Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашнамжилийн Дарьсүрэн |
Хэргийн индекс | 185/2022/0180/Э |
Дугаар | 2022/ШЦТ/211 |
Огноо | 2022-03-02 |
Зүйл хэсэг | 11.4.1., |
Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 2022/ШЦТ/211
2022 03 02 2022/ШЦТ/211
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,
Шүүгдэгч З.О (өөрөө өөрийгөө өмгөөлж)
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Ч
Улсын яллагч: Ц.Г нар оролцсон эрүүгийн дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Төв аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр баг Чандмань 1-20 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Моолт овогт З.О /РД: /
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч З.О нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” зочид буудалд хохирогч Б.Ог зодож эрүүл мэндэд нь баруун талд эрүү ясны зөрүүгүй далд хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун хөмсөгт няцарсан шарх, баруун чихний дэлбээ, дух, хоёр зовхи хамрын нуруу, зүүн хацар, шанаа, уруул, баруун мөр, дал, хүзүү, баруун сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч З.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Эрүүгийн 2209000000135 дугаартай хэргээс:
Хохирогч Б.О-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар хуудас/,
Гэрч Г.Дарханцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 10-14, 14-15 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 807 дугаартай дүгнэлт:
1. Б.О-гийн биед баруун талд эрүү ясны зөрүүгүй далд хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун хөмсөгт няцарсан шарх, баруун чихний дэлбээ, дух, хоёр зовхи хамрын нуруу, зүүн хацар, шанаа, уруул, баруун мөр, дал, хүзүү, баруун сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ......”гэх дүгнэлт /хх-ийн 32-33-р хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч З.О нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” зочид буудалд хохирогч Б.Ог зодож эрүүл мэндэд нь баруун талд эрүү ясны зөрүүгүй далд хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун хөмсөгт няцарсан шарх, баруун чихний дэлбээ, дух, хоёр зовхи хамрын нуруу, зүүн хацар, шанаа, уруул, баруун мөр, дал, хүзүү, баруун сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:
Хохирогч Б.О-гийн “...Би 2021 оны 12 дугаар сарын 21-ний орой 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” зочид буудлын В1 давхарт байх караокед найз Дарханцэцэг болон түүний найз гэх эрэгтэйтэй уулзаад 3 пиво 1 виски хувааж уугаад караокегоос 23 цаг өнгөрөөж гараад дээд давхарт нь байх буудалд нь орсон. Бид гурав юм ярьж сууж байгаад би унтах гээд хэвтэж байхад Дарханцэцэгтэй хамт явж байсан залуу гараа миний толгой орчим хэсэг цохисон би хэдэн удаа цохисныг нь мэдэхгүй байна хамт явж байсан манай найз Дарханцэцэг болиулах гэтэл манай найзыг цохиод байх шиг байсан. Тэгээд би күртикээ орхиж гараад зугтсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Г.Дарханцэцэгийн “...буцаж орж ирээд гадуурс хувцсаа өлгөх гээд зогсож байтал О, О хоёр хоорондоо муудалцаад би дундуур нь орж салгах гэж ноцолдоод дийлэхгүй байсан болохоор би шилэн усны сав аваад газар савсан чинь нөгөө хоёр хараад больсон. ...тэгээд намайг холдуулаад О нь Ог 2-3 удаа нуур лүү цохисон” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №807 дугаартай дүгнэлт, дүрс оношилгооны шинжилгээний хариу зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч З.О нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” зочид буудалд хохирогч Б.О-г зодож эрүүл мэндэд нь баруун талд эрүү ясны зөрүүгүй далд хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун хөмсөгт няцарсан шарх, баруун чихний дэлбээ, дух, хоёр зовхи хамрын нуруу, зүүн хацар, шанаа, уруул, баруун мөр, дал, хүзүү, баруун сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай болох нь хохирогч Б.О-гийн мэдүүлэг, гэрч Г.Дарханцэцэгийн мэдүүлэг, бие махбодод нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хэрэг болсон цаг хугацаанд эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, үйл явдал болох зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч З.О-ийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Тодруулбал З.О нь хохирогч Б.О-гийн биед халдан цохиж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж үйлдсэний улмаас түүний биед хүндэвтэр гэмтэл учруулан эрүүл мэндэд хохирол, хор уршигт зориуд хүргэсэн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байна.
Иймд шүүх шүүгдэгч З.О нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч З.О нь бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч З.Од холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч З.О-ийн гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрх нотлох баримтуудаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаагаа мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт тодорхой мэдүүлсэн, прокурорын сонсгосон 600.000 төгрөгөөр торгох ялын саналыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч Б.О 381.300 төгрөг баримтаар нэхэмжилснээс 415.000 төгрөгийг төлж барагдуулсан зэргийг хянан үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд прокурорын саналыг хүлээн авч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзээд шүүгдэгч З.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Хохирогч нь өөрийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсантай холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч З.О нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Моолт овогт З.О-ийг Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.О-ийг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч З.О нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогч Б.О нь өөрийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсантай холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАРЬСҮРЭН