Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 2083

 

   “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

   иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,        

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2017/01624 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч  “Н” ХХК-д холбогдох       

Даатгалын гэрээний төлбөрт 102 853 790 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч “Д” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д” ХХК нь 2016 оны 4 дүгээр сард өмчлөлийн 01-08 УНИ улсын дугаартай “Тоёото Ландкруйзер” маркийн автомашиныг худалдан авч, “Н” ХХК-иар даатгуулж, 3060202639 дугаартай тээврийн хэрэгслийн иж бүрэн даатгал хийлгэсэн. Даатгалтай машиныг манай ажилтан жолоодон явахдаа гэнэтийн саад тохиолдож, машинаа зайлшгүй замын хажуу руу гаргаж зогсоосны улмаас нийт 102 853 790 төгрөгийн хохирол учирсныг даатгагчид хандаж “Даатгалын гэрээ”-ний дагуу нөхөн төлбөр олгохыг хүссэн боловч гэрээний 5.17-д зааснаар “Хохирол гарсан шалтгаан , байрлал, хугацааны аль нэг нь тодорхойгүй..” гэх үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Даатгал хийлгэсэн автомашиныг манай компани Голомт банкны лизингээр авсан, өмчлөх эрх нь тус банкны нэр дээр бүртгэлтэй ба сар бүр лизингийн төлбөр төлж байгаа. Автомашинд их хэмжээний хохирол учирсны улмаас компани өөрийн зардлаар засвар үйлчилгээ хийлгэх боломжгүй, лизингийн төлбөр төлж хохирч байна. Иймд 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан даатгалын гэрээний 4.14-ийн “B” хамгаалалтын төрлөөр иж бүрэн даатгуулсан байхад үндэслэлгүйгээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан тул 102 853 790 төгрөгийн хохирлыг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

      Хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д” ХХК-ийн бүрдүүлж өгсөн материалд 10 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр 361-н гарамд гарсан гэх зам тээврийн ослын талаар цагдаагийн байгууллагаар газар дээр нь үзлэг шалгалт хийлгүүлж, акт дүгнэлт гаргуулсан, тухайн үеийн нөхцөл байдлыг зургаар болон бусад баримтаар баталгаажуулсан баримтгүй. “Д” ХХК-ийн эзэмшлийн автомашиныг жолоодож явсан жолооч н.Баяраа 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “Н” ХХК-д “Тухайн үед замын цагдаад дуудлага өгсөн, цагдаа ирээгүй ярьж холбогдоод зургийг нь аваад хот руу ороод ир гэсний дагуу хотод ирээд шалгуулсан” гэх тайлбараар тухайн зам тээврийн ослын талаар цагдаагийн байгууллагаар газар дээр нь үзлэг шалгалт хийлгүүлээгүй болох нь тодорхой байна. “Даянбулаг” ХХК-иас 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн тасгийн тодорхойлолт, осол хэрэг гарсан газар дээрх хийсэн хэмжилтийн бүдүүвч зэрэг баримтууд ямар баримтыг үндэслэн үйлдсэн болох нь тодорхойгүй. Даатгалын гэрээний 5.17, 5.19-д зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

“Д” ХХК-ийн бүрдүүлж өгсөн материал 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо 361-ийн гарамд гарсан гэх зам тээврийн ослын талаар Цагдаагийн байгууллагаар газар дээр нь үзлэг шалгалт хийлгүүлж, акт дүгнэлт гаргуулсан болон тухайн үеийн нөхцөл байдлыг зургаар баталгаажуулсан баримтгүй. “Д” ХХК-ийн автошиныг жолоодож явсан жолооч Р.Баяраа 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр бичиж өгсөн “...Замын цагдаагийн газарт дуудлага өгөхөд ирээгүй, хотод орж ирж шалгуулсан...” гэх тайлбараар цагдаагийн байгууллагаар газар дээр нь үзлэг шалгалт хийлгээгүй нь тогтоогдож байна. Тухайн үед тээврийн хэрэгслийг хэн жолоодож явсан нь тодорхойгүй. 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Сонгинхайрхан дүүргийн Замын цагдаагийн тасгийн тодорхойлолт, осол болсон газрын бүдүүвч зураг гэх баримтууд ямар баримтын хүрээнд үйлдсэн нь тодорхойгүй. Иймд даатгалын гэрээний 5.17, 5.19-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд Цагдаагийн байгууллагад ослын талаар газар дээр нь мэдэгдэж, дүгнэлт гаргаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

          Шүүх: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Н” ХХК-иас даатгалын нөхөн төлбөрт 102 853 790 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Д” ХХК-д олгож,   

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Д” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 672 300 төгрөгийг Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч “Н” ХХК-иас 672 300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Д” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:  

1.   "Д" ХХК нь Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт “Аливаа этгээд даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг Зохицуулах хороонд тавьж шийдвэрлүүлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд давж заалдаж болно” гэсэн заасан байдаг. Гэтэл "Д" ХХК-д Санхүүгийн зохицуулах хороо 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр өгсөн албан тоотын хариу гарсан өдрөөс хойш дараагийн шатны байгууллага буюу шүүхэд 2017 оны 02 дугаар сарын 24-ний буюу хугацаа хэтрүүлэн нэхэмжлэл гаргасан. Энэ нь гомдол гаргах хугацаа алдагдуулж шүүхэд нэхэмжлэл гаргасаныг шүүх анхаараагүй байна.

