Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2018/ДШМ/79

 

  

 

 

 

 

 

 

 Х.Х-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Энхмаа, Ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Д.Нэргүй

Нарийн бичгийн дарга Э.Уртнасан нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж шийдвэрлэсэн, 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 231 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч Х.Х-д холбогдох 1834003390209  дугаартай 1 хавтас, 99 хуудас бүхий эрүүгийн хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 10 дугаар  сарын 03-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1958 оны 03 дугаар сарын 25-ны Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, төмөрчин мэргэжилтэй, тэтгэвэрт байдаг, Улаанбаатар ... тоотод болон Увс аймгийн Өмнөговь сумын 5 дугаар багт оршин суух, ял шийтгэлгүй, Х.Х . РД/ОЙ:58032510/

 

Х.Х нь 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Лүн сумын нутаг "Цагаан хөтөл" гэх газар өөрийн эзэмшлийн 06-51 УБН улсын дугаартай, Рав-4 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалтыг зөрчсөний улмаас замын хажуу руу онхолдож, улмаар зорчигч Н.Лхагвасүрэнгийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

  Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Хөхөөхсүрэнгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 201 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 231 дугаар шийтгэх тогтоолоор: 

Шүүгдэгч Х.Х г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Хөхөөсүрэнгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 1 сарын хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан 2 жилийн  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 2 жилийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнсэнгийн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөн зорчин явахдаа эрх бүхий байгууллага буюу Увс аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж  шийдвэрлэжээ.

 

 Дээд шатны прокурор гаргасан эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүх шүүгдэгч Х.Х-г2 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар 2 жилийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх" гэж хуульчилсан ба хуульд заасан шаардлагыг шүүгдэгч Х.Х нь хангасан байхад шүүх шүүгдэгчид хорих ял оногдуулж, хорих ялыг тэнсэж, шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 231 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Нэргүй шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан шаардлагыг шүүгдэгч Х.Хөхөөөсүрэн нь хангасан байхад шүүх шүүгдэгчид хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ярыг тэнсэж, шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дугаар зүйлд зааснаар 2 жил тэнсэх, албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж бичсэн эсэргүүцлийг дэмжиж  байгаа.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх дээд шатны прокурорын гаргасан эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж бүхэлд нь хянав.

 

Шүүгдэгч Х.Х нь 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Лүн сумын нутаг "Цагаан хөтөл" гэх газар  06-51 УБН улсын дугаартай Рав-4 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох хэмжээ авна” гэсэн заалт зөрчсөний улмаас замын хажуу руу онхолдон осол гаргаж, Н.Лхагвасүрэнгийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь  хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн дараах нотлох баримтууд болох хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Алимаа /хх-22-23 хуудас/, гэрч Х.Отгонням /хх- 27-28 хуудас/, гэрч П.Ганболд /хх-29 хуудас/ нарын мэдүүлэг болон Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн  00000055 дугаарт дүгнэлт /хх- 37 хуудас/, Шүүх шинжилгээний албаны 69 дугаарт дүгнэлт /хх-34-36 хуудас/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгч Х.Хөхөөсүрэнгийн зам тээврийн осол гарсан нөхцөл байдлын талаар тодорхой мэдүүлсэн мэдүүлэг /хх-25,45 хуудас /, бусад бичгийн баримтаар нотлогдсон байна.

 

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч Х.Х-гавтотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, Эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх  нөхцөл байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулсан байна.

 

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэсэн заалттай нийцсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Төв аймгийн прокурорын газрын Ерөнхий  прокурор С.Алимаагийн бичсэн “шүүх шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахдаа  2 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг тэнсэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах” агуулга бүхий эсэргүүцлийг  хүлээн авах үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх”-ээр зохицуулсан байхад шүүгдэгчид хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж шийдвэрлэсэн нь буруу байх тул хууль хэрэглээний дээрх алдааг зөвтгөж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  1.4, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.3 дахь заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 231 дугаар шийтгэх  тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Хөхөөсүрэнгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 1 сарын хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Хөхөөсүрэнгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Х.Х-г 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Х.Х нь оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх  тогтоолын тогтоох хэсгийн 3, 5 дахь заалтыг хүчингүй болгож, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

             3. Төв аймгийн прокурорын газрын Ерөнхий  прокурор С.Алимаагийн бичсэн “шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах” агуулга бүхий эсэргүүцлийг  хүлээн авсныг дурьдсугай.

 

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай. 

 

 

                                    

                   ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                       Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                   ШҮҮГЧИД                                                          Т.ЭНХМАА

 

                                                                                              Г.БОЛОРМАА