Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/237

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Номин-Эрдэнэ,

Шүүгдэгч: ******* , түүний өмгөөлөгч Ч.Мөнхбаяр /шүүхэд төлөөлөх эрхийн үнэлэмхийн дугаар 2428/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *** овогт ***-д холбогдох эрүүгийн 2205000000698 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ... оны .... дүгээр сарын ...-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн, эрэгтэй, ... настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., эцэг, эхийн хамт ... дүүргийн ... дугаар хороо ... дугаар байрны ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ... дүүргийн ... дүгээр хороо ... дугаар байрны ... тоотод түр оршин суух / / улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, *** овогт ***.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч *******  нь 2022 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар байрны ... дугаар орцонд хохирогч Б.Ц-н “Ай фоне икс” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 750.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч ******* ыг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 тал/,

2. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-9 тал/,

3. Шүүгдэгч ******* ы “...Хохирлын 750.000 төгрөгийг 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдөр өгч барагдуулсан...” гэх, хохирогч Б.Ц-н “...Хохирол болох 750.000 төгрөгийг хүлээн авсан тул ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх бичиг /хх-ийн 12, 13 тал/,

4. Хохирогч Б.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 2 дугаар сарын 11-ний өдөр сошиал фэйсбүүкийн гар утас авна, зарна, ай фоне хэрэглэгчид сонирхогчид гэх нэртэй грүпд ай фоне экс зарна 256 gb багтаамжтай, 900.000 төгрөгөөр зарна гээд өөрийн утасны дугаарыг тавьсан. 2022 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 07 цагийн үед ******* гэсэн дугаараас над руу залгаад би таны гар утсыг чинь авъя та гэрийн хаягаа хэлчих гэсэн. Би чи хаанаас ирж байгаа гэж асуутал би Гандангаас очиж байна гэж хэлсэн. Би өөрийн амьдарч буй гэр болох Баянгол дүүргийн *** дугаар хороо ... дугаар байрны ... тоот хаягаа өгөөд ... дугаар байрны ... дугаар орцны урд ирээд залга гэж хэлсэн. 19 цаг 40 минутын үед над руу ...дугаараас залгаад би байрны чинь гадаа ирчихсэн байна. Танайх хэддүгээр орц билээ Гала дэлгүүртэй орц мөн үү гэж хэлсэн. Би Гала дэлгүүртэй орц мөн ... гээд залгаад ороод ир гэж хэлсэн. Бид хоёр 5 давхарт уулзсан. Би зарах гэж байгаа гар утсаа үзүүлэхэд тэр залуу мөр рүү түлхээд миний гар утсыг минь аваад зугтаачихсан. Би араас нь хөөгөөд гүйцээгүй. ...Хүч хэрэглэсэн үйлдэл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/,

5. Гэрч ***-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 19 цагийн орчимд би өөрийн ... УАВ улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ Баянгол дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлан зурагтын уулзвараас нэг ... орчим насны эрэгтэйг авсан бөгөөд хувцсыг нь анзаараагүй. Тухайн залуу миний машинд суугаад би авгайдаа утас авах гэсэн юм, би утасгүй байна, та утсаа өгчих гээд миний утаснаас нэг дугаар руу залгаж яриад Баянгол дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эх нялхасын ард ... метр яваад буусан. Надад ... төгрөг өгсөн. Миний машинд суухдаа утас чинь хэд юм ямар утас вэ, ямар үнэтэй вэ гэж ярьж байсан. ...Ганцаараа явж байсан бөгөөд хэсэг хугацааны дараа над руу үл таних дугаараас нэг эмэгтэй залгаад тухайн залууг өөрийнх нь утсыг аваад явчихлаа, хэнтэй явж байсан гэж асуусан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 тал/,

6. “Кости эстимэйт” ХХК-ийн 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний “...I Phone x /256 gb/ хуучин гар утас 1 ширхэг ...750.000 төгрөг...” гэх тайлан /хх-ийн 32-34/

7. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх шүүгдэгчийн гаргасан хүсэлт, баталгаа /хх-ийн 61 тал/,

8. Шүүгдэгч ******* ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...2022 оны 2 дугаар сарын 13-ны өдөр надад мөнгөний хэрэг гарсан. “Гэгээн хайрын өдөр”-т зориулах мөнгө хэрэгтэй байсан. Фэйсбүүк үзээд байж байтал “Б Ц” гэх фэйсбүүк хаягтай хүнээс Ай фоне икс зарна асуудалгүй гээд гар утасныхаа дугаарыг бичсэн байсан. Би тухайн зарыг хараад дугаар руу нь залгаад утас байгаа юу, хаана очиж үзэх вэ гэхэд тухайн эмэгтэй хүн Баянгол дүүргийн 12 дугаар хороо *** дугаар байранд ирж үзэж болно гэж хэлсэн.  2022 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 19 цагийн үед такси бариад таксины жолоочийн дугаараар утсаа зарах гэж байгаа эмэгтэй рүү залгаад байрны гадаа очсон. 26 дугаар байрны 5 давхарт гарахад утсаа зарна гэсэн өндөрдүү махлагдуу эмэгтэй байсан бөгөөд надад зарах утсаа үзүүлсэн бөгөөд утсыг нь аваад шууд зугтаасан. Тухайн гар утас буюу ай фоне икс загварын гар утсаа 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Монтелын ойр хавьд явж байгаад үл таних хүнд 500.000 төгрөгөөр зарсан. Мөнгөө өөртөө зарцуулсан. ...Би хохирогчийн хохирол мөнгө болох 750.000 төгрөгийг төлж барагдуулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, дахин гэмт хэрэгт зөрчилд холбогдохгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 43 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...Хөдөө орон нутагт ажилладаг тул тэнсэн харгалзах ялаар прокурортой тохиролцсон...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 46 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 47 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 48 тал/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 49 тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 50 тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 51 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 тал/, асап сангийн лавлагаа /хх-ийн 53-54 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ******* аас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 28-29 дэх талд авагдсан мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдав.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлд заасан “дээрэмдэх” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч *******  хохирогч *******гийн Ай фоне икс” загварын гар утсыг илээр хүч хэрэглэхгүйгээр булааж авсан үйлдэл нь “дээрэмдэх” гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Мөн шүүгдэгч *******  нь дээрх үйлдэлдээ шууд санаатай, шунахай сэдэлттэй хандаж бусдын өмчлөх эрхэд халдсан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч санаатай гэмт хэрэг үйлдсэнд тооцогдоно.

Иймд шүүгдэгч *******  “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” буюу “Дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* ы Ай фоне икс” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан дээрх үйлдлийн улмаас хохирогч Б.Ц-д 750.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтас хэргийн 32-34 дэх талд авагдсан “Кости эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон.

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч ******* ыг “Дээрэмдэх” буюу “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч ******* нь дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.  

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах... үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ оногдуулах саналыг ******* д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Иймд шүүх шүүгдэгч ******* ы үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн хөнгөрүүлэх байдал, шүүгдэгчийн хувийн байдал, талуудын ял тохиролцсон байдал зэргийг тус тус харгалзан хуулинд заасан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч ******* д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд зан үйлээ засах үүргийг хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт “тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна” гэж заасан тул шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дэх хэсэгт заасан журмаар ял оногдуулах болохыг тайлбарлаж байна.

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ц-н эд хөрөнгөд 750.000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Кости эстимэйт” ХХК-ийн 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон.

Хавтас хэргийн 13 дахь талд тэрээр  “...Хохирол болох 750.000 төгрөгийг хүлээн авсан тул ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэсэн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч ******* аас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *******  цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ******* д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** овогт ***-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дээрэмдэх” буюу “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч ******* д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнссүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******д тэнссэн хугацаанд зан үйлээ засах үүрэг хүлээлгэж, биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Шүүгдэгч Ц.Ц тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, санаатай гэмт үйлдсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Ц.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Ц-д 750.000 төгрөг хохирол хор уршигт тооцож нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.БОЛОРТУЯА