2.  Даатгалын гэрээний 5.17-д заасан даатгалын тохиолдол гарсан шалтгаан нөхцөл тодорхойгүй байна. Уг хохирол гарсан шалтгаан нөхцөл тодорхойгүй шалтгаанаар татгалзсан үндэслэлтэй. Учир нь: нэхэмжлэгч осол болсон цагдаагийн байгууллагад мэдэгдсэн гэх боловч даатгалын гэрээний 5.19-д заасан холбогдох материалыг даатгагч компанид бүрэн гүйцэд ирүүлээгүй.

3. “Н” ХХК-д материллыг бүрэн гүйцэд бүрдүүлэн өгөөгүй. Үүний улмаас нөхөн төлбөрийн баримтад үндэслэн 2016 оны 11 дүгээр сарын 16-нд татгалзсан. Үүний дараа "Д" ХХК нөхөн үзлэг хийсэн нь анхан шатны шүүх хуралдаан дээр гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон. Гэтэл шүүх уг цаг хугацааг анхаараагүй байна.

4. Даатгуулагч цагдаагийн байгууллагад мэдэгдэх биш заавал тухайн газар үзлэг хийлгэж зургаар баримтжуулах үүрэгтэй гэтэл энэ үүргээ биелүүлээгүй. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж хэргийг нөхцөл байдлыг сайтар судалж үзээгүй.

Иймд хариуцагч талын зүгээс анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн дүүрэн бүх талаас нь шинжлэх, бодит нөхцөл байдлыг тогтоох, хууль тогтоомжийг зөв хэрэглэх үүргээ биелүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

       Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

          Нэхэмжлэгч “Д” ХХК хариуцагч “Н” ХХК-д холбогдуулж даатгалын нөхөн төлбөрт 102 853 790 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

          Талуудын хооронд 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр “Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ” байгуулагдаж, Тоёото Ландкруйзер маркийн 01-08 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшлийн болон жолоочийн хариуцлагыг даатгуулсан болох нь даатгалын гэрээ болон талуудын тайлбараар тогтоогдсон. Талууд уг үйл баримтын талаар маргаагүй байна. /хх-5, 9-15, 90-91/ 

          Уг автомашин нь “Д” ХХК-ийн эзэмшлийнх бөгөөд Голомт банктай 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох фидуцийн гэрээний дагуу эзэмшлийг шилжүүлсэн боловч нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар шууд эзэмшигч юм.

          Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн.

          Нэхэмжлэгч байгууллагын жолооч Р.Баяраа уг автомашиныг 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 361 гарамын урд замд  жолоодон явахдаа зам тээврийн осол гаргасан болох нь Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн тасгийн тодорхойлолт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зураг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-28-30, 55-65/

          Иймээс Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт заасан даатгалын тохиолдол бий болжээ.

          Хариуцагч байгууллага нь даатгалын нөхөн төлбөр олгохгүй гэх татгалзлаа гэрээний 5.17-д заасан хохирол гарсан шалтгаан, байрлал, хугацааны аль нэг нь тодорхойгүй, нотлох боломжгүй гарз хохирол, 5.19-д заасан хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд  цагдаагийн байгууллагад аваар ослын талаар газар дээр нь мэдэгдэж үзлэг шалгалт хийсэн акт дүгнэлтийг гаргуулаагүй бол нөхөн төлбөр олгохгүй байх нөхцөлд хамруулж талууд тохиролцсон гэжээ.

        Цагдаагийн байгууллагын дуудлагын лавлагааны хуудас, шуурхай удирдлагын хэлтэст өгсөн дуудлагаар нэхэмжлэгч байгууллагын жолооч Б.Баяраа нь 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 07 цаг 29 минутад ослын талаар мэдэгдсэн нь тогтоогдсон тул “Автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 2.11, Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.1 дэх хэсэгт зааснаар мэдэгдэх үүргээ нэхэмжлэгч хэрэгжүүлээгүй гэж үзэх боломжгүй.

       Түүнчлэн хариуцагч талаас “зам тээврийн осол болсон өдөр цагдаагийн байгууллагаас хэмжилт хийгээгүй” гэх боловч 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр цагдаагийн байгууллагын эрх бүхий этгээд ослын газар үзлэг хийсэн болох нь гэрч С.Болорцэцэгийн мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд харин үзлэгийг хийсэн актыг тухайн өдөр гаргаагүй нь нэхэмжлэгчид хамаарахгүй. Энэ нь цагдаагийн байгууллагын үүрэг тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

      Мөн Тоёото Ландкруйзер маркийн, 01-08 УНИ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч Р.Баяраа нь нэхэмжлэгч “Д” ХХК-д хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилладаг байх тул даатгуулагч байгууллагын жолооч биш гэх хариуцагчийн татгалзал мөн үндэслэлгүй болжээ.

       Даатгалын гэрээтэй холбоотой шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар 3 жил байх тул нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэх хариуцагч байгууллагын тайлбар, гомдол үндэслэлгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2017/01624 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 672 220 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Э.ЗОЛЗАЯА

                                                            ШҮҮГЧИД                                    Ч.ЦЭНД                  

                                                                                                                 Д.БАЙГАЛМАА