Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/257

 

 

 

 

 

 

  2022          03          15                                2022/ШЦТ/257

 

 

                               

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

Шүүгдэгч: Т.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Номин,

Улсын яллагч: Д.Мөнхтогоо нар оролцсон эрүүгийн 2109016140318  дугаартай хэргийг 2022 оны 03 сарын 15-ны өдөр хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1997 оны 04 дүгээр сарын 25-ны Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, кранист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 86 дугаар гудамжны 1257Г тоотод оршин суух хаягтай, Боржигон овогт Т.Т РД:

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Т нь 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “АСЕ” тоглоомын төвөөр үйлчлүүлж байхдаа компьютерын дэлгэц рүү чихэвч авч шидэн хагалж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас 560.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Т.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “..Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Эрүүгийн 2109016140318 дугаартай хэргээс:

Хохирогч Н.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,

Сидинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 42 дугаар хуудас/

Дамно хөрөнгө үнэлгээ зуучлалын компанийн 2021 оны 12 дугаар сарын 13- ны өдрийн СБ1-21-1567 дугаартай тайлан /хх-ийн 22-23 дугаар хуудас/

Яллагдагч Т.Т-гийн мэдүүлэг /37-38 дугаар хуудас/ зэрэг

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.Т нь 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “АСЕ” тоглоомын төвөөр үйлчлүүлж байхдаа компьютерын дэлгэц рүү чихэвч авч шидэн хагалж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас 560.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Хохирогч Н.А-ын “... 2021 оны 10 сарын 26-ны өдөр АСЕ спорт тоглоомын төвд 20 цаг 35 минутын үед заалны 47 дугаартай компьютер дээр суун тоглож байсан хүн чихэвчээ авч компьютерын дэлгэц рүү шидсэнээс үүдэн дэлгэц гол хэсэгтээ хагарсан байдалтай байсан. Тухайн үл таних хүн дэлгэцийг хагалчхаад гараад явсан байсан. Манай байгууллага 22 цагт хаахаасаа өмнө бүх компьютероо асааж шалгадаг бөгөөд тухайн үед 47 дугаартай компьютерын дэлгэц хагарсныг мэдээд камер шүүн 2021 оны 10 сарын 28-ны өдөр цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн хүнийг одоо хараад танихгүй, гэхдээ камерын бичлэг байгаа. Манай байгууллага дэлгэц хагарсныг мэдээд тухайн компьютер дээр суусан хүнийг аккаунтаар нь шүүн үзэхэд Тетка /96113322/ гэх нэр болон хэрэглэгч байж болзошгүй...” гэх мэдүүлэг,

Дамно хөрөнгийн үнэлгээний “АОC” 27 inch 144 герцийн компьютерын зах зээлийн үнэлгээ 560.000 төгрөг гэх тайлан, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Т нь 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “АСЕ” тоглоомын төвөөр үйлчлүүлж байхдаа компьютерын дэлгэц рүү чихэвч авч шидэн хагалж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас 560.000 төгрөгийн хохирол учруулж, зориулалтын дагуу ашиглах боломжгүй болгосон хууль бус үйлдэл нь хохирогч Н.А-ын мэдүүлэг, Дамно хөрөнгийн үнэлгээний газрын тайлан бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Т-гийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байхыг шаардах ба шүүгдэгч Т.Т-гийн үйлдлийн улмаас 560.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хөрөнгийн үнэлгээний байгууллагаас гаргасан дүгнэлтээр тогтоогдсон, үйлдэл хор уршгийн хооронд шалтгаант холбоо байна гэж шүүхээс дүгнэсэн тул шүүгдэгч Т.Т-г Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт  заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. 

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Т.Т-г бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.Т-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна. 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан эсэхийг хянаад прокурорын саналыг хүлээн авч  шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзээд шүүгдэгч Т.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.  

Хохирогч Н.А нь шүүгдэгчээс 560.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд 280.000 төгрөгийг хүлээлгэн өгч, үлдэгдэл 280.000 төгрөгийг 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан болох нь /хх-54 дүгээр хуудас/-аар нотлогдож байна.   

Иймд прокурорын саналыг хүлээн авч  шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзээд шүүгдэгч Т.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.     

Шүүгдэгч Т.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн зүйлгүй,  шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,  36.1,  36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                        ТОГТООХ НЬ: 

1. Шүүгдэгч Боржигон овогт Т.Т-г “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Т-гээс 280 /хоёр зуун наян мянга/ төгрөг гаргуулж хохирогч Н.Ат олгосугай.

7. Шүүгдэгч Т.Т нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

9. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ДАРЬСҮРЭН