруулд зөөлөн эдийн няцрал, зүүн талын завьжинд цус хуралт, шарх, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан байна.

 

Энэ нь хэрэгт авагдсан хохирогч Г.Одончимэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Мөнхцэцэг нь намайг Шагдарын найз Оргил гэх залуутай хардаж улмаар шууд миний үснээс зулгаагаад газарт унагааж зодож эхэлсэн. Мөнхцэцэг намайг зодож байх үед Шагдар салгах гэж оролдож байсан. Шагдар Мөнхцэцэгийг тэврээд хойшлуулах гэтэл Мөнхцэцэг миний толгой хэсэг рүү 2-3 удаа хөлөөрөө өшиглөж намайг гэмтээсэн. Мөн үсдэж газарт унагаах үедээ миний нүүр хэсгийг маш олон удаа хумсаараа самардсан...” гэх мэдүүлэг,

Гэрч М.Шагдаржавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Мөнхцэцэг, Одончимэг хоёр юунаас болж маргалдсан талаар би сайн мэдэхгүй. Хоорондоо хэрэлдэж байгаад Мөнхцэцэг нь Одончимэгийг үсдээд газарт унацгаасан. Миний хөл хугархай байсан тул би тэр хоёрыг салгаж дийлээгүй. Тэр 2 газарт унасан байдлаараа хоорондоо зодолдож байгаад салцгаасан. ...Улмаар Мөнхцэцэг гэх охин Одончимэгийг үсдэж цохиж зодоод байсан...” гэх мэдүүлэг, хохирогч Г.Одончимэгийн биед хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 11693 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан.

 

Иймд хохирогч Г.Одончимэгийн биед учирсан зүүн дал, цээж, эрүү, баруун шуунд цус хуралт, зүүн чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун зүүн хацар, эрүү, хамрын нуруу, зүүн нүдний зовхи, зүүн гарын сарвуунд зулгаралт, уруулд зөөлөн эдийн няцрал, зүүн талын завьжинд цус хуралт, шарх, тархи доргилт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмчийн 11693 дугаартай дүгнэлт үндэслэлтэй.

 

Хохирогч Г.Одончимэгийн эрүүл мэндэд учирсан хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл нь шүүгдэгч Н.Мөнхцэцэгийн хохирогчийг цохиж зодсон гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх тул Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч Н.Мөнхцэцэг нь хохирогч Г.Одончимэгийг цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Н.Мөнхцэцэгийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Н.Мөнхцэцэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.  

 

Шүүхээс шүүгдэгч Н.Мөнхцэцэгт ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл болон шүүгдэгчийн хувийн байдалд дүгнэлт хийж, шүүгдэгч Н.Мөнхцэцэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан.

 

Иймээс шүүгдэгч Н.Мөнхцэцэгт оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд мэдэгдэж байна.

 

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Одончимэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 11693 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт “Мэд траума” эмнэлэгт үзүүлсэн 130.000 төгрөгийн баримтыг гарган өгсөн.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх... эрүүл мэндэд... хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “...Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй...” гэж тус тус зааснаар шүүгдэгч Н.Мөнхцэцэгээс 130.000 /нэг зуун гучин мянга/-н төгрөг гаргуулж, хохирогч Г.Одончимэгт олгох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч Г.Одончимэг нь цаашид нүүрний сорви арилгуулж, нүүрний гоо сайхны эмчилгээ хийлгэмээр байна гэж мэдүүлж байх боловч энэ талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрх нээлттэй болохыг тайлбарлаж байна.     

 

Энэ эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Н.Мөнхцэцэг нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Н.Мөнхцэцэгт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Тугтан овогт Нанзадын Мөнхцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мөнхцэцэгийг 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.    

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мөнхцэцэгт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.Мөнхцэцэгт сануулсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мөнхцэцэгээс 130.000 /нэг зуун гучин мянга/-н төгрөг гаргуулж, хохирогч ............ /РД: /-т олгосугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Н.Мөнхцэцэг нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Хохирогч Г.Одончимэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ хэргийн улмаас цаашид учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Мөнхцэцэгт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА